Monday, November 4, 2019

Нойр сайн авахад нэмэртэй зөвлөгөө


Нойр бидний бие, тархи, сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал болохыг эрүүл мэнд, анагаах ухааны судалгаанууд харуулсаар байгаа билээ. Бөмбөрцгийн хойд хагаст өвөл ирэхийн хажуугаар цагийн өөрчлөлт нойронд нөлөөлөх, байгалын гэрлийн дутагдлаас болоод сэтгэл санаа хямрах нь нэмэгддэг. Өвлийн улиралд нойроо хэрхэн сайн авах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг товчлон хүргэвэл:
1. Өглөө, бага үдийн хооронд байгалын гэрэл үз. Хөшгөө нээ, гадаа гар. Байгалын гэрэл сайн үзэх шөнө унтахад таатай нөлөө үзүүлдэг, гэрэл сайн үзсэн хүмүүс бага үзсэн хүмүүстэй харьцуулахад хурдан бөгөөд бөх унтдаг болохыг 2017 онд хийсэн судалгаа харуулсан байдаг. Байгалын гэрэл хүний дотоод биологийн цагийн хамгийн чухал тохируулагчдын нэг юм.
2. Үдээс xойш коффеинтэй цай, кофе уухгүй байх нь зөв. Хүний биед шөнө унтахад чухал нэмэртэй аденосин хэмээх молекул өдрийн турш хуримлагддаг. Коффеин энэхүү молекулын холбогддог рецептортэй холбогдож үйл ажиллагааг нь саармагжуулдаг байна. Өөрөөр хэлбэл аденосин молекулын унтаарай гэсэн унтраалгыг эргээд асаачихдаг гэсэн үг. Бидний ууж идсэн коффэйн задарч дуустал 5-7 цаг ордог тул 4 цагт уусан кофений коффеин таныг орондоо орох үед бие дотор чинь эргэлдэж нойрыг бусниулсаар байх болно. Зарим хүн кофе уусныхаа дараахан ч унтаж чадах бөх унтаж чаддаггүй гэнэ.
3. Өдрийн турш ядартлаа хөдөл. Биеийн тамир хөдөлгөөн нойронд хоёр замаар дэмжлэг үзүүлдэг. Нэгд, стрэсс болоод бачимдлыг тайлж сэтгэл амраана. Хоёрт хүний бие цуцахад нойр хүрнэ. Тогтмол дасгал хийдэг хөдөлгөөнтэй хүмүүс бусдыгаа бодвол арай удаан унтдаг байна. Нойр муутай настай хүмүүс тогтмол дасгал хийдэг болсноос дөрвөн сарын дотор шөнө дунджаар нэг цаг илүү унтдаг болдог байна. Гэхдээ хэт ачаалалтай дасгал унтах цагтай хэт ойр хийх дэмий гэнэ.
4. Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах бас нойронд нэмэртэй. Яг уусны дараа нойр хүрэх ч бөх бөгөөд удаан унтаж чаддаггүй байна.
5. Унтлаганы өрөөгөө аль болох дэлгэцгүй байлга. Зурагт, утас, таблет бүгд энд багтана. Цэнхэр гэрэл хүний нойронд чухал мелатонин дааврын ялгарлыг саатуулдаг тул нойр хүрэхээ байчихдаг. Харин оронд нь хэвлэсэн ном, сонин гарчиглах нь дээр гэнэ.

Эх сурвалж https://www.npr.org/2019/03/20/705224359/do-this-today-to-sleep-well-tonight

No comments: