Saturday, May 19, 2012

Хагас сайны үдийн хоол

Надад ажлын өдөр гэр орны ажилд оролцох зав гардаггүй, харин хагас бүтэн сайнд бол тэгэсгээд гал зууханд л өнжиж таарах юм. Гомдол биш юмаа, өөрөө бас дуртайдаа тэр юм биз. Миний хувьд хүүхдүүддээ янз бүрийн хоол амтлуулж, ногоо жимсэнд дуртай болгох гэж язн бүрийн арга, бас жор туршиж байгаа. Яахав бас тэр хэмжээгээрээ хүүхдүүд маань янз бүрийн хоол хүнсэнд дасаж, бас эрүүл хүнсний талаар ойлголттой болж байгаа гэж урамшдаг. 
Шарсан төмсөнд дургүй хүүхэд гэж бараг байдаггүй бизээ. Тэгвэл шарсан төмсийг өөр бусад ногоогоор баяжуулаад амттай хачир бэлдэх жор энэ солонгос бүсгүйн блогоос олоод их олзуурхсан юм. Яг жороор нь хийх боломж байхгүй тул жаахан өөрчилсөн жор, эхийг нь хүсвэл дээрх блогоос харна биз дээ.

Шаржигнуулж шарсан булцуу болоод үндэс ногоо (нээрээ хоолны нэр монголчилж буулгах хэцүү эд юмаа)..
Жор:
1 ширхэг том төмс
2 ширхэг дунд зэргийн хэмжээний амтат төмс
2 ширхэг сонгино
1 ширхэг лууван
1 ширхэг parsnip (монголоор юу гэдгийг нь хайгаад олсонгүй. мэдэх хүн байвал хэлж тус болоорой.)
80 гр орчим self-raising гурил (ийм гурил авах болжгүй бол гуриландаа цайны халбагаар 1/4 хоолны сод хийнэ)
хоолны халбагаар 2 цардуул
50 мл орчим цэв хүйтэн ус (би усаа хэрэгэлэхээс хэдэн минутын өмнө хөлдөөгчиндөө хөргөдөг)
ургамлын тос
бага зэрэг давс



Ногоогоо бүгдийг нь арилгаж угаана.



Амтат төмс, төмсөө маш нарийн савхан хэлбэртэй хэрчинэ (3 мм орчим зузаан).


Хоёр янзын төмсөө хүйтэн усаар сайтар зайлаад усыг сайн шавхана.


Бусад ногоогоо мөн нарийн савхан хэлбэртэй хэрчиж төмстэйгээ нийлүүлж томоохон түмпэнд хийнэ (сав багадвал хутгах хэцүү болчихно).


Гурил, цардуул, усаа нэмж маш сайн хутгаж өгнө (сайн хутгахгүй бол шарахад хэцүү, содтой гурил нэг хэсэгтээ бөөгнөрөөд хөөсрөөд болдоггүй юм байна лээ.).


 Хутгасан ногоогоо бага багаар тосонд шарна.



Шарж болсон ногоон дээрээ бага зэрэг давс нэмж амтална. Хүүхдүүд их дуртай байдаг юм.
Өнөөдөр би шарсан ногоогоо үхрийн мах, навчин салаттай идсэн (муу хүн идсэнээ болчихов уу?)



 


Салат:



Салатныхаа саванд 2 том халбага оливийн тос, 2 том халбага balsamic vinegar , shallot, чимх давс, перец хийж хутгана.







Салатны навч, жижиглэж зүссэн авокадо (болж зөөлөрсөн), үйрүүлсэн фэта бяслаг нэмээд хутгаад бэлэн. Бэлэн салат амтлагч нэгд давс ихтэй цаашлаад янз бүрийн химийн бодис агуулсан байдаг тул ингээд өөрөө амталчихдаг болсон. Хүсвэл улаан лооль, өргөст хэмх, базилийн навч нэмж болно. 




Wednesday, May 16, 2012

Шоколадтай бялуу...

Түрүүний бялуу дажгүй болмогц бөөн урам ороод тэр эрчээрээ шоколадтай бялуу хийв.

