Сүүлийн хоёр гурван сар хэдэн жил хийсэн ажлаа базаж бичих гэж арай л уйлахаас наахнуур явна. Санаагаа цэгцтэй гаргаж, бас ч гэж цогц мэдээлэл хүнд өгч чадах нь хэрэндээ авьяас бас цаг хугацаа их шаардсан эд юмаа. Дээрээс нь төрөлх хэлээр биш болохоор толгой дээрх хар үүлс улам зузаарчих шиг. Угаасаа би гэдэг хүн эх монгол хэлээрээ ч муухан бичдэг нэгэн. Ойр дотныхон маань хааяахан бичдэг эмайл уншаад шоолцгоодог юм. Нөгөө талаар дунд сургуульд байхад монгол хэл дээр зөв бичгийн дүрмэнд их анхаарал тавихаас найруулан бичлэг болоод санаагаа ончтой гаргах талаар дорвитой зүйл заагаагүй мэт санагддаг. Зөв бичгийн дүрмийг тангад ном шиг цээжилсэн нь одоо ч санаанд байдаг хэрнээ зохион бичлэг яаж бичих талаар заасан юм гэж толгойд үлдээгүйг бодоход нэг их том ач холбогдол өгч байгаагүйнх юм болов уу гэж өөрийгөө зөвтгөөд байгаа.
Энд болохоор зөв бичгийн дүрмээс илүү элдэв зохион бичлэгт их цаг, хүч заран заадгийг хүүгийнхээ даалгавар хийхэд туслах явцдаа ойлгосон юм. Англи хэл, уран зохиол, түүхийн хичээл аль аль нь долоо хоног бүр ямар нэг сэдвээр бичих даалгавар өгдөг бөгөөд тэр даалгавар хийхэд манай гэрийнхэн бүгд оролцож хагас бүтэн сайны турш бичиг цаастай зууралддаг гэж байгаа. Тэгэж байж сурсан хэдэн зүйлээ сийрүүлбэл:
- Хамгийн түрүүнд юу бичих вэ гэдгээ тодорхойлж, бичлэгийнхээ бүтцийн төлөвлөгөөг гаргах (өөрөөр хэлбэл хэлэх гэсэн гол санаануудаа бичнэ гэсэн үг).
- Дараа нь гол санаануудаа тодорхойлж жишээ эсвэл өмнө нь нийтлэгдсэн бүтээлээс авах ишлэлээ тодорхлойлох.
- Дээрх хоёр алхамын дараа бичсэн ажил маань нэг тийм урт жагсаалт мэт харагдана. Бүх баримт болоод санаагаа жагсаалт болгосны дараа тэднийгээ өгүүлбэр болгож хооронд нь уялдаа холбоотой болгон эцсийн хэлбэрт оруулж бичнэ.
Ингэж бичихээр цаг их орох боловч гаргах гэсэн санаа орхигдохгүй, цэгцтэй сайхан болдог юм байнаа. Хүүгийн маань хувьд баримт, жишээ гээд юмаа бичсэний дараа тэр бүгдийг зангидсан дүгнэлт бичих хамгийн хэцүү байдаг шиг санагддаг.
Би гэдэг хүн ажлаа бичиж эхлэхдээ дээрх заавраар биш ердөө л уншсан болоод бодсоноо бүгдийг нь нийлүүлээд бичээд байсан, эргээд уншихаар эмх цэгц муутай болчих шиг болохоор нь дахин дахин арилгаад л урагшаа алхалгүй хэдэн сар болов. Дээрээс нь бүх мэдээллийг дахин боловсруулж өөрийн үгээр илэрхийлэхэд бүр түвэгтэй. Ингэж хэсэг яваад даргадаа учраа хэлбэл, лабораторийн хамт ажилладаг хоёр оюутантай нийлж долоо хоног болгон бичсэнээ сольж уншиж бай гэдэг юм байна. Гурвуулаа бүгдийг шинээр эхэлж, дэс дараагаар нь төлөвлөгөө гаргаж, зөвхөн бичих ажлын төлөвлөгөө гаргахад гурван долоо хоног зарцуулав. Энэ гурван долоо хоногийн дотор зөндөө ихийг сурч, одоо л нэг учир зүйгээ олоод бөөн баяр. Цаана нь зөндөө ихийг хийх хэрэгтэй ч зөв эхлэл гэдэг үнэхээр чухал ажгуу. Хүүгээ одоо эхлэж байгаа болохоор хожим нь ээж шигээ будлахгүй байх гэж найднам.
