Thursday, September 25, 2008

Оньсого #48

Завгүй завгүй гэсээр оньсого таалгалгүй зөндөө удчихжээ. Одоо завсарлахгүйгээр оньсогоо таалгаад байж болох байхаа. Энэ удаад нэг ийм оньсого таалгая:

Тэнгэрээс тэлээстэй
Тэр модноос уяатай
Газраас гагнаатай
Ганц модноос уяатай, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг бүтэн сайнд коммэнтээр үлдээе. Хариуг тавих хүртэл та бүхний үлдээсэн коммэнт харагдахгүй болохыг анхаарна уу?

Tuesday, September 16, 2008

Өвөө

Цайны цагаар гэртээ ирээд хооллож суутал гар утсанд мэссэж ирэх чимээ гарав. Хэдий ийм юм болохыг мэдэж хүлээж байсан ч цээжин дотор ямар нэг ёг хийх шиг. Гэр лүүгээ залгавал өвөө чинь өөд болчихлоо, миний охин сэтгэлээ бариарай гэх ээжийн дуу.

Гурван долоо хоногийн өмнө бие нь муудаад эмч нар найдваргүй гэхэд, за даа бага л зовоосой доо гэж залбирч байсан хэдий ч зүгээр болоод босоод ирээсэй гэсэн горьдлого тасраагүй юмдаг. Наян нэг насалж амьдралын жамаар насыг элээсэн дээ гэж бодсон ч ойр дотныхоо хэн нэгийг алдахтай эвлэрэхэд хэцүү ажээ.

Миний өвөө насаараа тээврийн жолооч хийсэн буурал. Өвөөгийн тухай хамгийн анхны дурсамж мөн л түүний машины кабинаас эхтэй. Ээж аав маань сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад өвөө маань ойрхон гарахдаа намайг эмээ болоод ээж аавын минь хооронд зөөдөг байваа. Замд яваа хүн чинь дуулж зам хороодог юм шүү дээ гэхэд нь жинхнээсээ дуучин болчихсон юм шиг санаж уушигныхаа хэмжээгээр авч өгдөгсөн. Дуулж дуусаад албан ёсоор ёсолж өвөөгөө алгаа таш гэж шаарддаг байж билээ. Өвөө маань чангаар инээж байгаад замын энхэл донхолгүй хэсэг тааруулж рулиэ тавьж байгаад алгаа ташдаг байж билээ. Явж ирэхдээ хоолой сөөчихсөн байх нь элбэг. Эмээ хүүхэд хөөрөгдөж орилуулж байдаг хачин хүн шүү гээд зэмлэхэд том цагаан шүдээ ярсxийлгэж чанга гэгч нь хөхөрдөг байж билээ.

Хамгийн сүүлд хариад буцахдаа уйлан үдсэн түүнийг дандаа л уйлж байх юм. Уулзаж л таараа шүү дээ гэснээ бодохоор уур ч хүрэх шиг. Хөөрхий дөө нас дээр гараад яах ч билээ гэж бодож байсан болов уу. Ингээд бодохоор юмыг дандаа хожуу ухаарах юм даа би. Нас ахих тусам ойр дотны буурлууд маань явж сэтгэлд том том хар нүх үлдээчих юм даа.

Saturday, September 13, 2008

Том хүн болсон нь

Рестораны үйлчлэгч бид хоёрыг хараад дараагийн ширээ сулартал хорин минут болно, хүлээж чадах уу гэлээ. Бид ч хүлээе хүлээе гээд гадагшаа гарч сүүдрэвчний дор байх урт вандан сандал дээр суув. Чанх өөдөөс Abercrombie&Fitch фирмийн нүцгэн шахуу эрэгтэй хүний зурагтай томоос том сурталчилгааны самбар засах болсон хуучин барилгын ханыг эзэгнэж харагдана. Бороо зөөлөн шиврээд салхигүй байсан болоxоор нэн таатай. Нэлээд хугацааны дараа анх удаа санаа зовох, яарч сандрах хэрэггүй, тэр ч бүү хэл ямар нэг шаналгаатай бодол толгойд эргэлдэхгүйгээр хачин сурталчилгааны самбар харж суух үнэхээр сонин бөгөөд таатай мэдрэмж төрж байлаа.

Гудамжаар явах хүмүүс сүүлийн хэдэн сар Бронкст харж дассан хүмүүсээс арай өөр ганган хээнцэр санагдана. Яагаад ч юм хорвоо ертөнцийг тэс өөр нүдээр харж байх шиг эсвэл тэс өөр орчинд орчихсон юм шиг санагдах юм. Энэ миний ажлаа дуусгасаны маргааш төрсөн бодол байлаа. Амьдрал ингээд дуусахгүй ч амьдарлын нэг үе дуусч "том хүн болох нь энэ". Энэ дашрамд манайхаар зочилж, санаа тавьж байсан та бүхэндээ талархсанаа илэрхийлье.

