Wednesday, January 7, 2015

Шинэ он гараад долоо хоночихжээ

Нэг мэдсэн… Ойрд охин маань шөнө олон сэрээд ээж аав нь өдөртөө сэрүүн ч биш үгүй ч биш байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна даа. Том хүү 4 сар хүрээд л шөнө сэрэхгүй таг унтдаг байлаа. Том охин ах шигээ сайхан унтахгүй ч бас энэ бага шиг арай бишээ. Хөгшин хүний хүүхэд тийм байдаг бололтой, дуу чимээ андахгүй, жижиг сажиг ямар ч юм байсан сэрнэ, нэг сэрчихвэл унтахгүй удна, удахдаа зүгээргүй чангаар орилно. Шөнө заримдаа уур хүрнэ. Өглөө босоод өнөөх чинь нээх хөөрхөн инээгээд намайгаа хайлуулж орхино. Ингээд өдөр хоногийг амьдрах биш зүгээр л амьдрах гэж тэмцэж (survival mode) байтал зул сар, шинэ жил болоод өнгөрчихжээ хөөрхий.
Энэ жил нэг их олон юм төлөвлөөгүй байна. Ямар ч гэсэн охиноо аль болох том болгож байж ажилд орох санаатай. Тэгээд л өдөр хоногийг чигчийхэн чинээ гэж дуулсан шиг өнгөрөөж байна даа.
Та бүхэн сайхан баярлаж, шинэ оноо гоё угтацгаасан биз дээ?
Энэ жилийн зул сар бусад жилийг бодвол чимээгүй нам тайван болж өнгөрөв. Уг нь бол хар хүний эгч дүүгийнхэн бүгд нийлээд бужигнадаг юм л даа. Тэгээд олон хүнийг хооллох ундлах ажил хадам ээж дээр бууна, өөрөө тэрэндээ бас дуртай л даа. Бас бус янз бүрийн шалтгаанаар энэ жил хадам ээж охиныдоо зул сар өнгөрөөгөөд шинэ жилээр манайд ирсэн юм. Хормогчоо цүнхлээд л ирдэг юм нээх хөөрхөн. Бидэн шиг харьж чадаагүй испани гэр бүлийнхэнтэй шинэ жилээ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм цагийн хонх цохих тоогоор идэж угтав. Тэдний заншил, аз хийморь бэлэгддэг юм гэнэ.
Зул сарын баяраар хүүхдүүдээ баярлуулаад хар хүн бид 2 гэртээ суурин дугуй авахаар болов. Багад маань нэг иймэрхүү хайрцаг л байхад болох шинжтэй, бусад тоглоом жаахан үзэж байгаад орхисон.


Энэ жил охины хагас сайнд явдаг франц сургуулийн зул сарын баярт очсон юм байна. Тэднийх ирсэн бүх хүүхдүүдэд насанд нь таарсан хөөрхөн бэлэг өгдөг юм билээ. Манай хоёр их баяртай байсаан. Томчууд нь хоол хийж ирээд түүгээрээ уралдана, бас сугалаа, янз бүрийн бэлэгтэй тоглоом тэмцээнтэй ер нь хүүхдүүдэд тун зугаатай баяр болсон. Баярлах сайхан ч дараа нь гарах хог хаягдал аймаар их юмаа.
Гэртээ ингэж амрах бас зүгээр ч дандаа бороотой хүйтэн бүрхэг болохоор сэтгэл санаа тиймэрхүү байх юмаа. Хойтон чадвал дулаахан нартай газар явах юм шүү гэж занаад сууж байна. Канарийн арлууд, Куба, Итали гээд мөрөөдөөд л сууна. Ойрд Мөрдөн байцаагч Монталбано гэдэг италийн олон ангит кино үзэж байгаа, Сицилид очих юм шүү гэж төлөвлөөд байгаа. Нэг их халуун биш ч гадаа наранд суугаад кофе оочлох боломжтой газар байхад надад болох юм.



