Sunday, December 30, 2007

Оньсого #16 хариу

Оньсогоны хариу хуруу, хумс юмаа. Бумаа ах, Хикари, Заяа, Жаагий нар зөв таасан байна. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.
Манайхаар саатан зочилдог хэн бүхэнд ирж байгаа шинэ жилдээ аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй.

Thursday, December 27, 2007

Оньсого #16

Баяртай давхацсан энэ долоо хоногт богинохон оньсого нэгийг таалгая. Миний багад хүн болгон мэддэг байсан оньсогын нэг шүү.
Арван эмгэн мөс үүрнэ, тэр юу вэ?
Хариуг энэ ондоо багтааж тавина. Та бүхэн тааж болгооно уу?

Wednesday, December 26, 2007

Майкл Блүүмбэрг


Хүндэтгэж явдаг улс төрчдийн нэг маань Нью Иорк хотын захирагч Майкл Блүүмбэрг юм. Польш гаралтай еврей гэр бүлд 1942 онд Бостон хотод төрсөн тэрбээр Жонс Хопкинсийн их сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр суралцаж төгсжээ. Санхүүгийн software үйлчилгээний Bloomberg LP компаниа байгуулж амжилт гарган тэрбумтан болсон нэгэн юм байна. Форбс сэтгүүл 2007 онд түүний хөрөнгийг 11.5 тэрбум доллар хэмээн зарлаж, хөрөнгө чинээгээрээ америкт 34 дүгээрт бичигдсэн байна. Зүгээр л мөнгө олоод суусангүй олсоноо хуваалцдаг хөрөнгө чинээтэй хүмүүсийн жагсаалатанд бас нэлээн дээгүүр бичигддэг байна. Өөрийн суралцаж төгссөн Жонс Хопкинсийн их сургуульд 1996-2005 оны хооронд 300 сая доллар хандивласан гэдэг. Зөвхөн энэ сургуулиар зогсохгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүүхдүүдийг тамхинд орохоос сэргийлэх байгууллага, халдварт өвчинтэй тэмцэх байгууллага зэрэг олон газар 2004 онд 134 сая, 2005 онд 144 сая, 2006 онд 165 сая доллар тус тус хандивлажээ.
Бизнест хүчээ сорьж амжилт байгуулсан тэрээр 2001 онд Нью Иорк хотын захирагчийн сонгуульд оролцож ялсан байна. Гэхдээ зүгээр нэг хотын захирагч болсонгүй, хотын захирагчийн албатай ирдэг цалин пүнлүү, эрх ямбаас татгалзаж олныг шуугиулж амжсан юм. Хотын төсвөөс бэлэг тэмдэг төдий жилд 1 долларын цалин авдаг тэрбээр хотын захирагчийн сууц болох Gracie mansion д амьдрахаас татгалзан, өөрийн байрандаа амьдарч өглөө бүр ажил уруугаа метрогоор ирдэг гэсэн шүү.
Хотын захирагч болоод хотын бар ресторанд тамхи татахыг хориглосон ба энэ оны эхнээс хотын хоолны газруудад транс тосны хүчил буюу маргарин хэрэглэхийг мөн болиулжээ. Эдгээр шийдвэр дор бүрдээ олон эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хүмүүст нэр олохын төлөө биш зөв бодлогын төлөө санасандаа хүрч чадсан даа. Хотын нийтийн сургуулиудад ч бас бүтцийн томоохон өөрчлөлтүүд хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа харагддаг. Миний бодлоор энэ хүн холыг харж прагматик шийдвэр гаргадаг санагддаг, тэр нь ч олны талархал хүлээсэн нь 2005 онд улиран сонгогдсоноор харагдсан юм. Өөрөө няцаасан хэдий ч түүнийг АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэсэн таамглал явсаар буй. Энэ хүн үнэхээр сайн ерөнхийлөгч болж чадах зангарагтай хүн харагддаг.
Хувийн ашиг харж биш ажлаа сайн хийхийн төлөө явж чадах хэдэн ийм хүн манайд байдаг бол ч гэж бодогдоод байх.

Monday, December 24, 2007

Saturday, December 22, 2007

Оньсого #15 хариу

За энэ удаад оньсого таах гэж оролдсон хэн бүхэнд боломж олдсон гэж бодож байна. Орж үзсэн болон таалцсан хэн бүхэнд маш их баярлалаа.
Оньсогоны хариу гэрийн хаалга тотго юмаа. Заяа зөв таажээ. Хүмүүс савх, багана гэж хариулсан нь бас энэ оньсогоны хариу байж болохоор юм байна гэж бодогдууллаа.