Энд ирээд миний сурсан бас нэг том зүйл бол компьютер ашиглах байлаа. Анх ирэхдээ интернэтээс мэдээлэл авах, эмайл бичих, word, excell ашиглах гээд л мэддэг орос хэл дуусаа байв. Хэдэн жил ажиллахдаа статистик анализ хийх, компьютер дээр зураг схем хийх, database ашиглаж хэрэгтэй хүснэгт хийх гээд олон зүйл сурсан юм. Энэ бүгдийд хамт ажилладаг залуусаас сурсандаа олзуурхаад байгаа. Цаашдаа жижиг програм бичээд сурчихвал гээд бас их санаад байгаа. Ямар ч гэсэн элдэв хүснэгтээс хэрэгтэй мэдээллээ сонгоод шинийг хийчихтэйгээ болсон. Нөгөө мэддэг хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа гэмээр ч өөртөө бол бас нэг сурсан эрдэм.
Програм бичдэг залууст биологийн чиглэлээр ажиллахад өргөн боломж байдгийг сануулж хэлэхэд илүүдэхгүй байхаа. Сүүлийн үеийн ажлын зар харахад computer biologist авна гэсэн зар хаа сайгүй харагдах юмаа.
Tuesday, June 3, 2008
Sunday, June 1, 2008
Оньсого #38 хариу
Энэ оньсогоны хариу данх байлаа. Хикари, Саарал, Чука нар зөв таажээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.
Labels:
Оньсого
Saturday, May 31, 2008
Agricultural fair in Normandy, France
Миний харсан хамгийн тарган үхэр. Францын Норманди мужийн хөдөө аж ахуйн яармагаар явж байгаад авсан зурагнууд.
Labels:
Photo of the day,
travel
Thursday, May 29, 2008
Оньсого #38
Энэ удаад нэг ийм оньсого таалгая.
Тэмээ шиг хүзүүтэй
Гахай шиг гэдэстэй
Нохой шиг сүүлтэй
Ноён шиг жинстэй, тэр юу вэ?
Ганга эгчийн өгсөн номноос авав. Та бүхэн тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд.
Тэмээ шиг хүзүүтэй
Гахай шиг гэдэстэй
Нохой шиг сүүлтэй
Ноён шиг жинстэй, тэр юу вэ?
Ганга эгчийн өгсөн номноос авав. Та бүхэн тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд.
Labels:
Оньсого
Хүүхдийн яриа
Гадаадад өсч буй монгол хүүхдүүдийн хэлний асуудал олон эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод байгаа билээ. Миний хувьд энэ асуудалтай орооцолдоод овоо хэдэн жилийг барсан ч тоймтой үр дүнд хүрч чадаагүй л явна. Хүү маань энд анх сургуульд орсон болохоор ч тэр үү, ярих уншихдаа англи хэл түлхүү хэрэглэх гээд байдаг юм. Дараа ар гэрийн шаардлагаар монголд гурван жил болоод ярианы чадвар сайжирсан ч үгийн баялаг муутай хэвээрээ. Монгол хэл дээр ном уншдаггүйтэй нь холбоотой юм болов уу гэж бодоод байгаа. Нөгөө талаар би гэдэг хүн ажлын хойноос хөөцөлдөөд уйгагүй зааж сургаагүй буруутай хүн.
Бодоод байхад яриандаа сайн ч англи хэлийг сайн эзэмшсэн гэж хэлэхэд бас хэцүүхэн санагдана. Энд бас л нөгөө цөөхөн тооны үг хэрэглэж ярьдаг гэсэн шүүмж байнга дагаастай. Энэ нь сургууль гэр хоёрын хооронд л явж, гэрийнхнээсээ өөр хүмүүстэй нэг их харилцаад байдаггүйтэй холбоотой байж мэдэх. Эцэг эх нь ажил ихтэй үедээ гэртээ орой ирж гэрийн даалгавар, хоол унд гэсэн аж ахуйн хязгаарлагдмал сэдвээр цөөхөн үг оролцуулж яриад л унтах цаг болчихоор аргагүй юм болов уу даа. Уг нь хүүхдүүдийнхээ хэлсэн ярьсан хөгтэйг бичих гэсэн бөөн шүүмжлэл болоод явчихаваа.
