Wednesday, May 15, 2013

Хэдэн зураг


Энэ блогийн эзний хөрөг. Охин нь зурсан юм. Бүх профайл зургаа ийм болгочихоод сууж байгаа, царайлаг зурсан байгаа биз дээ? 





Энэ луугийн жимс (Dragon fruit). Манай ордог дэлгүүрт хааяа зардаг, охин дурлаад байдаг юм. Нэг их хурц амт байхгүй, гаднах хэлбэр өнгө нь таалагддаг бололтой. Заримдаа дотор нь цагаан биш, ягаан бас байдаг юм билээ 



Өвөл хаврын заагаар уншсан номнууд. Энэ тухай бичих гээд бодоод л яваа, завдал болохгүй л байна. 


Scone хийж үзэв. Манай хэд дурлаад л байдаг юм.


Охины төрсөн өдрөөр хийсэн Victoria sponge  гэдэг бялуу. Охин өөрөө чимэглэсэн юм.


Манай гэрийн ойр ингээд үнэг их явдаг юм. Хүнээс нэг айдаггүй юм билээ. Ялангуяа өглөө эрт их таарнаа. Машин зам энэ тэрийг ч нэг намбатай гарна даа.


Сүүлийн үед сүшиний дон тусаад байгаа. 



Tuesday, May 14, 2013

Хуурамч ген бас бус


Байж байж өнөөдөр монголын мэдээний цахим хуудас эргүүлдсэн хэд хэдэн юм нүдэнд тороод чимээгүй өнгөрч болсонгүй ээ.
Хамгийн эхнийх нь Анжелина Жоли хөхөө тайруулав гэсэн мэдээ байх юмаа. Эхээс нь ишлэвээс: "Дэлхийн алдартай жүжигчин, үзэсгэлэнт эмэгтэй Анжелина Жоли хөхний хорт хавдраас сэргийлж хоёр хөхөө тайруулсан хэмээн “BBC” мэдээллээ.  Өдгөө 37 настай зургаан хүүхдийн ээж жүжигчин бүсгүй “Нью-Йорк Таймс” эмнэлэгт хагалгаанд оржээ. Тэрбээр “Эмч нар намайг хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87 хувь, өндгөвчний хавдраар өвчлөх магадлал 50 хувь хэмээн тооцоолсон тул би эрсэдлийг бууруулахын тулд ийм шийдвэр гаргасан” хэмээн ярьсан байна. Түүний хөх тайруулах ажил өнгөрсөн хоёрдугаар сард эхэлж дөрөвдүгээр сард дуусчээ.

Түүнчлэн Анжелина Жолигийн ээж хөхний хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд ээжээс нь хөхний хорт хавдар үүсгэдэг хуурамч гень удамшсан тул өвчлөх магадлал өндөр хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Жоли эмчилгээний үеэр дэргэд нь байж сэтгэл санаагаар дэмжсэн нөхөр Брэд Питтэд талархснаа мөн илэрхийлжээ. "
За дээрх мэдээнээс үзвэл Нью Иорк Таймс гэдэг сонин биш эмнэлэг байдаг юм байна. Бас хүнд хуурамч ген байдаг гэнэ. Хөх тайрах (энэ бас л биш орчуулга арай өөрөөр хэлж болдог байлгүй дээ. Тайруулав гэхээр нэг хүн хөрөө бариад дайрч байгаа харагдаад болж өгөхгүй байгаа юм.) хагалгаа 2 сараас 4 сар хүртэл үргэлжилсэн гээд сонин хачин ихтэй л мэдээ юм ккк. Faulty gene гэдгийг хуурамч гээд махчилсан болтой юмаа. Инээх ч хэцүү ярвайх ч хэцүү гэдэг шиг.

Дараа нь Өнөөдөр сонинд эмэгтэйчүүдийн эмч Сильва гэдэг хүний ярилцлага гарчээ. Дээрх шиг галзуу солиотой юм алга л даа гэхдээ "Дээр үед охидын сарын тэмдэг арван зургаа, долоон настайд нь ирдэг байсан бол одоо 11-13 настайгаас эхлээд ирдэг болж. Энэ бол өндгөвч нь сайн ажиллаж байгаагийн илрэл. Ингэснээр өндгөвч удаан ажиллаж, цэвэршилт хожуу эхэлдэг юм. " гэж хэлсэн нь гайхал төрүүлэв. Сарын тэмдэг эхэлж ирэх, цэвэршихийн хоорондын хамаарлыг судалсан ажлууд тийм хамаарал олж чадаагүй. Харин сарын тэмдэг эрт эхлэх нь байгал орчин элдэв химийн бохирдолтой холбоотой байх магадлал бий. Түүнээс гадна эрт эхлэх нь бас өндгөвч, хөхний хорт хавдар, цаашлаад зүрх судасны өвчлөлтэй холбоотой байдаг тухай ярьж бичдэг юм билээ. Ямар нэг статистик баримт дээр тулгуурлахгүй иймэрхүү дэл сул яриа ер нь их гарах юмаа.

