Friday, December 24, 2010

Шинэ оны мэнд

Энэ блогоор орж гардаг бүх хүмүүст зул сарын болоод шинэ оны мэнд хүргэж, ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл тавья!

Friday, December 3, 2010

Аяны богц 13 - Төгсгөл

За ингээд миний энэ зуны аялалын тэмдэглэл өндөрлөв. Бичиж байхад явсан газраа дурсаад сайхан байлаа, гэхдээ дараа явахдаа анхаарах зүйл олон бийг анзаарлаа. Явсан газар усны нэрээ бичиж авч баймаар юм байна. Аялалын тухай ном бичдэг, кино хийдэг улсыг амархан сайхан ажилтай улс гэж бодсон бас тийм ч амар биш юм бололтой. Хэдийгээр би аяныхаа тухай бичнэ гэдэг бодолтой явсан ч бас дутуу хүтүү юм их хийж, олон зүйлийг орхигдуулсан байна. Нөгөө талаар зөвхөн бичнэ гэж явбал бас өөрөө аялалынхаа сайхныг мэдрэхгүй шинжтэй. Нэг япон жуулчны тухай онгоо байдаг даа:
"Парис явж амраад ирсэн японоос найз нь "за сайхан амраад, их зүйл үзэв үү?" гэж асуухад мань аялагч "мэдэхгүй ээ, авсан зургаа үзэж амжаагүй явна" гэсэн гэдэг." Үзсэн харсан болгоноо зурганд буулгах гэдэг бараг л ажил болчих гээд байх тул хамгийн сонин сайхан хэсэг зураггүй үлддэг юм байна.
Энэ жилийн аялал сайхан байлаа. Ажилсаг хүн сайхан амьдрах боломжтой болжээ. Замд таарсан танилцсан хүмүүсийн ажил амьдрал өөдрөг байсан учир зөндөө өөдрөг зөв энерги биедээ шингээсэн гэж найднам. Хамгийн гол нь алслагдсан нутгийн хүмүүс жинхэнэ ёсоор байгалиа шүтэж амьдарч байгааг харах урамтай байлаа. Хөвгөл нуурын эргээр сайхан цэвэрхэн, дархан цаазат газар нэвтрэхэд хогны уут өгөөд гарахад авчихдаг нь оновчтой арга. Цагаан Үүр сумын төв гэхэд цэмцгэр, машин тэрэг орж болдог болдоггүй гудамтай, бас хөөрөхөн зохион байгуулалттай газар. Сумын засаг дарга нь гудамжны голд ёрдойсон төмөр хараад энэ хүний машины дугуйд халгаатай гээд өөрөө янзалж зогссон нь бахархал төрүүлсэн юм. Хөдөөд байгаа малчдын хашаанууд бас л цэмцгэр, зэрлэг байхгүй сайхан ширэг зүлгээрээ байх нь бас л юм бодогдуулмаар.
Өөлмөөр газар төрсөн нутаг Улаанбаатар л болчих шив. Машин түгжирсэн, утаатай, уцаартай, зам гарахад хэцүү, хог шороотой гээд муулбал жагсаалт урт болно. Гэхдээ л миний гэр билээ. Уг нь манай эвэртэй туурайтай улс энд л амьдардаг биз, орчин тойрноо өөд татъя гэсэн сэтгэл гаргахгүй юмаа. Бас ч дандаа муу биш юмаа. Ямар ч гэсэн орон сууцны байрнуудын өмнө тод өнгөтэй тоглоомын талбай элбэг харагддаг болсон байна. Манай байрныхан байшингийнхаа ар өврөөр зөндөө мод тариад тэр нь овоо сайхан ургасан байна. Байрны хөгшчүүл арчилдаг юм гэсэн, хэдэн жилийн дараа гоёхон төгөл болох биз гэж найднам.

