Thursday, June 21, 2012

Кийш (quiche)

Ориг жорыг нь Ginette Mathiot "La cuisine pour tous" номноос авсан болно. Энэ их амархан бөгөөд олон хувилбараар хийж болдог буянтай хоолоо. Гарал үүсэл нь франц, британичууд бас их хийж иддэг юм байна лээ.

Гурилан суурины орц (la pate brisee):
250 гр гурил
150 гр цөцгийн тос
20 мл оливийн тос (хоолны халбагаар 2)

Гол орц:
4 ш өндөг
500 мл шингэн цөцгий
чимх давс ба перец

ерөнхийдөө пицца шиг янз бүрийн ногоо, утсан мах бас үзэмжээрээ нэмж болно.
Би энд бага зэрэг гахайн утсан мах, мөөг, leek (манайд зах дээр хятад сонгино гэж зардаг юм байна лээ), шар чинжүү хэрэглэсэн. 




 1. Гурилаа оливийн тос, гэсэж зөөлөрсөн цөцгийн тостой хольж базна. Энэ холимог нэг тийм бутарсан болох бөгөөд бага зэрэг хүйтэн ус (гараа норгох төдий) шавшиж зуурмаг болгоно.



 2. Аль болoх нимгэн элдэнэ. Бутарсан зуурмаг болохоор элдэх жаахан төвөгтэй байв.



3. Элдсэн гурилаа жигнэх хэвэндээ дэвсээд жигдхэн хатгаж өгнө. Дараа нь тугалган цаас эсвэл baking цаасаар бүтээж 180C градуст  15-20 минут жигнэнэ.


 




4. Гурилаа жигнэж байх хооронд leek, чинжүү, мөөгөө хэрчиж бага зэрэг тосонд давс перецээр амталж шарна. 


 


 5. Өндөгөө омелетнийх шиг хутгаад дээр нь шингэн цөцгийгөө нэмж мөн давс перецээр амтална. Цөцгийний оронд сүү хэрэглэж болно. Мөн савныхаа том жижгээс хамаараад сүү өндөгнийхөө хэмжээг ихэсгэж багасгаж болно. Минийх цөцгий арай ихэдсэн санагдсан, бялхаад зуухандаа хийх гэж бөөн юм болов.






 6. Гурилан сууриа бэлэн болохоор нь гаргаж шарсан ногоо, гахайн утсан махаа дэвсээд өндөг, цөцгийн тосны холимогоо дээр нь хийгээд 200C градуст, 30-40 минут жигнэнэ.





Гахайн утсан мах хэрэглээгүй бол цагаан хоол болно. Загас, улаан лооль, бяслаг, брокколи гээд ер нь дуртай бүхнээ донжийг нь тааруулаад хийж болно. Гурилан сууринд дэлгүүрээс бэлэн зуурмаг авч хэрэглэх боломжтой. 
Ингээд bon appetit.

Tuesday, June 19, 2012

Илүү амалж дуусахгүй нь ээ...


Өнгөрсөн бүтэн сайнд ээжтэйгээ уаахуугаар ярилаа л даа. Ярианы сэдэв гэр орон үр хүүхэд тэгээд бас дөхөж байгаа сонгууль. Ээж:
- Үгүй энэ ардын намынхан гадаадад суугаа монголчуудын 80% нь манайд саналаа өгсөн. Манайх ялсан гээд байх юм, тэгэж болдог юм уу гэнэ.
- Гарч ирсэн судалгаагаар ардчилсан нам л ялсан харагдсан ш дээ, гээд exit poll линкийг явуулбал, ээж
- За ашгүй дээ. Эд нар мөн аймаар худалч юмаа гэж байна.