Гурав дахь гэр бүлийн тогтвортой байдлын тухай ярилцлага юм уу, уншаад байсан нүд ам арай л орой дээр гарсангүй. Энд хэлж ярьсанаас гэр бүлийн тогтвортой байдал бараг тэр чигээрээ эмэгтэй хүнээс шалтгаалах болтой юмаа. Олон нхийтийн газар нөхөртэйгөө санал нийлэхгүй ч гэсэн толгой дохиод ялдам аашлаад байвал эрх чөлөөтэй байх виз авна гэнэ үү ккк. Гайхал төрүүлсэн хэдэн өгүүлбэр:
- Эмэгтэй хүн нөхөртэйгээ анх учирч хэрхэн дурлуулж байсан яг л тэр хэвээрээ байх ёстой. Мэдээж үргэлж гоо үзэсгэлэнгээ хадгалаад байх боломжгүй. Гэхдээ л миний эхнэр гэж хэн бэ гэхээр ууртай, ааштай, үглэсэн байдалтай бодогдохоор байхуу, эсвэл инээмсэглэсэн, үргэлж дэмждэг, ойлгодог, хүслийн дээд эмэгтэй нь байх уу гэдгээ сонгох хэрэгтэй. Ер нь эхнэрүүдийг ар гэрийн менежерүүд гэж нэрлэж болно. Гэр цэвэрлэх, хоол хийхээс эхлээд хүүхдээ хүмүүжүүлэх, гэр орны төсвөө зарцуулах зэрэг бүхий л ажлыг нуруундаа үүрдэг. Тэд энэ их ажилдаа дарагдаад гадаад төрхөөсөө авахуулаад өөрсдийгөө хаячихдаг. Түүгээр ч барахгүй өөрийн зан араншингаа хянахаа байдаг. Ааштай, үглээ болсноо нөхөр, хүүхдүүдээсээ боллоо гэдэг. Би та нарын төлөө, хүүхдээ өсгөхийн тулд ийм боллоо гэдэг. Гэтэл тийм биш. Эмэгтэй хүн тухай бүрд нь хяналт тавиад асуудлыг шийдээд явсан бол эвдрэхгүй байх бүрэн боломжтой. Тиймээс өөрийнхөө зан араншинд анхаарч байх хэрэгтэй. Маш олон тактикийг боловсруулж байх нь чухал.
PS: Хамаг ажлаа хийгээд дээр нь хөөрхөн ааштай бас үзэсгэлэн төгөлдөр байх хэрэгтэй гэнэ шүү.

- Эхнэрүүд нөхрийнхөө хүндлэлийг олдог нэг зүйл бол найз нөхдийнх нь дунд биеэ авч яваа байдал юм. Ямар ч адгийн эрд өөрийн нэр хүндээ хамгаалах хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Эмэгтэйчүүд яагаад нэр хүндээ алдаж эхэлдэг вэ гэхээр тэд нөхрөө найз нарынх нь дунд муулж, загнаж, доош нь хийдэг. Харин ямар нөхрүүд эхнэрээ хүндэтгэж байна вэ гэхээр олон нийтийн өмнө өөрийг нь үргэлж толгой дохиж дэмжиж байх тохиолдолд. Эхнэрүүд ч бас. Заримдаа буруу ч ярьсан гэсэн дэмжиж байх нь чухал. Эмэгтэйчүүд өөрсдөө хүндлүүлэх зүйлээ хийх хэрэгтэй. Бас тэднийг давраахгүйн тулд овжин аргаар аливааг хийлгэж сургах нь зүйтэй.
PS: Ерөнхийдөө нөхөр гэдэг хүнтэй чин сэтгэлээсээ хандах, ярилцах гэдэг илүү зан?