Friday, December 21, 2007

Андуурал

Бүдэг гэрэлд битгий ном уншиж бай, хараа чинь муудна гэж аль бага байхын аав маань хэлдэгсэн. Биед шингэн дутаахгүйн тулд өдөрт 8 аяга ус уу, бид тархиныхаа зөвхөн 10% ийг ашигладаг гээд өдөр тутам хүмүүс болоод тэр ч байтугай эмч нарын итгэдэг, хэрэглэдэг ажиглалтууд яг үнэндээ бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдаж байгаагүй, ихэнх нь буруу болохыг Америкийн Индианагийн Их Сургуулийн хэсэг нөхөд тогтоож, British Medical Journal д хэвлүүлжээ.
1. Шингэнээр дутахгүйн тулд өдөрт дор хаяж 8 аяга ус уу. Энэ бол ердөө л цуурхал гэнэ. Хүн өөрт хэрэгцээтэй шингэнийг жимсний шүүс, сүү, тэр ч байтугай цай, кофеноосоо ч авах чадвартай байдаг гэнэ. Гэснээс чухам ийм итгэл үнэмшил нөгөө савласан усыг моодонд оруулж, том бизнес болгосон шүү дээ.
2. Бид тархиныхаа зөвхөн 10% ийг л ашигладаг. Энэ бас буруу ойлголт гэнэ. Хүн тархиндаа бага ч гэсэн гэмтэл авахад л оюун ухаан, ааш ариншинд өөрчлөлт гарч, заримдаа бүр комд орох тохиолдол олон байдаг. Тархины соронзон дүрслэлийн зурагнуудаас харж байхад тархинд идэвхгүй байгаа хэсэг ерөөсөө харагддаггүй гэсэн шүү.
3. Хүн үхсэний дараа ч хумс, үс нь ургадаг. Хүн үхсэний дараа бие хатаж, агшихад хумс, үс ургасан юм шиг харагдахаас тэд ургадаггүй. Үс, хумс ургахад шаардлагатай дааврын комплекс үйл ажиллагаа хүнийг үхэхэд бас зогсдог учраас дараа нь үс, хумс ургах ямар ч боломж байхгүй гэнэ.
4. Бүдэг гэрэлд ном унших нүдэнд муу гэдэг бас батлагдаагүй ажиглалт гэнэ.
5. Үс хусахад эргээд ширүүн, өтгөн болж ургадаг. Энэ групийнхны тайлбарлаж байгаагаар үсгүй байгаад эргэж ургахад хүнд илүү ширүүн, өтгөн болчихсон мэт санагддаг болохоос үс өөрөө өөрчлөгддөггүй гэсэн байх юм. Энэ харин яах аргагүй миний ажигласнаас зөрөөд л байгаа юм даа.
6. Эмнэлэгт гар утас хэрэглэх хортой. Эмнэлэгт байгаа олон багаж төхөөрөмж гар утастай цахилгаан соронзон интерференц үүсэх магадлал нь бас л батлагдаагүй юм байхаа.
7. Цацагт хяруулын мах триптофан хэмээх амин хүчлээр баялаг учраас нойр хүргэдэг. Нягтлаад үзэхэд тахиа, цацагт хяруул, үхрийн мах ойролцоо хэмжээний триптофан агуулдаг нь тогтоогджээ. Харин их хоол идсэний дараа тархинд дахь цусны эргэлт багасгадаг учраас нойр хүргэдэг гэж тайлбарласан байна.
Тэгэхээр алив ажилглалт зөвлөмжийг судлалгүйгээр шууд шүүрч авч хэрэгжүүлэх бас буруу юмаа. Тунгааж бодож, батлагсан эсэхийг нягтлах хэрэгтэй юм байна шүү. Нөгөө талаар зарим ажиглалт батлагдаагүй болохоор буруу гэж бодох нь учир дутагдалтай юм шиг санагдаад байх.

Thursday, December 20, 2007

Оньсого #15

Энэ долоо хоногийн оньсого:

Эгч дүү хоёр эн чацуухан, тэр юу вэ?

Та бүхний хариулт бичсэн дороо гарахгүй, бүтэн сайнд бүгд харагдана шүү. Тааж болгооно уу?
Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд тавья.