Тэгсэн өчигдөр мэдээллийн хэдэн цахим хуудсаар улс төрчдийн чансаагаар Энхбаяр тэргүүллээ гэжээ.  Яахав хэрэгт дуртай хүн ахиулаад үзвэл судалгааны "Сант марал" төвийн тандалтын дүн байна. Өнөөдөр сонгууль болсон бол аль намыг сонгох байсан бэ? гэсэн асуултанд  Ардчилсан намд өгнө гэсэн хариулт хамгийн олон харин МАН удаалсан байв. Хамгийн ойлгомжгүй нь энэ хоёр намд саналаа өгөх хүн хамгийн олон байтлаа "Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ?" гэсэн асуултанд Энхбаяр тэргүүлсэн байх юм.  Бүх асуултны хариу тоо баримт хүснэгтээр байснаа Энхбаяр тэргүүлсэн гэх асуултын хариу өнгөт графикаар арай өөр форматтай байгаа нь сонин. Жишээ нь бусад асуултанд асуултанд хариулсан хариулаагүй хүмүүсийн тоо байгаа хэрнээ энэ асуултанд бусад юм уу хариулаагүй гэсэн ангилал байхгүй, график дээрх хувийг нэмээд үзэхээр яах аргаүй 100% биш 104.5% болчихоод байгаа юм даа. Эхийг эндээс үзэж болно. Энэ юуг хэлээд байна гэхээр нэгд, эднийх судалгаагаа нягталж шалгалгүй хайнга хийдэг. Эсвэл тоо баримтаа бодитоор нийтэд хүргэлгүй өөрсдөө засаж найруулдаг. Энэ нь цаашлаад ямар нэг хүн улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн сэжиг төрүүлж байгаа байхгүй юу.
Сүүлийн өгүүлбэрийн талаар тайлбар өгвөл манай улсын тухай гадны, тэр дундаа барууны томоохон хэвлэл мэдээлэлд гарсан нийтлэл болгонд энэ төвийн судлаач Сумати гэдэг хүнээс ярилцлага авсан байдаг Монголын бие даасан нэр хүндтэй Сант марал судалгааны төвийн захирал гэж ирээд л... Хэдэн жилийн өмнө дөө ВВС -ийн хуудсан дээр монголын тухай их сонин мэдээлэл байсан, яг нарийн ширийнийг нь мартаж, Сумати гуай тэгсэн ингэсэн гээд биччихсэн байсан. Тэр үед би нэг их уур хүрээд ВВС уруу ууртай захиа явуулж л байлаа.
Дараа нь шар дээлтэй эрхэмийн баривчилгааны талаар илт нэг талыг барьсан сонин нийтлэл New York Times, Wall Street Journal-д хэвлэгдсэн. Сонирхолтой нь уг хоёр нийтлэл хоёр өөр зохиогчтой гэх боловч хоёулаа Сумати гуайн санаа бодлыг монголын олон нийтийн төлөөлөл болгож ишилсэн байдаг. Би заримдаа энэ хүн онгоцны буудалд амьдардаг юм болов уу гэж боддог ш дээ. Гадны сурвалжлагч ирээд уулзахад амар гээд ккк. Олон жилийн өмнө бол үгүй нөгөө ганц хэлтэй нь юм чинь гэж цайруулах биз өнөө үед бол арай болохгүй байх л даа. Дараа нь дээрх судалгааны дүн. Та нарт сонин санагдахгүй байна уу? Зүгээр л мэдээ уншиж суугаа надад ингэж харагдаад байхаар цаана нь зөндөө л юм байдаг байх даа.
Нэгэнт гадны хэвлэл энэ тэр гэснийх, Forbes-ийн нийтлэл дээр монголын прокурорыг засгийн газраас томилдог тэр утгаараа ноён Элбэгдоржийн зааврыг хэрэгжүүлж байна гэсэн утгатай өгүүлбэр байна. Эндээс ямар гаргалгаа хийж болох вэ гэхээр нэгд уг мэдээг бичсэн гэж нэрээ тавьсан хүн бичээгүй, монголоос хэн нэгэн бичсэн бэлэн мэдээ явуулсан, хоёрт хэрвээ энэ хүн бичсэн бол монголын засаг захиргааны бүтцийг мэдэхгүй америктай адил гэж ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн гэж ташаарсан байна. Хэрэв Энхбаярын талынхан ийм бэлэн мэдээ өгч хэвлүүлсэн бол хоён Энхбаяр ерөнхийлөгч байхдаа прокурор томилоход гар бие оролцдог байсны шинж мөн үү? Надад хачин санагдаад байдаг нэг зүйл бол энэ хүн яагаад өдий болтол Элбэгдорж л ганцаараа Энхбаярыг гүтгээд хилсээр шалгаад байна гэж хашхираад байгаа явдал юм. Хэрэв энэ үнэн бол бид бүгдээрээ парламэнтийн засаглалтай хэмээн ташуурч явсан хэрэг болох уу?
Бүр хадуурвал МАН олонх болж чадахгүй бол МАХН-ынхан эвсэлдэж засгийн газарт орох учир одоохондоо уурыг хүргээд яахав гэсэн бодол байна уу. Нөгөө талаар дээрх нийтлэлд Энхбаяр бол Элбэгдоржтой өрсөлдөх чадвартай цорын ганц хүн гэсэн утгатай өгүүлбэр байсан, тэгвэл экс дахиад ерөнхийлөгчийн сонгуульд орох санаатай сонгуулийн кампаниа эхлүүлж байгаа юм гэж бодогдлоо.
Нэгэнт энэ сэдэв уруу орсоных олон жилийн өмнө дөө, зах дээр хоёр хүн хэрэлдэж байхтай таарсан яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Миний ойлгосноор нэг залуу нэг хүүхэнд шуудайгаа зээлүүлж л дээ. Тэр үед шуудай чинь ховор байсан гэдгийг энд дурдах хэрэгтэй байх. Шуудайг нь зээлж авсан хүүхэн өгөлгүй удсан юм биз тэгээд залуу нэхэж хэрүүл эхэлсэн юм шиг байгаа юм. Логикоор бол хүний юм зээлж авчихаад өгөөгүй хүүхний буруу боловч хэрүүлд хэн ялсан гэж та нар бодож байна? Нөгөө хүүхэн чинь шууд л асуудлыг өөр тийш нь эргүүлж орхиж байгаа юм чинь;
- тэгэж ярих юм бол танайхан удмаараа өөдгүй улс л гэнэ, ямар сайндаа чамайг авгай чинь хаяад явсан байв гэ гэж ирээд л... Эрүүл ухаанаар бодвол шуудайг чинь хаясан юм уу олдоггүй ээ, нөхөөд аваад өгье уучлаарай гэж дуусах хэрүүл шуудайгаа зээлүүлсэн залуугийн гэр бүлийн намтарыг олонд илчилж дууссан юм. Энхбаярын аяглалыг энэ хэрүүлтэй зүйрлэмээр харагдаад байдаг. Ямар ч гэсэн баривчилгаанаас хойш ийм учраас энэ баривчилгаа буруу юмаа, ийм учраас энэ хэрэг хэрэг биш гэсэн нотолгоо л лав харагдаагүй. Харин тэрний оронд тэгэж яривал Элбэгдорж, Бат Үүл нар алуурчин энэ тэр гээд. Хэрвээ тийм л их бузар булай байдаг юм бол юугаа хийгээд өдий хүртэл чимээгүй явж байсан юм бэ гэж асуумаар. Нөгөөтэйгүүр прокурорыг засгийн газар томилдог юм бол Эд нар яагаад МАН-ийн эсрэг юу ч хэлэхгүй байнаа?
Энхбаярын талд орж энд тэнд сэтгэгдэл бичдэг хүмүүсийн дунд бас тийм логиктой бөгөөд хэрэгт холбогдсон юм бичсэн нь ховор бүгд л Элбэгдорж хятадын эрлийз, алуурчин, худалч гээд дайраад байдаг нь сонин. Тэдний бодлоор бол Энхбаяр шүүхээр буруутай нь тогтоогдоогүй учир бид гэмгүй сайн хүн гэж үзэх ёстой харин бусад нь гарал үүсэл муутай болохоор ямар ч баримтгүйгээр юу ч гэж дуудаж болно гээд байх шиг байнаа даа. Энэ бол зүгээр л хүмүүсийн анхаарлыг гол асуудлаас зайлуулж дуулиан тарих гэсэн оролдлого юмаа даа. Шүүх ажиллагаа иргэн Энхбаярын хууль зөрчсэн эсэхийг тогтоох гэж байгаа болохоос өөр хэн нэгний асуудал биш. Хэрэв тэгээд хүн алсан идсэн уусан баримт нь байгаа бол өөрөө иргэн хүний хувиар шүүхэд гомдол гаргаж болдог биз дээ?