Ноднин ажлаар 11 сард Сингапур орсон дэндүү халуун юм билээ. Сингапур бүү хэл манай монголд халаалт ирсэн үед дотор бас айхавтар халуун шүү тээ? Куба ч нэг их сэрүүн юу байхав, америкчууд хоригоо цуцалж байгаа болохоор удахгүй үнэ өсөх байх гэж бодоод тэр. Бид 10 сард хоёр охиноо аваад харьсан юм. Гурвуулангийн хөлс гоожоод унтаж чадахгүй баларсан. Хүү өвлийн амралтаараа харьсан байгаа. Бас л халууцаад сандарч байгаа сурагтай. Манайх өвөлдөө гэртээ 13-15 градус орчим, дулаахан үедээ 16-17 байдаг. Даардаг ч гэсэн бас дасдаг бололтой.
Энэ хүүхэд гайгүй унтдаг болтол би ч нэг их цаг хугацаа зарсан бичлэг хийж чадахгүй нь бололтой. Дээр ийм юм бичих юм байна гээд санаагаа ганц хоёр үгээр бичсэн жагсаалт хийсэн юм. Эргээд харсан чинь юу бодож бичсэнээ мартаасаг. Харин туршиж үзсэн хэдэн хоол ундны тухай бичлэг хийх юм байна. Мэргэжлийн ганц хоёр юм бий, тэрийг бол нэлээн сууж байж гаргах байх. Тэгэж байтал байдал дээрдэх байлгүй дээ. За тэгээд та нар минь л сайн бичээд байгаарай, уншихыг бол харин алгасдаггүй юмаа.

Tuesday, November 25, 2014

Tarte aux pommes

(хүсэлтийн хариу)


Орц (25 см диамэтэртэй тартны саванд тохируулсан):
100 гр элсэн чихэр
200 гр гурил
1 ш өндөг
100 гр цөцгийн тос
Чимх давс
5-6 ш том алим

Өндөг, элсэн чихэр давсаа нийлүүлээд, чихэр уусаж хөөсөртөл хутгана. Дээр нь шигшсэн гурилаа бүгдийг нэг дор нэмээд бантангийн гурил шиг болтол нь үрсэний дараа жижиглэсэн цөцгийн тосоо нэмж эвлэтэл нь нухна. Гурил нухахад их наалдаж байвал жаахан хуурай гурил нэмж болоx юм Эвлэсэн гурилаа гялгар уутанд боож хөргөгчинд 30 минутаас нэг цаг хүртэл амрааx зуураа 2-3 ширхэг алимаа хальсалж голыг нь аваад жижиглэн хэрчээд бага зэрэг усанд 15 минут хэртээ зөөлөртөл бас ус ширгэж багастал буцалгана, харин түлж болохгүй. Алимны сортоос хамаарч чанах хугацаа өөр байж болохоос гадна энэхүү тартанд исэглэн алим илүү тохиромжтой санагддаг. Болсон алимаа миксэрдэж зутан болгоно.
Үлдсэн алимаа хальслаад голоос нь салгаад 5 мм хэрийн зузаан хагас дугуй хэлбэртэй зүсч бэлдэнэ.
Амарсан гурилаа тартны хэвэндээ тохируулж, наалдуулахгүйн тулд хуурай гурил сайн үрж элдэнэ. Элдсэн гурилаа хэвэндээ дэвсээд өнцөг булан бүрт нь сайн хүргэж наана. Ийм гурил өөрөө их эмзэг амархан урагддаг. Уранхайг илүү гарсан гурилаараа нөхөөд нааж болох тул нэг их санаа зовох хэрэггүй. Үүний дараа гурилаа мөн гялгар уутаар бүрж хөргөгчинд хагас цаг орчим амрааж болдог. Гурилан гэрийн ёроолыг сэрээгээр хэд хэдэн газар хатгаад, калькан цаас эсвэл тугалган цаасаар бүтээж шарах шүүгээнд 180 градуст 15 минут болгоно. Ингэхдээ цагаан будаа, шош зэргийг цаасан дээрээ тавьж хүндрүүлж өгвөл тарт гоё хэвтэй болдог.
Болсон гэрээ гаргаад алимны зутангаа жигдхэн тарааж дэвсээд дээр нь хэрчсэн алимаа өрөөд бага зэрэг хайлсан цөцгийн то багцаар арчиж болно. Бэлэн болсон тартаа 200 градуст 30 минут жигнэж болгоно.
Энэ гурилан гэрийг бусад жимсний болоод шоколадны тартанд хэрэглэж болно. Дээр нь тавих шанз хэр чихэрлэгээс хамаарч элсэн чихэрнийхээ хэмжээг тохируулна. Хэвэндээ хийгээд илүү гарсан гурилыг охин маань жигнэмэгийн хэвээр таслаад жигнээд идчихдэг юм. 