Friday, September 5, 2008

Алимтай бялуу болоод бас бус...

Хоёр хоногийн өмнө бичсэн ажлаа хураалгаад амьсгаа авахтай болов. Хураалгахын өмнө хүн амьтан дайчилж элдэв алдаа мадаг байх вий гэж шалгаж шалгаж хураалгасныхаа дараа үзсэн өмнө нь үзэгдэж харагдахгүй байсан алдаанууд хэд хэдээрээ буржийгаад байж байх юмаа. Дахиад нэг засварлах боломж бий, тэр үед их л нарийн шалгахаас. Уг нь ажлын талаар бичье гэж бодоогүй юмаа. Юмаа хураалгачихаад жаахан завтай болонгуутаа уулзсан хүн амьтны талаар бичих гэж л ийм гарчиг тавьсан юм.

Манай дарга зуны гурван сард судалгааны ажил хийх сонирхолтой ахлах сургуулийн хүүхдүүд лабораторидоо ажиллуулах дуртай. Миний энд байх хугацаанд манайхаар лав таван хүүхэд дамжсан юмдаг. Франц гаралтай Дафни, оросын еврэй Лариса, ортодокс еврэй Питэр, нэг их шүтлэггүй еврэй Бэн, хятад гаралтай залхуу Франк гээд бүгд л хичээл номондоо сайн сониуч бөгөөд бас угсаа гарал, шашин шүтлэгээсээ хамаараад өөр өөр ааштай хүүхдүүд байлаа. Дашрамд хэлэхэд залхуу Франк ердөө ч залхуу биш, харин шаардлага өндөртэй аав нь залхуу гэдэг болохоор тэгээд үлдчихсэн хэрэг. Дафни, Лариса, Питэр нар одоо бүгд дээд сургуулийн оюутнууд болсон. Харин Бэн маань энэ жил ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд элсэн орж байгаа юм байна. Тэр өнөөдөр ээжийнхээ жороор хийсэн алимтай бялуу өөрөө хийж ирж биднийг дайлав.

Бэний эмээ манай сургуульд профессор байгаад тэтгэвэрт гарсан сүрхий хөгшин бий. Тэр эмээ ноднин жил ач хүүгээ бараг л чихдэж авчирч манай даргад тушаасан юмдаг. Сайн дураараа ирээгүй болохоороо ч тэр үү бусдаасаа арай өөр. Чинээлэг айлын хүү гэдэг нь харангуут анзаарагдана. Ноднин ирэхдээ гранж маягийн замбараагүйдүү урт үстэй, ерөнхийдөө идэвхгүй ч юм шиг хүү байж билээ. Тэгсэн хэрнээ ресторан, үзвэр гэх мэтийн сэдвээр яриа гарахад хамгийн түрүүнд оролцож, заримдаа ажил хийж байгаа хэн нэгнийг шоглож загнуулдаг байлаа. Ямар ч гэсэн бүтэн зун ажиллаад дуусах хэрд хийж байгаа ажилдаа сонирхолтой болж байгаа нь илт мэдрэгдсэн юмдаг. Энэ бас нэг талаар хүнийг голохгүй уйгагүй юмаа тайлбарлаж өгдөг даргын гавьяа гэх үү дээ.

Бэн энэ жил ахлах сургуулиа төгсөөд Сэнт Луйсын Вашингтоны их сургуульд оржээ. Үсээ богинохон засуулаад овоо намба суусан санагдав. Гэхдээ сургуульдаа энэ намар биш өвлөөс явж эхэлнэ. Тэр болтол нэгэн фото зурагчны туслахаар Израйл яваx гэж байгаа. Ирээд Нью Орлэансын үерт нэрвэгдсэн хүмүүст туслахаар сайн дураараа хэдэн сар ажиллах сонирхолтой байгаа гэж ярив. Нээрээ нэг жилийн дотор хэнэггүйхэн дүрсгүй хүү тодорхой зорилготой том эр хүн болж өссөнийг хараад бахархах сэтгэл төрөв. Тэр сургуулийн амралт эхлэнгүүт нэг найзтайгаа хамт Европоор аялаад ирсэн сониноосоо бас хуваалцав. Аялалын тэмдэглэл хөтөлж хөөрхөн вэб сайт хийжээ. Өөрөөс нь зөвшөөрөл авч амжаагүй тул энд тавихаасаа түдгэлзэв.

