Thursday, March 6, 2008

Оньсого #26

Мэддэг оньсого яг дууслаа гэсэн Болжгоно охин оньсоготой газар зааж өгч баярлуулав. Маш их баярласан шүү. Зааж өгсөн газраас авсан оньсогоо таалгая:

Хөлгүй атлаа хөтөл давна
Гаргүй атлаа гадаахыг ширвээнэ, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд таасан хүмүүсийн хариутай цуг тавина.

Wednesday, March 5, 2008

Сонсголоо хайрлая

Нью Иорк хотын нэг онцлог гэх үү, нийтийн унаа ер хаа ч явсан mp3 тоглуулагч чихэвчээр сонссон хүмүүс явдаг юм. Бүр метронд хүртэл гээч. За тэгээд хүмүүсээс юугаар дутах вэ гээд авсан iPod оо хүмүүсийг дууриаж метронд сонсож үзэх гээд чадаагүй. Дуу чимээ ихтэй болохоор хөгжмөө хамгийн чанга дээр нь тавихгүй л бол сайн сонсогдохгүй. Их чанга тавьчихаар чих дөжирчих гээд дахиж оролдож үзээгүй юм. Зарим хүний сонсож байгаа хөгжим хажууд нь байгаа надад сонсогдохыг бодоход их л чанга тавьж сонсдог юм шиг байна лээ. Дээхнэ нэг нөхөр чихэндээ хөгжимтэй зам гарч яваад ирж явсан машины дохио сонсолгүй дайруулчихсан тохиолдол ч бас гарсан.
Саяхнаас их чанга хөгжим сонсвол сонсгол муутай болно гэсэн анхааруулга харагдах болсон байна лээ. Хүний дуу чимээг гаднаас хүлээж авдаг эсүүд их эмзэг бөгөөд үхчихвэл дахиж сэргээгддэггүй. Их дуу чимээтэй газраас гарч ирсэний дараа чихэнд юм жингэнэх шиг болдог нь уг эсүүд гомдоллож байгаа хэрэг. Зөвхөн чихэвчний хөгжим сонсдог хүмүүс ч биш шөнийн клубууд бас сонсголын том дайсан гэнэ шүү.
Судлаачдын тооцоолсноор хүн 85 дэцибэлээс илүү дуу чимээтэй газар удаан хугацаагаар байвал сонсгол эргэж буцалтгүй муудаж, улмаар дүлийрэх аюултай гэнэ. Тэгвэл тоос сорогчийн чимээ 70 дэцибэл, газар ухдаг өрмийн чимээ 110 дэцибэл, 100 метрээс онгоц хөөрөх чимээ 130 дэцибэл байдаг бол шөнийн клуб мөн л 130 дэцибэлийн чимээ гаргадаг аж. Англид залуусыг чанга хөгжим тавидаг газраар явахдаа чихний бөглөө хэрэглэж байгаарай гэсэн зөвлөмж гаргасан боловч ихэнх нь хөгийн харагддаг гэсэн шалтгаанаар хэрэглэдэггүй гэнэ. Тэгээд загварын оюутнуудын дунд моодны чихний бөглөө зохион бүтээх уралдаан зарласан юм байхаа.
Хөгжим чангаар сонсож, дискоддог (одоо ч клабдах гэдэг болсон байхаа тээ?) залуусаа сонсголоо хайрлаж дээрх зөвлөгөөнүүдийг санаж, болж өгвөл хэрэгжүүлээрэй. Эрүүл явах мянган лангийн үнэтэй гэж өвгөчүүл маань ярьдаг байсан даа.

Луужин

Намар хичээл эхлэхэд хүү маань энэ жил математикийн хичээлд хэрэглэх хичээлийн хэрэглэлийн жагсаалт авчирч өгөв. Дэвтэр, харандаа, үзэг, шугам гээд бусад хичээлээс нэг их ялгаатай зүйл байсангүй. Харин тэр жагсаалтанд compass гэж байх юмаа. Үгүй энэ луужингаар яадаг юм бол гэж гайхаад, нэгэнт авчир гэсэн юм чинь гээд хайж гарав. Манай энэ хавь дэлгүүр хоршоо муутайг хэлэх үү, хагас өдөр яваад олсонгүй. Маргааш нь хол байдаг бичиг хэргийн дэлгүүрт ч тэр луужин алгаа. Яахаараа олоход хэцүү юм нэхдэг байнаа гэж гомдол тавиад, хамт ажилладаг америк залуугаас асуувал compass хаа сайгүй л байдаг шүү дээ гэх юм.
Дараа нь интернетэд орж үзвэл америк, канад, австрали, энэтхэгт compass гэдэг үгийг луужин бас гортиг гэсэн утгаар хэрэглэдэг гэнэ. Би гортигны оронд луужин хайж хоёр өдөр таваргасан юм байна лээ. Эхлээд лавлаж сайн нягталсан бол хаанаас ингэж будилах вэ? Гортиг хажуугийн хүнсний дэлгүүрт ч байж, би худалдаж аваад санаа амрав.

