Thursday, October 21, 2010

Аяны богц 6 - Хөвсгөл нуур: нүд баясгасан хоёр хоног



















Tuesday, October 12, 2010

Аяны богц 5 - Том болоод жижиг хүмүүсийн яриа

Түрүүний бичлэгүүдэд аяны замд олуулаа явсанаа дурдсан билээ. Замд ханьтай байх хол ойрын сонин, элдэв хошин явдал сонсох гээд тун зугаатай. Зугаатай санагдсан хэдэн яриаг энэ удаад тавилаа.

Бүл дүүгийн маань 4 настай хүү бидэнтэй нэг машинд явсан юм. Тэрбээр хэл яриа үеийнхнээ бодвол сайн хөгжсөн, ам хуурай байдаггүй бас дээр нь баахан дүрсгүй хүү. Нэг удаад буудалласан газар маань шумуул элбэгтэйн дээр дүүгийн хүүд шумуул бас их дуртай. Мань гадаа тоглож байснаа над дээр:
- Аниа шумуул хазчихлаа загатнаад байна тос түрхээд өгөөч гэж ирсэн юм.
- За, хаана байна тэр шумуул хазсан газар чинь?, хүү нуруугаа заав.
- Үгүй ийм зузаан цамцтай хүний нурууг яаж хазсан байнаа? гэвэл,
- Аниа, шумуул миний хүзүүний ханцуйгаар ороод л хазчихгүй юу даа.

Дүүгийн хүү, манай охиноос асууж байна:
- Чи хотод очоод хамгийн түрүүнд юу идэх вэ?, охин жаахан бодож байснаа,
- Моёожин!
- Үгүй ээ чи буруу хэлээд байна тэр чинь морозон байхгүй юу даа. Тэр хоёр хагас цаг хэртээ хэний зөв болох талаар маргаж, би маргааныг нь мөхөөлдөс гэдэг юм гэж тайлав.

Хөвсгөлд газарчилж өгсөн залуу нэг ийм онигоо (уг нь үнэн юм гэнэлээ) ярьсан юм.
Дээхнэ хоёр цаатан ууланд хоёр сар хэртээ ан хөөж нэг их олз олсон юмгүй, өлсөж ядраад нутгийн буриад айлд буув. Айлынхны хийж өгсөн таргийг ууж нам унтаад, өглөө хоорондоо ярьсан нь:
- Энэ айл ямар айхавтар архи өгчихөвөө чи бид хоёрт, ганц аяга уугаад тас үсэрсэн байна.
- Тэгэж их согтсон мөртлөө ерөөсөө шартахгүй их сайхан эд байна шүү, гэсэн гэнэ.

Monday, October 11, 2010

Нээлт?