Сэтгэгдэл бичигч гэснээс энэ гадны сонингийн хуудас манадаг нэг нөхөр байнаа. Олон нэрээр сэтгэгдэл бичнэ гэхдээ бичлэгийн хэв маяг, хэрэглэсэн үгсийн сан, дүрмийн алдааг харахаар нэг л хүний бичлэг байдаг байхгүй юу. Энхбаярыг шүүмжилсэн хүн болгоны сэтгэгдлийн хариу болгоод Элбэгдорж чамд мөнгө төлсөн байна гээд л загнаад байдгийн ккк. Тиймэрхүү юмыг олоод харчих хэлний мэдлэгтэй монгол хүн олон болсон, нөгөөтэйгүүр цаад нийтлэл бичсэн хүн чинь хэн юу бичсэнийг уншаад юу болоод байгааг ойлгох чадвар байгаа шүү дээ. WJS- ийн эхний нийтлэл нэг тийшээ хазайсан байснаа дараа дараагийнх нь арай өөр болсон нь хүмүүсийн бодлыг тусгаж байгаагийн илрэл шүү дээ. За ингээд бичсэн чинь би бас хүнээс мөнгө авсан болох байх даа хэ хэ.



Friday, June 8, 2012

Гарчиг өгөхөд хэцүү бичлэг...


