Wednesday, February 16, 2011

Чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг...

Та нар ийм зүйр цэцэн үг хаа нэгтэй сонссон уу? Энэ үгийг би их залуудаа тамхи татаж баригдахдаа ааваасаа сонсож билээ, би заримдаа аавыгаа өөрөө зохиосон болов уу гэж харддаг юм. Энд би өөрийнхөө тамхи татсан адал явдлын тухай бас аавынхаа тухай бичих гэсэнгүй, харин монголын үндсэрхэг үзэлтэн гэж өөрсдийгөө нэрлээд гаднах байдлаараа нацистуудыг дуурайж явдаг хүмүүсийн тухай илүү ам гаргамаар санагдаад л...

Өмнө нь энэ тухай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан ч нэг их ойшоож тоолгүй өдий хүрчээ. Харин саявтархан даа, сонин.мн дээр байна уу, Их Британий Guardian сонинд эдгээр залуусын тухай сурвалжлага гарсан тухай мэдээлэнгээ барууныхан ер нь сүртэй тэгэж ярих юм бол хас тэмдэг чинь монголоос үүдэлтэй, тэр сурвалжлагч нь өөрөө хятад гаралтай юм байхчуулээ, хятад юм болохоороо монголын нэр хүндийг унагаахаар ийм юм бичиж байна энэ тэр гээд тэднийг өмөөрсөн утгатай зүйл бичсэн байсан юм. Хэрэгт дуртай хүн яахав уг сурвалжийг олж үзэхээр дурдсан сонины вэбсайтыг онгичвол нэг тийм фото сурвалжлага бараг жилийн өмнө гарах нь гарчээ. Зураг дээр хар цамц өмсөж, хүзүүндээ загалмай зүүсэн богино үстэй залуусын монгол үндэсний хээ угалз биш харин яах аргагүй нацистуудын улаан цагаан дэвсгэр дээр зурсан хар өнгөтэй хас ханцуйндаа зүүсэн зураг янз бүрээрээ гарчээ. Энэ зургийг үзээд дээрх үг өөрийн эрхгүй санаанд орсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нутгийн хүмүүс нацизм фашизмын хор уршгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн учраас иймэрхүү үйлдэлд эмзэг ханддаг. Нөгөө талаар фашизм гэдэг эдүгээ хүн төрлөхтөнд учирсан хамгийн эмгэнэлтэй түүхийн хэсэг, хүнлэг ёсны тэс эсрэг гажуудал байсан учраас эрүүл ухаантай хэний ч хувьд тэднийг дуурайж буй хүмүүс ойлгомжгүй, гаж харагдах нь зүйн хэрэг юм. Миний бодлоор дээрх залуус яг чухам хэнийг юуг дуурайж байгаагаа сайн ойлгоогүй улс болов уу.

Яг нарийндаа бол фашизм гэдэг монголчууд бидэнд таг хамаагүй зүйл гэж би боддог. Тэд хүмүүсийг яс угсаагаар нь ангилаад шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс бол дээд ангилалын хүмүүс, тэд гарал муутай бусдынхаа (өөр өнгөтэй хүмүүс) хувь заяаг шийдэх эрхтэй гэж үзэж байжээ. Тэр ангилалаар бид хаана нь явсан юм, юм муугаар эргээд фашизм дэлхийг нөмрөхөд бидний хувь заяа яаж эргэх байсныг хэн ч мэдэхгүй. Тийм үзлийг жанжин шугамаа болгож залсан онигор нүдтэй, бор царайтай энэ залуусыг юу хийж байгаагаа мэддэг эсэхэд итгэхэд бэрх.

Монгол үндэсний үзэл фашизм хоёр тэс өөр зүйл гэж би ойлгодог. Ярьсан хэлсэнийг нь уншаад байхад эх орон маань хятадаар дүүрчихлээ, бид чинь цөөхүүлээ шүү гээд санаа зовоод байгаа юм шиг. Ингэхээр би ч бас нээрээ тийм шүү гэж бодоод байх, харин тэс хөндлөн фашистуудыг дуурайхаар нь юу билээ гэж дотор арзасxийм. Яг цаг дээрээ тулахаар зүгээр нэг хэлбэрдэл ч юм шиг. Үнэхээр нутаг орныхоо төлөө санаа зовж, юм хийе гэж бодож байгаа хүмүүс бас ингэж явахгүй байх. Яагаад гэвэл яг ижил асуудлаар санаа зовж явдаг арай эрүүл ухаантай хүмүүсийн дэмжлэгийг хорьчихож байгаа нь үнэндээ зорьсондоо хүрье гэж огт зүтгэхгүй байгаагийн илрэл биш гэж үү.