Нэг ийм нийтлэл Даяар Монгол сонинд гарсаныг уншаад шинжлэх ухааны нээлтийн тухай хэдэн үг хэлмээр санагдсан юм. Яагаад гэвэл би ч гэсэн сүүлийн хэдэн сар нийтлэлд дурдагдсан Ч. Эрдэнэ гуайн талаар бишгүй л олон юм хэвлэлээс уншиж байсан болохоор бодлоо хэлэх нь зүйтэй юм уу гэж бодсон нь энэ. Энэ хүн 13 жилийн турш хийсэн ажлаа ном болгож хэвлүүллээ, түүний ажил бол шинжлэх ухааны хувьд бол том нээлт юм гэсэн мэдээг сонсоогүй хүн бараг үгүй бизээ. Саяхандаа номынхоо нээлтийг хийлээ гээд ярилцлага өгсөн байсан, түүндээ төр засаг тэр дундаа физикийн багш мэрэгжилтэй Бат-Үүл миний ажлыг тоосонгүй хэмээн гомдол тавьсан харагдсан. Мэдээж би онолын физикч биш учраас түүний ажлыг үнэхээр том нээлт мөн эсвэл биш гэж шүүж чадахгүй юм. Тэр ч утгаараа монголын төр засаг ч үүнд хамаатай биш, яагаад гэвэл шинжлэх ухааны нээлт гэдгийг тухайн салбарт ажилладаг мэрэгжилтнүүд хэлцэж дүгнэх ёстой юм л даа.
Зүй нь ямар ч салбарт ажилладаг судлаач ямар нэг шинэ юм сэдэж олж мэдсэн бол тэр ажлаа мэргэжлийн сэтгүүлд хамгийн түрүүн хэвлүүлдэг. Ажил хэвлүүлэх гэдэг тийм амар эд бас биш. Тухайн сэтгүүлийн эдитор ажлыг эхэлж уншаад тухайн сэтгүүлд хэвлэхэд тохиромжтой шинэлэг ажил эсэхийг шийднэ, хэрэв тохиромжтой, шинэлэг гэж үзвэл ажлын эхийг тухайн салбарт мэргэшсэн 3-4 судлаачид явуулж нягтлуулдаг. Эдгээр судлаачид үнэхээр энэ ажил шинэлэг эсэх, аргачлал, дүгнэлтээ хэрхэн баримтжуулсан байна, хийсэн судлгааны дүгнэлт үнэхээр бодит байдалд тохирч байна уу гэдгийг нягтлан үзэж шалгах энэ шалгуурыг давж байж нэг юм ажлаа хэвлүүлнэ. Энэ явцад ажлын зарим хэсгийг өөрчлөх, шинэ туршилт тавих гэсэн шаардлага тавих нь олантаа. Ингээд ажлаа эмхэтгэж бичсэнээс хойш дунджаар 6-10 сар болж байж сэтгүүлд гарна даа. Үүнийг англиар peer review гэж нэрлэдэг, энэ нь нэг чиглэлд хамтран зүтгэгчид ажлыг тань шүүж чансааг тодорхойлж байна гэсэн үг. Дараагийн шалгуур бол хэвлэсэн ажил тань хэр их ишлэгдэж байна вэ гэдгээр тодорхойлогдоно. Орчин үед алив шинжлэх ухааны салбарын судлаач ийм л шалгуураар шигшигддэг. Хэрэвзээ тухайн ажил үнэхээр шинэ нээлт болсон бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай ярьж бичнэ, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих урилга ирнэ, чухам үүн дээр үндэслэж тухайн орны төр засаг эсвэл олон улсын байгууллага шагнал урамшлаа олгоно. Ийм л жамтай.
Харин Эрдэнэ гуайн хувьд судалгааны ажлаасаа шинжлэх ухааны ямар нэг сэтгүүлд хэвлүүлсэн эсэхийг мэдэхгүй. Хэвлүүлсэн болоод үнэхээр том нээлт байсан бол өдийд энэ тухай хаа сайгүй л шуугьж байх байсан биз. Энд би энэ хүний ажлыг шүүмжилж байгаа хэрэг биш, харин хэвлүүлээгүй учраас том нээлт нь дэлхий нийтэд хүртээл болж чадахгүй байгаа юм биш үү л гэж хэлэх гэсэн ухаантай. Ном хэвлүүлэх гэдэг хэн хүний л хийчих ажил. Тухайн номыг мэрэгжилтэнгүүд шүүж нягтлах хэрэггүй, ердөө л санхүүжилт байвал хэн ч хэвлүүлэх боломжтой. Тиймээс үнэхээр ажлаа үнэлүүлье гэж бодож байгаа бол ажлаа хэвлүүлээсэй л гэж хүсэх гээд байна л даа. Шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлэхэд чармайлт их орох ч тийм их мөнгө орохгүй, материал бэлэн бол нэг их саад бэрхшээл тулгараад байхгүй л болов уу. Нэгэнт номоо өөрөө англиар бичсэн юм чинь хэлний бэрхшээл гэх юм байхгүй тийм болохоор нэг их түвэгтэй биш байх гэж бодох юм. Батбаяр гуайн бичсэн тэр дэлхийн академи чинь мэргэжлийн сэтгүүл юм шүү дээ. Тэрнээс хаа хамаагүй улсын эвэртэн туурайтанд гомдоод яахав, тэдний үнэлгээ тэртээ тэргүй том нээлтэнд бол огт хамаагүй хэрэг шүү дээ.