Wednesday, October 1, 2014

Сургууль

Хол ажилладаг, эрт явж орой ирдэг гээд том охиныхоо сургууль хавиар эхний гурван жил тун тоотой эргэлдсэн юм билээ. Харин одоо өдөр бүр очиж авна, сургуулийн нээлттэй өдөр болоод эцэг эхийн хуралд ойрмогхон суув. За тэгээд бусад эцэг эхчүүдтэй хүүе хааятайгаа, бас овоо хэдэн хүн таньдаг болоод байгаа. Ажиглаж харсан сонссоноо нэгтгэвэл нэг иймэрхүү…
- Эцэг эхийн хурал гэхээр бүгд цуглаж хуралддаггүй. Багш нь хүүхэд бүрийн эцэг эхтэй цаг тогтоож ганцаарчилж уулздаг. Тэгээд хүүхдийн дэвтэр ном, хийсэн зурсаныг бас үзүүлнэ. Шалгалт хяналтын ажлын дүнг танилцуулна. Цаашдаа юунд анхаарахыг бас хэлнэ. Надад энэ их зүгээр санагддаг. Бага сургуульд нэг багштайгаа уулзана. Хүүг ахлах сургуульд байхад хичээл бүрийнх нь багштай уулздаг байв. Охины сургуу;ьд ердөө 2 эрэгтэй багш байдгийн нэг нь эдний ангийг энэ жил авч байгаа юм. Их чамбай хүн бололтой гэж бодогдсон. Бусад эцэг эхчүүдийн яриагаар бас гайгүй сайн багш гэж дуулдсан. Муу тал нь хүүхдийнхээ төвшнийг бусад хүүхдүүдтэй харьцуулах арга байдаггүй юм.
- Нээлттэй өдрөөр эцэг эх нь хүүхдүүдийнхээ ангийг нь үздэг юм билээ. Хүүхдүүд тэгээд л хийсэн юмаа танилцуулаад, бас хүүхдийнхээ өдрийн ихэнх цаг өнгөрөөдөг газрыг үзэх сонин байлаа. Эдний анги танхимын зохион байгуулалат бидний мэддэгээс арай өөр. Хүүхдүүд хэд хэдэн бүлэг болоод ширээ тойрч суудаг юм байна. Аа тийм хичээлийн хэрэглэл, ном, дэвтэр сургуулиас өгнө. Ангид нь хэрэгтэй бүх юм нямбай өрөөстэй юм билээ. Зурсан зураг, хийсэн ажлыг нь дэлгэж тавьсан байсан их дажгүй сэтгэгдэл төрсөн. Эднийх сургуулийн тохижилт энэ тэрээрээ мундаг газруудтай өрсөлдөөд байхгүй ч хүүхдүүд сурах аятайхан орчин бий болгосон нь сайхан санагдсан.
- Их Британид ихэнх сургууль дүрэмт хувцас өмсдөг. Сургуулийн эмблэмтэй цамц, ноосон цамц, тэднийг голдуу сургуулиас захиалж авна. Харин өмд, даашинз, юбка супэрмаркэтаас авч болно. Хар, хөх, саарал өнгөтэй, үнэний хувьд тун боломжийн. Дээр монголын сургуулийн дүрэмт хувцасны үнийн жагсаалт харсан эндхээс л лав хамаагүй илүү үнэтэй юм билээ. Ихэнх сургууль хүүхдүүдийг цулгай хар өнгөтэй гутал өмсөхийг шаарддаг. Ямар нэг брэндийн эмблэм хээ угалз байхгүй цув цулгуй. Тийм гутал дэлгүүрүүдээр зарна, хүүхдүүд ихэвчлэн адилхан гутал өмссөн харагддаг. Нэр усыг нь нааж өгөхгүй бол биеийн тамирын хичээлийн дараа холилдож солигдчих гээд байдаг юм билээ. Ноднин охин маань нэг хөлдөө багадсан нөгөө хөлдөө томдсон гуталтай ирээд холио солиогоо гаргаж чадахгүй шинэ гутал авахуулсан.
- Сургуулийн үүдэнд хаяж гээсэн эд зүйлсийн агуулах байх. Тэр дотор нь оймс, дотуур хувцас тэр бүү хэл өвлийн куртка хүртэл явдаг юм. Үгүй тэгээд куртка хаячихаад ирж авдаггүй улс байдаг юм билээ.
- Сургуулийн цэвэрлэгч өвөө хүүхдүүдийг бас их халамжилна, их хөөрхөн. Эцэг эх нь хоцорч ирсэн тохиолдолд хүүхдүүд өвөөтэй сууна. Их сайхан зантай гоё хүн байдаг юм.
- Эдний баримталдаг зарчмын нэг нь хөрөнгө чинээ харгалзахгүй хүүхэд бүр сурах эрхтэй гэдэг. Тэр утгаараа дүрэмт хувцас хямд, хичээлийн хэрэглэл өөрсдөө авах шаардлагагүй, бага ангийн сурагчид үдийн хоол үнэгүй иддэг юм байна. Бид бас бодмоор л байгаа юм.
Хэд хоногийн өмнө л бичих юм зөндөө юм шиг оргиод байснаа яг бичихээр ингэсгээд өөр юм санаанд орж ирэхгүй байх чинь. Дараа санавал нэмнээ.