Хийсэн алимтай бялуу нь жигтэйхэн сайхан амттай болжээ. Манай ажлынхан ам уралдан магтаад үртэс ч үлдээхгүй хуваагаад идчихсэн. Зургийг нь авдаг байж гэж идсэнийхээ дараа санав. Бялуу идэж байхдаа хоёр жилийн өмнө манайд түр хэдэн сар ажилласан япон залууг дурсацгаав. Яагаад түүний тухай ярих болсоноо санадаггүй ээ, ямар ч гэсэн орой болгон идэх гэж байгаа хоолныхоо зургийг авдаг залуу байж билээ. Нэлээн урт хугацаанд ийм зураг авч мянгаад зурагтай болсон тэр түүгээрээ орчин цагийн урлагийн бүтээл хийх санаатай гэдэгсэн. Хүний сонирхолоо гэж. Саявтар тэр бас ирээд явсан, хоолны зураг авахаа болиод өдөр бүр иддэг тарагны саваа цуглуулдаг болсон гэнэ. Хоёр жилийн дараа тэр савнуудаа өрөөгөөрөө нэг тарааж байгаа зургийг нь авах юм байхаа. Бас л сонин сэтгэж байгаа юм шүү.

Нээрээ ойрд еврэй хүмүүсийн тухай нэлээн бичжээ. Эд нар их сонин ёс заншилтай улс. Еврэй сургуульд сурч байгаагийн хэргээр тэдний соёл түүхтэй танилцах завшаан таарсан хэрэг. Энэ талаар ажлаа дуусахаар хэдэн бичлэг хийе гэж бодоод л байна.

Thursday, August 28, 2008

Хонгилын үзүүрт гэрэл харагдав

Хоёр хүүхэд, хар хүнээсээ өөр хүний царай харалгүй хэд ч хоносон юм бүү мэд. Өнөөдөр ажилдаа очиж хүн амьтантай хүн шиг ярилцаж, амьдрал гэдэг ийм байдаг билүү гэж гайхав гэсэн. Ажлын газрын сонин, шинэхэн хов жив сонсох таатай байна лээ шүү. Одоо арав гаруй хоног гүрийчихвэл ч болчих гээд байдаг. Угаасаа тэвчээр муутай уйдамхай надад хоног ойртох тусам улам хэцүү болоод байх шиг санагдах юмаа. Яршиг ингээд хаячихъя гэж танхайрч нэг үзэв. Дуусдаг юм бол дахиж ийм юмтай орооцолдохгүй гэж нэг тунив. Сэтгэлийн хат муутай хүн нэг даваа давах гэж ная хувирч, гомдол тавьж, үглэж дуулаад ойр хавийнхаа хүмүүсийг овоо зовоогоод авлаа шүү.

Үдээс хойно ажил дээрээ очиж еврэй найзтайгаа хувь болоод хувьсгалын асуудал ярилцаж өнгөрүүлэв. Хувьсгалын асуудал тийм сонирхолтой биш. Хувийн асуудлын хувьд их сонинтой. Найз маань ч гэж уг нь надаас олон дүү залуу л даа, ёс заншлаа хатуу барьдаг, санаандаа таарах еврэй бүсгүй олж гэрлэх зорилготой нэгэн. Энэ хэдэн жил ээж аавынх нь хажуугаар би ч бас хошуу нэмж, еврэй сургуульд явдагийн хэрэг юу билээ энэ тэр гээд амар заяа үзүүлээгүй юмдаг. Жил гаруйн өмнө байна уу даа тэр намайг төгсөхөөс өмнө найз бүсгүйтэй болж, би эндээс явахаасаа өмнө тэр бүсгүйтэй нь танилцана гэж тохирсон юм л даа. Өнөөдөр харин нэг бүсгүйтэй уулздаг болоод овоо удаж байгаа, энэ бүтэн сайнд эцэг эхүүд нь уулзалдах юм гэсэн сонин сонсож баярлав. Манай хүн ч царай нь гэрэлтээд жигтэйхэн жаргалтай харагдаад сэтгэл нэг л өег. Нэг зорилго ч гэсэн миний оролцоогүй бүтэв гэж өөрийгөө магтав.

Monday, August 25, 2008

Заримдаа олон үг дэмий...