Хүсэхэд хясна гэгчээр хэлмээр бичмээр юм их байх тусам ажил барагдахгүй тэгээд яахав мартамхай хүн чинь эхнээс нь мартаж байнаа. Гялс зах зухаас нь санаж байгаагаа жагсаагаад авбал:
Миний бие нэгэн хятад оюутан хариуцдаг болоод хэдэн сарын нүүр үзэж байнаа. Хорь дөнгөж гарч яваа юм уу даа, хятадын жишгээр айлын ганц охин. Олон жил олон газрын хүмүүстэй ажиллаж явахад хятад хүмүүстэй нэг л гар нийлдэггүй, эв таардаггүй юм. Тэдэн байдаг юм уу, надад байдаг юм уу, ер нь хэн хэндээ ч байж мэднэ. Тийм хүн чинь эхэндээ их дургүй байлаа, дургүй гээд хаяж болохгүй хойно сургалаа, зүтгэлтэй, сэтгэлтэй охин юм, юм амархан сурах юм, тэгэхээр бас урамтай. Энэ ч яахав, хамт ажиллах хойно хууч хөөрнө...

- Танайд сонгууль болдог уу?
- Болноо, орон нутгийн сонгуульд хүмүүс саналаа өгдөг.
- Тэгээд сонгуулийн нэг тойрогт олон хүн дэвших үү?
- Тэгнэ.
- Чи тэгээд ямар шалгуураар хүнээ сонгох вэ?
- Аан,  би багшийнхаа хэлсэн хүнийг л сонгодог ш дээ...

- Гэрээ санаад, аав, ээжээ авчирмаар байна.
- Уг нь та нар энд олуулаа юм чинь нутгаа санах нь гайгүй биш үү?
- Пээ, манай хятадууд чинь нутгаасаа гарахаараа хүн биш болчихдог, би тэдэнтэй нийлдэггүй ш дээ..
- !?
- Нутагтаа бол эцэг эх, хөршийнхөө өмнө нэр нүүрээ бодно. Нутгаасаа гарахаар хэн намайг яав л гэж гэж байгаа юм шиг аймаар...

- Манай найз эндээс хүүхдийн сүү хятад уруу зөөнө гэнээ.
- Айн?
- Хятадад дахиад л хүүхдийн сүүнээс мэламин илэрсэн. Энэ манай хятадууд ёстой хэцүү хүмүүсээ.
- Нээрээ дээр тэр дуулианыг сонсож байсан юм байна. Манай монголчууд хятадаас жимс ногоо авдаг, бас янз бүрийн химийн бодистой гээд хэл гардаг ш дээ.
- Ер нь бол бүх л хүнс но-той. 
- Тэгээд танайд баян бол баталгаатай органик хүнс хэрэглэх боломж бий биз дээ.
- Органик гэж л байдаг итгэхэд хэцүү, юу ч байж мэднэ.
- Тэгээд та нар бүгдээрээ баталгаагүй хүнсний зүйл хэрэглэдэг болж таарах нь уу?
- Тийн ш дээ, тэр хортой хүнсээ идэхгүй гээд яах юм, ямар өлсөж үхэлтэй биш.
- Хоргүй хүнс хэрэглэдэг хүн байхгүй ээ?
- Өөрсдөө идэх ногоогоо тарьдаг хүмүүс л иддэг байх даа.

Санаагаа шулуухан ил хэлчихдэг хятадтай анх удаа таарч байгаа минь энэ...

