Monday, April 27, 2015

Арьс арчлах талаар

Би нь тийм гоо сайхны их гоё зөвлөгөө өгөх хүн бишээ. Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнд харшилтай тул ихэнх нь хориотой. Дээр нь арьс тослог талдаа тул янз бүрийн юм гарахдаа дуртай. Надтай адилхан зовлонтой хүнд хэрэг болж магадгүй гэсэн хэдэн ажиглалт.
Надад янз бүрийн нүүрний тос будаг шунх таардаггүй. За тэгээд нүдэндээ юм хүргэвэл загатнаад сүйд болно. Дээр нь янз бүрийн үрчлээний эсрэг бүтээгдэхүүн маш хорлонтой арьс улайлгаж загатнуулдаг. Нас ахих тусам харшил улам ширүүн болж байгаа санагддаг. Нэг янзын бүтээгдэхүүн удаан хэрэглэвэл тэгээд л харшил хөдөлнө.
Сүүлийн 2 жил Францын Avene гэдэг тос хэрэглэж байгаа. Эднийх угаасаа эмзэг мэдрэмтгий арьсанд зориулж эхэлсэн юм шиг, ихэнх тос нь элдэв үнэргүй, таардаг. Тостой, хуурай, цочирсон, харшилтай гээд маш олон янзын тос байна. Уг нь Франц явахдаа нөөцөлж авдаг байсан энэ жилээс манай хажуугийн эмийн сан зардаг болсон бүр сайхан санаа амар. Дээр нь янз бүрийн жижиг савалгаатай туршилтын бүтээгдэхүүн тараадаг болохоор түрхэж үзээд авах боломжтой. Үнэ нь боломжийн, арван нэг хоёр паунд.


Тослог арьс их удаан толгойны өвчин болсон. Хайгаад явахаар тослог арьстай хүнд тохирсон чийгшүүлэгч ховор. Олдсон зарим нь дээр дурдсан шалтгаанаар таарахгүй. Тэгээд л янз бүрийн цэвэрлэгч аваад л угаагаад л байдаг байлаа, улам дордсоор. Нэг удаа харин тосны булчирхайн тухай сонин нийтлэл олж уншсан юм. Тослог арьстай хүн бусдыг бодвол арай олон тосны булчирхайтай. Булчирхай арьсан дахь тослогийг мэдэрч тос ялгаруулна. Савандаад угаах тусам улам идэвхждэг гэж байгаа. Саван ер нь болохгүй юм гэнэ. Нүүрээ савандаж угаахаа болиод хэд гурван жилийн нүүр үзэж байна. Асуудал бүрмөсөн шийдэгдээгүй ч нэг гялайгаад эсвэл юм гараад байх нь гайгүй болсон. Харшилтай арьсанд зориулсан чийгтэй алчуур бас цэвэрлэгч шингэнээр арчаад хангалттай.



Тослог чийгшил хоёр хоёр өөр асуудал. Тослог арьсанд чийгшил хэрэгтэйг анхаарах хэрэгтэй байхаа.

Wednesday, April 22, 2015

Таргалалт


Нэг хэсэг цахим хуудсуудаар Японд тарган хүнийг өөрийгөө удирдаж чаддаггүй гэж үздэг учраас дарга болгодоггүй гэсэн утгатай бичвэрүүд нэлээн их үзэгдэж билээ. Япон орны хувьд жингийн илүүдэлтэй хүн маш цөөн (3.5%) бөгөөд дээрх дүрэм үнэхээр хэрэгждэг бол маш цөөхөн хүн хаалганы гадна үлдэх аж. Харин энэ дүрмийг дэлхий даяар хэрэгжүүлбэл 2014 оны байдлаар нийт хүн амын 39% буюу 1.9 тэрбум хүн удирдах албан тушаалд суух боломжгүй болох ажээ.  Манай орны хувьд ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс 2009 онд явуулсан "Халдварт бус өвчний эрсдэлийн хүчин зүйлсийн судалгаа" хүн амын 39.8% нь илүүдэл жинтэй, 12.5% нь тарган гэж мэдээлсэн байх юм. Таргалалт сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд хоёр илүү дахин нэмэгдсэн, мөн цаашид ойролцоо хурдаар нэмэгдэнэ гэж үзвэл манай улсад удирдах ажил хийх хүний нөөц асар хурдан багасах нь харагдаж байгаа биз.

