Monday, June 22, 2015
Амартүвшин Cardiff Singer of The World тэмцээнд амжилттай оролцлоо
Манай дуучин Амартүвшин тэмцээний үзэгчдийн шагнал хүртэж, Беларусийн сопрано тэмцээнд тэргүүллээ. Амартүвшингийн хувьд дууны сонголт түрүүнд хүрэхэд саад болчихов уу? Дуурийн дууны тэмцээнд чадалтай сайхан хоолойноос гадна жүжиглэх чадвар, цомнолын хэллэг, өргөлт гээд их нарийн нарийн шалгууртай. Мэргэжилтнүүд бүгд дуу нэгтэйгээр Амартүвшинг мундаг дуучин гэж үнэлж байсан ч төгсгөлийн шатанд мань хүний сонголт тиймхэн болчихов уу гэж санагдсан. Нэг төрлийн драм эмэгнэлт аринууд дуулсан. Тайлбарлагчид арай өөр хурдан хэмнэлтэй хөгжилтэй маягийн дуу дуулсан бол гэж дуугарч байсан. Вагнер жаахан тааруу сонголт болчихов уу. мань хүний герман хэллэг италидаа хүрсэнгүй гэх шив. Ер нь бол янз бүрийн өнгө төрх хоолойн цараа үзүүлэх ёстой байсан юм шиг. Бас нэг мэргэжилтэн зурагтаар ердөө нэг л театрт дуулдаг байсан нь рэпэртуар болоод дуулах арга барилд нөлөөлсөн байж магад гэж байна лээ. Арга барил нь их "Old school" юм гэсэн.
Миний хувийн бодол; сопрано баритон уралдах жаахан хүч тэнцвэргүй юм шиг. Хөгжмийн зохиолчид дуурь бичихдээ сопрано, тенор хоолойнд суурилж хамгийн шилдэг аригаа тэдэн зориулсан байдаг гэж боддог. Баритон хоолойтой хүнд сонголт арай бага байж мэднэ. Түрүү авсан Надин Кучэр олон маш өөр өөр хэмнэл, өнгө төрхтэй дуунууд төгсгөлийн шатанд сонгосон нь зөв болжээ. Нарийн шүүмжийн хувьд эхний Моцарт тиймхэн байсан, франц хэлний хэллэг бас оноогүй, хамгийн сүүлийн ариний төгсгөлийн ноот буруу гарсан гээд байнаа. Мань хүний орос Иван Грозны дуурийн ари маш өндөр үнэлэмж авсан. Өөрийн төрлөх хэлээр дуулах шал ондоо шүү дээ.
Төгсгөлд нь Амартүвшин хэдий түрүүлээгүй ч нэрээ дэлхийн дуурийн тавцанд гаргаж чадсан. Өөр олон орноор явж дуулах боломж нээгдэх байхаа. Англи хэл сурах хэрэгтэй юм байна. Ярилцлаганд орчуулагчаар дамжуулах санаа оноо, тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөн зөв гарахгүй жаахан тийм юм. Тайзан дээр дуулахаас гадна үзэгчиддээ санаа бодлоо өөрөө хэлдэг өөрөө ямар хүн гэдгээ таниулах урлагийн хүнд их чухал шүү дээ. Ер нь манайхан ярилцлаганд нэг тийм жижүүрийн юм ярьдаг заншлаас салмаар юмаа. Зөвхөн миний хувьд биш монголын урлагийн хувьд их ач холболгдолтой гэх мэт… Үзэгчдэд тэр юунд ач холболгдолтой нь сонин биш харин тэр хүн юу бодож дуугаа сонгосон тэр дууг дуулахад юу бодогддог гэх мэт нарийн дотны яриа сонин шүү дээ.