- Энэ бас л эрчүүдийн хандлагатай холбоотой. Тэд үргэлж эрх чөлөөтэй байхыг цаанаасаа л эрмэлздэг. Харин эмэгтэйчүүдэд эрчүүд шиг тийм их эрх чөлөөтэй байх хэрэгцээ байдаггүй, хэн нэгнээс хамааралтай байж хайрлуулахыг л хүсч байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг өөрсдийг нь бодвол сул, хөнгөн, бие бялдрын хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй гэж боддог учраас "барих" сонирхолтой байдаг. Энэ хандлага нь эмэгтэйчүүдэд шударга бус юм шиг санагдах нь бий. Яасан бэ тэр хүйсийн тэгш эрх, би ч гэсэн шоудмаар байна гэж бүсгүйчүүд ярьдаг. Хамгийн гол нь нөхөртөө итгэл олох нь чухал. Ингэсэн цагт нөхрүүдээрээ "виз даруулж" чадна.
PS: Нөхөртөө хайрлуулж байгаа эмэгтэй хүн эрх чөлөө хүсдэггүй?? Шоудахдаа нөхрөөрөө биз даруулах хэрэгтэй???? 
Эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ ярилцсан бололтой. Ажаад байхад эмэгтэйчүүд өөрсдөө эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь, эрч чөлөөний тухай бишээ эсрэг ярьж бичих нь олон таарах юм ямар учиртайг мэдэхгүй.
Дээхнэ Өнөөдөр сонин бас хоёр залуу бүсгүйн ярилцлага нийтэлсэн байсан нь бас л аймаар юм байсан. Санаа нь гадаад хүнтэй сууснаас монгол хүний тав дахь эхнэр болох хэрэгтэй гэх гээд байх шиг. Хүүхэн хүн өөрөө сонголт хийж болохгүй ээ? Ярилцлага өгсөн хүн өөрөө хүүхэн хүн байх юм, аймаар. Нэр хүндтэй сонин ийм юм тавьдаг нь бүр аймаар. Өөрт таарсан ажлаа хийгээд амжиргаагаа залгуулдаг боломж нь байвал ийм үзэгдэл аяндаа буурна биз дээ. Тэрнээс эд нараас муу муухай хүн байхгүй гээд чичлээд дайраад байх хаашаа юм. Нэг тийм фашизм нацизм үнэртээд нэг бишээ.

Тэгсэн хэрнээ эрчүүдийн үүрэг хариуцлагын тухай дуугарахгүй ээ. Үнэндээ дээд сургуулийн оюутнуудын ихэнх нь хүүхнүүд байна, эрчүүдийг ад үзлээ гэх гомдол яваад байна. Энэ ч бас бодох асуудал. Гэхдээ гүйцэтгэх байгууллагын ажлын голыг хүүхнүүд нугалдаг мөртлөө шийдвэр гаргах төвшинд хэдэн хүүхэн байнаа? Үнэндээ тэр дээд сургуульд сурах тоо нийгмийн байр суурийн илрэл юм бол өнөөдөр парламентийн гишүүдийн ядаж тал нь эмэгтэйчүүд байна биз дээ?

Хэдэн жилийн өмнө танил маань их хурлын гишүүн хөрш нь хогоо өөрөө асгадаг тухай сонин болгож ярьж билээ. Тэгээд тийм том хүнээр хог хаяулдаг эхнэрийг нь муулсан үг хавчуулаад амжсан. Тэр өөрөө бас л эмэгтэй хүн байсан. Уг нь бол гэр бүл дотроо зохицоод хэн хогоо хаях надад ч түүнд ч огт хамаагүй баймаар. Би бол тэр гишүүнийг харин ч гэр бүлдээ санаа тавьдаг сайн нөхөр гэж үнэлмээр байгаа юм. За тэр гадаадад гараад зовсон хүүхнүүдийн тухай бол ярих ч хэрэг байхгүй, аль муу муухайгаар хэлээд дайрч өгнө шүү дээ. Хүмүүс яагаад ийм хорсол заналтайгаар эмэгтэйчүүдийг үзэн яддаг болчихсоныг нь ерөөсөө ойлгохгүй л байгаа юм даа.