Thursday, April 2, 2015

Логиктой тайлбар байна уу та минь ээ?

Бурхан Халдунд гарахыг завдсан хэдэн өвөрлөгчдийн дуулиан тэр бүр сонирхож байгаагүйг бодогдуулав. Би бол шүтлэггүй хүн, багадаа шашны боловсрол олж байгаагүйнх дараа нь мэрэгжил эзэмшсэн хойно шашин шүтлэг миний итгэл үнэмшилтэй зөрчилдөөд байдаг юм. Гэхдээ бусдын шүтэх эрх, шүтлэгийг хүндэтгэдэг тийм ч учраас гарч болдоггүй уул овоо уруу нь гарах гээд зүтгээд байдаггүй. Интэрнэтээр энэ тухай хүмүүсийн бодол санааг харж байхад хоёр хуваагдсан байдалтай. Нэг хэсэг нь Чингис хааны зарлиг учраас эмэгтэй хүн ба харийн хүн энэ ууланд гарч болохгүй гэнэ. Нөгөө хэсэг нь орчин үеийн нийгэмд яс үндэс, хүйсээр ялгаварлах нь буруу, энэ уламжлал орчин үеийн хуультай хөл нийлэхгүй байна гэж үзжээ. Эхний хэсэг өвөрөгчдийг сөгдүүлсэн арга буруу ч зөв санаатай улс гэж дүгнэсэн байхад дараачийн хэсэг зүгээр л танхай балмад хүмүүс гэж дүгнэж. Эндээс хараад аль аль талынсанаанд нийцүүлчих шийдэл байж болох уу гэж баахан бодлоо.

Манайд зөвхөн Бурхан Халдун ч биш ер нь эмэгтэйчүүд гарах хориотой гэсэн уул овоо олон л доо. Чухам яагаад гэдгийн тайлбар их бүдэг бадаг. Сая хүмүүсийн маргааныг сонсож байхад хэд хэдэн тайлбар дурдагдсаныг өөрийн бодолтойгоо сийрүүлбэл:

1. Тахилгатай уул овоон гарах эмэгтэй хүний биенд муу
- Хүмүүсийг айлгах гэсэн санаа байх. Саудын Арабын том лам хүн эмэгтэй хүн машин барих өндгөвчинд нь муу гэж дуулиан тарьж байсныг санах хүн байгаа л байх. Ямар ч гэсэн итгэхэд бэрх тайлбар. Батлахын тулд эмэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн том судалгаа хийх хэрэгтэй байх.
2. Дээр үед хаад ноёд гадаад эхнэртэй байсан учир нууцаа ууланд гарч ярих гэж ийм дүрэм зохиосон.
- Логикийн хувьд байж болох хувилбар. Тийм бол энэ дүрэм өнөөдөр шаардлагагүй болсон байна гэдгийг анхаарах нь зүйтэй. Тухайн цаг үед хэрэгтэй байсан дүрэм одоо хэрэггүй болсон учир өөрчилж болмоор.
3. Эмэгтэй хүн гарвал тахилгатай уул бузартана.
- Энэ нөгөө мухар сүсгийн асуудал байх даа. Эмэгтэй эрэгтэй хүмүүс хүн төрөлөхтөний түүхэнд зэрэгцэж оршсоор ирсэн. Эмэгтэй хүн эр хүнээс илүү бузартай гэдэг санааг ойлгодоггүй. Эрт дээр үед олон нийгэмд ийм үзэл байсан л юм билээ. Тэрийгээ голдуу эмэгтэй хүний сарын тэмдэгтэй холбож тайлбарладаг. Жирэмсэн болоогүй шинж учраас шийтгэж байсан нь тэр юм болов уу тээ. Энэ миний хувьд хамгийн логикгүй тайлбар.
4. Ноднин тахилгатай ууланд гарсан эмэгтэй хүний дотуур хувцас лефчик хаяцан байсан.
- Эмэгтэй хүн болгон явсан газар болгондоо хувцасаа тайлж хаяад байдаггүй биз дээ? Надад харин энийг их энгийнээр тайлбарлаж болох юм шиг. Санаатайгаар эмэгтэйчүүдийн муу муухайг харуулах гэсэн оролдлого байх. Ууланд гараад хог новш хаядаг эрчүүд байж л байгаа ш дээ. Үнэхээр муу хүн байгаад тэгсэн байг, тэгвэл зөвхөн энэ хүний үйлдлээр бүх эмэгтэйчүүдийг хэмжиж болох уу?