Sunday, September 14, 2014

Хоцрохоосоо өмнө

Шотландын санал асуулгын тухай бичих гээд л яваад байсан яг хоцрох гэж байна. Хэдхэн хоногийн дараа Шотланд тусгаар тогтносон улс болох уу эсвэл Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх үү гэсэн бүх нийтийн санал асуулга болох гэж байгаа. Жил шахам за нь үгүйгээсээ цөөхөн байснаа өнгөрсөн долоо хоногоос за гэх хүн илүү олон олон болчихлоо гээд хоёр талдаа бужигнаж эхлэх шив. Их Британийн засгийн газрынхан үгүй л юм чинь гэсэн үү нэг тийм тоомжиргүй хандаад байсан олон хүнийг за гэхэд хүргэсэн бололтой.
Хэрэв би шотланд хүн байсан бол за л гэх байлаа. Эдний иргэн биш болохоор за нь надад тийм сайн хэрэг биш л дээ. Шинэ тулгар улсад чинь шинжлэх ухаан судалгааны салбар хамгийн түрүүнд шийдэх асуудлын жагсаалтанд орохгүй байх гэж би боддог юм. Гэхдээ л сэтгэл зүрхээрээ тусгаар тогнолын төлөө яваа шотланчуудыг ойлгож дэмжиж сууна.
За гэх хүмүүс өөрсдийнхөө сонголтын шалтгааныг тайлбарлахдаа:
- Шотланчууд англичуудаас улс төрийн чиг баримжаа өөр ерөнхийдөө зүүн тийш санал өгдөг боловч 60 саяын тавхан саяыг эзлэх тэдний сонголт биелэлээ олохгүй байх нь элбэг. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь сонгоогүй засаг тэдний хувь заяаг шийддэгт дургүйцдэг.
- Хойд тэнгисээс олборлох газрын тос бол шотландын баялаг юм. Энэ баялаг шотландад наалдсан юмгүй Лондон явчихдаг гэсэн гомдол бий.
- Цөмийн шумбагч онгоц шотландад байрладагт олон хүмүүс дургүйцдэг.
- Иракийн дайныг шотландчуудын ихэнх нь дэмжээгүй. Өөрсдийн хүсээгүй дайнд оролцож олон хүн амь насаараа хохирсонд гомдолтой явдаг. Ер нь нийгмийн халамж, боловсролд зарцуулагдах төсвийг танасан хэрнээ цэрэг дайнд асар их мөнгө зардагтай санаа нийлдэггүй.
- Тусгаар тогтноод авбал бид өөрийн сонгосон засаглалаар эрх тэгш нийгэм байгуулах боломжтой гэж үздэг.
- Олон хүмүүс ирэх парламентийн сонгуулийн дараа болох Европын холбооноос гарах уу гэсэн санал асуулганд санаа зовж байгаа. Англичууд энэ холбооноос гарах сонирхолтой бол шотландууд үлдэх нь зөв гэж үздэг.
- Сүүлийн үед хэт барууны үзэлтэй намууд олны дэмжлэг авч парламентад суудалтай болж байгаад шотландчууд дургүйцдэг юм байна.
Зах зух нь ийм. Үгүй гэж байгаа хүмүүсийн шалтгаан нь гол төлөв эдийн засгийн, шотланд салахад мөнгөни ханш яах билээ, бидний моргэжийн зээл, ажлын байр юу болох вэ гээд цаашлаад нас тогтсон хүмүүсийн хувьд тэтгэврийн фондын асуудал их чухал байр эзэлдэг юм байна.
Энэ санал асуулгын нэг онцлог нь 16-17 настангууд саналаа өгөх эрхтэй.
Энэ пүрэв гаригт санал өгөх эрхтэй хүмүүсийн 80% орчим нь санал асуулганд оролцоно гэсэн урдчилсан таамаг байгаа. Энэ нь урд өмнө байгаагүй их том үзүүлэлт юм байна.
Өчигдөр сайхан тогтуун нартай өдөр байсанд гэрийнхээ ойр зуур алхаж явахдаа хүмүүсийн цонхыг тандсан хэдэн зураг авлаа. За гэсэн постэр их том томоороо байна. Үгүйнүүд нь тийм жижиг. Хамгийн сүүлд магадгүй гэсэн цонх нэг таарав.
Зээ тэгээд түмний сонголт зөв байх болтугай.