Олимпийн аварга Бадар-Ууганы сүүлчийн тэмцээнийг үзэх гэж шөнө хугасласан ч америкийн NBC суваг үзүүлсэнгүй ээ. Маргааш нь бичлэгээр боксын шигшээ тоглолт үзүүлэхдээ хятад тамирчдыг гаргаад бусдыг нь хасчихдаг юм байна. Тэр тоглолтыг үзэх гэж интэрнэтээр хайгаад олоогүй байснаа өнөөдөр Орлоо-гоос олж баярлав. Улаанбаатар телевизийн шууд дамжуулсан бичлэг байна. Ямар ч гэсэн оллоо гээд үзсэн телевизийн тайлбарлагч хамаг урмыг маань хугалж орхив. Халамцуу ч юм уу гэмээр цахиртсан чанга хоолойгоор бокс тайлбарлаж байгаа хүнийхээ урдуур ороод утга авцалдаагүй юм орилоод байх юмаа. Уг нь тэмцээн болсон танхимын уур амьсгал их сайхан байх шиг. Олон мянган хөгжөөн дэмжигчид танхимыг доргитол уухайлж, дуулж байлаа. Тэр уур амьсгалыг хэсэг хугацаанд ч гэсэн тайлбаргүй сонсгосон бол. Тэмцээний үе хоорондын завсарлагаар дасгалжуулагч тамирчиндаа юу гэж хэлэх бол гэж чих тавьсан боловч тайлбарлагч залуу тийм боломж олгосонгүй. Тэмцээнд ялах агшинд аварга маань камер уруу хараад юм хэлээд байсан тайлбарлагч бас л " Манай монголчуудын баяр хөөр үргэлжилж байна. Олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах боллоо" гэх мэт утга авцалдаа муутай юм чанга хашгираад сонсож чадсангүй. Тэр хүний сэтгэл хөдөлж баярлаж байгааг ойлгож байгаа ч сэтгүүлч, сурвалжлагч хүний professionalism (монголоор юу гэж орчуулахаа мэддэггүй ээ) гэгч огт алгаа. Заримдаа ч юу байхав тэр танхимд болж буй үйл явдалд ямар ч тайлбар хэрэггүй байсан болов уу.

Ер нь спортын тэмцээн тайлбарлах ур чадвартай улс цөөхөн байдаг юм уу даа. Миний бага байхад тэмцээн тайлбарлаж байгаа улс их сайхан илүү дутуу сул үг унагалгүй ойлгомжтой тайлбарладаг байсан санагдана. Наадмын бөх намуун дуугаар сайхан тайлбарладаг улс олон байлаа. Энэ талаар тусгай хүн мэргэшүүлж бэлтгэхгүй бол болохгүй болжээ. Эднийхнийг харж байхад алив спортын тэмцээнийг тухайн төрлөөр мэргэшсэн голдуу тамирчин байсан хүмүүс тайлбарлах нь бий. Тийм хүмүүс элдэв нарийн ширийн зүйлийг гярхай ажиглаж, арга техникийг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж чаддаг. Жишээ нь, усанд сэлэлтийн талаар сайн мэдэхгүй би тэмцээн үзэж суугаад, дүрэм журам, бассеины төгсгөлд хүрээд эргэх техник ч юм уу аливаа тамирчны гаргасан алдаа юм уу, эсвэл юугаараа илүү гэдгийг нь ойлгож авдаг. Гимнастик, усанд шумбалт, хөнгөн атлетик, бөх, бокс бүгд ялгаагүй. Тэрнээс тухайн тайлбарлаж байгаа хүний сэтгэлийн хөдлөл үзэгчдэд хамаагүй мэт. Харамсалтай нь энэ бичлэгээс ойлгож мэдэх юм цөөхөн байлаа.

Телевиз гэдэг нийтэд хүрч байгаа мэдээллийн хэрэгсэл утгаараа зөв яриа, хэллэг хэрэглэдэг байх ёстой юм шиг. Ингээд болхи, буруу ярьдаг улс гараад байхаар хүүхэд залуусын хэлний боловсролд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Энгийн чөлөөтэй хэв маяг гэдэг болхи буруу ярих гэсэн үг бас биш юмаа. Уг нь би телевизэд мэргэжлийн сэтгүүлчид ажилладаг гэж бодоод байдаг, андуурсан байх нь ээ. Илүү үгтэй хүн бас л дуугүй байж чадсангүй үглэж орхив. Энэ талаар бодож яваа хүн олон байдаг бизээ.

Sunday, August 24, 2008

Талархал

Ямар ч гэсэн дөрвөн жилд нэг удаа болдог спортын наадам болоод өнгөрлөө. Монголчууд бидний хувьд амжилт арвинтай, мартагдашгүй сайхан наадам боллоо. Хүч чадлаа дайчилж, нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийтэл баярлуулсан тамирчиддаа талархаад ханашгүй. Олимпийн аварга болсон Түвшинбаяр, Бадар-Ууган болоод мөнгөн медалиар энгэрээ мялаасан Гүндэгмаа, Сэрдамба нартаа нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, гэрээсээ хол яваа бидэнд баяр бахдал авчирсанд баярлалаа. Тэд олон залууст спортоор хичээллэх урам зориг, эр чадлын үлгэр дууриал болсон гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн олон наадамд илүү их амжилт гаргана гэж найднам.

Одоо Лондонгийн наадам хүртэл дөрвөн жил бий. Энэ дөрвөн жилд амжилтаа бататгаж цаашлаад ахиулахын төлөө улам шургуу бэлтгэж, биднийгээ дахин дахин баярлуулаарай гэж ерөөе.