Sunday, June 19, 2011

Тулгаагийн булан

Хүүгээ монголоор бичих сонирхолтой болгохын тулд нэг ийм булан нээлээ. Анхны бичлэг гэж нэг ийм онигоо оруулж байна.

Нэг өдөр Америкийн CIA, Израйлийн Моссад, Зөвлөлт Холбоот Улсын КГБ нар хоорондоо хэн нь хулгайч барихдаа илүү сайн бэ гэж маргажээ. Маргааныг таслахын тулд Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнxий нарийн бичгийн дарга нэгэн туулайг ойд тавьжээ. Дарга, "Xамгийн богино xугацаанд энэ туулайг барьсан нь xамгийн шилдэг байгууллага болно." гэжээ. Хамгийн түрүүнд Америкийн CIA туулайг хайx болов. Тэгээд л бааxан мөрдөгч багаж ойгоор тараагаад, бүx ургамал, чулуу болгоноос ярилцлага аваад, 14 тэрбум доллар, 6 сар зарцуулсаны дараа, "туулай гэдэг амьтан энэ дэлхий дээр байхгүй" гэсэн дүгнэлт гаргажээ. Дараа нь Израйлийн Моссадынхан ой руу орж 14 xоног xэртээ хайгаад залхуу нь хүрээд ойг тэр чигээр нь шатаагаад туулайг алчихжээ. НҮБ ын дарга өөр нэг туулайг өөр ойд тавихад ЗХУ ын КГБ ой руу ороод 20 минутын дараа "За за би туулай болъёоо" хэмээн уйлагнасан, хөх няц болтолоо зодуулсан баавгай дагуулан гарч иржээ.

Friday, June 17, 2011

Ном унших тухай хэдэн үг...

Сэтгүүлч, орчуулагч Д. Оюунчимэгийн уйгагүй хөдөлмөрийн үр, хүүхдийн уран зохиолын "Эрдэнэсийн сан" цуврал хэвлэгдсэн тухай өнгөрсөн сард дуулаад их баярлаж билээ. Унших ном зохиолын сонголт их байх нь хүүхдүүд номонд дуртай болох, цаашлаад сэтгэн бодох чадвар хөгжих, хүнлэг энэрэнгүй болж хүмүүжихэд нөлөөтэй гээд сайн талыг тоочоод баршгүй билээ. Унших ном бэлэн байх сайн хэрэг, харин хүүхдүүдэд ном унших, уншсанаа задлан шинжлэх чадвар хэрхэн олгох талаар хэдэн илүү үг нэмэрлэмээр санагдсан юм. Энэ бол миний өөрөө бодоод олчихсон зүйл биш харин эндхийн англи хэл, уран зохиолын хичээл, шалгалттай холбоотой ажиглалт болно.
Манай хэвлэлүүд тийм тийм улс орны дунд сургуульд заавал унших ёстой номын жагсаалт гэж их ярьж бичих нь жаахан ташаа хэрэг юм уу гэж бодогддог. Америк, Англи, Шотландын аль ч сургуульд ийм номнууд заавал унш гэсэн жагсаалт ирж байсангүй ээ. Харин "Recommended list " гэж бий, энэ нь уншихад бас сургалтын хөтөлбөрт оруулахад тохиромжтой гэсэн жагсаалт гэж би ойлгоод байгаа юм. Энэ жагсаалтнаас англи хэл, уран зохиолын багш нар сургалтын хөтөлбөртөө сонгодог.
Хүү маань ахлах сургуульд орсоноос хойш хичээлдээ холбоотой уншсан ном тоотой хэд:
Emily Bronte: Wuthering Heights
Alan Bennet: History boys
Jonh Steinbeck: Of mice and men
Багш нар ном сонгохдоо их урт биш ч хүнд үлдэцтэй, утга зохиолын хувьд жинтэй, хэлэлцүүлэх асуудал олонтой ном сонгосон харагддаг. Номоороо дамжуулан хүний болоод нийгмийн ээдрээтэй харилцааг хэлэлцэж зөвхөн утга зохиол талаасаа ч биш залууст үзэл бодол, ёс зүй, түүх, соёл, хүмүүнлэгийн чухал хүчин зүйлсийг таниулж байгаа хэрэг. Сонгосон номоо хайн маш нарийн судалж олон талаас нь задлан шинжилж үзэх бөгөөд шалгалтандаа сонгосон номынхоо талаар олон асуудал дэвшүүлсэн зохион бичлэг бичүүлдэг юм байна лээ. Шалгалтын дүн номоо задлан шинжилж, өөрийн бодлоо тусгах чадвар дээр нь найруулан бичих чадвараас хамаарна. Хүүгийн маань хувьд англи хэлний хичээл хамгийн хүндэд ордог, яагаад гэвэл математик, физикийн хичээл шиг бодлого бодоод зөв хариу гарвал сайн дүн авах биш харин олон чадвар шаардаж байж сайн дүн авах учраас тэр байх.
Үүний дүнд хүүхэд ном уншиж, уншсан зүйлээ задлан шинжилж өөрийн гэсэн дүгнэлт гаргах чадвартай болж байгаа юм. Энэ нь цаашдаа зөвхөн утга зохиолын хичээлээр хязгаарлагдахгүй, өөр ажил мэрэгжилтэй болсон ч уншсан зүйлээ цэгцэлж, өөрийн бодлоо илэрхийлэх чухал чадвар бий болгож өгч байгаа хэрэг.
Дээхнэ би бас зохион бичлэгийн тухай энд бичсэн. Бодлоо цэцгэлж, ойлгомжтой бас хүний сэтгэлд хүргэж бичих том чадвар шаарддаг ажил билээ. Намайг сургуульд байхад монгол хэл, уран зохиолын хичээл зөв бичгийн дүрэм, уншсан номын тоо төдийгөөр дүгнэгддэг байсан нь өрөөсгөл санагддаг. Харин одоо тэр бодлого бага ч гэсэн өөрчлөгдсөн болов уу гэж найддаг.