Monday, November 29, 2010

Аяны богц 12 - Үүрийн гол гаталсан нь

Аливаа үйл дуусдаг жамаар бидний аялал оргил цэгтээ хүрч буцах цаг болоход, Үүрийн голын үер машинаар гарч болтол татсангүй, харин ч нэмээд бороо орж эхлэв. Нутгийнхан за одоо л гол гатлахгүй бол гол маргаашнаас нэмж үерлэнэ гэсэнд бид тэрхэндээ чамгүй сандарч трактор олж татуулаад гарах юм болов. Сумын төв голын нөгөө талд болохоор бидний төлөөлөл нутгийнхны хэлж заншсанаар лодикаар гол гаталж трактор олохоор гарлаа. Үерийн ус улаанаар эргэсэн ширүүн урсгалд хавтгай ёроолтой завь, богино сэлүүртэй жолоочтойгоо тун ч өчүүхэн харагдаж байх. Голын наана цаана цугласан олон "Ай даа, сэлүүрдээрэй" хэмээн дэм өгч хашгиралдсаар завь орсон гол уруу орсон цэгээсээ нэлээн уруудаж байж нөгөө талд хүрэв. Тэрхэн үед надад за даа энэ бүтэхгүй ээ гэсэн бодол төрж, за байз онгоцноосоо хоцорчихвол яадаг билээ гэсэн бачимдал цээжинд хурчихлаа. Бидний явуулсан элч цаашаа сумын төв хүрээд нэг трактор олсон боловч тракторын жолоочийн аав ийм их усанд хүн үйж алах нь уу, болохгүй хэмээн түлхүүрийг нь хураасан мэдээ буцаж ирэх үед цаг хэдийн орой болсон байсан тул за ямар ч гэсэн өглөө ярилцъя гээд отог уруугаа буцацгаав.

Маргааш нь бороо шивэрсээр, тэнгэрийн байдал өөрчлөгдөх янзгүй, юмыг яаж мэдэх вэ гээд ачаагаа ачаад голын эрэг дээр эрвэл дахиад нэг трактор олсон хоёр трактор татаж гаргана гэсэн мэдээ сайхан сонсогдож билээ. Тэр үед үерт боогдсон нь зөвхөн бид биш байсныг голын эргээр ярайтал зогссон арваад машин харуулна. Эхлээд машинд яваа зорчигчдыг завиар гаргав. Дараа нь машинуудаа нэг нэгээр нь хоёр трактор чирж голоо гатлав. Гарам дөнгөж ороход их гүнзгий байсан тул тэрхэн зуур машин хөвөхөд зүрх алдмаар байж билээ. Өглөө эхэлсэн гол гатлалт орой нар жаргах хэрд дуусахад нутгийнхан за өнөө шөнөдөө Аригийн голоо гарахгүй бол боогдоно шүү гэсэн тул шөнөжингөө шаварт шарваж, суусан нэгнээ татсаар үүр цайлгав. Анх ирэхэд машины дугуйны талд хүрэхгүй байсан Аригийн голын гарам машины хамар даван алдаад бас л аймаар байсан шүү.













Sunday, November 28, 2010

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ

За байз энэ зүйр үгийг би зөв санаад байна уу бас буруу цээжилчихэж үү? Ийм тохиол олон таардаг болохоор энэ тухай бичих гэж удаан бодсон ч завдал болоогүй өдий хүрчихжээ. Энд би зөвхөн өөрийн төрсөн аавынхаа тухай бичих гээгүй юм шүү, харин сайн хүний нөлөө ямар хүчтэй байдаг гэдгийг л дурдах гэсэн санаатай.


Xүний нутагт олон жил амьдрахдаа олон газар ажилд орохоор ярилцлага өгч таарчээ. Ажилд орох өргөдөл дээр монгол улсын иргэн гэсэн бичээс хүмүүсийн сониуч занг хөдөлгөдөг болов уу, ямартаа ч ихэнх тохиолдолд ярилцлаганд уригдаж таардаг юм. Ярилцлага гол төлөв монголоос ирсэн гэнээ, миний анхны монгол танил та боллоо гэж эхэлдэг болохоор цөөхөн хүн амтай нутаг минь намайгаа яаж ийгээд бусдаас ялгаатай харуулж дөнгөөд байдаг гэж итгэж явдаг. Хамгийн сүүлд орсон ярилцлага ажил төрөл гэхээсээ монголын түүхийн тухай яриа болж хувирсан, яагаад гэвэл ярилцагч маань монгол нутгийг сонирхдог нэгэн байж. Гуравхан сая хүнтэй орон гэхэд танай монгол дэлхийн түүхэнд тун том нөлөө үзүүлсэн хүмүүс шүү гэж хэлсэн нь санаанд нэг л өег. Найман зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан өвөг дээдсийн үйлдэл өнөө амьдарч буй бидэндээ нөлөөлж байна гээд бодохоор бас л айхавтар байгаа юм шүү. Ингэхээр би гэдэг хүн монгол хэмээх овгоо олон худалдаж идсэн хүн болж таараад байгаа юм.