Амартүвшингийн тухай яриа Ганбат агсаны тухай бас бодогдуулаад нэг тийм баримтат кино олж үзсэн жаахан сэтгэл дундуур үлдсэн. Нэг л тийм уянгын халил хорвоод олдохгүй өөгүй сайхан хүн байлаа эвий минь гээд л нэг цаг. Юугаараа тийм мундаг дуучин байваа, мэргэжлийн талаасаа юу нь түүнийг бусдаас ялгаатай харуулав гээд жаахан олны мэдлэгт хувь нэмэр хийчих юм ярьж болноо доо. Чухам тийм учраас энэ киног үзсэн хүмүүс нэг тийм сайхан хүн байж гэхээс өөр дурсах юм үлдэхгүй. Ид сайхан дуулж байхад нь студид хийсэн бичлэг цөөн. Зохиолын хэдэн дуу л байх шиг. Дуурийн тайзан дээр хүн гар утсаараа бичсэн бололтой тааруу бичлэг харагдаж байсан харамсалтай. Уг нь одоо тайзан дээр гарч байгаа дуучдаа албан ёсоор бичлэг хийж архивлаж баймаар. Урлаг соёлын өв гэдгээрээ чухал гэж бодоод байдаг юм.
Хэд хоног энэ тэмцээнийг бодож Амартүвшингээ дэмжиж, хөгжим сонсож сайхан байлаа. Сэтгэл сэргээж, сонгодог хөгжмөөр сонор мялаасан дуучиндаа баярлалаа. Уран бүтээлийн замнь өлзийтэй сайхан болтугай.
Wednesday, June 17, 2015
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнтэй адилхан эрх эдлэх л ёстой
Бага охин бид хоёр өглөө БиБиСи-ийн хүүхдийн сувгаар "Something special" нэвтрүүлэг үздэг болоод овоо хэд хонож байна. Энэ нэвтрүүлэгт хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд оролцож, дохионы хэл бага сага заадаг. Жаахан хүүхдүүд үзэх их дуртай л даа, манай том охин ч бас багадаа их үздэг байсан. Энэ сувгийн хөтлөгчдийн нэг нь гаргүй эмэгтэй байдаг. Манайхыг энд нүүж ирэхэд л байсан. БиБиСи-д тэргэнцэртэй нэвтрүллэгч, хөтлөгч хэд хэд байдаг юм шиг байна лээ.
Манай охины сургуульд нуруу нугасны гэмтэлтэй бололтой тэргэнцэртэй хүү явдаг. Өчигдөр туслах багштай шатаар өөрөө явах гэж оролдож байхтай таарсан.
Гэрийн ойролцоо ахлах сургуулиас тарж яваа хүүхдүүдийн дунд Дауны өвчтэй нэг охин явдаг. Бусад хүүхдүүдтэй хамт л инээж хөхрөөд явж харагддаг.
Манай гэр зуурын жишээ иймэрхүү. Эрүүл мэнд, тэтгэлэг, асрамж гээд олон асуудал яригддаг ч тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар бид их чимээгүй байдаг. Энгийн жишээ гудамжинд явж байгаа нэгнийг шоолох, тас ширтэх, гайхах, сэжиглэх хандлага их байдаг. Үүний уршиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг гэрийнхэн нь нуудаг. Бусдаас хамгаалж байгаа арга нь тэр байх л даа.
Би анх Америкт очоод нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их явдагийг хараад гайхаж байлаа. Манайхан ийм хүмүүс манайд цөөн гэх монголчууд олон таардаг. Цөөндөө биш нийтийн дунд гардаггүй учраас цөөхөн санагддаг гэвэл өөдөөс ямар ч тоо баримтгүй байж маргах нь цөөнгүй.
Хүүхдүүд ийм хүмүүсийг харж өссөн бол гайхаад байдаггүй, жирийн хүүхэд хүн гэж үздэг.
Кэмбрижэд манай лаборатори эмнэлэгтэй нэг байранд байлаа. Манай давхарт бичиг цаас хариуцдаг бололтой оффис байсан. Тэдний ахлагч нь хөл муутай тэргэнцэртэй, нэг ажилтан нь төрөлхийн бололтой хөлгүй, бас хуруу дутуу ч юм шиг. Тэр хүн орой ажлаа тараад цахилгаан тэргэнцэртэй лифтнээс буугаад унаагаа хүлээж байхтай нь олон таардаг байж билээ.