Thursday, October 7, 2010

Нүүрстөрөгчийн гайхам шинж чанар..

Нобэлийн шагналын хороо энэ жилийн химийн салбарын шагналыг АНУ-ын Дэлавэрийн их сургуулийн судлаач Ричард Хэк, Пүрдүгийн их сургуулийн судлаач Ий-ичи Нэгиши, Хоккайдогийн их сургуулийн судлаач Акира Сузуки нарт олгохоор шийджээ.
Нүүрстөрөгчийн атом нийлмэл органик молекулын гол араг яс болдог байшинтай жишвэл яс тулгуур мод нь юм. Нүүтстөрөгчийн атом молекул дотор хэрхэн яаж байршсан нь нийлмэл бодисын шинж чанарыг тодорхойлох бөгөөд улмаар бид өөрсдөө тэр яс модыг өрвөл олон төрлийн нийлэг бодис гаргаж авах боломжтой юм. Харамсалтай нь нүүрстөрөгчийн атом химийн идэвхээр тааруу тул шинэ бодис нийлэгжүүлж авахад ярвигтай байж. Харин энэ жилийн шагналын эзэд хүнд метал паладийг каталист болгон ашигласнаар нүүрстөрөгчийн атомыг хооронд нь хүссэнээрээ өрөх боломж нээгджээ. Ийм аргаар бий болгосон молекул биотехнологи, электроникийн салбарт өргөнөөр ашиглагдаж эхэлжээ.
Дахиад нэг илүү амлавал манай Өнөөдөр сонинд энэ талаар "Тэд палладаас химийн урвалыг идэвхжүүлэгч гарган авсан юм. Нобелийн шагналтны бүтээл нь устөрөгчийн атомын хооронд шинэ холбоо үүсгэх чадвартай бөгөөд органик бодисуудыг гаргаж авахад хэрэглэх боломжтой юм байна." гэж мэдээлсэн байх юм. Юу ч гэмээр юм бэ дээ.
Энэ жилийн Нобэлийн шагнал нүүсртөрөгчийн гайхам шинж чанарыг магтан дуулсан сэдэвтэй болчих шиг санагдсанаа дурдаад энэ сэдвийг дуусгалаа.

Wednesday, October 6, 2010

Шинжлэх ухааны мэдээллийг олон нийтэд хүргэх нь

"Бага унтах тусам урт насална
Хоногт ердөө таван цаг унтахад хангалттай гэдгийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Тэд хоногт 5-6 цаг нойрсдог 500 гаруй хүнийг 14 жилийн турш судлан ийм дүгнэлтэд хүрсэн аж. Судалгаанд оролцогчид ихэнх хүмүүстэй харьцуулахад бага унтдаг ч бие эрүүл, оюун ухаан саруул хэвээр байсан байна.
“Хоногт наймаас доош цаг унтдаг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй гэдэг. Харин бидний явуулсан судалгаа үүнийг үгүйсгэлээ. Бага унтах тусам ихийг хийж бүтээж, эрч хүчтэй байж чадна шүү дээ” хэмээн Калифорнийн их сургуулийн Анагаах ухааны профессор Даниел Крипк ярьсан байна."