Thursday, August 28, 2014

Зуны хэдэн зураг


Хонины махтай шарсан хаш, энэ нөгөө Ётам Отолэнги гэдэг тогоочийн жороор хийсэн хоол. Номноос нь овоо хэдэн жор туршсан, нэг их хэцүү биш хэрнээ амттай болдог юм билээ.


Кийш зуны халуунд их тохирсон хоол шиг санагддаг. Сүүлийн үед гэрийнхнээ залхтал кийшдэж байгаа. Жор нь энд.


Том хясаанууд. 


Hortencia гэх цэцэг. Энэ жил хаа сайгүй их олон харагдсан.


Жижигхэн теннисчид


Далай, завь зурган дээр их гоё гардаг юмаа.


Нар жаргав.


Маалингын талбай


Шувууны үүр




Далайн эрэг хүүхдүүдийн жаргалын орон.

Tuesday, August 26, 2014

Эргэж ирэх гэж зөндөө дуншив

Цагаан сараас хойш өнөөдөр анх удаагаа блогоороо шагайв. Таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг, зөндөө удаж, цаг хугацаа ч хурдан өнгөрч. 
Жирэмсэн үе насных юм биз жаахан хэцүү л байлаа. Хол ажилд явдаг бас нэрмэсэн байхаа. Харин охин маань ээжийгээ зовоочих вий гэсэн шиг их хурдан төрсөн ккк. Ах нь 7 цаг эгч нь 9 цаг гаруй өвдсөн юмдаг. Энэ удаад өвдөж эхлэхэд нь арай болоогүй биз гэж алгуурлаад хүүхдээ гэртээ төрүүлэх шахсан. Эмнэлэг ойрхон тулдаа л юм болох шив. Яг хоёр цаг хагас хам хум л төрөв. 
Хүүхэд хурдан том болох юмаа. Ах эгчийг нь багад оюутан байсан болохоор дандаа л яаруу давчуу явсан юм уу, энэ удаад бол харин ч нэг сайн эрхлүүлээд авъя гээд сууж байна. 
Ийм юм гарсанаа бодвол..


Одоо нэг иймэрхүү овоо л болж байна.