Нөгөө талаар монголд байгаа хятадуудыг айлгаж сүрдүүлэх, зодож нүдэх, эсвэл тэдэнтэй холбоотой гэх охидын үс хуссан төдийгөөр асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Их сайндаа гэмт үйлдэл дээрээ баригдсан нэг нь нарсанд хоригдож хайран залуу насаа үрнэ, энэ хэнд ашигтай билээ. Яг нарийндаа байдал иймд хүрсэн нь авилгал авдаг эвэртэн туурайтны буруу биш гэж үү. Нэг хэсэг хятадыг айлгаад хөөлөө, гэвч ханаж цаддаггүй нэг албан тушаалтан дахиад өөр нэг хэсэг хүмүүсийг яаж ийгээд оруулаад л ирнэ шүү дээ. Харин ингэж жүжиг тавьж байхын оронд хууль тогтоогч эрхэм гишүүдийг ээрч, лоббидож хууль батлуулах шахалт үзүүлэх , дүрэм журам зөрчсөн албан тушаалтныг олж илрүүлж баримттай нь хуулийн байгууллагад тушаах ажилд зүтгэвэл арай үр дүн дээр байх болов уу. Тэгээд ч олны дэмжлэг авна шүү дээ. Муу санаалбал бараг хятадууд ийм байгууллагыг санхүүжүүлдэг болов уу гэж хардмаар.

Туйлшрал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй, тэдний үйлдэл өнөөдөр монголд тулгарч байгаа хятадын асуудлыг харин ч бүрхэгдүүлж, тэднийг хохирогч болгон харагдуулж байгаад харамсаад ч барахгүй.


Saturday, February 12, 2011

Harper Lee: To kill a mockingbird

Америкийн зохиолч Харпэр Лийгийн хэвлүүлсэн цорын ганц роман, энэ номыг хүүгийнхээ уншихад дажгүй хэмээн зөвлөсний дагуу өглөө оройд галт тэргэнд уйдаж явахаар гэж барьсанаа тавьж чадахгүй шахам уншиж дуусгав. 1930 аад оны америкийн өмнөд нутгийнхны тухай энэ зохиол зохиогчийн өөрийн бага насны дурсамж дээр тулгуурласан гэдэг. Энэ нутгийн үүх түүх боол эзэмшигч, цаашлаад арьс өнгөөр ялгаварлах үзлээр хамгийн түрүүн тодорхойлогддог. Зохиолын гол шугам бас л хар ба цагаан арьстан хүмүүсийн зөрчил. Энэ зөрчлийг жижигхэн охины нүдээр харж бичсэн болохоор хүний сэтгэлд хүрэхдээ амархан, харин эмзэг ээдрээг торгон мэдрэмжтэй бичсэн гэдэг утгаараа англи америкийн сургуулийн уран зохиолын хичээлд жишээ болгон тун нарийн судалдаг юм байна лээ.
Хүн хүнээ хүндлэх бас сайн хөрш байхын учрыг том үг хэрэглэхгүй сайхан харуулсан ном гэж хүлээж авав. Таалагдсан хэсгүүдээс дурдвал, гол баатар охин багшийнхаа Гитлерийн үзлийн бурууг тайлбарлаж байхад нь "Багш хүмүүсийг гарал үзлээр ялгах туйлын буруу гэх мөртлөө хар хүмүүсд Гитлерээс нэг их ялгаагүй ханддагийг ойлгохгүй юм" гэж боддог хэсэг... нутгийн хүүхнүүд хууль тогтоогч эрчүүд эрх тэггш үзэл номлох хэрнээ хар хүнтэй нэг ширээнд суугаад хооллодоггүй тухай хачирхан ярих яриа... охин ахтайгаа хар тогоочийнхоо мөргөдөг сүмийн цуглаанд явдаг хэсэг... бас шүүх хурал...
Романы нэрийн хувьд (mockingbird шувууны нэрийг монголоор яаж орчуулахаа мэдэхгүй тул англиар орхисон болно), mockingbird шувуу нүгэлгүй, гэнэн ариухны бэлгэдэл утгаар орсон. Бусад шувууны жиргээг дуурайдаг жижиг саарал шувуу байдаг юм гэнэлээ. Энэ шувууг алах нүгэл гэсэн яриа номонд бас гардаг.
Их дэлгэрэнгүй бичвэл өөрсдөө уншихад сонирхолгүй болчих болов уу гээд орхиё. Харин зохиолчийн тухай хэдэн сонирхолтой баримт дурдвал: Харпэр Лий энэ номоороо Пулицэрийн шагнал хүртсэн, номоо хэвлэгдсэн цагаас хойш ямар хэвлэлд ярилцлага бараг өгч байгаагүй, ер нь хүмүүсийн нүдэнд тэр бүр өртөхгүй чимээгүй амьдралаар амьдардаг. Ер нь түүний хувийн амьдралын талаар хүмүүс тун бага мэддэг, Трүмэн Капотийн багын бас хамгийн дотно найз. To kill a mockingbird бичсэнээсээ хойш хоёр ч ном бичсэн боловч өөрийн санаанд хүрээгүй тул хэвлүүлэлгүй хав дарсан гэдэг.