Нэг ийм мэдээ Өнөөдөр сонины цахим хуудсанд саяхан гарсаныг уншаад манайд шинжлэх ухааны ололт шинэ мэдээг олон нийтэд хүргэхдээ зүгээр л хаа нэгтэй гарсан мэдээ хуулаад тавьчихдагт эмзэглэж явдагаа бичихэд хүргэсэн юм. Гарчигнаасаа эхлээд хүнийг төөрөгдүүлсэн эн мэдээг жишээ болгоод яагаад ийм мэдээлэл бичихэд заавал мэргэжлийн хүний оролцоо хэрэгтэйг дурдах гэсэн юм.
1. Уг мэдээнд тухайн судалгааны ажил хэвлэгдсэн эсэх, хэвлэгдсэн бол ямар сэтгүүлд хэзээ хэвлэгдсэнийг огт дурдаагүй байх юм. Аливаа судалгааны ажлын чансааг хамгийн түрүүнд ямар сэтгүүлд хэвлэснээр нь дүгнэдэг. Жишээ нь эх мэдээнд дурдаснаар энэ үнэхээр том нээлт юм шиг санагдахаар, гэхдээ ийм том дүгнэлтэнд хүрэхэд хаана хэвлэгдсэн нь маш чухал. Science, Nature гэх мэтийн чансаа өндөртэй сэтгүүлд эсэвэл аль нэг нэрийг нь дуулаагүй сэтгүүлд хэвлэгдэх тэнгэр газар шиг ялгаатай.
2. Хоногт таван цаг унтах хангалттай гэдгийг баталжээ гэсэн байх юм. Уг судалгааны аргачлал тун бүдэг бадаг, 5-6 цаг нойрсдог 500 хүнийг 14 жилийн турш судалсаны үр дүнд баталгаанд хүрнэ гэдэг тиймэрхүү. Миний ойлгосноор бага унтдаг хүмүүсийг судалгаанд шилж авчээ. Энэ статистик талаасаа бүдүүлэг арга юм. Хүн хоногт төдөн цаг унтахад хэрэгтэй гэсэн ажиглалт мөн л ийм статистикийн аргаар тогтоогдсон байдаг. Харин бие хүний хувьд тухайн хүний удамшил, физиологийн онцлогоос хамаарч өөр байж болно. Жишээ нь, нүдний хор гаргах төдий унтаад болчихдог хүн байхад, 7-8 цагаа унтахгүй бол маргааш нь ажлын чадваргүй болчихдог над шиг хүн бас байх. Тэгэхээр энэ судалгаанд зөвхөн нэг төрлийн хүмүүсийг тусгайлан сонгосон болохоор гаргасан дүгнэлтийг баталгаа гэж хэлэхэд хэцүү болчихож байгаа юм. Хэрвээ их унтахгүй бол болдоггүй хүмүүсийг сонгосон бол судалгааны дүгнэлт өөр гарнаа даа?
3. Гарчиг нь бага унтдаг хүмүүс урт насалдаг гэснээс үүдээд энэ судалгаанд хамрагдсан хүмүүс өндөр настай хүмүүс байжээ гэж хувьдаа бодлоо. Тийм бол хүн хөгшрөхдөө ер нь л нойр багатай болчихдогийг тооцсон болов уу гэх асуулт зүй ёсоор гарна. Тэгвэл энэ хүмүүс залуудаа бас бага унтдаг байсан уу? Судалгааны хугацаанд унтсан цагийг яаж тооцсон бэ? 14 жилийн хугацаанд унтсан цагийг дунджилж авсан юм уу, эсвэл залуудаа унтсан цагийг бас тооцсон юм уу? Хэрвээ зөвхөн судалгаанд хамрагдсан үеийн үзүүлэлтийг тооцсон бол бас л өрөөсгөл болчих юм. Жишээ нь, хэн нэгэн залуудаа дунджаар 8 цаг унтдаг байжээ. Сайн амарч чадсан учраас тэрбээр идэвхтэй амьдарч, биеийн тамираар хичээллэдэг, тэр ч утгаараа эрүүл саруул байж. Харин нас ахиад нойр багасч хоногт ердөө 5 цаг унтдаг болжээ. Тэгвэл энэ хүний эрүүл мэндийн байдал хоногт тавхан цаг унтдагийн үр дүн мөн үү?
4. Судалгаанд оролцогчид ихэнх хүмүүстэй харьцуулахад бага унтдаг ч.. гэсэн байх. Тэр ихэнх хүмүүс гэдэг нь хэн бэ? Их унтдаг боловч ижил насны хүмүүс үү? Ийм харьцуулалт хийхдээ хэдэн хүн сонгосон бэ? гэсэн асуултууд бас хариугүй.
5. Бас дахин дурдах хэрэгтэй зүйл бол иймэрхүү судалгаанд оролцогчид асуултанд өөрсдөө хариулдаг нь бас л өрөөсгөл. Жишээ нь манай эмээ өглөө болгон шөнө унтаж чадсангүй гэж гомдоллосоор босч ирдэг. Шөнө болохоор хурхирах нь сонстоод яах аргагүй унтаад байх шиг. Хэрвээ надаас асуувал би манай эмээ 6-7 цаг унтдаг гэж хариулна, харин эмээ өөрөө огт унтаагүй гэж хариулна шүү дээ. Тэгэхээр судалгааны дүн бас л найдваргүй байгаа биз. Зөвхөн энэ тохиолдол ч биш, эпидэмиологийн судалгаанд оролцогчид өөрсдөө асуултанд хариулдаг болохоор зөвхөн үүнд тулгуурлаж дүгнэлт гаргах тийм ч чамбай байж чадахгүй. Харин оролцогчид тусгаарласан тасалгаанд 14 жил ажиглагчийн нүдэнд амьдарсан бол бас өөр хэрэг. Наад захын жишээ тамхичин хүнээс өдөрт хэдэн тамхи татдаг вэ гэж асуувал бодож байснаа хамгийн цөөхөн тамхи татсан өдрийнхөө тоог хэлэх жишээтэй.