Rich Chocolate Cake (Шоколадны баялаг бялуу гэж орчуулах уу)
Жор:
160 гр дор хаяж 70% какаотай шоколад
160 гр цөцгийн тос
160 гр нунтагласан бүйлсний самар (almond)
120 гр элсэн чихэр (би бас л хасаад 100 гр хийсэн)
4 ширхэг өндөг



Халуунд тэсвэртэй саванд шоколадаа жижиглэж хийгээд дөнгөж буцлах төдий усанд хийж хайлуулна. Нэг их хутгах хэрэггүй...



Шоколадаа бүрэн хайлангуут нь цөцгийн тосоо жижиглээд нэмж хийнэ. Цөцгийн тосоо хайлж эхэлтэл нь хутгаж болохгүй. Хайлаад ирэхээр нь зөөлөн хутгаад галаа унтраана.


Өндгөө шар цагаанаар нь ялгана.



Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана.


Элсэн чихрээ нэмж дахин сайн хутгана.


Өндөгнийхөө шарыг нэг нэгээр нь хайлсан шоколад, цөцгийн тосондоо хийж хутгана.


Хөөсрүүлсэн өндөгний цагаан элсэн чихрийн холимогоо шоколад уруугаа нэмж, халбагаар зөөлөн  гурил зуурч байгаа мэт хутгана. Их хүчтэй хутгавал өндөгний цагааны хөөс үгүй болоод бялуу чинь сэвсгэр биш нягт болно.



Хамгийн сүүлд нунтаг бүйлсний самраа (ground almond) нэмнэ.




Бэлэн болсон зуурмагаа тосолсон бялууны хэвэнд хийж 180 градуст 25-30 минут жигнэнэ.


Хар хүний төрсөн өдөр таарсан тул охин ингэж чимэглэв. Амт дажгүй ч бялуу маань жаахан нягт болчихсон. Ширүүн хутгачихсан бололтой... Зүссэн зураг авч амжаагүй байтал зураг авчихмаар бялууны хэсэг үлдсэнгүй.

Sunday, May 13, 2012

Сэтгэгдэлийн цэнзүр, Тоска бас бялуу




Өчигдөр миний өмнөх бичлэгт нэрээ нуусан эрхэм намайг болоод энэ блогийн зочдыг бүдүүлгээр хараасан сэтгэгдэл үлдээснийг арилгав. Арилгасны учир нь таны санаа зөрүүгийнх биш харин бүдүүлэг авирласных тань юм шүү. Хэн нэгэн үл таних этгээд айлд орж ирээд гэрийн эзэд болоод зочдыг нь хэл амаар доромжлоод байвал хөөгөөд гаргах нь зөв биз дээ. Үнэхээр өөрийнхөө санаа бодлыг бусдад хүргэе гэж бодож байгаа бол бүдүүлэг хараал хэрэглэхгүйгээр сэтгэгдэл үлдээх боломж нээлттэй шүү.

Өнгөрсөн долоо хоногт эндхийн театрт Пуччинигийн Тоска дуурь үзэв. Хар хүний ажил дээр билетний сугалаа явж, манай хүн билет хожиж, Нью Иоркоос гарсанаас хойш анх удаагаа театрийн бараа харав. Тоска Пуччинигийн хамгийн алдартай дууриудын нэг. Уг нь 19-р зууны эхээр Напалеоний үеэс сэдэвлэсэн ч энд Муссолиний дарангуйллын үеийн Итали болгон цомнол найруулгыг өөрчилсөн нь бас сонин байлаа. Марио-д дуулсан тенор сайхан хоолойтой ч Тоскад дуулсан бүсгүй санаанд хүрсэнгүй. Энэ бас учиртай, би Мария Калласын студийн бичлэг бүхий СД сонсдог нь амьд дуулсаныг голдог болгодог бололтой. Энд Мария Калласын Тоска"Vissi d'arte" дуулсаныг оруулав.


Хоёр долоо хонoгийн өмнө нэг ийм бялуу хийж идэв. Би ер нь амттанд тааруу, бялуу хийж чаддаггүй юм. Зул сарын баяраар хамт ажилладаг хүүхэн бялууны жортой ном бэлэглэснийг туршсан нь энэ.