Гэртээ хоригдсон хүмүүсийн хувьд бусдад дарамт болж байна гэх мэтээр сэтгэлээр унах тохиолдол олон, энэ нь цаашаа эрүүл мэндийн, эдийн засгийн гээд олон үр дагавартай байх. Харин ингээд ажил хийгээд нийгмийн нэг хэсэг болж яваа нь сэтгэл өөдрөг явдаг нь ойлгомжтой. Үр дүн нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнх биш ажил хийж татвар төлнө, төрд ирэх дарамт багасна гээд наад захын жишээ нь.
Бид хүүхдүүддээ зөв тайлбарлаж ийм хүмүүст хүндэтгэлтэй хандахыг зааж өгөх хэрэгтэй байх. Сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ талаар анхаармаар. Бид нэвтрүүлэгч гэхээр нэг л их гоё хүмүүс байх ёстой гэдэг бодлоос салмаар. Зөв ярьж чаддаг бол тэргэнцэртэй хүн яагаад болохгүй гэж гэх мэт.
Чухам ийм хүмүүст хэрхэн ханддагаар нь нийгэм хэр хүнлэг вэ гэдгийг мэдэж болох юм шиг надад санагддаг. Тийм бол бид хаана явна вэ?
Tuesday, May 26, 2015
Гүзээлзгэнэ
Манай энд гүзээлзгэний сезон эхлэв. Энд ургуулсан гүзээлзгэнэ арай цайвар өнгөтэй хэрнээ чихэрлэг их гоё амттай л даа. Миний идэж үзсэн хамгийн амттай таримал гүзээлзгэнэ шотландынх. Гүзээлзгэнэ ер нь жил тойрон дэлгүүрт байнаа. Ихэнхдээ испаниас ирнэ. Өвөл бол идэх аргагүй хатуу исгэлэн онцгүй байдаг юм билээ. Зуных нь арай дээр ч манай эндхийн гүзээлзгэнэд хүрэхгүй. Та нарт гайхмаар санагдаж байна уу? Би л лав их гайхдаг байсан юм. Испани чинь дулаахан нартай газар жимс сайхан боловсормоор. Манай энд бол сэрүүн бороотой бүрхэг өдөр нь олон.
Энэ тухай дээр нэг хүнтэй ярилцаж тэр надад тайлбарлаж өгсөн юм. Жимсний чихэрлэг чанар өдрийн уртаас хамаарна гэнэ. Өдөр урт байх тусам улам чихэрлэг болдог. Шотланд Испанийг бодвол хойд туйлтай ойр. Зундаа өдөр их урт, орой бараг 11 болж байж гэгээ тасарна, өглөө 3-4 цагт үүр цайна. Зун цагт өдөр испанитай харьцуулахад хамаагүй урт учраас гүзээлзгэнэ илүү амтлаг гэнэ.
Labels:
Сонин хачин,
Шотландын тэмдэглэл
Saturday, May 23, 2015
Өгөөмөр сэксизм
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сайжирч байгаа ч асуудал бүрэн шийдэгдэх хүртэл маш олон саад бэрхшээл байсаар л. Энэ удаад би сонгох сонгогдох эрх, хүчирхийлэл, бэлгийн дарамт хамгийн өргөн яригддаг сэдвээр биш харин хүний санаанд ордоггүй өнцгөөс харж үзэх гээд үзэх үү.
Эхлээд саявтар уншсан ганц хоёр жишээ…
1. Алберт Эйнштэйний нас барахад эмэгнэж бичсэн сонины нийтлэлд:
"Тэрбээр өдөр бүр ажлаа тараад хоол хүнсээ цуглуулж, хогоо асгаж, сандлын бүрээсээ гараараа угаадаг байв. Дагавар охиныхоо хувьд зүгээр л аав байсан түүнийг " тэр хэрэгтэй үед үргэлж дэргэд минь байдаг байсан" хэмээн дурсжээ.
Мягмар гаригт мөнх бусыг үзсэн Алберт Эйнштэйн ажил дээрээ атом үнэхээр байдаг эсэхийг харуулах гэж зорьж байлаа. Түүний фотоэлектроны нөлөөлөл хэмээх нээлт нь алдартай Нобелийн шагнал авчирсан юм" гэж байсан бол та гайхах уу? Олон хүн энэ одоо юу вэ гэж гайхах биз. Энэ эмэгтэй эрэгтэй эрдэмтдийн эмгэнэлийн нийтлэл хэр ялгаатайг харуулах гэсэн сэтгүүлчийн хошигнол байсан юм.