Магадгүй эх ажил зөв сайн хийгдсэн байж болох ч Өнөөдөр сонинд тавьсан хувилбараар итгэж хүлээж авахад бэрх ажил болжээ. Гэхдээ мэргэжлийн биш хүмүүс өө тийм байдаг юм байна гэж хүлээж аваад бага унтах гэж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарахыг үгүйсгэж болохгүй. Тийм болохоор аливаа шинжлэх ухааны мэдээлэл ялангуяа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлд тун хариуцлагатай хандаж, мэргэжлийн хүн оролцуулах шаардлагатай байгаа юм. Ер нь олонд алдартай том сонин сэтгүүлүүд ийм мэдээг тухайн салбарт судалгаа хийж байгаа хүнээр бичүүлэх юм уу, эсвэл хариуцсан сэтгүүлч ийм хүнтэй ярилцаж зөвлөгөө авдаг жишигтэй.
Зүгээр хаа нэг интэрнэтэд гарсан мэдээг халтар хултар орчуулж тавих нэгд уншигчдын боловсрол, цаашлаад хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултай эд.
Ийм мэдээ New York Times сонинд гарчээ гэж бодъё. Мэдээг уншсан нэгэн итгээд унтах нойроо хассаны улмаас ажил дээрээ осолд орвол мэдээг тавьсан сэтгүүлчтэй зад заргалдаж хэдэн сая доллар нэхэмжлэн шүүхдэнэ шүү дээ.
Бас нэг жишээ Өнөөдөр сонин физикийн салбарт Нобэлийн шагнал авсан ажлыг атомыг нимгэн болгосон хэмээн бичсэн байх юм. Арай дэндүү байгаа биз. Нийтлэхээсээ өмнө ямар нэг физикийн багшаас зөвлөгөө авчихсан бол ийм бүдүүлэг болхи алдаа гаргахгүй л байсан. Энэ мэдээ оруулсан хүн маш залхуу нөхөр юмаа даа гэж би бодоод байгаа. өөрөө ойлгохгүй мэдэхгүй байж болно, гэхдээ ойлгож мэдье гэсэн бодол байхгүй нь тун харамсалтай.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд судлаач шинжээч хүмүүсийг гэрээгээр ч юм уу авч ажиллуулж, гарч байгаа мэдээгээ ядаж хянуулж байгаасай.

Ердөө л нэг атом зузаан...