Friday, February 4, 2011

Анхны анхны...


Зээ та бүхэн сайхан шинэлж байна уу? Туулай жилийн анхны бичлэгээрээ та бүхэнтэйгээ золгож, шинэ ондоо амжилт бүтээл, олз омог ихтэй байхыг ерөөе. Энд тэнд гоё ерөөл их явах юм, мэддэг хүнд ч үзүүлэхээс ичмээр дамшиг даа гэдэг шиг ичмээр ч үнэн сэтгэлээсээ чадлынхаа хэрээр өргөж буй болхи ерөөлийг минь болгоон хүлээж авна уу?
Цагаан сарын шинийн нэгэнд хар үүрээр гараад харанхуй шөнөөр ирсэн ажилтай байсан тул хань ижил, үр хүүхэдтэйгээ амар тайван сууж баяраа тэмдэглэх боломж олдоогүй нь анхных... Учир нь би гэдэг хүн Глазгоу хотод амьдраад Эдинбүүрг хотод ажилладаг болсонд байгаа юм. Ажилд ороод удаагүй тул галт тэрэг болоод автобусны цагийн хуваарьт хавчигдаж амьсгаа дээр харайлгасаар өдөр хоногийг өнгөрөөж байна даа. За тэгээд анх удаа оршин суугаа хотоосоо өөр хотод ажиллаж, галт тэргэнд олон цагийг өнгөрөөж үзэж байгаа нь тэр.
Өчигдөр анх удаагаа салхинд хийсч үзэв. Нутагт маань шинийн нэгэн хаврын анхны өдөр гээд нэг л уян дулаан болчих шиг санагддагсан. Харин энд усан бороо ширүүн салхитай хачин өдөр байв. Орой ажлаасаа гарч ирэнгүүтээ хүчтэй салхинд цохиулаад гурван метр орчим хийсэв. Дараа нь галт тэрэгний буудал орох шатан дээр бүүр хүчтэй салхи таарч би гэдэг хүн хийссээр замын хашлаганаас зуурч тогтов. Тэр хашлага байгаагүй бол тэр чигээрээ хөдөлгөөн ихтэй зам уруу гүйж орчих байлаа. Хэдэн минут хэртэй хөдөлж болсонгүй, тэгэж нэг юм салхи арай зөөлрөхөд нь ум хумгүй буудал уруу явж оров. Ширүүн салхи өнгөрсөн оны тоос буртагийг сайн гөвсөн буйзаа хэмээн найдаад байна. Өнөөдөр бас л их салхитай байна, хийсчилгүй шиг яваад харих юмсан.
Аа тийм шинэ ажил гэснээс анх удаа эмэгтэй даргатай болж үзэж байна. Бодоод байхнээ намайг хариуцсан дарга, багш нар дандаа эрэгтэй байж.
Өнөө өглөө галт тэргэнд өөдөөс харсан суудлын эмэгтэй аягатай кофегоороо намайг мялааж орхисон. Үүнээс хойш аягатай юм барьсан улсаас хол сууж баймаар юм байна. Галт тэргээр бараг цаг орчим явна, юм унших цагтай боллоо гэж олзуурхаад байгаа.
Туулай жил миний хувьд иймэрхүү маягтай эхлэх шив.

