Thursday, December 5, 2013

Аялал, хурал, ядаргаа

Халширч халширч нөгөө хуралдаа явав. Зургаа хоног унтаж чадсангүй; хоёр өдөр нь онгоцонд, хоёр шөнө зочид буудлын хамгийн дээд давхарт агааржуулагч систем миний өрөөний чанх дээр таарсан бололтой хүнгэнээд унтуулсангүй. Дараагийн хоёр шөнө нь өөр өрөөнд нэг давхар доошлоод орсон өөдөөс харсан хаалганд бас нэг машин түчигнээстэй, гэхдээ яг дээр хүнгэнэхээс арай дээр ч манай давхарт байрлаж буй бололтой энэтхэг айлынхан шөнөжингөө коридорт "амьдарч" таараад унтах арга байсангүй гэсэн. Энэ зүгийн хүмүүс шөнө хүн амьтанд саад тээг болж байгаа энэ тэр гэсэн ойлголт байхгүй юм шиг байгаа юм. Гэртээ ирж гурав хоног өдөржин шөнөжин унтаж ядаргаагаа тайлах шив.

Сингапур гэдэг газар орчин үеийн том том байшинтай, цэвэрхэн л газар юм. Өөрөөр ийм тийм гэчих сонин хачин байхгүй. Хойд америк эсвэл Их Британид байгаагаас ялгаагүй хаа сайгүй дэлгүүр хоршоо. Хүн амынх нь дийлэнх нь хятад (74% гэсэн байхаа), уугуул малайчууд нь одоо цөөнх болчихсон, тэгээд Британийн колоний үед ирсэн энэтхэгчүүд гэсэн гурван үндэстэн байдаг юм байна. Хоол унд нь хятад голдуу юм уу, эхний хоёр өдөр гайгүй байснаа сүүлдээ нэг тийм сонин амтлагч нь хаана ч явсан үнэртэж сандаргав. Сүүлийн хоёр өдрийг энэтхэг хоол идэж өнгөрөөв. Би уг нь гоё хятад хоол идэж үзээгүй болохоороо хятад хоолонд дуртай биш байх гэж боддог байсан үгүй юмаа. Тэр хоол амтлагчинд нь байх шиг байна. Бүх хоолонд нэг тийм амтлагч, сүүлд кофе шопонд авсан бялуунд хүртэл байсан, нэр усыг нь олж мэдэж чадсангүй. Харин тэр малай шорлог газрын самран сүмстэй дажгүй юм билээ. Энэтхэг хоол бас дажгүй нь таарсаных байх, их аятайхан санагдсан.

Чийгтэй газар миний үс хөвсийгөөд л байлаа хөвсийгөөд л байлаа гэж ирээд хамт явсан хүний авсан зураг үзсэн өөрийгөө танихгүй энэ тэр. 












Сингапур явсан монголчууд их гоё, цэвэрхэн гэж ирээд магтдаг юм билээ. Миний хувьд гоё өндөр байшин, цэвэрхэн төдийгээр сайхан газар гэж дүгнэх хаашаа юм гэж бодлоо л доо. Ухаандаа манайхан хөгжөөд эднийх шиг болчихвол хичнээн сайхан гэж боддог байж магад. Үгүй нээрээ утаа, тоос тортог, хог шороотой харьцуулахад тэгэж бодож байгаа хүмүүст буруу өгөх аргагүй. Гэхдээ өөрийн гэсэн өнгө төрхгүй болчихоор хаашаа ч юм. Үгүй тэгээд дэлхий даяараа тийм болчихвол бүр хачин биз дээ гээд сонин хачин юм бодож л явлаа. Буцахдаа Парист нэг өдөр дэлгүүрдсэн гудамжин дахь нохойн баас, хог новш зүгээр ч санагдах шиг. Тэрэндээ ч биш чухам өөрийн гэсэн өнгө төрх нь танигдсандаа ч тэгэж санагдсан юм уу хэн мэдлээ.
Бид өнөөдөр хөгжиж яваа, бүр их хурдан хөгжиж яваа гэж би боддог. Тэгэж явахдаа чухам ямархуу хөгжлөөр явах вэ гэдгээ бодмоор юм шиг байгаа юм. Өнөөдөр Сингапурчууд мөнгөөр зодож том барилга бариад AC хаа сайгүй ажиллуллж хүмсийн тав тухыг хангаж байдаг. Тэгтэл усаа малайзаас авдаг байгалийн баялаггүй орон шүү дээ. Ийм жижиг орны байгал орчинд үзүүлэх нөлөө юусан билээ. Бид бас ийм замаар байгаа бүхнээ хэрэглээд идээд дуусах уу гэдэг асуудал бас байнаа даа. 
За за ингээд нээх гоё санагдсангүй ээ гэчихвэл эгдүүцэх улс гарах л байха даа. Явсан хурлын тухай яаж бичих эвээ олохгүй яваад л байна. Хүний эрүүл мэнд гэдэг эцэг эх нь хөврөл байх үеэс эхтэй юмаа гэсэн утгатай хуралд явсан юм. Эх хүүхдийн эрүүл мэнд, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалт гээд их олон талын асуудал хэлэлцсэн хурал болсон. Их олон сонин юм дуулав. Тэрийгээ нэг хүнд ойлголгдохоор буулгах гээд завдахгүй явна.