Өчигдөр физикийн салбарын Нобэлийн шалгналын эзэд тодров. Манчэстэрийн их сургуулийн судлаач 51 настай Андреи Геим, 36 настай Константин Новоселов нар графин хэмээх материал бүтээснийг үнэлж шалгаруулжээ. Графин нь нүүрстөрөгчийн нэг атом зузаан нимгэн хуудас бөгөөд маш бат бэх, тунгалаг, бас цахилгаан дамжуулах чанараараа зэстэй дүйцэхүйц, дулаан дамжуулах чанараараа бидний мэдэх бүх материалаас илүү гэнэ.
Шагналын эзэд хоёулаа Оросод төрсөн бөгөөд судалгааны гараагаа тэндээс эхэлсэн хүмүүс юм байна.
Графин хуудсын хэрэглээ компьютерийн хурд, touch screen, нарны зайны технологид хувьсгал гаргана гэж мэрэгжилтэнүүд тооцоолж байгаа аж. Ердөө л нэг атом зузаан гэхээр санаанд багтамгүй байгаа биз. Тэгээд тэр нь нүдэнд яаж харагддаг бол, барьж үзэхэд ямар бол гэсэн асуулт сониуч хүний хорхойг хөдөлгөж хоцров.

Monday, October 4, 2010

Хуруу шилний хүүхдүүдийн эцэг


Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобэлийн шагналын эзнээр анх хуруу шилэнд хөврөл бий болгосон английн эрдэмтэн Робэрт Эдуардс тодорлоо. Тухайн үедээ ялангуяа сүм хийдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байсан аргаар бий болсон 4 сая хүн өдгөө манай дэлхийд аж төрж буй гэнэ. Тэрбээр үргүйдлийг эмчлэх зорилгоор 1950 онд мэрэгч амьтадын өндгөн эс болоод эр бэлгийн эсийг биенээс гадуур нийлүүлж хөврөл бий болгох туршилт амжилттай хийгээд, улмаар 30 жилийн дараа 1978 онд хүний үр тогтоох туршилт амжилттай болж хуруу шилний анхны хүүхэд Луйза төржээ. Тухайн үед олон нийтийн зүгээс төдийгүй, Их Британий шинжлэх ухааны байгууллагууд ч үл итгэх байдлаар хандаж байсан нь түүнийг хувийн байгууллагад ажиллахад хүргэсэн гэдэг. Өдгөө түүний нээсэн арга улам боловсронгуй болж үрийн заяа хүссэн сая сая эцэг эхчүүдийн мөрөөдлийг биелүүлж байгаа билээ.
Алфрэд Нобэл гэрээслэлдээ уг шагналыг шинэ нээлтэнд зориулахыг хичээнгүйлэн заасан гэдэг, харин өнөөгийн судлаачдын хувьд Нобэлийн шагнал олгох комисс энэ бууралд шагналыг нь өгөхгүй яагаад ингэж удав гэсэн асуулт сонин байна. Эдуардсын хамтран зүтгэгч, шагналыг хамтран хүртэх байсан Стивэн Стэптө таалал төгсчихсөн юм байна. Наян тавтай өвгөн эрдэмтний бие чилээрхүү сурвалжлага өгөх тэнхээгүй байгаа гэнэ. Шагнал нүдээ олсон хэдий ч арай л хоцорчихов уу.

Аяны богц 4 -Булган сайхан хангай

Зүүн урагш аялж ирээд тун удалгүй олон жил ярьж төлөвлөсний дагуу Хөвсгөл нутгийг зорьсон юм. Хөвсгөл нутгийн уугуул дүүгийн найзыг дагаад 5 машин (над мэт дагуул олон байсан болно) явах сурагтай байсан ч заримынх нь ажил амжаагүй гээд бид түрүүлж гарваа. Хар замаар давхиж яваа улс юу байхав яах ийхийн зуургүй л Дархан, Эрдэнэт хүрчихдэг юм байна. Хэдхэн хоногийн өмнө явсан газар гандуу байсных уу Улаанбаатараас хойш ёстой л нов ногоон хивс дэвсчихсэн юм шиг газрын өнгө тун ч сайхан санагдаж явлаа. Зам хазайх тул Дархан орсонгүй наахнаас нь Эрдэнэт орох замаар салахад хэдэн хоногийн өмнө бороо орсон бололтой шавар шавхайгүй ч "ээ дээ яасан сайхан" гэж дуу алдмаар ногоон, хэтрүүлдэг хүнд бол шотланд нутгийн өнгийг санагдуулж байв гэж. Эрдэнэт гэж товхийсэн сайхан цэвэрхэн хот байдаг юм байна. Машин тэргийн бөглөрөө байхгүй, цэнгэг сайхан агаартай амьдарч болмоор газар уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрөх.