Sunday, January 23, 2011

Burns night



Жил бүрийн 1 сарын 25 нд шотландчууд хамгийн хайртай яруу найрагч Робэрт Бернсийн (1759-1796) (Соронзонгийн бичсэнээр орууллаа харин шотланд аялагаар бол бараг Барнс гэмээр дуулддаг) төрсөн өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраа Бернсийн үдэш гэж нэрлэдэг юм байна.
Жирийн тариачны гэр бүлд төрж өсөөд 37 насалсан тэрбээр шотланд үндэсний уран зохиол, аман зохиолд том ул мөр үлдээсэн найрагч билээ. Түүний аав тухайн үедээ боловсролтой тариачин байж хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгохыг ихэд хичээдэг хүн байж. Тухайн үеийн ангийн ялгаатай нийгэмд албан ёсны боловсролгүй, язгуур угсаагүй тэрбээр дээдсийн бас доодчуудын аль алины хүндэтгэл хүлээсэн хүн байснаас гадна яруу найргийн романтик үеийн үндэслэгч гэж судлаачид үздэг. Түүний ихэнх бүтээл шотланд диалэктаар бичигдсэн ч англиар бичсэн шүлэг найраг цөөнгүй. Уран бүтээл туурвихаас гадна шотланд ардын дууны үгийг цуглуулж, ардын урлагийг хадгалж үлдээхийн төлөө их юм хийсэн хүн гэнэ.
Робэрт Бернсийн "Auld Lang Syne" дуу дэлхий даяар алдртай гэвэл та гайхах уу? Сайн нөхдөөс салах цагт зориулсан энэ үдэлтийн дуу өнөө үеийн шинэ оны сүлд дуулал болтлоо алдаршжээ.


За одоо зул сар шинэ жилийн дараа л орох өргөн тэмдэглэдэг баяр хэрхэн тэмдэглэдэг тухай. Зочдоо цугласны дараа гэрийн эзэн Сэлкиркийн залбиралаар үдшийн арга хэмжээг нээнэ. Энэ залбиралыг хамгийн анхны баяр дээр Сэлкиркийн гүн эвлүүлж хэлсэн гэдэг.

Some hae meat and canna eat,
And some wad eat that want it;
But we hae meat, and we can eat,
And sae let the Lord be thankit.

Залбирлын дараа оройн хоол шотландын үндэсний жороор хийсэн шөлөөр эхэлнэ. Энэ үдшийн зоогны дээд нь хагис. Хагисаа задлахаас өмнө Бернсийн бичсэн хагисийн магтаалыг хоол бэлтгэсэн тогооч хэлнэ. Хэсгээс нь оруулбал:
Fair fa' your honest, sonsie face,
Great chieftain o' the puddin-race!
Aboon them a' ye tak your place,
Painch, tripe, or thairm:
Weel are ye wordy o' a grace
As lang's my arm.

(sonsie = jolly/cheerful)
(aboon = above)
(painch = paunch/stomach, thairm = intestine)

Магтаал нэлээн урт юм билээ. Сайн ойлгохгүй ч манайхны ерөөл магтаал шиг, хэрхэн бэлтгэсэн амт чанарыг дүрсэлсэн юм байна гэж бүдэг бадаг ойлгов. Магтаал дуусахад хагисд зориулан хундага өргөнө. Хагисыг төмс болоод манжингийн нухшаар хачирлаж, шотланд вискигээр даруулна. Энэ орой аль болох шотланд үндэснийхээ хоол унд хэрэглэхийг хичээдэг юм гэнэлээ. Зоогийн төгсгөлд алдарт найрагчийн амьдрал уран бүтээлийн талаар хэн нэгэн үг хэлдэг юм байна. Түүний үлдээсэн өв, эх оронч үзэл, мэдээж уран бүтээлийг дурддаг байх. Зоог барьсаны дараа олон хүн цугласан том үдэшлэг бол бүжиг эргэнэ. Үгүй бол оройн зоог бэлтгэсэн охид бүсгүйчүүдэд зориулсан талархалын хундага гэрийн эзэн өргөхдөө тэдэнд эрүүл энхийг хүсэхэд, бүсгүйчүүд мөн хариу барина.
Зоогийн дараа Бернсийн шүлэгнээс хэлж, шүлгээр хийсэн дуу дуулцгаан найр өндөрлөдөг юм байна.

Бид энэ жил Бернсийн үдэш идэх хагис авсанаа зургийг нь тавилаа. Хүүхдүүд дуртай биш болохоор жижгэвтэрийг авсан нь энэ. Хонины дотор мах болохоор гоё л байдаг юм. Тэгээд ганц мэддэг дээр дурдсан дуугаа дуулна даа.