Монгол овгоос гадна би гэдэг хүн сайн багшийнхаа нэрийг бас олон худалдаж яваа хүн. Аз таарсан гэх үү, миний докторын ажил удирдсан багш мэрэгжил нэгтэн дундаа хүндтэй нэгэн. Багшийнхаа тухай хальт энд бичсэн байгаа. Би ... багшийн оюутан байлаа гэсэн танилцуулга олон үүд хаалга нээж өгсөн юмдаг. Багшийн маань нэрийг сонссон хүн заавал сонирхож ярилцахыг урьдаг юм. Ингээд бодохоор би худалдаж идэх нэртэй азтай хүн.

Thursday, November 25, 2010

Аяны богц 11 - Даян дээрхийн агуй буюу бөөгийн домог

Бидний аялалын нэгэн чухал зорилго Даян дээрхийн агуйд хүрэх байлаа. Хамт явсан айлынхан хөл муутай хүүгээ тэнд авачих зорилготой гарсан учир гол үертэй ч яаж ийгээд тэнд хүрэх хэрэгтэй байсан билээ. Аялалд гарахаасаа өмнө энэ газрын тухай огт сонсоогүй байсан юм билээ. Нутгийнхны яриагаар бөөгийн шашинтай хүмүүсийн хувьд маш чухал газар гэнэ. Олон хүн даян дээрхийн агуйтай холбоотой домог олон хувилбараар ярьж байх нь яг нарийн ширийнийг мэдэх хүн бидэнтэй таараагүйнх юм болов уу.
Аялалаас буцаж ирээд хотод Г. Аюурзанын "Бөөгийн домог" номыг худалдаж авсанд даян дээрхийн агуйн тухай домгийн бас нэг хувилбарыг оруулсан байсанд нь ихэд олзуурхсан билээ. Уг нь аялалд гарахаасаа өмнө уншсан бол гэж жаахан харамссан. Бөө мөргөлийн тухай бараг юу ч мэдэхгүй надад энэ ном их сонирхолтой санагдсан. Дэг жаяг ерөнхийдөө бөө хүн юу хийдэг чаддаг тухай гайгүй ойлголт өгч чадахуйц ном болсон гэж бодоод байгаа. Утга зохиолынхоо хувьд сэтгэлд тултлаа хүрээгүй ч судалгаа сайн хийсэн санагдсан юм байна. Номонд Байгал нуурын Олхон арлын уугуул Хадгай бөөгийн тухай өгүүлдэг. Ингээд Даян заарингийн домгийг энэ номонд бичсэн хувилбараар нь хүргэвэл:
"Даян зааринг Чингис хааны нэг хатантай далдуур нөхөцсөн гэлцдэг юм. Нууц амрагуудын холбоог хаан мэдчихэж л дээ. Ингээд Даян заарин баригдаж хатуу цээрлэл амсахаасаа урьтаад Байгал далайн чигт зугтжээ. Гэвч Хархорум хотоос гараад төдий л холдож чадалгүй ердөө Хөвсгөл нуур хүрээд нэхүүл цэрэгт бүслэгдсэн байна. Яг баригдахын даваан дээр Даян заарин онгодоо дуудаж бөөлөөд чулуун хөшөө болж хувирсан юм билээ. Зарим хүн Чингис хааны гүнжийг хулгайлж оргоод баригдах үедээ чулуунд хувилсан ч гэлцдэг юм. Хүчирхэг эзний эхнэрийг нь ч, охиныг нь ч хулгайлна гэдэг үнэхээр чадалтай бөөгийн зүрхлэх ажил биз. Хожим нь Монголд шарын шашин дэлгэрсэн хойно лам нар домогт бөөгийн хүч чадлыг өөрсдийнхөө шүтээнд нэгтгэхийн тулд он удсан тэр чулуун хөшөөний гадуур сүм хийд барьжээ. Хийд барих ажилд яагаад ч юм бэ буриад мужаануудыг хөлсөлсөн аж. Даяндээрхийн хийд хэмээх тэрхүү алдрат цогцолбороос хойшхи нутгийг бөөгийн онгодууд эзэгнэж, урагш нутаг ламын шашинд захирагдсан нь тэр бүлгээ.
Саяны нурууны эзэн онгод урагшаа тэр Даяндээрх хүртэл гүйдэг юм гэнэлээ. Нэг удаа Мондод ер бусын гоёмсог цагаан бух үүл бутарган уулсын хяраар дүүлж, яг харсаар байтал хилийн шугамтай хөтөл даваад урагшаа давхичихсан..."
Нутгийнхны ярьсанаар энэ агуйд Чингисийн хатан/гүнж нуугдаж байсан гэдэг. Харамсалтай нь бидэнд Даяндээрхийн хийдэд зочлох боломж гараагүй юм.



