Тэгвэл пуужин зохион бүтээгч Ивонн Бриллийн эмэгнэлийн нийтлэл дээр:
"Тэрбээр сайхан хоол хийж, нөхрөө даган ажлаас ажилд шилжин, 3 хүүхдээ өсгөх гэж ажлаасаа 8 жилийн завсарлага авсан юм. Түүний хүү Матью дэлхийн хамгийн сайн ээж гэж түүнийг тодорхойлжээ.
Харин өнгөрсөн Лхагва гаригт 88 насандаа Принстон хотод мөнх бусыг үзсэн Ивонн Брилл 1970 онд пуужингийн тийрэлтийн систем зохион бүтээсэн үнэхээр чадалтай эрдэмтэн байсан бөгөөд түүний нээлтийн хүчээр хиймэл дагуулууд тойрог замаас хадуурч гарах асуудал үгүй болсон юм." гэж үнэхээр бичсэн байдаг.
Асуудлын гол нь Ивонн Брилл сайн эзэгтэй бас сайн эрдэмтэн байсанд биш зүгээр тэр эрэгтэй хүн байсан бол түүний эмгэнэлийн нийтлэл арай өөр байж байж гэдэгт л.
Яагаад эмэгтэйчүүдийн ололт амжилтыг энэ бас сайн ээж гэсэн тодорхойлолт дагах ёстой гэж? Тэгвэл гэр орондоо санаа тавьж хүүхдээ өсгөхөд ижилхэн хувь нэмэр оруулсан эрчүүдийн хувь нэмэр яагаад дурдагдахгүй өнгөрөх ёстой вэ?
Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд гэр бүл ажлын тэнцвэртай байдал олохын тулд арай илүү ажилладаг нь үнэн. Эмэгтэйчүүдийн дээрх тодорхойлолт бас л тэр илүү үүрэг хариуцлагын тусгаж, эмэгтэйчүүдэд дэмжлэг өгөх зорилготой бичигдсэн байх. Иймэрхүү тодорхойлолтыг "өгөөмөр сэксизм" (benevolent sexism- үгчлээд хөрвүүлээд тавьчихлаа, арай оновчтой орчуулга санал болгох хүн байвал баярлана шүү.) гэж тодорхойлдог юм байна. Сайн сайхан юм хэлж байхад юу нь буруу байна гэж бодож байна уу? Ийм тодорхойлолтын нөгөө тал нь эмэгтэй хүнийг сул дорой, эрчүүдээс арай дутуу гэдгийг тодотгож байгаатай утга нэг болчихдогт учир нь байгаа гэнэдээ. 1996 онд Глик бас Фрискэ гэсэн 2 судлаач 19 оронд 15000 хүн хамарсан судалгаа хийгээд эмэгтэйчүүдийн талаар "өгөөмөр сэксист" коммэнт хэлдэг бичдэг хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг их хатуу бодолтой хүмүүс байдгийг тогтоожээ. Иймэрхүү үзлийн аюул нь нийгэмд байгаа эрх тэгш байдлыг нуун дарагдуулах, хүмүүсийн эрхийнхээ төлөө үг хэлэх идэвхийг бууруулах муу нөлөөтэй гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар бичсэн нийтлэлийн эх энд.
Саяхандаа яруу найрагч Б. Лхагвасүрэн гуай "Эмэгтэй хүнийг ухаан зартал бүү зовоо" гэж хэлсэн нь үнэхээр сонгодог жишээ. Эсэргүүцсэн хүний амыг эмэгтэйчүүдийг хайрла л гэж байна ш дээ гээд хаачихна. Яг нарийндаа эмэгтэй хүний ухаан богино гэдгийг арай гоё болгоод л хэлчихсэн байдаг. Иймэрхүү үзэл бодол хэр их байх нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурьтай урвуу хамааралтай байдаг юм байна. Тэгэхээр манайд хийх ажил их байнаа л гэсэн үг.