Saturday, January 22, 2011

Шотланд юугаараа алдартай вэ?

Энэ нутгийн тухай ерөнхийд нь жил гаруйн өмнө зочлохдоо энд бичсэн билээ. Харин одоо өөрөө оршин сууж байгаа болохоор арай ихийг мэддэг болсон гэж өөрийгөө үзээд байгаа. Таван сая гаруй хүн ам оршин суудаг энэ хүний гар хүрээгүй уул усаараа алдартай. Их Британи Умард Ирландын вант улсын хамгийн өндөр цэг шотландад байрлах Бэн Нэвис, 1344 м өндөр. Хамгийн том цэвэр устай нуур Лох Ломонд мөн л шотландад бий. Эндхийн уугуул гаэл хэлээр бэн гэдэг нь оргил, нуур эсвэл далайн тохойрсон хэсгийг лох гэж нэрлэдэг юм байна. Бидний сайн мэдэх Лох Нэс бол Нэс нуур гэсэн үг болж таарах нь.
Хэдий хүн ам газар нутгийн хэмжээгээрээ жижиг ч шотландчуудын дэлхийн түүх соёлд оруулсан хувь нэмэр их. Наад захаас нь дурдвал гольф, телефон утас, хаймран дугуй, пенициллин, парафин, аравтын бутархай болоод логаритмын хэрэглээ, цахилгаан соронзон орон, телевизор, виски, унадаг дугуй, анхны клон Долли хонь гээд хүн бүхний мэдэх бас өдөр тутмын хэрэглээ шотланд зохион бүтээгчдийн уран бүтээл аж.
Таны хувьд шотланд нутаг юуг хамгийн түрүүн бодогдуулдаг вэ?
Шотланд виски мэдээж нэлээн дээгүүр давхих биз. Эрчүүд нь килт хэмээх юбка өмсдөг, килтний тартан хэмээх дөрвөлжин хээтэй ноосон даавуу, уутан бишгүүр, хагис (хонины ходоодонд чихэж чанасан хонины дотор мах, овьёос хэмхдэс), Уолтэр Скот, Жэймс Максвэлл, Шон Коннэри, гольф... гээд бас л урт жагсаалт болно. Зав зайгаараа шотландын алдартай хүмүүс болоод түүх соёлын сониноос бичиж байхыг бодно. Харин та бүхэн миний дээрх асуултанд зав зай олдвол хариулна уу?

Thursday, January 20, 2011

Будилж дуусахгүй...

Манайх гэдэг айл энд нүүж ирээд бараг 4 сар болж байгаа ч миний будилж дуусаагүй нэг асуудал бий. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах бүртээ юу билээ гээд дахин дахин тоолох, эсвэл хаа нэг дэлгүүрт 10 паунд өгчихөөд би хорийг өгсөн гэж гүрийх тохиолдол олон гардаг юм. Хэргийн учир шотландын 3 гол банк мөнгөн дэвсгэрт хэвлэх эрхтэйд оршино. Гурван банкны шинэ хуучин дэвсгэрт оруулаад манайхны тоолсноор энд лав 5 янзын мөнгөн дэвсгэрт эргэлдэж байх. Мөнгөтэй ажилладаг бол балармаар байгаа биз.
Шотландад хэвлэсэн мөнгөн дэвсгэрт Их Британий фунт стэрлингтэй зарчмын хувьд ижил, өөрөөр хэлбэл адилхан үнэлэмжтэй, тэр бүү хэл англид гүйлгээнд орох эрхтэй ч шотландаас гадна хүмүүс мөнгөнд тун сэжигтэй ханддаг нь дасаагүй бас мэддэггүйнх байх. Том дэлгүүрүүд авах ч жижиг газар уучлаарай энэ мөнгийг авахгүй гэж хэлэх нь энүүхэнд. Харин олон улсын гүйлгээнд (онгоцны буудлын дэлгүүр, валют солих цэг гэх мэт..) шотландын дэвсгэртийг авдаггүй юм билээ. Хойд Ирландын банк бас өөрийн мөнгөн дэвсгэрт хэвлэдэг юм гэсэн.
Шотландын хорин паундын 5 өөр дэвсгэртийн зургийг оруулав.

Friday, January 14, 2011

Хүүхдийн ирээдүйн тухай хэдэн үг...