Нутгаа шүүмжлэх талаар ярьсаных, оффисийн хөрш Польш залуу дандаа манай Польш ийм сайхан, тийм гоё гэж залхтал ярина. Мэдээж муу муухай гэхгүй ямар ч газар сайнтай муутай, хол байгаа хүн гэрээ санаад тэгдэг юм уу гэхээр заримдаа бүүр дэндүүлнэ. Түүний яриагаар бол польш хамгийн сайхан хоолтой, хамгийн сайн архитай, гоё пивотэй, гоё хоттой гээд явж өгнө. Би очиж үзэж байлаа гоё хоол идсэнээ лав санадаггүй, архийг нь мэдэхгүй, пиво нь лав чехийг гүйцэхгүй. Ккк нээх аймаар атаархуу хүн шиг болчихов уу? Европын хөл бөмбөгийн аваргын тэмцээн Польш, Украйнд болж байгаа. Саявтар ВВС-ээр энэ хоёр улсад арьс өнгөний үзэл их, ялангуяа хөм бөмбөг дэмжигчид хар бор тоглогчдыг доромжилдог энэ тэр гэж гарсан юм л даа. Гэтэл манай залуу тэгнээ, ВВС бараг л байхгүй юмыг олоод, ялааг заан болгоод ухааны юм ярьж байна. Би хэллээ, 
- Би тэр нэвтрүүлгийг үзсэн, огт байхгүй ч юм биш, бодитой асуудал байна лээ. Евреиг үзэн ядсан, нео наци маягийн уриа лоозонтой, их эвгүй харагдсан.
- Тийм хүмүүс хаа сайгүй байж л байдаг ш дээ. Польшийн ихэнх хүн ам польш, гадаад хүн үзэж хараагүй болохоороо гайхаж хардаг байх тэрнээс манайхан арьс өнгөний үзэлтэй хүмүүс биш гэнэ...
- Уучлаарай, би чехэд амьдарч байлаа, польшид оюутан байхдаа очиж байлаа, ер нь эвгүй ш дээ. Чех польшийн ялгаа гэвэл намайг таньдаг чехүүд тийм хүмүүсийн өмнөөс ичиж эвгүйцсэнээ хэлж уучлал гуйдаг, харин чи болохоор тийм юм байхгүй гэж гүрийдэгт л байна. Мэдээж чи өөрөө тэдний нэг юм чинь гадуурхах, харааж зүхүүлэхийг үзээгүй л байгаа. Чам шиг боловсролтойд тооцогдох хүмүүс ийм юм ярьж байхад ийм муу муухай үзэл яаж арилах вэ дээ...
Гэсэн нөгөө залуу таг. Дараа нь би хөөрхийг арай ширүүлчихэв үү, нэр дор суудаг байж жижиг сажиг юман дээр ам зөрж байх гэж өөрийгөө жаал зэмлэв. Би заримдаа бодсоноо дэндүү шулуун туучих юмаа...

Арьс өнгөний үзэл гээд халуурвал... Зүүн Европ хэцүү, Америкт азиудыг ад үзээд байхгүй ч харуудыг аймаар ялгана. Нью Иоркод ирсэн анхны жилээ сууж байсан айлын авгай, хар арьстан цагдаад өрөө түрээслүүлэх гээд чадаагүй. Хөршүүд нь хар хүн энд амьдарвал энэ хавийн үл хөдлөх хөрөнгийн үнэ унана гэж ширүүн эсэргүүцсэн гэхэд нь их л гайхаж билээ.
Дээр дээ Их Британид ирсэн тухайгаа анхлан бичиж байхад хэн нэгэн англичууд аймаар муухай ялгаварлан гадуурхах үзэлтэй гэсэн маягийн сэтгэгдэл үлдээсэн байсан санагдана. Миний хувьд янз бүрийн юм үзсэнгүй ээ, бараг л гурван жил гаруй болчихлоо. Хүүгийн хувьд ганц хоёр тохиолдол гарсан гэсэн. Амьдарч, ажиллаж байсан газруудаас хамгийн гайгүй гэж дүгнээд байгаа. Мэдээж хүний арьсны өнгөөр ялгах хэл амаар доромжлох асуудал огт гардаггүй биш гардаг. Харин британичууд үүний эсрэг хамгийн тууштай тэмцдэг системтэй улс гэж ойлгоод байгаа. Энэ талаар их ярьж бичнэ. Аливаа асуудлыг нууж далдлах биш ярьж хэлэлцэж байж шийддэгийн жишээ байх. Хамт ажилладаг шотланд хүүхэн хориод жилийн өмнө англи пакистан эрлийз найз залуутайгаа баар саванд орох аргагүй байсан гэж байсан тэр цаг үеийн байдал өдгөө их өөрчлөгдсөн байгаа юм. 

Өө тийм гол юмаа мартах нь. Энэ жил гадаадад байгаа монголчууд сонгуульд санал өгөх эрхтэй болж байгаа нь сайшаалтай. Манайхны хувьд Лондон бүгдээрээ орох хүндрэлтэй болоод цаг зав болохгүй тул хүүгээ төлөөлөгч болгон явуулахаар бүртгүүлсэн. 18 хүрээд анхны сонгуулиа өгөх боломж олдсонд их баярлаж байгаа. Дээр нэг мэдээний сайт дээр 2500 хан хүн бүртгүүлсэн гэсэн их бага тоо санагдлаа. За мань мэтийн хол амьдардаг улс нэг өөр, Лондон, Вашингтон, Сан Францискод амьдардаг хүмүүсийн тоо л гэхэд дээрхээс хэд дахин давах юм шигээ. Эртээд гэртээ ингээд ярьсан хар хүн наад зах нь чи өөрөө явахгүй л байгаа биз дээ гээд ам тагласан. Миний бодлоор мэдээлэл жаахан хоцорсон болов уу гэж бодоод байна. Гэxдээ яахав дараа дараадаа улам сайжирч олон хүнд хүрэх байлгүй дээ. 

