
Америкт ирээд хамгийн содон харагдсан зүйлсийн нэг нь хүмүүсийн шивээс байлаа. Цэцэг навч, хүний хөрөг, нэр юу эс байх вэ, цаашлаад могой, аалз, хохимой толгой гээд тоочвол ч зөндөө. Сүүлийн үед хятад ханз үсэг их харагддаг болсон санагддаг. Бага байхад цэрэг цуухаас ирсэн зарим ах нар гар дээрээ ганц нэг үсэг шивүүлсэнийг харж явснаас эрээн мяраан том шивээс ерөөсөө үзэж байгаагүй юм билээ. Би хувьдаа хүн залуу насандаа сонирхож л шивээс тавиулдаг юм болов уу гэж бодож байсан бас биш юмаа. Анх ирээд удаагүй байхдаа нэг хоолны газар оройн цагаар ажилладаг байлаа. Манайд ширээ цэвэрлэж, хүмүүсийг мэндэлж угтдаг эмээ ажилладаг байсан юм. Эелдэг ёсыг бодоод насыг нь асууж зүрхлээгүй ч дал лав гарсан хүн байсан. Тэр эмээ хөлний шагай, шилбэн дээрээ (нүдэнд ил харагдах нь тэр, цаагуураа мэдээж байгаа гэж таамаглав) их том, нарийн зурсан шивээснүүдтэй. Би залуудаа л хийлгэж дээ, нас ахиад ирэхээр өөрт нь төвөгтэй санагддаг болов уу гэсэн юм боддог байсан нэг өдөр манайд биеэрээ дүүрэн шивээстэй залуухан бүсгүй орж ирэхэд нөгөө эмээ чинь харин дахиж тийм ийм шивээс нэмж хийлгэх санаатай энэ тэр гээд л ярьж гарахад нь тун их гайхсан юмдаг.
Эрүүл ахуйн талаасаа шивээс бас тийм ч сайхан эд биш бололтой. Шивээс хийж байгаа газрууд багажаа бүрэн дүүрэн ариутгаж чаддаг болов уу? Тийм газруудад зөвшөөрөл олгохдоо ямар шалгуураар дүгнэдэг юм бол? Ямар ч гэсэн зүүгээр арьсан доогуур хатгаж байгаа болохоор ариутгал муутай газар бол элдвийн халдварт өвчин авахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дээр нэг хов жив бичдэг сэтгүүл дээр жүжигчин Памэла Андэрсэн тэр үед сууж байсан нөхрөө элэгний С вирус шивээсний зүүгээр дамжуулан халдаасан хэмээн нэхэмжлэл гарган шүүхдэж байсан санагдана.
За яахав яаж ийгээд аз таараад халдварт өвчин авахгүй бол залуу насандаа шивүүлсэн хохимой толгой ч юм уу тиймэрхүү зураг нас тогтсон хойно хүний нүдэнд тороод хэцүү л байх байх даа. Шивээсийг лазерийн туяагаар арилгаж болно, гэхдээ мөнгө бас цаг их ордог гэсэн шүү. Судалгаагаар шивээс арьсны хорт хавдрын эрсдэлийг бас нэмдэг гэж харж байсан юм байна. Хэрвээ та хэзээ нэгэн цагт япон явна гэж төлөвлөж байгаа бол жижиг ч бай шивээстэй хүнийг нийтийн усан сан, халуун рашаанд оруулдаггүй гэнэлээ.
Бүр арга ядвал ядаж өөрөө уншиж чадах шивээс хийлгээрэй гэж зөвлөх байна. Англид 19 настай охин найз залуудаа хайр сэтгэлээ илэрхийлж нэрийг нь хятад ханзаар гэдсэн дээрээ шивүүлжээ. Харамсалтай нь үерхэл удаан үргэлжилсэнгүй, шивээсээ яаж өөрчлөх талаар зөвлөгөө авахаар өөр нэг салонд очвол ханз уншиж чаддаг нэгэн таараад тэр шивээс залуугийн нэр биш харин "супэрмаркэт" гэж байгааг тайлж уншиж өгсөн гэдэг. Одоо тэр охин шивээсээ арилгах гэж мөнгөө хуримтлуулж байгаа гэнэлээ.
Эцэст нь хүний нүдэнд өртөх том шивээстэй байх нь хүмүүсийг ажилд ороход ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг гэсэн судалгаа бас гарсан юм байна лээ. Том шивээстэй хүн бас нэг их найдвартай сайн ажилтан шиг харагддаггүй бололтой юмаа.
Би хувьдаа шивээстэй болъё гэж бодож байгаагүй, цаг үе өөрчлөгдөөд шивээс моодонд орсон энэ цагт энэ тухай бодож байгаа хүн байвал дахиад жаахан бодоорой л гэж зөвлөх байна.