За өөр мэддэг тайлбар энэ тэр байвал сэтгэгдлээр үлдээгээрэй. Миний бoдолоор зөв тайлбарыг нягталж хэлэлцээд орчин үеийн хуулинд таарсан дүрэм журам хийж болно гэж үзээд байгаа. Үнэхээр гадныхан тийм эмзэг сэдэв бол онгоцны буудал зочид буудлуудад энэ тухай аятайхан тайлбарласан товхимол хэвлээд тарааж болно. Бусдын уламжлалыг хүндэтгэх нь соёлтой хүмүүсийн шинж, мэдээлэл сайн байхад заавал тийш авиръя гэж зүтгэх хүн гарахгүй л байх. Тэрнээс мэдээгүй нэгнийг барьж авч бах таваа хангах бол дэмий л юм.
Тэгээд дүрэм журам гардаг юм бол бүгдэд хүртээлтэй баймаар. Яагаав Бурхан Халдунаас шороо авчирсан тул төрийн өргөөнд гал асаахад эмэгтэй гишүүд орж болохгүй гээд байснаа даа? Дараа нь Тайландын ерөнхий сайд эмэгтэй ирээд ороод бүр гал хүртэл асаагаад байсан. Тийм шог дүрэм бол хэрэггүй. Ингэх юм бол хэн ч дагaж мөрдөхгүй ш дээ. Хөөрхий энэ талаар дуугарсан Занаа гуай л баахан муугаараа дуудуулаа биз дээ. Сэтгэлийн хөөрлөөр биш хуульч түүхчид нь сайн судалж байгаа ийм байж болох юм гээд санаачлага гаргахад юу нь болохгүй гэж.
Дараагийн асуудал тэр харийн гээд байгаа нь чухам хэнд хүртээлтэй вэ? Монгол хүн гэдгийг монгол пасспорт нотлох уу? Эсвэл монгол угсаатан байх юм уу? Монгол угсаатан гэвэл өвөрмoнгoлчүүд орох юм биш үү? Халимагийн Илюмжинов ирээд Бурхан Халдунд гарсан л гэдэг тэр өвөр монголчуудаас илүү монгол хүн үү? Энийг хэн тогтоох юм бэ? Үнэхээр тийм бол тэр журмандаа заагаад өгөх хэрэгтэй ш дээ, халимаг хүн болно, өвөр монгол болохгүй гээд. Инээдтэй харагдах байх даа.

Олон оронд янз бүрийн уламжлал байдаг даа. Манайх ийм түүхтэй улс юмаа ингээд ийм уламжлалтай болсон юмаа гээд. Тэр тайлбар нь логиктой бол сонин сайхан. Харин эмэгтэй хүн уул бузарлах учир гардаггүй гэхээр тийм л юм. Нөгөө талаар нэг ийм хууль баталчихсан чинь гарал үүсэл, хүйсээр ялгаварлахгүй гэсэн үндсэн хуультай зөрчилдөөд байвал яах вэ?
Эртний уламжлалаа хамгаалахын тулд хүмүүнлэг тэгш эрхтэй нийгмээс ухрах уу? Тийм улсууд байж л байна. Миний бодлоор эмэгтэйчүүдийн эрхийг сайн баталгаажуулж чадсан улс орнууд баян бөгөөд сайхан амьдралтай харагдах юм байна ш дээ. Тод жишээ нь скандинавийн орнууд. Эртний уламжлалаа сахиж суугаанууд нь ямархууг харж л байгаа байх. Афганистан, Пакистан гээд. Тэгэхээр бид аль замаар явахаа сонгох хэрэгтэй л болох юм байна даа.
Хэрвээ сонгох цаг өнөөдөр бол та аль замыг сонгох вэ?