Зул сар, шинэ жил, аялал, ханиад томуу гэсээр юм бичилгүй уджээ. Толгой өвтгөсөн нэг асуудлаа хүмүүстэй хуваалцмаар санагдаад суулаа. Асуудлын эзэн манай том хүү. Хойтон жил эндхийн дунд сургууль төгсөөд дээд сургуульд элсэх ерөнхий төлөвлөгөөтэй ч наана нь шийдэх олон асуудалтай нөхөр. Их Британийн их дээд сургуульд суралцахын тулд мэргэжлийнхээ багцааг дунд сургуульд байхдаа сонгож тэр чиглэлийн хичээлээр стандартчилсан шалгалт өгсөн байх ёстой. Тэгэхээр хүүхэд 14-16 насандаа ирээдүйн мэргэжлийнхээ чигийг сонгосон байх хэрэгтэй болж байгаа юм. Миний бодлоор дэндүү эрт байх шиг. Америкт бол дээд сургуульд ороод 1-2 жил болж байж мэргэжлээ сонгодог нь таалагддаг. Яаралгүй тухайн чиглэлийнхээ хичээлд сууж үзсэн хойноо сонголт хийж байгаа болохоор өөртөө тохирсон зөв сонголт хийх магадлал өндөр гэж санадаг.
Миний санааг зовоож байгаа асуудал бол хүү маань сонголтоо баттай хийж чадаагүй яваа. Энд миний талаас үзүүлсэн шахалт бас нөлөөлдөг байж магадгүй юм. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж, тэдэнд зөв сонголт хийхэд нь тусалахыг хүсдэг байж таараа. Хүүгийн бодол өнөөдөртөө бол нэг тийм мөрөөдөл маягтай, палентологич болоод монголын говьд ухалт хийх, эсвэл археологич болоод энд тэнд малталт хийх тухай бодоод байдаг. Ийм мэрэгжил зөвхөн ухалт хийхдээ биш харин олсон харсанаа олон жилээр лабораторид судалдаг гэдгийг сайн ойлгохгүй байх шиг. Нөгөө талаар ийм төслийн санхүүжилт хэцүү. Би болохоор практик талаас нь бодож аливаа мэрэгжил эзэмшээд тогтвортой ажил амархан олдох уу, цалин хөлс ямар байх вэ гэсэн асуудал тавиад байх.
Мэдээж ажилдаа дуртай байх сайхан хэдий ч хар хүн бид 2 шиг богино гэрээгээр ажиллах нь тогтвортой амьдрал босгоход хэцүү. Наад захын жишээ хүү маань 3-4 орны сургуулийн систем дамжиж, үргэлж шинэ орчинд дасан зохицох хэрэгтэй болдог. Хүү өөрөө энэ талаар гомдоллодог ч яг цаг дээрээ тулахаар бас л бид хоёрын замаар орох гээд байх. Нөгөө талаас энэ бол хүүгийн минь амьдрал сонголтоо өөрөө хийх нь зүйн хэрэг гэж бодсон ч тэвчилгүй үг хавчуулаад орхих нь энүүхэнд.
Хүүгийнхээ сонирхолд нийцүүлж дэмжлэг үзүүлэх гэдэг хэцүү асуудал юмаа. Нээрээ дургүй ажилтай хүн бол бас амжилт гаргах магадлал бага, тэгэхээр хүслээ хөөг гэж нэг өдөр бодсоноо үгүй амьдрал мэдэхгүй энэ хүн дуртай юмаа хөөж яваад аль ч үгүй хоцрох вий гэсэн түгшүүр маргааш нь сэтгэл өвтгөнө. Бодлын зөрүүг яаж тэнцүүлэх вэ.
Би заримдаа нэг хэвийн 9-5 хүртэл цагийн ажил насан туршдаа хийгээд санаа зовох юмгүй амьдрах сайхан байх даа гэж боддог. Амжилт гаргаад цалин хөлс өндөртэй бол хүссэн юмаа хийхэд саад бэрхшээл байхгүй шүү дээ. Хобби заавал ажил байх албагүй. Харин ч эсрэгээрээ хүн дуртай юмаа хийж амардаг байвал зүгээр юм уу.
Ай хөөрхий бага хүүхэд бага асуудалтай, том хүүхэд том асуудалтай гэж үнэн үг юм. Хүү маань тун удахгүй сонголтоо хийнэ, би санал нэмэрлэхээс хүслийг нь хорьж дийлэхгүй, хүүхэд өсгөхөд тулсан хамгийн хэцүү асуудал нь хүүгийн сонголт хийхийг харж суух юм байна шүү.