Tuesday, April 4, 2017

Багш хүн хүүхдийг хайрлаж энэрэх чадвартай байх ёстой.

Багш хүнд байх хамгийн эрхэм чанарын нэг нь хүүхдийг хайрлаж, энэрэх явдал юм болов уу гэж боддог. Хичээлийн агуулга, сургах арга барилыг хүн хүсэж байвал сурчихна. Харин багш болоод хүүхдийг хайрладаг, тэдний төлөө сэтгэл гаргадаг нь сайн багш болдог байх. Миний аав, ээж хоёр багш байлаа. Хөдөө багшилж байхдаа амралт дуусаад ирээгүй, эсвэл дотуур байрнаас оргосон хүүхдийн араас хөөцөлдөж гэрээр нь явна, очсон хүүхдээ бас эцэг эхийг нь аргадаж авчирна. Тэр үед дунд ангийн хүүхдүүдээ гэртээ мал дээр гаргах сонирхолтой эцэг эхчүүд олон байжээ. Ялангуяа охидоо гэртээ авч үлдээд хүнтэй суулгаж, аж ахуйдаа туслуулна гэх.
Хотод орж ирсэн хойноо анги даадаг ээж маань бас л хичээлээ тасалдаг, дүрсгүй хүүхдүүдийн гэрээр орой явна. Эцэг эх, эмээ, өвөөг нь сайн танина. Заримтай нь найзална, заримыг нь загнана. Хүүхдүүдийн гэр орны амьдралыг мэднэ, өнчин өрөөсөн, гачигдал дутагдалтай нэгний хойноос бүр их шургуу явдаг байж билээ. Тэр бүхний цаана энэ хүүхдийг амьдралтай залгуулчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэл л байсан байдаг.
Өнөөдөр 29 дүгээр сургуулийн багш нар өмгөөлөгч хөлсөлж, хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь хачирхалтай санагдав. Сурах, боловсрох эрхээ шаардаж жагссан хэдэн сөөсгөр хүүхдийг эсэргүүцэж, сургуулиас хөөнө гэж сүрдүүлэн ичиж зөвсөн шинжгүй олуулаа чихцэлдэн зогсох хүмүүст багш гэх эрхэм сайхан нэр томджээ. Багш хүн зүй нь энэ тэмцлийн нөгөө талд хүүхдүүдийн төлөө явж байх ёстой биш гэж үү? Хариуцаж байгаа сурагч нь бэлгийн дарамтанд орсон сураг байгаа бол тэрний хойноос үнэн мөнийг олж, хохирсон хүүхдийг хамгаалахын төлөө явж байх ёстой биш үү?
Угаасаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд дохионы хэл мэдэхгүй багш хичээл заадаг гэдэг нь утгагүй хэрэг юм. Хүн бүр дохионы хэл мэдэхгүй учир амьдралд бэлдэж байна гэсэн ядуухан тайлбар хийж байна. Гэхдээ энэ нь сонсгол муутай л болохоос бие бялдар сэтгэц эрүүл хүүхдүүдийг сонсголтой хүнтэй харьцах төдий л боловсрол хангалттай гэж тавлаж байгаа хэрэг шиг санагдлаа. Хүүхдийн танин мэдэхүйд хүнтэй харьцах харилцаа маш чухал. Бүр бага нялх цагаасаа санаа бодлоо чөлөөтэй солилцож чаддаг болбол бүр сайн. Тэгэхээр өөрийгөө нээж, орчноо танин мэдэх нь амны хайрцаг уншиж, бусадтай ойлголцох чадвараас илүү чухал гэсэн үг. Сонсгол муу төдийгөөр хэн нэгний сурч боловсрох боломжийг хаах нь нийгэмд илүү хохиролтой. Тэр хэмжээгээрээ хийгмийн хөгжилд ихийг бүтээж, хувь нэмэр оруулах хүний тоог цөөлж байнаа л гэсэн үг. Компьютерийн програм бичих, зураг зурах, баримал барих, машин техник зохион бүтээх, механик, архитектур гээд заавал сонсголтой байх шаардлагагүй олон салбар, мэрэгжил бий. Тэдэнд сурах боломж нь л хэрэгтэй.
Харин тэр сургуулийн багш нарт тийм сэтгэл алга. Хайр, энэрлийн сураг ч алга. Хорвоо дэлхий уужим, чи хүсвэл юуг ч хийж чадна гэж зоригжуулж, цонх нээж өгөх ёстой багш нь сурах эрхээ шаардсан хэдэн хүүхдийг хөөнө гээд л сууж байна даа.

Баавгай

Шаргал өнгөтэй нэлээн хуучирсан тоглоомон баавгай. Том охиныг жаахан байхад нь дэлгүүрт таараад авч өгсөн юм. Яагаад авч өгсөнөө сайн санадаггүй. Нэг их онцгой юмгүй, байдаг л нэгэн баавгай. Манайд ирээд охины гараас буусангүй ээ. Хамт унтана, хооллоно, гадуур явахдаа хамт явна. Охин бүр том болсон хойноо ч хол явахдаа үүргэвчиндээ хамгийн түрүүнд хийнэ. Юу гээчийг арчиж, хэдэн удаа ч угаагдсан юм мэдэхгүй. Угаасаар байгаад биенийх нь зарим хэсэг бүүр шалчийчихсан хөөрхий.
Бага охин ой жаахан өнгөрөөд эгчээсээ баавгайг нь булаагаад авчихсан. Миний баавгай л гэнэ. Гэрт өөр олон баавгай болоод бусад төрлийн зөөлөн амьтан байгаа ч өнөөх л шаргал баавгай охины оронд нь хамт унтаж, явсан газар бүр нь дагалдана. Охин шөнө тэмтрээд байхгүй бол миний баавгай алга гэж уйлж сэрнэ. Орой охиноо унтуулахдаа баавгайг бүртгэж, унагахгүй шиг аятайхан байрлал олж тавихыг хичээнэ би. Хоолоо идэхдээ жижигхэн тоглоомон сандал ширээн дээр тавьж суулгаад хоолноосоо халбагадаж өгнө.
Өчигдөр манайд том хэрүүл боллоо. Шалтгаан нь өнөөх баавгай. Том охин би баавгайгаа буцааж авмаар байна, чи зөндөө удаан хэрэглэлээ гэнэ. Дүү нь үгүй шүү энэ чинь миний баавгай гэнэ. Дуу чангарч зарим нь уйлав. Арга тасраад бага охиндоо дэлгүүрээс шинэ баавгай авч өгье гэсэн чинь зан нь тэр дороо хувираад хөөрхий баавгайг эгчдээ өгөөд энийгээ ав гэнэ. Тэгээд надад чи тэгээд битгий царай муутай баавгай авчихаарай гэж захив. Тэгэж байтал эгч нь тайвширсан уу, ухаарсан уу, за за чи миний баавгайг ав ав гэсэн дүү нь үгүй би шинэ баавгай авах гэж байгаа гээд тоосонгүй.
Саяхан л хэрүүлийн алим болж, дуу шуугиан тарьж суусан баавгай хүүхдийн өрөөний шалан дээр гологдоод эвгүй гулдайн суухыг хараад яагаад ч юм шинэ баавгай авч өгье гэсэндээ гэмшив.