Friday, February 27, 2015

Amour (2012)


Манай гэрийнхэн намайг нээх гунигтай хар бараан кинонд дуртай гэдэг. Ер нь их юм бодогдуулсан хүнд кино үзэх гээд байдаг нь үнэн л дээ. Өчигдөр ийм кино зурагтаар гарлаа. Австрийн Майкл Ханэкэ гэдэг найруулагчийн франц хэл дээр хийсэн кино юм байна. Олон жил ханилсан хөгжмийн багш хос. Нас өндөр, ганц охин нь хол амьдардаг, эхнэр нь цус харваад биений нэг тал нь мэдээгүй. Нөхөр нь асарна. Нээрээ л жинхэнэ бас агуу хайрын тухай кино. Яагаад ч юм кино урлагт ялангуяа холивүүдийн кино хайр гэдгийг дэндүү хялбарчилсан санагддаг болсон байна лээ, насных юм уу бүү мэд дээ. Зах зээлд захирагдаж массад таалагдсан кино хийдэг болохоор тэр биз. Харин европчууд улсаас санхүүжилттэй жинхэнэ урлаг талаас нь хийсэн сайхан кино овоо хийдэг санагддаг. Хүний амьдрал ихэнхдээ л ер бусын үйл явдлаас холуур ш дээ. Харин тэр энгийн амьдралыг хэрхэн амьдарч байгааг гоё гаргаж үзүүлсэн кино гоё.
Нээрээ ингээд хөгшрөөд, ингээд хүний асрамжинд орвол яах билээ гэх мэт маш их зүйл бодогдуулсан шүү. Хайр гэдэг цэцгэн баглаа хайрцаг шоколаднаас арай цаагуур гүнзгий эд гэдгийг үзүүлсэн байна лээ.

Wednesday, February 25, 2015

Хүчирхийллийн төлбөр өндөр

Өнөөдөр ямар аймаар зүрх өвдмөөр асуудал гараваа. Миний жаахан охидоос ялгаа юу билээ гэж баахан үймрэв. Энэ бол хувь хүний сэтгэлийн хөдлөл юм. Чухам ийм сэтгэлийн хөдлөлөөр өмнө нь бас хүчирхийлэлд өртсөн жаалуудад туслах хөдөлгөөн өрнөж олон залуус оролцсон гэж харж байсан юм байна. Мэдээж энэ бол сайхан хэрэг, гэхдээ өнөөдөр асуудлыг арай цаагуур нь ухаж бодож үзвэл яасан юм гэж бодлоо л доо.

Би өнгөрсөн жил хүүхэд бага насандаа ямар нэг сэтгэл зүйн цочролд орох том болсон хойно ямар үр дагавар үлдээдэг вэ гэсэн судалгаанд оролцсон юм. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд финляндчууд бага насны 70000 хүүхдүүдийг аюулаас холдуулж швед дани уруу явуулж байсан гэдэг. Скандинавийнхны нэг сайн чанар гэх үү, тэд ямарваа нэг үйл явдлын бүртгэлийг маш чамбай хийдэг нь өнөө олон судалгаанд маш их хувь нэмэр болж байгааг дурдах хэрэгтэй байх. Тэгээд тэр цагаас хойш олон жилийн хойно швед уруу явуулсан хүүхдүүдийг олж тэдэнд эрүүл мэнд, сэтгэл зүйн үзлэг хийсэн гэж байгаа. Үзлэгийн үр дүн эцэг эхээс нь салгасан хүүхдүүд том болсон хойноо сэтгэл зүйн эмгэгт өртөх, архи тамхи, эмэнд донтох нь ижил насны гэртээ үлдсэн хүмүүсийг бодвол элбэг, шүлсэн дэх кортизолын хэмжээ өндөр байсан байна. Цаашлаад  тэд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал илүү өндөр байсан нь тогтоогдсон. Үүнтэй төстэй үр дүн бага насандаа хүчирхийлэлд өртөх, эцэг эхийн салалт, эцэг эхийн анхаарал сул, хайхрамжгүй байх, айлд өргүүлэх гээд олон тохиолдолд гардаг. За за бага юм чинь санах ч үгүй гэсэн тоомжиргүй хандлага хүмүүст ажиглагддаг. Хүүхэд өөрөө том болоод санахгүй ч таагүй үйл явдал сэтгэл зүй, бие махбодийн хувьд томоос том ул мөр үлдээгээд явдаг байх нь. Энэ ул мөр эрэгтэйчүүдэд илүү тод үлддэгийг бас дурдах хэрэгтэй байхаа.