2. Энэ сард Нью Иорк Таймс сонинд CRISPR/Cas9 системийн нээхэд гар бие оролцсон эмэгтэй эрдэмтэн Жениффэр Дуднагийн тухай нийтлэл гарчээ. Дээрх нээлт бол сүүлийн хэдэн жилийн дотор гарсан хамгийн том нээлтүүдийн нэг бөгөөд генийн өөрчлөлтөөр олон өвчин анагаах боломжийг ойртуулсан чухал ажил байгаа юм. Нийтлэлд түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дурдахаасаа өмнө Харвард төгссөн тэрбээр шаргал үс, цэнхэр нүдтэй, нөхөр нь түүнийг ажлын дарамт тэсэх чадвартай гэж тодорхойлсон гэж эхэлж байгаа юм даа. Хэрэв нийтлэлийн баатар эрэгтэй хүн байсан бол түүний нүд, үсний өнгө, эхнэрийнх нь тодорхойлолт бичигдэх байсан болов уу гэсэн асуултанд та юу гэж хариулах вэ? Эмэгтэй эрдэмтдийн тухай нийтлэлд заавал дурдагддаг зүйлс:
- Түүнийг эмэгтэй гэдгийг тодотгоно
- Нөхрийнх нь ажил
- Хэдэн хүүхэдтэй, хүүхдээ яаж асардаг талаар
- Өөрийнх ажилладаг салбар дахь өрсөлдөөн тун хэцүү санагдсан тухай
- Бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсон эмэгтэй
- Ямар нэг юм хийсэн анхны эмэгтэй гэсэн тодотгол
Эрдэмтэн хүний нээлтийн ач холбогдол нь уг хүн эрэгтэй, эмэгтэй байхад биш, эмэгтэй бол түүний нөхрийн тодорхойлолтонд биш, хүүхэдтэй эсэхэд биш, хэн нэгэнд үлгэр жишээ болохуйц хүн гэдэгт ч биш зүгээр л тэр нээлт шинжлэх ухаанд ямар хувь нэмэр болсон бэ гэдэгт л байгаа юм.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хүмүүсийн төсөөлдөг шиг зөвхөн боловсрол нимгэн давхаргад биш хаа сайгүй байдгийн жишээ энэ болов уу. Шинжлэх ухааны байгууллагад эмэгтэйчүүдийн байр суурь бас л 100% шийдэгдээд сайхан болсон юм байхгүй. Харин ч эмэгтэй хүн эрдэмтэн гэдэг утгаар дэвших хэцүү, судалгааны ажилд орох өргөдөл өгөхөд эрэгтэй хүний сонгогдох магадлал өндөр гээд асуудлууд зөндөө. Энэ талаар Их Британи, АНУ гээд салбар тэргүүлж яваа улсууд их ярьж байгаа ч над мэт шиг хүмүүст яг бодитой шийдэл болоод буух нь арай л болоогүй юм шиг байна.
3. Гурав дахь жишээ бол бүр инээдтэй. Судалгааны ажил хийгээд үр дүнгээ хэвлүүлэх болоход peer review гэсэн процесс бий. Тухайн салбарт ажилладаг судлаач таны ажлыг уншиж үзээд сэтгүүлд хэвлэх дайны бүтээл мөн үү үгүй юу гэдгийг шийддэг. Саяхандаа xоёр эмэгтэй судлаачийн нийтлэлийг шүүсэн хүний "Зохиогчийн жагсаалтандаа эрэгтэй хүн оруулчихвал нийтлэл чинь илүү сайжрах юм байна" гэсэн коммэнт бааахан шуугиан тарьсан. Би эхлээд хэн нэгэн хошигнож байна уу гэж бодсон үнэхээр тийм юм болсон байгаа юм даа.