Sunday, March 2, 2008

Парис

Нью Иоркийн East village-д байх IFC кинотеатрт "Rendez-Vouz with french cinema" гэсэн францын кино өдрүүд энэ амралтын өдрүүдэд эхэлжээ. Энэ өдрүүдэд АНУ д хараахан гаргаж эхлээгүй францын шинэ кинонуудыг үзүүлж, кино бүтээсэн уран бүтээлчидтэй уулзуулах юм байна. Бүтэн сайнд "Парис" хэмээх Сэдрик Клапиш (Spanish apartment, Russian dolls) найруулагчийн бичиж найруулсан кино үзэхээр интернэтээр билет захиалсан байсан юм. Уг киноны гол дүрд миний дуртай жүжигчин Роман Дурис тоглосон байхаар нь үзье гэж шулуудсан нь тэр.
Гэрээсээ кино эхлэхээс бараг хоёр цагийн өмнө гарсан боловч яриандаа халаад буудлаа өнгөрч будилсаар эхлэх цагийг бараг тулгаж очоод үзээгүй юмаа үзэх нь тэр. Кинотеатрын гадаа уртаас урт дараалал байх нь бага байхдаа шинэ кино үзэх гэж оочирлодог байсныг санагдуулав. Ярианаас нь ажвал маш олон франц бас оросууд цугласан байлаа. Бүх билет зарагдаж дууссан гээд үзэгчдийн танхим битүү, сүүлдэсхийж очсон бидэнд нэлээн урд эгнээний хажуугийн суудал таарч гонсойлгов. Кино эхлэхэд дэлгэц яг нүүрэн дээр тулчихсан мэт бас бүтэн харахын тулд жаахан гэлжийх хэрэгтэй боллоо. Гэхдээ киноны үйл явдал ид өрнөх цагаар тэр бүгдийг мартаж өөрөө кинон дотор байгаа мэт баясав.
Парист амьдардаг хэд хэдэн хүний амьдрал, баяр гунигийг харуулсан энэ кинонд өмнө дурдсан Роман Дурис, Жулиет Бинош, Фабрис Луккини гээд мундаг жүжигчид гайхалтай тоглоцгоосон санагдлаа. Үхэл амьдрал, хайр дурлал, цагаачлал, арьс өнгөний үзэл гээд олон хүнд сэдэв дүрсэлсэн ч хошин шогийн нарийн мэдрэмжтэй, хоёр цагийн кино тун хурдан дуусчих шиг санагдав.
Киноны дараа найруулагч Сэдрик Клапиш өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэгчдийн асуултанд хариулсан юм. Яахав дэлгэцэнд ойрхон суусан гэж гомдоллосон ч алдар хүндтэй найруулагчийг ойрхоноос харах завшаан таарсанд баярлаж суулаа.

Эдит Пиафын хоёр дуу

La Vie En Rose

Non, je ne regrette rien

La Vie en Rose


Эдит Пиафын тухай кино гарлаа гэхэд нь олж үзье гэж бодсон бодол биелж өчигдөр үзлээ. Дуучны богинохон мөртлөө хатуу хөтүү хэцүү амьдрал, байгалаас заяасан авьяас, алдар нэр энэ бүгдийг багахан хугацаанд багтааж харуулах тийм ч амар байгаагүй болов уу.
Оливиэр Дахан гэгч энэ киног бичиж найруулан Францын залуу жүжигчин Маройн Котилард тогложээ. Эдит Пиафын амьдралыг өгүүлэхдээ он цагийн дарааллаар бус дурсамж маягаар наана цаана оруулж хийсэн нь дуучны намтрыг мэдэхгүй хүнд ойлгоход түвэгтэй болсон санагдлаа. Миний хувьд ганц CD ээс өөр мэдээлэлгүй байсан болохоор жаахан будилж хүлээж авсан гэх үү.
Явуулын циркчин аавтай, дуучин ээжтэй түүний хүүхэд нас дэлхийн нэгдүгээр дайнтай давхцаж, тэр янхны газрын эзэн эмээ дээрээ өсчээ. Есөн настайгаасаа гудамжинд дуулж хоолоо залгуулж байсан тэр сүүлд Парисын алдратай кабарет театр ажиллуулж байсан нэгний хараанд өртөж улмаар алдаршжээ. Гэхдээ л хүүхэд байх үеэсээ бие муу байсан тэрбээр үе мөчний өвчинд нэрвэгдэж, машины осолд орсон нь хар тамхинд донтоход хүргэж 48 насандаа хорвоог орхисон юм байна. Энэ кино Эдит Пиафын амьдарлын хар барааныг голдуу дүрсэлсэн юм уу даа гэж шүүмжилмээр ч магадгүй чухам ийм амьдрал түүнийг тодорхойлсон байж мэдэх.
Киног бүхлээр нь дүгнэвэл тийм ч дуу алдмаар сайн болоогүй боловч гол дүрд тоглосон Марион Котилард үнэхээр сайн тогложээ. Тэр энэ жил америкийн оскар, алтан бөмбөрцгийн эзэн болсон бөгөөд европын олон кино наадмын шилдэг жүжигчний шагнал гардсан нь шагнал нүдээ олжээ гэмээр. Бас нэг онцлох зүйл бол нүүр будалт байлаа. Залуу бүсгүйг өвчинд баригдсан хөгшин болгож тун үнэмшилтэйгээр хувиргасан нь их таалагдсан.
Дуучны алдартай дууны нэрээр нэрлэгдсэн энэ киног тун боломжийн гэж дүгнэв. Үзсэн хүн байвал саналаа хуваалцаарай.

Saturday, March 1, 2008

Оньсого #25 хариу

Оньсогоны хариу тэмээ,

Хоёр хүн ширээнд сууна (хоёр бөх)
Хоёр харуул харна (хоёр нүд)
Дөрвөн хүн шавар нухна (дөрвөн хөл)
Нэг хүн ялаа үргээнэ (сүүл)

Ганаа, Жаагий, Арсун, Заяа нар зөв таалаа. Бумаа ах дөхүүлжээ. Оньсого таахад оролцсон та бүхэнд бүгдэд чинь баярлалаа.