Wednesday, November 24, 2010

Hippy night

Би хоол хийхдээ орь ганцаараа байх дуртай. Дуртай хөгжмөө тавьчихаад хоол хийхэд сэтгэл сэргэх шиг болдог юм. Орой хоол хийхдээ iTune дээр playlist хийдэг болоод нэлээн удаж байна. Өнөөдөр оройн хоолонд бууз хийж идэв. Буузандаа шинэхэн basil навч татаад хийхэд улам сайхан болчих шиг санагддаг. Бууз хийхдээ бас арай илүү гурил зуураад хайрч хөлдөөвөл дараа цуйван ч юм уу, гурилтай шөл хийж идэхэд амар. Сэдвийн хувьд авцалдаагүй мэт боловч би энэ орой хоол хийхдээ хиппи хөгжмийн playlist хийв.
Буузаа шинэхэн навчны салат аар хачирлаж 2009 Calvet reserve bordeaux дарсаар даруулав. Энэ вино merlot, cabernet sauvignon сортын усан үзмийг хольж хийжээ.
Playlist:
1. Bob Marley: Buffalo soldier
2. Janis Joplin: Try (Just a little bit harder)
3. Bob Dylan: Mr. Tambourine man
4. Janis Joplin: Me and Bobby McGee
5. John Lennon: Imagine
6. Marvin Gaye: Sexual Healing
7. Bob Marley: Redemption song
8. Janis Joplin: Summertime
9. Macy Gray: Why didn't you call me
10. Tracy Chapman: Talkin' bout revolution
11. Janis Joplin: Cry baby
12. Bob Dylan: Just like a woman
13. Macy Gray: I try