Мэдээ харахаар энэ сонгууль их л дуулиантай байгаа бололтой. Энхбаяр гуайн дуулиан түүнээс илүү чухал асуудлыг дарагдуулах вий гэсэн болгоомжлол төрүүлээд байгаа юм. Гэхдээ олон түмэн нүдтэй гэдэг дээ, яаж ийгэээд тэнцүүлээд сонгох байлгүй дээ.
Эртээд АН-ын нэр дэвшигчдийн танилцуулга (CV) тэдний вэб хуудаснаас хараад, ийм чухал албан тушаалд нэр дэвшиж байж одоо болтол намтараа зөв будлиангүй бичиж чадахгүй байна гэж шүүмжилмээр санагдав. Энэ зөвхөн АН-д хамаатай шүүмж биш, бүгдээрэээ л олон сургуульд явсан боловсролтой хүн гэдгээ харуулах гээд замбараагүй бичих юм. Ер нь бол боловcрол гэдэгт бакалавр, магистр, болоод докторын зэрэг авсан сургуулиа л бичнэ шүү дээ. Зүгээр нэг хэлний ч юм уу, мэрэгжил дээшлүүлэх дамжаа бол өөр ангилалд орох ёстой юм. Жишээ нь сумоч Батбаяр Улаанбаатарын биеийн тамирийн дээд сургууль гээд нэг он тавьж, сургуулиа эхэлсэн он юм уу дууссан он юм уу бүү мэд. Сургууль төгссөн эсэх нь тодорхойгүй. Цаашлаад эрдмийн зэрэг цол гэдэг дээр нэг хүн аспирант гэж бичсэн байх юм. Аспирант бол эрдмийн зэрэг цол биш, докторын сургалтын оюутан шүү дээ. Миний ойлгосноор энэ хүн аспирантурт яваад дуусгаагүй юм шиг. Тийм бол тийм сургуульд явсан гэж бичих зүйд нийцэхгүй ээ. Иймэрхүү асуудлыг цэгцэлж, тодорхой форматанд оруулах хэрэгтэй санагдлаа. Юмыг жижиг гэлгүй нухацтай үзэж, жин тан хийдэг болмоороо. Мэдлэг боловсролтой монгол хүн дутаагүй, өөрсдөө дийлэхгүй бол чаддаг хүнээр хийлгэмээр. 

Бүр хадуурвал боловсролтой хүн гэдэг олон сургууль төгссөн хүн биш. Олон сургуульд сурах нь тухайн хүнд боловсрох боломж олгож байгаа болохоос сургууль дүүргэсэн төдийд боловcролтой болчихгүй. Боловcролд биеэ зөв авч явах, зөв ярих, зөв бичих болоод аливаад ном журмаар нь ханддаг, элдвийг эрэгцүүлж бодитой дүгнэлт гаргах чадвар орно гэж би хувьдаа боддог. Намайг арван жилд байхад аав ээж маань зун хөдөө авч явсан юм. Буусан айлын эзэн насаараа тэмээ малласан эр мориноос унаад хавиргаа хугалчихсан гээд гэртээ хэвтэж байлаа. Бид тэднийд арваад хоносон, тэр арав хоногт олон сонин сайхан тэр хүнээс дуулж, монгол бичгийн цагаан толгой нүдэлсэн юм. Айлын эзэн дээд сургууль бүү хэл дунд сургууль ч дүүргээгүй байсан болов уу, гэхдээ монгол ёс заншил, түүх болоод нутаг орноо хачин сайн мэддэг ярьж суухад урамтай нэгэн байж билээ. Миний бодлоор тэр хүн мундаг боловcролтой хүн байсан. Би тийм хүнтэй ярицах завшаан таарсанд одоо ч баярлаж явдаг.

Нэг мэдсэн нэг их урт нуршуу бичлэг болчихож. Ингээд дуусгая даа. 

Saturday, May 19, 2012

Хагас сайны үдийн хоол

Надад ажлын өдөр гэр орны ажилд оролцох зав гардаггүй, харин хагас бүтэн сайнд бол тэгэсгээд гал зууханд л өнжиж таарах юм. Гомдол биш юмаа, өөрөө бас дуртайдаа тэр юм биз. Миний хувьд хүүхдүүддээ янз бүрийн хоол амтлуулж, ногоо жимсэнд дуртай болгох гэж язн бүрийн арга, бас жор туршиж байгаа. Яахав бас тэр хэмжээгээрээ хүүхдүүд маань янз бүрийн хоол хүнсэнд дасаж, бас эрүүл хүнсний талаар ойлголттой болж байгаа гэж урамшдаг. 
Шарсан төмсөнд дургүй хүүхэд гэж бараг байдаггүй бизээ. Тэгвэл шарсан төмсийг өөр бусад ногоогоор баяжуулаад амттай хачир бэлдэх жор энэ солонгос бүсгүйн блогоос олоод их олзуурхсан юм. Яг жороор нь хийх боломж байхгүй тул жаахан өөрчилсөн жор, эхийг нь хүсвэл дээрх блогоос харна биз дээ.