Бид хоёр төрсөнийхөө дараа бас шар байна гээд буцаж эмнэлэгт хэвтэж гэрлээр шаруулсан. Саяхан тийм шартай хүүхдүүд эмэнд хордсон сургаар жаал эмзэглэв. Эндхийн стандарт эмчилгээ гэрлээр шарах тэгээд дийлэхгүй бол цус сэлбэдэг юм билээ. Фенобарбитал бол цөсний эмгэгтэй үед гэхээс төрсөний дараах шарлахад өгдөг буруу болов уу. Эмийн санч гэдэг чинь эм бэлдмэлийг өвчтөнд тохируулж тунгаар зарах ёстой байтал хорь хуваагаад уулга ч гэх шиг. Нэг эмийг гэртээ хорь хуваагаад тун нь тохирох уу, дөнгөж төрсөн хүүхдэд бол бүр нарийн тохируулах ёстой байхаа. Манайхан ер нь хүчтэй эм өгүүлэх гээд байдаг тал бий. Хүү маань төрсөний дараа ямар нэг шалтаггүйгээр дэмидрoл уулга гэж өгөөд байсныг санадаг юм. Би тэр үед нь том толгойлоод өгөөгүй юм. Тэртээ тэргүй сайн унтаж байгаа хүүхдэд дэмий гэж өөрөө бодсон хэрэг.
Хөөрхий нялх үрс хайнга нэгний хариуцлага алдсаны золиос болох гэж. 

Өнгөрсөн найман жилд (том охин төрсөнөөс хойш) нярай хүүхдэд нэмэгдэл хоол 6 сартайгаас өг гэж зөвлөдөг болсон юм байна. Эрт хоолонд оруулах хүнсний болоод бусад төрлийн харшил, экзэм, багтраа өвчний эрсдэлийг нэмдэг юм гэнэ. Гэхдээ 6 сараас бас оройтуулах муу гэнэ. Зулзага маань хүмүүсийн идэж ууж байгааг сонирхоод байдаг болсон. Одоо бас овоо л хүлээх хэрэгтэй болох нь ээ. 
Бичихээс төсөөрчихжээ нэг түг таг гээд бичих хэцүү болчихож. Ойр ойр бичиж дасахыг бодно доо.

Tuesday, February 4, 2014

Сар шинийн мэндээ

Та бүхэн сайхан шинэлсэн болоод шинэлж байгаа биз дээ? Бид үүгээрээ хэдэн бууз жигнэж идээд, хүүхдүүдтэйгээ золгоод, тэдэндээ бэлэг авч өгөөд л дуусав. Шинийн нэгэн ажлын өдөр болохоор өглөө үүрээр нөгөөдүүлээ унтаж байхад нь гараад орой харанхуйд орж ирсэн. Ер нь ингээд дасчихаж дээ. Нэгэн цагт сургуулийн амралт таарвал охиноо монголд шинэлүүлэхсэн гэж мөрөөдөөд л сууж байна.
Яахав ирж яваа цаг юм гэсэндээ ажилдаа ирэхэд гэгээтэй, харихдаа галт тэрэгний цонхоор нар үздэг болж байна. Өвөлжингөө харанхуйгаар гарч орсоор, гэгээ таарахаар үгүй энэ чинь өдрийн гэрэл ийм билүү гэж бодогдох. Анх ирээд ийм газар дасахгүй дээ гэж айж байсан сүүлдээ нэг их анзаарахаа больчихдог л юм байна. Гээд гэрэл үзэхдээ үгүй энэ чинь ийм гоё билүү гэж бодогдох нь сонин.
Энэ жил би гэдэг хүн төлөвлөгөө энэ тэр гэх аргагүй, ирсэнийг нь тосч авна гээд сууж байгаа. Нэг бодлын санаа амар ч юм шиг, тэгсэнээ дандаа адгаж явдаг хүн гэв гэнэт чимээ аниргүйд очихоороо яанаа гэж хоосон бачимдах үе бас гардаг л юм байна. Ямар ч гэсэн шинэ хүнээ хүлээж аваад зун намрыг гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө дөө. Тэрнээс цааш юу ч харагдахгүй л байна.
Харин та нар минь санасан бодсондоо хүрч, морин жилээ хийморлиг өнгөрөөгөөрэй дөө.