Ингээд бодохоор өнөөдөр манай нийгэмд байгаа олон үзэгдлийн зарим хэсэг нь бид үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэхээс шалтгаалах нь. Өнөөдөр манай хүн амын дотор архидалт, ямар нэг юманд донтолт, амиа хорлох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ нь эрчүүдэд бүр олон тохиолддог. Ядууралтай холбож тайлбарлаад өнгөрөх нь бий. Гэхдээ зөвхөн ядуучуудад л ийм золгүй тохиолдол таараад байна уу гэвэл үгүй ш үү дээ. Хүүхдийн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн аль ч давхаргад гарч байна.

Зүгээр судалгаанд биш өөрийн ажиглалтанд тулгуурлаад гаргалгаа хийе л дээ. Гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед олон мянган буриад харчуул үрэгдсэн. Энэ бүлэг өнөө ч архи их уудаг гэсэн тодотголтой, ямар нэг холбоо байх уу? Түшиж тулах аав нь, өвөө нь, авга нагац нь яваад өгөх тухайн үеийн бага насныханд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байх уу? Тэр улс өсөөд бас л амьдралд хөлөө олох хэцүү дээр үр хүүхдэд нь бас нөлөөтэй.

За бүр наад захын жишээ, жаахан хүүхдээ өмдөндөө шээчихээр нь алгадаад авах энүүхэнд, тэрийг нэг их буруу зүйл гэж үзэхгүй. Одоо ямар болсон юм, намайг хүүхэд байхад эрэгтэй хүүхдийг чанга хүмүүжүүл гэсэн номлол явдаг байлаа. Чанга гэдэг нь зодуур үзүүл л гэсэн үг. Нэг хэсэг хүүхдээ орхиод гадаад явсан эцэг эх маш олон байлаа. Манайхан эрт гэрлэж хүүхэд гаргадаг тэр хэрээрээ гэр бүлийн салалт цөөнгүй тохиож, хүүхдүүд ээж аав аль нэгнээс нь хагацана. Нэг гэрт орж хүүхэд гаргахдаа албан ёсоор гэрлэдэг нь хэчнээн байдаг юм, нэгэнт гэрлэлтийн батлах үгүй бол орхиод явсан нэг нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага бараг үгүй. Энэ бүхний төлбөрийг энэ хүүхдүүд тэдний хүүхдүүд хийнэ. Эндээс гарах гарц бий юу?

Хуулийн хэрэгжилт байхгүй гэдэг хамгийн том зовлон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хууль хүчнийхэн оролцохоор хохирогч давхар хохирдог нэг зовлон бий. Хүчирхийлэлд өртөх магдлалтай, өртөж байсан хүүхдүүдийг хянаж ажиж байх тогтолцоо хэрэгтэй байх. Энэ хэрэгжих бас л хэцүү. Цэцэрлэг сургуульд явдаггүй, эмнэлэгт бүртгэлгүй хүүхдүүдийг яаж хянах вэ? Дээр нь хүмүүсийн айл гэрийн хэрэгт оролцохгүй гэсэн нэг тийм үзэл байх. Бид өөрсдөө хөршийнхөө хүүхдийг өөрсдийнхөө үр хүүхдээс ялгалгүй үзэж, чих тавьж, өөрөө оролцохгүй ч асуудал хурцдах үед ядаж цагдаа дууддаг болчихвол ч. Яахав овоо хэдэн тохиолдолд хүмүүс оролцож, хүүхдүүдийг аварсан байдаг. Дараа нь тэр хүүхдүүдийн хувь заяа яаж эргэсэн бол?

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг салгаад хэний асрамжинд өгөх вэ? Энэ талаар дүрэм журам хэр байдаг юм бол? Барууны орнуудад foster айлууд байдаг юм билээ. Төгс сайхан систем бас биш л дээ, гэхдээ үүнээс өөр илүү сайн шийдэл бий юу?

Хүчирхийллийн хор уршгийн тухай их ярьж, бичмээр хэрэгтэй байх. Энэ чинь болохгүй юм шүү гэж таниулж, тийм л байдаг гээд дөжирсөнийг бишээ гэж хэлж өгөх ёстой байх. Ядаж сургууль багшаас эхлээд хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандаж, зөв орчин ямар байдгийг үлгэрлэж үзүүлмээр. Өөр яамаар ч юм бэ дээ?