Thursday, May 9, 2013

Mario Puzo: The Fortunate Pilgrim



Ажил хол галт тэргээр явдагийн буянд ном уншаад сайхан байнаа. Сайхан ном бариад суухад гэртээ 5 минут болоод харьчих шиг санагдана, дээхнэ номоо мартчихаад унших юмгүй явсан уйдаж үхэхээ шахсан. Гэмтэй тал нь уншсанаа эвлүүлж бичих гэсээр байтал удаад нөгөө шинэхэн төрсөн бодол хуучраад сонин биш болчих юм уу бүр мартчих энүүхэнд. Нөгөө хятад зохиолчийн 2 номыг дуусгаад өөр юм унших минь гэж барьж авсан ном. Загалмайлсан эцэг түүний хамгийн сайн танигдсан зохиол байх, харин бичсэн бусад номыг нь хүмүүс сайн мэддэггүй юм билээ. Загалмайлсан эцгийг ихээ залуу байхдаа орос хэл дээр уншсан, зөндөө их таалагдаж байлаа. Хүмүүс киног нь их гоё гэдэг ч номыг эхлээд уншчихсан болохоор кино нь сэтгэлд хүрээгүй юмдаг.
Харин энэ ном бол мафийн тухай биш жирийн итали цагаач хэрхэн америк мөрөөдөлдөө хүрдэг, тэр мөрөөдөл ямар үнээр олддог тухай өгүүлсэн зохиол юм. Мэдээж италийн цагаачид гэхээр мафитай холбоотой үйл явдал гарна гэхдээ тэр нь номын гол өгүүлэмж биш. Сэтгэлд нэг тийм дотно ч юм шиг, учир нь үйл явдал болж байгаа Нью Иоркийн дүүргүүд, барилга байшингийн дүрслэл өөрөө үзсэн газрын тухай болохоор тэгсэн байж магадгүй. Ер нь танил газар орны тухай ном уншихаар сэтгэлд амархан буудаг, дээр нь тухайн газартай холбоотой жижиг сажиг дүрслэлийн бэлэгдэл, утга учрыг ойлгохоор бас давхарга нээгдэх шиг болдог. Зохиолын гол баатар эмэгтэй инжгүй учраас нутагтаа нөхөрт гарах ямар ч найдлагагүй болоод Нью Иоркод амьдардаг итали цагаачтай хоёр газар (proxy) хуримлаад америкд ирдэг. Тэр үед цагаач нарын ихэнх нь эрэгтэйчүүд нутгийн хүүхнүүд цагаач энэ тэр гэдэг байсан уу, нутгаасаа ингэж эхнэр авах нь ердийн хэрэг байсан гэдэг. Тэгээд л асар их золиос хийж хүссэндээ хүрсэн хойноо би энэ бүгдийг хүссэн гэхдээ ийм үнээр биш гээд уйлдаг төгсгөл хүнийг бас дагуулж уйлуулах чадалтай байлаа. Бас л үе үеийн цагаачдын асуудлууд хүүхдээ америкжихад нь санаа зовох хэрнээ, тэдний адил ажил хийж сайхан амьдраасай гэж хүсэх, тэр хэрээрээ эцэг эх хүүхдийн хооронд зөрчилдөх, бас түрүүлж ирсэн нь сүүлд ирсэнийхээ гадуурхах гээд сонин сайхан шигтгээ олон. Утга зохиол шүүжмлэгчид энэ номыг зохиогчийн хамгийн сайн ном гэж үнэлдэг юм билээ.

Wednesday, May 8, 2013

Зургаа долоон настай охидын яриа


Гэрт нь дэрсxэн хүүхэд байхгүй болохоор охиноо үеийнхээ хүүхдүүдтэй юу ярьж, яаж тоглодогийг нь сайн мэдэхгүй. Өглөө сургууль, үдээс хойш сургууль тараад өдөр өнжих гэсээр орой 6 цагт гэрийн бараа харна. Өдөржингөө л хүүхдүүдийн дунд байдаг хүн юу ярьж явдагийг нь оройн хоолон дээрээ яриулдаг ухаантай. Үе үе юу билээ гэмээр сонин юм ярина. Заримдаа хачин хөгийн инээдтэй юм ярина, тэсэлгүй инээчихээр ярихаа больчихно.

Дээр эмээгийнхээ тухай үзэсгэлэн хийсэн гэж бичсэн дээ. Тэр өдөр найз Матилдагийн гэрээс хүн ирээгүй гээд хар хүн бид хоёр Матилдагийн тайлбарыг давхар сонссон юм. Түүнээс өмнө охин маань аав ээжээ найздаа танилцуулж байнаа: энэ бол миний ээж, за энэ миний аав. Манай аав орой дээрээ халзан чи хар даа гэснээ аавыгаа тонгойлгож халзан хэсгийг нь үзүүлэв.

Нэг орой манай ангид хоёр Грэйс бий гэж ярив. Тэгээд бид нар нэгийг нь Грэйс нөгөөг нь Грэйси гэж ялгаж дууддаг. Грэйси нь миний найз гэнэ. Аав нь Грэйсигийн аав  дандаа малгайтай явдаг хүн мөн үү гэсэн. Охин тийм, Грэйсигийн аав халзан болохоороо дандаа малгай өмсдөг. Таных шиг зөвхөн орой дээрээ биш, бүр их халзан гээд хэр халзан болохыг гараараа зааж үзүүлэв.

Ийм насны охид аавуудынхаа халзан эсэхийг их л нухацтай ярьдаг бололтой юмаа.