Lemon semolina cake
Жор:
125 гр зөөлөрсөн цөцгийн тос
125 гр элсэн чихэр (чихрэнд тааруу би 100 гр-ыг л хийсэн)
125 гр нунтагласан бүйлсний самар (ground almond)
125 гр нунтагласан амуу будаа (Энэ орчуулга зөв эсэхийг мэддэггүй ээ. Болор толь амуу будаа хүүхдийн будаа гэсэн байна, минийхээр бол бараг нунтагласан шар будаа гэмээр. Хүүхдийн будаа цагаан байдаг харин semolina болохоор шаргал өнгөтэй. Мэдэх хүн байвал залруулаарай.)
3 ширхэг өндөг
30 мл орчим сүү
1 ширхэг нимбэгний шүүс, бас үрсэн хальс
Цайны хагас халбага ванилиний extract
1 цайны халбага хоолны сод...

Цөцгийн тосоо элсэн чихэртэй нийлүүлж хутгана.


Цөцгийн тосны шаргал өнгө цайхад нь нунтагласан бүйлсний нунтагаа нэмнэ.


Дараа нь өндөгөө нэг нэгээр нь нэмж хутгана.

Тэгээд сүү, ванилиний extract, нимбэгний сүү бас хальсаа нэмнэ.
Шигшсэн semolina нунтагаа хийж нийлтэл нь хутгана.

Хэвээ тосолж бялууны холимогоо хийгээд 170 градуст 40-50 минут жигнэнэ.


Нэг ийм болов амт нь дажгүй... Нэг их ажиллагаа орохгүй бас дээр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй сайн талтай.

Анхны оролдлого гайгүй болсонд урамшаад өнөөдөр шоколадтай бялуу хийхээр төлөвлөсөн байгаа. Аятайхан болбол мөн жорыг нь хуваалцанаа.

Friday, May 4, 2012

Хэлмээр яримаар юм байх л юм...

Ингээд хэлчих юмсан гэсэн бодол юм уншиж байхад харваж орж ирсэнээ яг бичих гээд суухаар алга болчих нь хяслантай. Сүүлийн үед Энхбаярын баривчилгаа, Болорболд гэгч хүний вакцинжуулалттай зарласан дайн, Нямдоржийг огцруулах санал хураалт, Хүн судлалын хүрээлэнгийн захирал Батсуурь гуайн арай ч дээ гэмээр ярилцлага гээд илүү дуугарчихмаар олон л үйл явдал болж. Завтай болж байгаад тухтай бичье гээд бодоод байсан үйл явдал хуучраад бодож байсан маань мартагдаж эхлэх шив... Санаж байгаагаасаа хагас хугас дурдвал:

- X. Болорболд гэдэг эдийн засагч, судлаач гэв үү нэг ийм хүн баахан л вакцинжуулалт эсэргүүцсэн ярилцлага нэг хэсэг мэдээллийн сайт болгон дээр гарсан байх юм. Уул шугамандаа охидод гардасил вакцин хийж эхэлсэнтэй холбоотойгоор санал бодлоо хэлсэн бололтой юмаа. Аливаа шинэ эм хэрэглэх гэдэг заавал эрсдэл дагуулдаг, шинжлэх ухаан технологийн хөгжил ямар нэг дайвар үр дагаваргүй эм бүтээхэд арай л хүрээгүй байгаа юм. Тийм ч учраас энэ талаар бодолтой бас эрсдэл бол ашигтай талыг сайн харьцуулж бодох хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн талбар дээр тухайн салбарын мэргэжлийн хүн ярьж байх ёстой юм. Гардасил харьцангуй шинэ вакцин, дайвар үр дагавар бас халдвараас хамгаалах чадварыг үнэлэхэд бас цаг хугацаа хэрэгтэй байгаа нь үнэн. Харин гардасилаас болоод өвчин эмгэгтэй болсон эсвэл үхсэн хүмүүсийн тухай мэдээлэл интэрнэт Youtube-ээр дүүрэн байна хэмээн хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оролдсон нь тун тоогүй. Өнөө үед ямар ч хүн тиймэрхүү мэдээллийг интэрнэтэд тавих боломжтой, тийм мэдээ болгоныг үнэн гэж хүлээж авах бол хариуцлагагүй хэрэг. Тэр тусмаа олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол бүр ч болохгүй. Бодитой дүгнэлт хийе гэж байгаа бол мэргэжлийн сэтгүүлд тавьсан судалгааны нийтлэл хамгийн гол эх сурвалж байх ёстой юм. Энэ талаар сонин хэвлэлийнхэн ч гэсэн бодмоор. Эдийн засагч, улс төр судалдаг хүнээс вакцины талаар асууж ярилцлага аваад байдаг нь учир дутагдалтай. Тэр хүн санаа бодлоо хэлье гэсэн бол мэргэжлийн хүний санаа оноог дагуулж харьцуулж бас тавих хэрэгтэй юм л даа. За яахав Гардасил тийм байж тэгсэн нөгөө хүн чинь бүр ахиад вакцинжуулалтын хор уршигийн тухай дахиад баахан юм ярьж хэвлүүлсэн байвал яахав? Вакцинжуулалтыг эсэргүүцдэг хүмүүс бий. Гэхдээ тийм тэмцэл, хэл ам хүмүүсийин сэтгэл санаа үймүүлж, олон хор уршиг дагуулсан түүх зөндөө байдаг юм. Хамгийн тод жишээ нь гахайн хавдар, улаан бурхан, улаан эсэргэнийн эсрэг (MMR) гурвалсан вакцин аутизм үүсгэдэг гэсэн нийтлэл 1998 онд Их Британийн Лансэт сэтгүүлд хэвлэлгдэж шуугиан тарьсан юм. Уг ажлыг удирдаж хэвлүүлсэн Андрю Уэкфийлд хэмээх эмч уг нийтлэлийг 2004 онд буцааж татсанаар барахгүй, 2010 онд судалгааны ажлын ёс зүй зөрчиж, үр дүнгээ гуйвуулсан хэмээн шүүхийн шийдвэр гаргаж хүн эмчлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон юм. Энэ хүн вакцин үйлдвэрлэдэг эм зүйн компаниас мөнгө нэхэмжилж байсан бүлэг хүмүүсээс вакцины эсрэг мэдүүлэг өгөхдөө 400 гаруй мянган паундын хахууль авсан нь сүүлд илэрсэн гэдэг. За энэ хүн ч яахав, харин энэ шуугиан нийтийн эрүүл мэнд болоод, олон орны эдийн засагт нэлээд хохирол учруулсаныг энд дурдъя гэж бодлоо.
Энэ шуугианы улмаас уг гурвалсан вакцины хэрэглээ Их Британид 96% (1996) байснаас 2002 онд 84%, 2003 онд 61% болон буурсан бөгөөд 1998 онд улаан бурханаар өвчилсөн 56 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2006 он 449 болон өсчээ. Энэ хугацаанд 1 хүүхэд нас барж, 2 хүүхэд насан туршийн тархины гэмтэл авсан байна. 2005 онд гахайн хавдарын 5000 тохиолдол бүртгэгдсэн нь бас л вакцинжуулалтанд бүрэн хамрагдаж байсан үеийнхээс эрс өссөн байдаг. Бүрэн урдчилан сэргийлж болох өвчнөөс болоод насан туршдаа эрэмдэг болох, амь насаа алдах нь тун харамсмаар хэрэг шүү дээ.
Энэ шуугианы улмаас Италид 2003-2004 онд өвчний тохиолдол эрс өссөн бөгөөд үүний улмаас улсын эдийн засагт 17-22 сая еврогийн хохирол учирсан гэж үздэг юм байна.
Африкийн Нигери улсад вакцинжуулалтыг 2001 оноос зогсоосон бөгөөд жилд улаан бурханы 20000 тохиолдол бүртгэгдсэнээс зөхөн 2005 оны 1-5 сарын хооронд 600 хүүхэд энэ өвчнөөр нас барсан байдаг. Мөн энэ улсад дэлхийн халдварт саа өвчний тохиолдолын хагас нь бүртгэгддэг.