Monday, November 22, 2010

James Watson: DNA the secret of life


Жэймс Уотсоны тавьсан илтгэл сонссон тухайгаа энд бичсэн билээ. Саявтар түүний бичсэн "DNA: secret of life" номыг уншиж дуусгав. ДНX молекулын бүтцийг нээсний 50 жилийн ойд зориулж бичсэн энэ ном уг нээлтээс хойш генетик, молекул биологийн шинжлэх ухаанд гарсан нээлт, ололтын тухай, зөвхөн нээлт талаас нь биш нээлт хийсэн хүмүүсийн тухай сонирхолтой өгүүлжээ. Шинжлэх ухааны нарийн ширийнийг энгийн хялбараар тайлбарласан нь уншигч заавал биологийн мэдэлгтэй байх шаардлагагүй, дээр нь Уотсоны өөрийн үзэл бодол, шинжлэх ухааны ирээдүй, шашингүйн үзэл, шинжлэх ухааны ёс зүйн талаар тун сонирхолтой сайхнаар хүүнэсэн байна.
Цаашлаад ер нь генетикийн ухаан үүсэж хөгжсөн түүх, мундагчуудын хувийн зан чанар хөгтэй явдлууд гээд уйдаахгүй. Жишээ нь, хүйтэн дайны үед Линус Полинг (Linus Pauling) холбооны мөрдөх товчоонд байцаагджээ, шалтгаан нь мань хүн атомын бөмбөгт орох цацраг идэвхт изотопын хэмжээг нарийн мэдэж байснаа ил гаргасан бололтой юм. Байцааж буй хүмүүс хэн танд энэ мэдээллийг өгсөн гэж асуухад Полинг: "Надад хэн ч ямар ч мэдээлэл өгөөгүй, тэр хэмжээг би өөрөө бодоод олчихсон юм" гэсэн гэдэг.
Удамшлын зүй тогтолцоог анх вандуй дээр тавьсан туршилтаар нээсэн Мэндэл дээд сургуулийн шалгалтанд хоёр ороод уначихсан, тийм учраас дээд сургуулийн дипломгүй байсныг олон хүн бас мэдэхгүй л болов уу.
Миний хувьд биологийн нээлтийг патэнтлах ёс зүйн тухай бичсэн хэсгүүд урд өмнө сонсож байгаагүй шинэ зүйл байлаа. Жишээ нь, хөхний хорт хавдарын удамшдаг хэлбэр BRCA1, BRCA2 гэсэн 2 гений мутацтай холбоотой. Харамсалтай нь энэ хоёр гений үүргийг тодорхойлсон шинжээчид патэнталсан эдгээр гентэй холбоотой судалгаа шинжилгээ алхам бүртээ хууль зүй, оюуны өмчтэй холбоотой маргааны эх болж байдаг, тэр утгаараа оношлогоо, судалгаанд ахиц гарахгүй байгаа талаар бичсэн хэсэг их сонин байлаа. Цаашлаад аливаа генийг патэнтлах нь ёс зүйд нийцэж байна уу гэсэн асуудал дэвшүүлжээ. Ген гэдэг байгалийн бүтээгдэхүүн, тэгэхээр түүнийг хэн нэгэн өмчлөх утгагүй хэрэг гэсэн үзэлтэй санал нийлэв.
Боломжтой бол энэ номыг уншаарай, тун сонирхолтой сайн бичсэн ном шүү гэж хэлмээр байна.

Tuesday, November 16, 2010

Аяны богц 9 - Загасчдын отог

Цагаан Үүр сумын нутагт байрлах загасчдын отог бидний дараагийн буудал байлаа. Ширүүн бороотой өдөр Үүрийн голыг гаталж отогт хүрсэн юм. Усны төвшин нэлээн нэмчихсэн гүн хэсэгтээ машины дугуй даваад тэрхэндээ аймаар санагдаж явлаа. Яг голын дунд ирээд бидний сууж явсан машин хайрганд суучихав. Хамт явсан машин буцаж биднийг татах хооронд машины кабин усанд автаж, бид өвдөг хүрсэн усанд хэдэн минут сууж таарсан адал явдалын оргил байлаа.
Отог загасчид байрлах 3 дүнзэн байшин бас гал тогоо, халуун усны жижгэвтэр байшинтай. Гол төлөв гадны загасчид буудалладаг газар гэнэ. Гал тогооны байшингийн ханаар том том тул барьсан загасчдын зураг өлгөсөн байв. Нэр усыг нь харвал гол төлөв чех, словакаас ирсэн улс байх юм.
Бидний дагуулсан бороо гол үерлүүлж уг нь 2 хонохоор төлөвлөсөн боловч 5 хоног саатахад хүргэсэн юм. Үер загас барих зорилготой гарсан хэдийн хүслийг боочихов. Байр тухтай болохоор нэг их зутарсангүй ч буцах хугацаа дөхчихсөн байсан болохоор цагтаа амжиж хот орох эсэх тодорхойгүй болчихоор сэтгэл тогтоогүй нь тиймэрхүү. Гэхдээ энэ бүгд нутгийн сайхныг гундаасангүй. Бартаат замын алжаал тайлах боломж олгосон юм.





Байшингийн дээвэр дээр гарвал гар утас барина.