Monday, September 26, 2011

Рэнёнвилийн цайзын туурь...

Арван нэг, хоёрдугаар зууны үед Ла Маншийн хоолойн эрэг дээр баригдсан цайзын туурь Рэнёнвил (Regneville) хэмээх тосгонд өдий болтол хадгалагдаж үлджээ. Цайзын эзэд эзэн хааны эсрэг хуйвалдаанд оролцсон хэрэгт орсон тул хааны зарлигаар 17-р зуунд нураасан гэнэ. Хэдий хүний гараар нураасан ч гол цамхаг болоод, тойрсон хэдэн байшингийн үлдэгдэл өнөө хүмүүсийн очиж үзэх дуртай газрын нэг болсон аж.
Энэ цайз цагтаа Англитай дайтах үед стратегийн чухал ач холбогдолтой газар байсан гэдэг.






Энэ хавийн хот тосгод ийм саарал чулуун барилгуудаараа онцлог.



Friday, September 16, 2011

Хөсөгтөн-in The Royal Albert Hall

Wednesday, September 14, 2011

Брүүж-Bruges



Белгийн Фландр (Flander) нутгийн хамгийн том хот, далайтай холбосон суваг нь "Умардын Венец" хэмээн алдаршуулжээ. МЭ-ий 4 дүгээр зууны үеэс үүх түүх нь эхлэх энэ хот дундад зууны үеийн хосгүй гоёмсог барилгаараа алдартай бөгөөд ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй хот гэнэ. Дундад зууны үед тухайн бүс нутгийнхаа худалдааны гол төв, хамгийн баян хотуудын нэг байсныг нь хотын өнгө төрх өнөө ч гэрчлэх аж. Эхлээд ноосон болоод даавуун эдлэл, арьс, нэхийгээр эхэлсэн худалдаа, цаашаа үнэт чулууных болон өргөжөөд өнгөрсөн зууныг хүртэл Брүүж очир эрдэнэ засдаг цөөхөн төвүүдийн нэг байсан гэх. 16-р зуунаас хотыг тэнгистэй холбосон суваг шавраар дүүрч эхэлсэн нь худалдаа наймаанд муугаар нөлөөлж, худалдааны төв гэсэн өргөмжлөл нь Антвэрп хот уруу шилжжээ. Магад чухам энэ доройтол Брүүж хот дундад зууны үеийн өнгө төрхөө хадгалж үлдэхэд нэмэр болсон болов уу гэж бодогдсон. Хүн уйдамхай амьтан хойно боломж нь байсан бол хуучин барилгуудаа нураагаад хэд дахин өөрчлөх байсан бизээ.
Яагаад энэ хотыг үзэх хүсэл төрсөнөө түрүүн энд дурдсан билээ.
Брүүж хотын хамгийн алдартай барилга 1240 онд баригдсан хонхот (Bellfry) цамхаг юм. 83 метр өндөр, цамхагийн оройд гарахад мушгирсан 366 гишгүүр бүхий шатаар авирдаг юм байна. Дундад зууны үед ийм өндөр хонхот цамхаг голдуу сүм хийдийн нэг хэсэг байдаг байсан бол энэ цамхаг шашны байгууллагаас тусдаа хотын захиргааны мэдлийнх гэнэ.



Хотын усан сувгаар завиар зугаалах их сонирхолтой, 30 орчим минутын аялал 6 орчим евро, тийм ч үнэтэй биш...




Брүүж ийм торон нэхээсээр алдартай.


Мэдээж шоколадгүйгээр Бельгийг төсөөлөх аргагүй. Хоёр алхаад л ийм шоколадны дэлгүүр таарна.


Ингээд түүх соёлын өвөө дээдэлж, бас амжиргаа болгон ашиглах энэ ухаанаас бид суралцмаар л байгаа юм.





Хотын захиргааны барилга..


Friday, September 2, 2011

Аян замын сонины завсараар бас ойр зуур сонин сайхан дуулгавал...

1. Өчигдөр олон хүн 9 сарын 1-ний тухай бичиж тэрхэндээ миний сэтгэлийг бас хөдөлгөж орхив. Эндхийн хичээлийн шинэ жил хоёр долоо хоногийн өмнө эхэлчихсэн л дээ. Яагаад ингэж эрт эхэлдэгийг би сайн мэдэхгүй, хүү их дургүй байдаг юм. Энэ жил охин маань жинхэнэ 1 дүгээр ангид орж байгаа юм. Сургуулийн дүрэмт хувцас өмсөж, том цүнх үүрээд их дуртай явж байгаа. Харин хоёр долоо хоногийн турш хичээлийн хэрэглэлийн жагсаалт хүлээсэн байдаггүй, охин өдөрт нэг зурсан зураг юм уу наамал барьсаар орж ирэх. Уржигдар нэгдүгээр ангийнхны эцэг эхийн хурал хийж, хүүхдүүдийн анги танхимыг үзүүлж, сургалтын програмтай танилцуулав. Таван настангууд үзэг барьж бичихэд арай балчирдах учир үзсэн үсгээ савтай элс, эсвэл ширээн дээр асгасан сахлын хөөсөнд дээр хуруугаараа зурж сурч байгаа гэнэ. Анги танхим нь тогтсон суудал алга ерөнхийдөө хүүхдүүд дураараа хөдөлж, сонгосон зүйлээ хийдэг юм байна. Багш нарынх нь ярьж байгаагаар тоглоом наадгай хэрэглэж уншуулж тоолж сургах нь илүү үр дүнтэй гэнэ. Дүн мүн тавих гэж энэ жилдээ л лав байхгүй юм байна. Их эрт дүн тавиад эхлэхээр жаахан хоцруу яваа нэгний урам хугарч сонирхол буурдаг юм байх. Аа тийм биеийн тамирын хичээл гэж инээдтэй, долоо хоногт хоёр удаа ордог одоохондоо хүүхдүүд 40 минут хувцасаа солиод 5 минут биеийн тамир хийж байгаа гэх. Хөөрхийс баахан будилдаг юм байх. Бүх хувцасан дээр нь нэрийг нь тавьж өгвөл сайн байна гэж багш нар нь хүсэлт тавьж байсан, тэгэхгүй бол бөөн холион бантан болдог гэнэ.
2. Найман сарын сүүлийн хагаст Брад Питт гол дүрд тоглож байгаа "World War Z" киноны зургийг Галзгоуд авлаа. Глазгоу хотын төвийг талбайг Филадэлфи болгон гудамж талбайн нэр тэмдэгийг өөрчилж баахан бужигнав.



3. Яг энэ үеэр Эдинбүргийн фестивал болж өнгөрлөө. Албан ёсоор театр, сонгодог хөгжмийн наадам албан бус "Fringe" хошин шог, гудамжны үзүүлбэр (энд бараг л бүх төрлийн үзүүлбэр хамаарна.) ийн наадам нэг зэрэг болж, сая гаруй жуулчид ирдэг юм байна. Миний хувьд ажилдаа ирж очих төвөгтэй байлаа, замын бөглөрөө (зөвхөн машин зам биш, явган хүний зам битүү хурдан алхах арга байхгүй) ажилдаа ирж очих цагийг бас чамгүй уртасгаад авна лээ. Төлбөртэй танхимын тоглолт үзсэнгүй, замд явахдаа гудамжны тоглолт хэд хэдийг үзсэн инээдтэй, сонин үзүүлбэр олон байлаа.