Эрдэнэтээс цааш жар далаад км яваад Булган хот, бас л сайхан цэвэрхэн тохитой хот байна лээ. Ингээд бодохоор монголын хамгийн заваан хот Улаанбаатар болчих гээд байнаа даа? Аймгийн төвөөс гараад удалгүй хар зам дуусахад аяны хэм илт буурах аж. Энэ хавьд сум, суурин, давааны нэрийг тодоор бичсэн замын самбарууд байсан нь олзуурхууштай санагдсан.






Булган аймгийн нутагт орж ирэнгүүт л таарсан айл болгон гүү барьсан харагдах бөгөөд таарсан айл бүхний айрагны амт гэж чихэр. Нээрээ л яахын аргагүй айрагтай нутаг мөн дөө. Бараг л айл бүрийн гадаа машин, нарны зай, том сателит антенна харагдах нь амьдрал бас муугүйгийн шинж болов уу. Ямар ч гэсэн ажилсаг хүн сайхан амьдраад байх боломж байдаг л юм байна гэж санагдсан.
Тал нутгийг бодвол мод ихтэй хангай газар зуны дүнзэн байшинтай айл их элбэг харагдсан, бас аргал түүнэ гэсэн ойлголт байхгүй бололтой.





Донсолсоор явтал газар нэг их хорогдсонгүй ч нар жаргах дөхөв. Араас ирэх улстай уулзахаар товлосон Уран тогооны ойролцоох жуулчны баазад буулаа. Энэ бааз Уран тогоо уулын хойхнотой уулын аманд өндөр дээвэртэй дүнзэн байшин, хэдэн жижиг гэр, бас хэдэн жижиг гурвалжин байшинтай товхийсэн бааз байна лээ. Нэр нь "Туст тур" гэсэн байхаа. Жижигхэн байшингуудынхаа хаалганы дээхнэ хөөрхөн жижигхэн нарны зайтай, тэр нь орой гэрэл асаахад хангалттай. Байшин дотроо зайтай, цэвэрхэн, 3-4 ортой, тун боломжийн. Нэг байшин 20000 төгрөг орчим байсан санагдана. Энд тусгайлан дурдсаны учир гэвэл баазын эзэд бас их ажилсаг сүрхий улс байсных юм. Би эхлээд тэр том байшинг баазын эздийн гэр болов уу гэж бодсон харин тэднийд амрагсдын хоолны газар юм байсан юм байна лээ. Хөөрхөн тохижуулчихсан, цэвэрхэн, хоолоо цаг хэрийн өмнө захиалаад идчихнэ. Өөрсдөө малтай тэр уулын амны доохно амьдардаг, бас цагаан идээгээ гайгүй үнээр зардаг юм байна лээ.



Араас ирэх улс маргааш нь ч сураггүй байсан тул тэр хавийгаа сонирхож Уран тогоо ууланд гарав. Нэг их өндөргүй ч уулын бэл орчимд буух гэж машин маань нэлээн уухилав. Яг орой уруу нь явган гарахад бас нэлээн зүтгүүлсэн. Насны хувьд Хоргыг бодвол нэлээн эртнийх бололтой тогоон дотор нь битүү ногоон өвс, бас бус мод ургачихсан, яг голдоо тогтмол устай. Ус нь газрын хий үнэртсэн эвгүй үнэртэй, тэр орчимд бас л нөгөө жижигхэн хөөрхөн мэлхий олон харагдана лээ. Хэдий түүх цаг оройтсон ч их гүзээлзгэнэтэй газар болов уу гэж санагдсан. Уулын оройд гарсан улс бас яахав сан тавьж сэржим өргөөд, орчин тойрноо харж нүдээ баясгаад буусан юм.










Оройхон зам нийлэх улс ирж нөгөө бааздаа хонoглоод маргааш өглөө нь Хөвсгөл далайгаа зорин хөдөлцгөөв.