Жэндэр мэндэр ярьсан хүүхнүүд гээд иймэрхүү юм ярьж бичдэг хүмүүст дургүй талдаа байдаг нь бас л манай нийгэм, манай хүүxнүүдийн нийгэм дэх байр суурийг тольдох нэг үзүүлэлт мөн болов уу. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн тэгш эрх ярьсаар энэ эрчүүд хөөрхий байдлтай болчихлоо архи уудаг, боловсролоос хоцордог гэсэн гомдол бас явдаг. Энэ асуудал бол харин ч эмэгтайчүүдийн нийгэм дэх байр суурь сайжрах тусам багасна гэж би бодоод байдаг юм. Бод л доо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд амьдралд яг ижил боломж, ижил эрх хүлээж байхад эцэг эхчүүд нэгэнд нь илүү анхаарал тавих нь багасна тэр хэмжээгээрээ эрэгтэйчүүд боловсролоос хоцрохгүй. Хоёрт эрэгтэй эмэгтэй хүмүүс амьдралд ижил үүрэг хүлээдэг бол эрчүүдийн би л гэр орноо авч явах ёстой хүн гэсэн сэтгэл санааны дарамт хөнгөрөх үү. Та нар юу гэж бодож байна?

Илүү ам,
Тэмдэглэл,
Шинжлэх ухаан
Жулий Жулиа хоёр
Бодит хүний амьдралаар хийсэн кино үзэхдээ дургүй талдаа л уг нь. Эртээд зурагтаар охин маань үзье гээд хамт сууж үзсэн аятайхан санагдсан. Мэрил Стрийп угаасаа мундаг Эйми Адамс их нүдэнд дулаахан бүсгүй бас ч гэж дажгүй жүжигчин гэж хардаг л даа.
Жулиа хэмээх зохиолч бүсгүй бичиж буй номоо дуусгаж чаддаггүй нэгэн. Ямар нэгэн зорилготой байхын тулд Жулий Чайлдсийн Франц хоолны номын бүх жороор хоол хийж блог бичихээр шийднэ. Яваан дунд Жулийн амьдрал, хоол хийхийн жаргалыг мэдрэхээс гадна блог нь олон түмэнд хүрч энэ тухайгаа ном бичсэн нь ийм кино болсон юм байна.
Жулий Чайлдс дэлхийн 2-р дайны дараа дипломат нөхрийнхөө албыг дагаж Францад амьдрач байхдаа франц хоолонд дурлажээ. Тогоочийн курсэд явж, дараа нь хоол хийхийг заадаг багш ч болж. Хоёр франц эмэгтэйтэй хамтарч америкчуудад зориулсан франц хоолны жорын ном бичсэн нь өнөө ч алдартай. Амeрикчүүдын гэрт франц хоол авчирсан хүн гэж үнэлэгддэг юм билээ.
Энэ киног үзээд сонгодог франц хоолны олон жортой болмоор санагдаад Жулийн номыг авчихлаа. Хоолны ном худалдаж авахдаа сайн мууг нь мэдэх амаргүй л дээ. Энэ удаад олон жилийн турш олон хүний гарын ном болсон учир нэг их эрсдэл байхгүй санагдаад. Харин бүх хэмжүүр нь нөгөө америкийн пайнт аунц гээд жаахан төвөгтэй юм байна.
Миний хувьд бүх жорыг туршина гэсэн том амбиц байхгүй ээ. Зүгээр хэдэн сайхан жор өөрийн болгоод сурчихвал зорилго биеллээ гэсэн үг.
Labels:
kino,
Хоолны жор
Monday, May 4, 2015
Ерөөлдэлгэр
Ийм нэртэй Франц зохиолчийн детектив гарчээ. Монголд нацистуудын гарт аладгсан гурван хятад иргэний хэргийг мөрдөж байгаа Ерөөлдэлгэр мөрдөгчийн тухай гардаг гэнэ. Бас хоёр гурван шагнал хүртсэн ном юм байна. Миний франц хэл уншиж дийлэхгүй ч энийг үзээд хоёр дүгнэлт хийв.
1. Францууд монголыг сайн сурталчлах юмаа. Хувь хүн, хэвлэл, телевиз одоо ингээд ном бас бичсэн байна. Зохиолч өөрөө монголд очиж үзсэн хүн байна гэж номын уншигч дүгнэсэн. Хэдэн жилийн өмнө Stone council номоор хийсэн кино зураг авалт болоод Моника Бэлүччи ирж байсныг та нар санаж л байгаа биз дээ. Бас л үйл явдлын нэлээд хэсэг нь монголд өрнөдөг.