Охин маань дуу дуулах их дуртай. Хэл яриа нь зүгшрээгүй болохоор зарим дууных нь үг ойлгогдогхүй ч, аяыг нь зүглүүлээд аялчихна. Саяхан ингэж дуулав:
Ээдий бийдээ бишээ
Ээжээ ааваа угааяа
Булцгар гараа үрээд хөөрхөн харагдсан гэж. Ээж аав нь угаачихмаар халтар харагдсан бололтой.
Охин амьтны зурагтай номноос пингвиний зураг харж удаан сууснаа:
- Ээжээ пингвинд шомбоо байхгүй, одоо яах уу? гэсэн.
Хүү маань багадаа машины марк сайн мэддэг байлаа. Нэг өдөр цэцэрлэг уруугаа явж байгаад олимпийн таван цагирагтай хашаа харчихаад:
- Ээж энэ ауди байна гэж билээ.
Нэгдүгээр ангид байхад нь хичээл дээр Мартин Лютэр Кингийн тухай үзэж, алдартай "I have a dream" илтгэлийн тухай ярьжээ. Хүү гэртээ ирээд:
- Ээжээ "I don't have a dream" гэхээр нь гайхасхийж:
- Яагаад гэсэн чинь
- Би таг унтдаг юм чинь гэсэн. Dream гэсэн үг зүүд, мөрөөдөл гэсэн хоёр утгаар хэрэглэдгийг мэдэлгүй будилсан нь тэр байж.
Дөрөвдүгээр ангид орсон хойноо:
- Ээжээ би монголоо санаад аа гэснээ
- Монголд бүмбүүшиг гэдэг юм байдаг тээ? (Түмбүүшиг гэдэг үгийг яагаад ч юм санаж). Жаахан байснаа
- Нэг мундаг дуучин "Хүүрий хүүрий" гэж радиогоор дуулдаг (Гүүргий гүүргий) гэв.
Монголд очоод өөрөөсөө дүү үеэлтэйгээ тоглож байгаад
- Миний дүү яг иймэрдүү чулуу олоод ир гэсэн. Манай гэрийнхэн одоо ч шоглож иймэрдүү гэж ярихаар тун дургүй, иймэрхүү гэж хэлээч гэж засдаг юм.
Хүү эмээтэйгээ утсаар ярьж байна. Эмээ нь математик дээр юу үзэж байна гэсэн чинь:
- Юу гэдгийг нь монголоор мэдэхгүй юм үзэж байгаа гэж ярихыг сонсоод дууссаны хойно нь:
- Миний хүү юу үзэж байгаа гэнээ?
- Aa, нөгөө distribution гэв. Уг нь би юу үзэж байгааг нь монголоор орчуулж өгөх гэсэн бас өөрөө монголоор хэлж чаддагүй ээ.

Monday, May 26, 2008
Нутагшсан тоть
Хааяа хүнсээ цуглуулахаар Манхаттанаас зөвхөн Hudson голоор тусгаарлагдах Нью Жэрси мужийн Edgewater гэсэн дүүрэгт очдог юм. Энд японы том хүнсний супэрмаркэт, бас органик хүнс гайгүй үнээр зардаг Trader Joe's гэсэн дэлгүүр бараг зэрэгцээд байдаг тул нэг дороос хэрэгцээтэй хүнсээ худалдаад авчих боломж, үйлчилгээ сайтай болохоор манайхаас хол ч очихдоо дуртай. Япон супэрмаркэт дотроо олон хоолны газруудтай тийм болохоор бас япон хоолонд дуртай хүнд сайхан газар л даа.
Зорьсон газраа хүрэх зам дагуу тарьсан модон дунд тод ногоон өнгийн шувуу элбэг таардаг нь бидний сониуч занг их хөдөлгөнө. Тагтаанаас арай жижиг боловч урт сүүлтэй, бас тэрхэндээ дуу ихтэй. Өнгөрсөн хагас сайнд явахдаа хэрэг болгон бууж, зураг авлаа. Машин дотроос төдий сайн харагддаггүй байсан, ойртоод харахад махир хошуутай тоть шиг шувуу байх нь тэр. Энэ нутагт халуун бүсийн тоть байх учиргүй санагдаад интэрнэтээс сонирхвол хэн нэг нь хаанаас ч юм зөөж яваад эндхийн онгоцны буудлаас алдагдсан тотийн нэг зүйл энэ нутагт суурьшиж олноор үржсэн нь энэ гэнэ.

Байгал орчин,
Сонин хачин
Sunday, May 25, 2008
Subscribe to:
Posts (Atom)