Шаржигнуулж шарсан булцуу болоод үндэс ногоо (нээрээ хоолны нэр монголчилж буулгах хэцүү эд юмаа)..
Жор:
1 ширхэг том төмс
2 ширхэг дунд зэргийн хэмжээний амтат төмс
2 ширхэг сонгино
1 ширхэг лууван
1 ширхэг parsnip (монголоор юу гэдгийг нь хайгаад олсонгүй. мэдэх хүн байвал хэлж тус болоорой.)
80 гр орчим self-raising гурил (ийм гурил авах болжгүй бол гуриландаа цайны халбагаар 1/4 хоолны сод хийнэ)
хоолны халбагаар 2 цардуул
50 мл орчим цэв хүйтэн ус (би усаа хэрэгэлэхээс хэдэн минутын өмнө хөлдөөгчиндөө хөргөдөг)
ургамлын тос
бага зэрэг давс



Ногоогоо бүгдийг нь арилгаж угаана.



Амтат төмс, төмсөө маш нарийн савхан хэлбэртэй хэрчинэ (3 мм орчим зузаан).


Хоёр янзын төмсөө хүйтэн усаар сайтар зайлаад усыг сайн шавхана.


Бусад ногоогоо мөн нарийн савхан хэлбэртэй хэрчиж төмстэйгээ нийлүүлж томоохон түмпэнд хийнэ (сав багадвал хутгах хэцүү болчихно).


Гурил, цардуул, усаа нэмж маш сайн хутгаж өгнө (сайн хутгахгүй бол шарахад хэцүү, содтой гурил нэг хэсэгтээ бөөгнөрөөд хөөсрөөд болдоггүй юм байна лээ.).


 Хутгасан ногоогоо бага багаар тосонд шарна.



Шарж болсон ногоон дээрээ бага зэрэг давс нэмж амтална. Хүүхдүүд их дуртай байдаг юм.
Өнөөдөр би шарсан ногоогоо үхрийн мах, навчин салаттай идсэн (муу хүн идсэнээ болчихов уу?)



 


Салат:



Салатныхаа саванд 2 том халбага оливийн тос, 2 том халбага balsamic vinegar , shallot, чимх давс, перец хийж хутгана.







Салатны навч, жижиглэж зүссэн авокадо (болж зөөлөрсөн), үйрүүлсэн фэта бяслаг нэмээд хутгаад бэлэн. Бэлэн салат амтлагч нэгд давс ихтэй цаашлаад янз бүрийн химийн бодис агуулсан байдаг тул ингээд өөрөө амталчихдаг болсон. Хүсвэл улаан лооль, өргөст хэмх, базилийн навч нэмж болно. 




Wednesday, May 16, 2012

Шоколадтай бялуу...

Түрүүний бялуу дажгүй болмогц бөөн урам ороод тэр эрчээрээ шоколадтай бялуу хийв.

Rich Chocolate Cake (Шоколадны баялаг бялуу гэж орчуулах уу)
Жор:
160 гр дор хаяж 70% какаотай шоколад
160 гр цөцгийн тос
160 гр нунтагласан бүйлсний самар (almond)
120 гр элсэн чихэр (би бас л хасаад 100 гр хийсэн)
4 ширхэг өндөг



Халуунд тэсвэртэй саванд шоколадаа жижиглэж хийгээд дөнгөж буцлах төдий усанд хийж хайлуулна. Нэг их хутгах хэрэггүй...



Шоколадаа бүрэн хайлангуут нь цөцгийн тосоо жижиглээд нэмж хийнэ. Цөцгийн тосоо хайлж эхэлтэл нь хутгаж болохгүй. Хайлаад ирэхээр нь зөөлөн хутгаад галаа унтраана.


Өндгөө шар цагаанаар нь ялгана.



Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана.


Элсэн чихрээ нэмж дахин сайн хутгана.


Өндөгнийхөө шарыг нэг нэгээр нь хайлсан шоколад, цөцгийн тосондоо хийж хутгана.


Хөөсрүүлсэн өндөгний цагаан элсэн чихрийн холимогоо шоколад уруугаа нэмж, халбагаар зөөлөн  гурил зуурч байгаа мэт хутгана. Их хүчтэй хутгавал өндөгний цагааны хөөс үгүй болоод бялуу чинь сэвсгэр биш нягт болно.