Өндөр хөгжилтэй орнуудаас япон улс ганцаараа дээрх гурвалсан вакцины хэрэглээг зогсоосон хэдий ч аутизмын өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь вакцин болоод аутизмын хооронд ямар нэг холбоо байхгүйг харуулсаар байгаа юм.
Аливааг муу сайн гэж хөндлөнгөөс хараад дүгнэх амархан, гэхдээ хэвлэл мэдээллийн талбар ашиглаад өөрийн сайн мэдэхгүй зүйлээр ийм том дүгнэлт хийж олон нийтийг төөрөгдүүлэх нь ёс зүйд таарахгүй Нөгөө талаар ийм хариуцлагагүй мэдээнээс болоод өвчлөл ихсэх улмаар нялх балчир үрсийн амь нас хохирвол хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
Анагаах ухааны судалгаа хийдэг, судлаачийн хувьд вацкинжуулалт бол анагаах ухааны түүхэн дэх хамгийн том амжилтын нэг гэдгийг онцлон хэлмээр байна. Энгийн тоо баримт дурдвал: АНУ-д төрсөн хүүхэд болгоныг бүрэн вакцинжуулж чадвал нярайгаас өсвөр насны 33000 хүүхдийн амийг аварч, 14 сая халдварын тохиолдлоос сэргийлэх юм гэсэн байдаг. Бодууштай л баримт.

Болорболд гэгч эрхэм вакцин хийлгэснээр хүүхдийн дархлаа суларч байна, халдварт өвчин тусах бараг сайн дархлаа сайжирдаг гэж ташаарсан байх юм. Хүн халдвар авахад хүний цусны цагаан бөөм тухайн өвчин үүсгэгч нян, вирусны бүтцийг тогтоодог. Дараа нь тухайн өвчин үүсгэгч таарвал тун хурдан эсэрцүүцэж дарах чадвартай болдог. Вакцин болохоор хүнийг өвчлүүлэхгүйгээр ийм дархлаа суулгаж өгдөг тэгэхээр дархлаа сулруулдаг энэ тэр гээд хаа хамаагүй юм яриад байдаг нь буруу. MMR гурвалсан вакцин, халдварт саа, хөхүүл ханиалга гээд нэлээд олон өвчний вакцин тун үр дүнтэй. Харин ДОХ, сүрьеэгийн сайн вакцин хараахан гараагүй байгаа. Энэ нь тухайн өвчин үүсгэгч нян, вирусны бүтэц, бас удмын мэдээллээ хурдан өөрчилдөг шинж чанартай холбоотой. Цаад нарийн ширийнийг нь мэдэхгүй байж холион бантан хутгасан юм ярьж бичиж, тэрнийг нь бас хэвлэн тараадаг улс болимоороо.


Нэг мэдсэн зөндөө сунжирсан бичлэг болж, бусад асуудлын талаар дараа заваараа бичнээ.

Wednesday, May 2, 2012

Зуун мянга дахь зочин шалгарав...

Уг нь түүнээс урдаад шинэ бичлэг оруулчих санаатай байсан ч зохион байгуулалт муутай хүн чинь амжсангүй ээ. Санаандаа олон хүн оролцуулчих гээд. Зуун мянга дах болоод зуун мянгад дөхүү гурван хүн сэтгэгдэл болоод эмайл бичсэн байна. Яг зуун мянга дах зочин маань дахин дахин орж байж зуун мянгат болов гэдгээ хүлээгээд булхайцсан гэж үзвэл гомдолгүй гэсэн байх юм. Харин 100005 ба 100008 зочид сэтгэгдэл үлдээж. Эхний хүнд булхай энэ тэр гээд байх нь хаашаа ямар ч гэсэн манайхыг гололгүй орж бас зуун мянга дах зочин болчихъё гэсэн зүтгэлийг үнэлээд, нөгөө хоёр зочиндоо бас сэтгэгдэл үлдээсэнд талархаад гурвууланд нь жижиг бэлэг явуулъя гэж шийдэв. Та бүхэн шуудангийн хаягаа peakfinder@yahoo.com эмайлээр явуулна уу.
Энэ сайхан завшааныг ашиглаад энэ блогоор орж гарч бас санал бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ хамгийн хамгийн сайн сайхныг хүсээд, энэ сайхан талбарт дахин дахин уулзаж байхын ерөөл дэвшүүлье.