2. Манай хас тэмдгээр гоёдог улсыг гадныхан мэддэг, ажигладаг л юм байна.
Labels:
Тэмдэглэл
Saturday, May 2, 2015
We agree to disagree
Анх Их Британид нүүж ирсний дараа их олон монгол хүн Англичууд бол маш их расист болоод муу санаатай онцгүй хүмүүс гэж хэлсэн нь гайхал төрүүлж байваа. Англид жил хагас, шотландад 4 жил хагас амьдрахдаа эдний араншинг хагас хугас ойлгохтойгоо болоод бас манайхны хийсэн дүгнэлтийн учрыг гадарлахтайгаа болж ирснийг тайлбарлах гэж оролдъюу гэж бодлоо.
Аливаа үндэстний хувьд нийтлэг араншин гэж бий. Бүх хүнд хамааралтай биш ч тухайн нийгэмд хүлээж авч болох болохгүй хэм хэмжээ гэх үү. Миний ойлгосноор Британичуудад эелдэг байх хамгийн чухал чанар гэнэ. Тиймээс маргаанд дуугаа өндөрсгөсөн нь ялагдагч, хаана ч дууны өнгө чангарахад хүмүүс сонсохоо больчих энүүхэнд. Янз бүрийн үйлчилгээний газар эмнэлэг дээр манай ажиллагсад хэл амаар доромжлохыг тэсвэрлэх шаардлагагүй тул зөв харьцана уу гэсэн утгатай сануулга олон харагддаг. Мэдээж олон сая хүн юм чинь маргаан гарна, маргааныг шийдэх хэрэгтэй болно. Учиргүй хашгичаад загнаад үр дүнд хүрэхгүй тул цаад хүндээ асуудал болоод өөрийн бодлоо маш сайнаар тэвчээртэй тайлбарлах хэрэг гарна. Бүдүүлэг авиртайд тооцогдохгүйн тулд хэлж ярьж байгаагаа зөөллөнө. Тэрнийг нь мань мэтийн гадныхан буруу ойлгоно. Энэ тухай нэг ийм хүснэгт ФБ байсныг энд оруулав.
Надад хэд хэдэн удаа ажил дээр ойлголцохгүй асуудал гарсан. Өнгөц сонсоод байхаар болж байгаа юм шиг, болохгүй байна гэсэн хэсэг нь нуугдмал, би болоод байгаа гэсэнд нь тайвшраад гол мэссэжийг нь орхигдуулсан. Дараа нь даргадаа би та нараас өөр хүн учраас асуудлыг шулуухан тавьж бай гэсэн хүсэлт гаргаж цэгцэрсэн. Асуудал энд ирээд овоо удсан хойно гарсан учир хал балгүй учраа олох боломж өгсөн. Ирээд удаагүй байсан бол бас нэлээн хэцүү байх байсан биз гэж боддог. Эд нар нэг их хүний мууд дурласандаа ч гэдэг юм уу, муу хүмүүсдээ биш болохгүйг их тойруу битүү ярьдаг учраас манайхан буруу ойлгодог юм болов уу гэж дүгнэсэн.
За тэгээд маргаанд хэн ялах вэ? Хамгийн зөв тайлбарыг уйгагүй нөгөө талдаа хүргэсэн нь гэх байх. Заавал нэг нь ялах шаардлагагүй, хэн хэнийхээ байр суурийг мэдэх ч гэж болно. Тэр тохиолдолд "We agree to disagree" гэж хэлдэг. Монголчилбол "бид хоёр санал нийлэхгүй гэдэг дээрээ санал нийлж байнаа" гэсэн үг.
Энэ чанарын сайн тал нь маргаан зөвхөн маргалдаж байгаа сэдэв дээрээ, илүү ажил хэрэгч. Цаашаа хальж нэгнээ элдвээр дуудах шаардлагагүй. Тийм болохоор аливаа асуудлыг шийдэх, зөвшилцөхөд амар гэж санагддаг.

Phrase of the day,
Тэмдэглэл
Subscribe to:
Posts (Atom)