Хамгийн сүүлд нунтаг бүйлсний самраа (ground almond) нэмнэ.




Бэлэн болсон зуурмагаа тосолсон бялууны хэвэнд хийж 180 градуст 25-30 минут жигнэнэ.


Хар хүний төрсөн өдөр таарсан тул охин ингэж чимэглэв. Амт дажгүй ч бялуу маань жаахан нягт болчихсон. Ширүүн хутгачихсан бололтой... Зүссэн зураг авч амжаагүй байтал зураг авчихмаар бялууны хэсэг үлдсэнгүй.

Sunday, May 13, 2012

Сэтгэгдэлийн цэнзүр, Тоска бас бялуу




Өчигдөр миний өмнөх бичлэгт нэрээ нуусан эрхэм намайг болоод энэ блогийн зочдыг бүдүүлгээр хараасан сэтгэгдэл үлдээснийг арилгав. Арилгасны учир нь таны санаа зөрүүгийнх биш харин бүдүүлэг авирласных тань юм шүү. Хэн нэгэн үл таних этгээд айлд орж ирээд гэрийн эзэд болоод зочдыг нь хэл амаар доромжлоод байвал хөөгөөд гаргах нь зөв биз дээ. Үнэхээр өөрийнхөө санаа бодлыг бусдад хүргэе гэж бодож байгаа бол бүдүүлэг хараал хэрэглэхгүйгээр сэтгэгдэл үлдээх боломж нээлттэй шүү.

Өнгөрсөн долоо хоногт эндхийн театрт Пуччинигийн Тоска дуурь үзэв. Хар хүний ажил дээр билетний сугалаа явж, манай хүн билет хожиж, Нью Иоркоос гарсанаас хойш анх удаагаа театрийн бараа харав. Тоска Пуччинигийн хамгийн алдартай дууриудын нэг. Уг нь 19-р зууны эхээр Напалеоний үеэс сэдэвлэсэн ч энд Муссолиний дарангуйллын үеийн Итали болгон цомнол найруулгыг өөрчилсөн нь бас сонин байлаа. Марио-д дуулсан тенор сайхан хоолойтой ч Тоскад дуулсан бүсгүй санаанд хүрсэнгүй. Энэ бас учиртай, би Мария Калласын студийн бичлэг бүхий СД сонсдог нь амьд дуулсаныг голдог болгодог бололтой. Энд Мария Калласын Тоска"Vissi d'arte" дуулсаныг оруулав.


Хоёр долоо хонoгийн өмнө нэг ийм бялуу хийж идэв. Би ер нь амттанд тааруу, бялуу хийж чаддаггүй юм. Зул сарын баяраар хамт ажилладаг хүүхэн бялууны жортой ном бэлэглэснийг туршсан нь энэ.



Lemon semolina cake
Жор:
125 гр зөөлөрсөн цөцгийн тос
125 гр элсэн чихэр (чихрэнд тааруу би 100 гр-ыг л хийсэн)
125 гр нунтагласан бүйлсний самар (ground almond)
125 гр нунтагласан амуу будаа (Энэ орчуулга зөв эсэхийг мэддэггүй ээ. Болор толь амуу будаа хүүхдийн будаа гэсэн байна, минийхээр бол бараг нунтагласан шар будаа гэмээр. Хүүхдийн будаа цагаан байдаг харин semolina болохоор шаргал өнгөтэй. Мэдэх хүн байвал залруулаарай.)
3 ширхэг өндөг
30 мл орчим сүү
1 ширхэг нимбэгний шүүс, бас үрсэн хальс
Цайны хагас халбага ванилиний extract
1 цайны халбага хоолны сод...

Цөцгийн тосоо элсэн чихэртэй нийлүүлж хутгана.


Цөцгийн тосны шаргал өнгө цайхад нь нунтагласан бүйлсний нунтагаа нэмнэ.


Дараа нь өндөгөө нэг нэгээр нь нэмж хутгана.

Тэгээд сүү, ванилиний extract, нимбэгний сүү бас хальсаа нэмнэ.
Шигшсэн semolina нунтагаа хийж нийлтэл нь хутгана.

Хэвээ тосолж бялууны холимогоо хийгээд 170 градуст 40-50 минут жигнэнэ.


Нэг ийм болов амт нь дажгүй... Нэг их ажиллагаа орохгүй бас дээр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй сайн талтай.

Анхны оролдлого гайгүй болсонд урамшаад өнөөдөр шоколадтай бялуу хийхээр төлөвлөсөн байгаа. Аятайхан болбол мөн жорыг нь хуваалцанаа.