Tuesday, December 30, 2008

Нүүдлийн замд өнгөрүүлсэн зул сарын баяр

За ингээд манайх гэдэг айл бууринаасаа хөдлөөд хоёр долоо хоног илүү болсон ч зорьсон газраа арай хүрээгүй л явна. Нэгэнт замд яваагийнх далиманд нь юм үзээд шинэ хуучин танилуудынхаараа зочлоод авдаг хэрэг гээд Дублин, Парис бас Норманд нутгийн жижиг тосгоныг зорьсон нь тэр. Нүүж яваа улс ачааны ихдээ түүртсэн хэдий ч жил тойрон ажлаас өөр юм бодоогүй надад ингээд зугаалж явах сайхан л байна.
Бидний амралтынхаа ихэнх цагийг өнгөрөөж буй газар бол 400 орчим хүн амтай Нормандын жижиг тосгон юм. Энд тэнд харагдах жижиг ойг эс тооцвол эргэн тойрны газар тэр чигээрээ тариан талбай. Тэнд дунд хааяахан туулай, үнэгхэн үе үе үзэгдэнэ. Туулайн тоо толгой нэмэгдээд талбай сүйтгэх нь ихсэв гээд эртээд машинтай хэдэн хүн ирж агнаж байх нь харагдсан.
Норманд нутаг Францын хамгийн үржил шимтэй хөрстэй нутгийн нэг гэнэ. Тийм ч учраас энэ хавийг баян нутаг гэлцдэг юм билээ. Өвсөн дээр алхахад бамбалзаад 12 сарын сүүл гэхэд сахлаг өндөр өвс нь ногооноороо нээрээ л юу ч тарьсан ургачихмаар санагдаж байна лээ шүү. Тариан талбайд дөнгөж соёолж буй буудай үзэгдэв. Энд жилд хоёр ургац авдаг юм уу гэж сонирхвол үгүй гэнэ. Буудайг намрын сүүл өвлийн эхээр тариалж зуны сүүлчээр хураадаг. Гарц сайтай сортын буудай удаан ургадаг гэнэ. Нэг га газраас 10 тонн буудай авдагийг сонсоод их гайхсан юм байна. Бороо ихтэй жил харин гарц муу буудай нь сайн боловсорч чаддаггүй гэнэ. Манайд болохоор эсрэгээрээ шүү дээ.
Эндээс арваад км яваад Ла Маншийн хоолойн эрэгт хүрнэ. Далайн эрэг дээр байх Fecamp гэх хот усан зогсоолтой, загасчдын хот аж. Хот өөрөө бараг л мянгаад жилийн түүхтэй байх юм. Цонх дээврийг улаан тоосгоор эмжсэн цахиур чулуун байшин олон харагдана. Энэ нутгийн архитектурын онцлог гэмээр юм уу даа. Энд францчууд үүх түүх уламжлалаа хадгалахын тулд маш их хүчин чармайлт гаргадгийг дурдах нь зүйтэй санагдана. Хүмүүс хуучны байшингаа тордож суухыг шинэ байшин барихаас илүүд үзнэ. Ямар гоё ч гэдэг юм уу сонирхолтой байшин хаахнуур байдаг талаар олон цагаар хуучилцгаадаг юм байна лээ. Бидний байгаа байшин ч гэсэн мөн л тэр нутгийн онцлогийг хадгалсан цахиур чулуун байшин барагцаалбал 150 орчим жилийн настай болов уу.
Эндээс арай зайдуу Сена мөрний хөндийд байх үнээний фермтэй айлд бас зочилсон юм байна. Битүү байранд 50-60 орчим саалийн үнээтэй хоёр хоног тутам 4000 орчим литр сүү тушаадаг гэнэ. Үнээгээ цахилгаан саалтуураар саахад сүү шууд хөргүүртэй том торхонд орно. Сүүний машин тэр торхноос шууд сүүгий нь юүлээд авчихдаг юм байна лээ. Миний хувьд ингэж юм үзэж явах сонин сайхан байлаа. Дараа франц хоол ундны тухай тусад нь бичнээ. Fecamp хотод авсан хэдэн зургаа оруулав.
Ингээд манайхаар зочилсон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ирэх жил эрүүл энх аз хийморьтой яваарай гэж ерөөе.





Friday, December 19, 2008

Баяртай Нью Иорк!!!!

Ингээд долоон жил амьдарч муу сайн ч гэсэн дасал болсон бууриа сэлгэж, далайг гатлан шинэ газрыг зоривоо. Явахаасаа өмнө ажлаа амжуулах гээд салах ёс гүйцэтгэж чадаагүй мэт санагдаад зорьсон газраа хүрэхээсээ өмнө хэдэн үг халтарлаж суугаа минь энэ. Дэлхийд байдаг бүх л орноос ирсэн найман сая гаруй хүмүүс энэ хотыг гэрээ хэмээн нэрлэж, түүнээс ч олон хүн энд ирэхсэн гэж мөрөөддөг бизээ. Манай гэр бүлийн хувьд энэ хот ээлтэй сайхан газар байсан хэдий ч том хотын амьдрал бас нэг л таарамгүй оргиж байснаас нүүх гэж эртнээс мөрөөдсөн билээ. Ямар ч гэсэн хүсэл эхнээсээ биелж далайг гатлан Европыг зорьж буй нь энэ.

Хэн нэгэн дээхэндээ надад хэцүү газар байлаа ч гэсэн амьдарч буй газраа муулж болдоггүй юм гэж захисаныг санаж гомдол тавихгүйг хичээх боловч бас л яаж ийгээд муу үг унагаачих гээд байдаг юм. Юу ч гэсэн энэ хот миний охины төрсөн нутаг билээ. Аянд гараад ядрахын цагт охин маань гэртээ харья гэж гуйдаг юм. Хэдий бид эндээс нүүж яваа гэж тайлбарласан боловч бяцxан ухаандаа сайн ойлгож бас чадахгүй байгаа бололтой. Баяр гуниг бүхнийг минь хуваалцаж ижил дасал болсон найз нөхдөө бас үлдээж буй билээ. Хүний амьдралд долоон жил гэдэг урт хугацаа эн хооронд олон газраас ирсэн улстай сайхан нөхөрлөж мөр зэрэгцэн ажиллах боломж таарсаныг завшаан гэж боддогоо.

Юутай ч гэсэн ингээд удаан суусан газраа орхин нүүлээ. Шинэ газар бидэнд ээлтэй байна гэж найднам. Та бүхэндээ ч гэсэн тун удахгүй шинэ газрын сонин хачин дуулгана гэж амлая.