Saturday, June 4, 2011

Шүд шүд...

Өнгөрсөн зун монголд хамгийн их анзаарагдаж санаа зовоосон зүйл бага насны хүүхдүүдийн шүд байлаа. 3-5 насны бүх шүд нь харлаад уначихсан хүүхэд нэлээд хэд таарсан, эцэг эхчүүд нь энэ талаар тэр бүр санаа зовдоггүй, сүүн шүд унаад дахиад ургачих юм чинь гэсэн хандлага ажиглагдсан юм. Хөгжингүй орнуудын хүмүүс хэр баян бэ гэдгийг шүдээр нь мэдэж болно гэсэн явган яриа явдаг. Яагаад гэхээр эдгээр орнуудад шүдний эмнэлэгт эмчлүүлэх өртөг өндөр, олон хүн эмчлүүлж чадаж байвал тэр хэмжээгээрээ амжиргаа боломжийн гэсэн үг юм уу даа. Харин манайд эсрэгээрээ арай боломжтой хотын айлын хүүхдийн шүд муу байгаа нь тэдний иддэг амттан, чихэртэй шууд холбоотой.
Манай эмээ өвөөгийн үед шүдээ угаана гэдэг соёлын довтолгооны үеэр олж авсан бэлэг тэмдэгийн төдий зүйл. Өвөө маань чихэр иддэггүй хүн байлаа, 80 нас хүртлээ шүд хорхойтохыг үзээгүй юм. Харин арай хойхно буйл нь сулраад хоёр шүд нь уначихаж билээ. Харин манай эмээ бүр дээр үеэс хиймэл шүдтэй, өвөөтэй харьцуулбал хамаагүй их чихрэнд дуртай нэгэн. Эндээс амттан ба шүдний эрүүл мэндийн хамаарал бага ч атугай харагдаж байгаа биз. Мэдээж амттаныг огт хорих аргагүй, ямар ч гэсэн хязгаар зааг тавьж байвал үр хүүхдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан бас эдийн засгийн хувьд том хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үг шүү дээ.
Сүүн шүд ямар байх нь хамаагүй гэдэг бол том эндүүрэл. Энэ хэдэн шүд чинь л дараа ургах шүдний зайг хадгалж байдаг. Сүүн шүдээ эрт авахуулчихвал дараа тогтмол шүд гарахдаа тэгш биш нааш цааш болж ургах магадлалтай тэр хэмжээгээрээ сайн цэвэрлэх хэцүү, сайн цэвэрлэж чадахгүй бол бас хорхойтох магадлал өснө. Түүнээс гадна энэ сүүн шүд хүүхдийн тань хэл яриа хөгжих, хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул чухал биш гэж үзэх нь том эндүүрэл. Хүүхдийн шүдний арчилгааны тухай хэдэн үг сараачлаа, мэдээж юм шиг санагдаж магад тийм бол алгасчихна бизээ.
Энд хүүхдийнхээ шүд цухуйхаас өмнө буйлыг нь цэвэр марлиар арчиж байхыг зөвлөдөг. Шүд цухуйснаас хойш орой унтахын өмнө бас өглөөний цай уусны дараа цэвэр усанд норгосон марлиар цэвэрлэж занших хэрэгтэй. Хүүхдийг өөрөө амаа зайлж чаддаг болтол нь шүдний оо хэрэглэх хэрэггүй. Шүдний эмчид 3 нас хүрэхээс нь өмнө үзүүлээрэй. Эмч зүгээр үзээд өнгөрөхгүй фтортой түрхлэгээр шүдийг арчиж хорхойтохоос урдчилан сэргийлж өгдөг.
Шүдний оо хэрэглэж эхэлсэн цагаас өглөөний цайны дараа бас орой унтахынхаа өмнө шүдээ угааж занших нь чухал. Хүүхдээ орой шүд угааснаас хойш цэвэр уснаас өөр юм уулгах хэрэггүй. Орой уусан чихэрлэг ундаа шөнөжингөө амны хөндийг шүд хорхойтуулдаг нянд таатай хүчиллэг орчин болгох учраас.
Идэж уусан хоол ундны найрлага шүдний эрүүл мэндэд нөлөөлөх том хүчин зүйл. Энэ талаар анхаарч аль болох чихэрлэг хүнс, ундаанаас татгалзаарай. Чихэр нэмээгүй сүүн бүтээгдэхүүн шүдний паалан бэхжүүлдэг сайн нөлөөтэй. Чихэргүй тараг өдөр болгон уухад амны эвгүй үнэр буурдаг гэсэн судалгаа 5-6 жилийн өмнө японы судлаачид хэвлүүлсэн байсан. Францад хооны дараа бяслаг идвэл амны хөндийн хүчиллэгийг саармагжуулж шүдний паалан бэхжүүлнэ гэсэн судалгаа өнгөрсөн жил хэвлэгдсэн билээ.
Хүүхэд 6 нас хүрэхэд шинэ араа ургана. Эцэг эхчүүд энэ арааг сүүн шүд гэж боддог нь бас нэг андуурал юм. Санаа тавьж анхаардаггүй учраас энэ араа хамгийн түрүүнд хорхойтдог. Тийм ч учраас шүдний эмчид тогтмол үзүүлж, шүд хорхойтохоос урдчилан сэргийлээрэй.
Би хүүгээ анх 6 настайд нь шүдний эмчид үзүүлэхэд тэр хоёр шүд нь аль хэдийн хорхойтчихсон байсан, тэр үед нь эмчлүүлээд дараа нь байнга үзүүлж байсных цөөхөн шүд нь "ломботой" (уг нь пломб гэх юм шиг байгаа юм. Харин охиноо багаас нь анхаарч, шүд цухуйсан цагаас нь цэвэрлэсэн, шүдний эмчид 3 настайд нь анх үзүүлсэн. Одоогоор хорхойтсон шүд байхгүй (охин маань 5 настай). Цэцэрлэг нь сар бүр шүдээ угаасан эсэхээ бүртгэх календарь өгдөг. Хоног алдалгүй бүртгэж, шүдээ угаасан хүүхдийн календарийг шүдний оо, сойзоор сольж авдаг юм.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг сайн арчлаарай гэж хичээнгүйлэн захимаар байна. Хар залуугаараа хиймэл шүдтэй бүхэл бүтэн үе бий болчихвол харамсалтай тиймээ.