Thursday, February 19, 2015

Америк, Британи професcорын ялгаа

Охин маань ой хүрэх дөхөж л явна. Царайгаа төв болгож хөмсөгөө зангидаж байгаад дуу аялах, хүн лүү дүрсгүй царайлж байгаад хэлээ гаргах гээд олон л юм сурч байна. Амархан юмаа. Живх солих, хооллох, тоглохын завсар цаг хугацаа харавсан сум шиг. Ирээд жил болоогүй байж хүмүүсийн сэтгэл зүрхэнд томоос том зай эзлэх жаахан охиноо бодохоор л өөрийн эрхгүй инээмсэглэх нь би. Одоо тэгээд ажил төрөл бодох цаг дөхөж л байх шиг байна.
Хөгшин хүн чинь голомхой болдог юм уу, санаанд таарсан ажлын зар ховор гарах юм. Хэд хоногийн өмнө болчихмоор ч юм шиг зар олж харлаа. Үгүй яахав, миний ажиллаж байсан сэдэв яг таг биш ч үзээд алдъя гээд өргөдөл бичиг баримт бүрдүүлэх юм боловоо. Гэнэт яг энэ сэдвээр ажиллаж байсан америкийн том професcор таньдагаа санав. Энэ хүнээр тодорхойлолт гаргуулаад гэсэн шүү юм бодоод нөгөө хүнээ гүүгэлдсэн, бүүр хүрээлэнгийн захирал энэ тэр болоод суга дэвшээд алга болж. Долоо найман жилийн өмнө л хамтарсан төсөл дээр ажиллаж байсан намайг одоо санахгүй биз гэж бодсон ч гомдлын мөр намайг санаж байна уу, тодорхойлолт хийгээд өгөх арга байна уу гэсэн шүү хэдэн мөртэй эмайл бичээд явуулчихав. Явуулаад хоёр минут ч бололгүй л, үгүй энэ чинь саналгүй яахав, тодорхойлолтыг дуртайяа бичиж өгнө гэсэн хариу ирдэг гэж байгаа. Уг нь америкчууд ийм л дээ. Том жижиг гэлгүй шуурхай, холбоо барих амархан. Би нь эндхийн зиндаархсан системд бас нэлээн дассан бололтой юмаа.
Кэмбрижэд манай төслийн удирдагч професcор нарийн бичгээр дамжуулж харьцдаг хүн байлаа ш дээ. Эмайл бичихэд дамжуулъя гэсэн нарийн бичгийн хариу эхлээд ирэх. Дараа нь Эдинбүргэд ч гэсэн нарийн бичгээр дамжуулж, цаг маг авч бөөн юм болж байж нэг юм уулзана. Олон саад даваа байдаг болохоор янз бүрийн асуулт, хүсэлт тавихаасаа цааргалаад байдаг болчихдог юм билээ. Энэ тал дээр америкийг санах юмаа.
Энд ирсэн хойноо удирдагч багшаа нэг их үнэлж ойлгож энэ тэр. Юмыг өнгөрсөн хойно нь ухаардаг хүний араншин. Багш миньдээ гээд сайхан үг хэлж байхгүй гэж заримдаа боддог юм. Тэр үед ч багш ингэх л ёстой гэж боддог байлаа. Хөөрхий одоо болтол миний тодорхойлолт бичдэг ажлаас салаагүй. Миний тухай сайн юм дуулахаараа, их баяртай байна гэж ирээд л эмайл бичдэг юм. Бас нэг төвийн захирал, професор энэ тэр болоод дэвшчихсэн, одоо нээх том лаборатори удирддаг байж. Багштайгаа уулзаад нэг сайхан үг хэлж баярлуулахсан.

Wednesday, February 18, 2015

Сайхан шинэлээрэй

Уншигч та бүхэндээ сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе. Манай гэр бүлийн хувьд морин жилд бүл нэмээд баяртай үйл явдал олон тохиосон сайхан дурдатгал үлдээжээ. Хонин жил түүнээс илүү сайхан байгаасай. Энэ цагаан сараар шотландад байгаа монголчууд цуглаж золгоно гээд хэрэндээ догдолж сууна.