Tuesday, March 22, 2016

Үсний хагнаас салах арга бий юу?

(Түрүүний ББС цувралын үргэлжлэл)
Үсний хаг гэж юу вэ? Хүний арьс гуужих циклтэй. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа арьсны хамгийн гаднах даврхааны эсүүд үхжиж, хатаж гууждаг. Үсний хаг болохоор энэ арьс гуужих цикл хэт хурдан болсоных юм. Үүний учир шалтгаан нь  Malassezia globosa хэмээх мөөгөнцөр болно. Энэ мөөгөнцөр хүн бүхэнд бий, эсний тосоор хооллох энэ мөөгөнцөрт нийт хүмүүсийн 50 хувийнх нь дархлааны систем хариу үйлдэл үзүүлсэнээр арьс гуужих явц хурдасдаг гэнэ.
Хагийг бүрэн үгүй болгох эмчилгээ одоогоор байхгүй. Хагтай хүмүүс ерөнхийдөө гурван төрлийн шампунь хэрэглэдэг. Дээрх мөөгөнцрийн эсрэг Nizoral гэх мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй химийн бодис агуулсан шампунь байна. Энэ нь мөөгөнцрийн тоог цөөрүүлж, арьс гуужих явцыг удаашруулдаг. Гэхдээ байнга хэрэглэхээр дасдаг тал бий.
За нүүрсний бохь агуулсан Neutrogena фирмийн шампунь байдаг. Энэ нь арьс гуужих явцыг удаашруулах үйлчилгээтэй. Гэм нь цайвар үстэй хүний үсийг улам гандуу болгох үйлчилгээнээс гадна таатай бш үнэртэй. Салицилийн хүчил агуулсан шампунь илүү их өргөн хэрэглэгддэг ч мөөгөнцөр, арьс гуужилтанд ямар нэг нөлөөгүй зүгээр гуужсан хагийг л зайлуулах үйлчилгээтэй гэнэ.Хагийг агаарын бохирдолт даамжруулдаг бол нарны UV туяа бууруулдаг юм байна. Харин тосоор хооллох мөөгөнцрөөс болдог тул янз бүрийн тос хуйхандаа түрхээд нэмэргүй. Эмчилгээг дээрх олон хэдэн төрлийн шампунийг сэлгэж хэрэглэх маягаар тогтоож барих нь илүү үр дүнтэй гэв.
Нэвтрүүлэгтэй холбоогүй ажиглалтнаас нэгийг дурдвал; намайг багад эмээ маань үсэндээ тараг түрхэхийг зөвлөж байсан. Тараг, тарган дах бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул бас дажгүй үр дүнтэй байдаг гэж санадаг.

Saturday, March 5, 2016

Март дөхсөн тул

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг марталгүй, утга учиртай тэмдэглэж өнгөрөөх ёстой өдөр гэдгийг та нар минь санаарай даа. Эдний Independent гэдэг сонинд Март дөхсөнийг тохиолдуулж нэг ийм нийтлэл гарсан байна. Тоо баримтыг нь товчлон оруулав:
1. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг нь амьрдалынхаа туршид ямар нэг хүчирхийлэлд өртдөг.
2. Насанд хүрээгүй охидын 10% нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг.
3. Нийт бичиг үсэггүйчүүдийн гуравны хоёр нь эмэгтэй.
4. Дэлхийн бүх парламентийн гишүүний 20% нь л бас дэлхийн 19 орны төрийн тэргүүн нь эмэгтэй.
5. Дэлхийд тэргүүлэх 500 компанийн дөрвөн хувь нь эмэгтэй даргатай.
6. Дэлхийн хамгийн баян 500 хүний 55 нь эмэгтэй.
7. Яг өнөөгийн хурдаар бол 118 жилийн дараа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа үгүй болно.
8. Хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь гэр бүл дотроо шийдвэр гаргахад орлоцох эрхгүй.

Wednesday, February 10, 2016

Сар шинийн мэндээ

Та нар минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Цахим хуудсаар дүүрэн гоё дээлтэй, гоё хүмүүсийн зураг үзэж, даган баясаж сууна даа би нь. Битүүн, шинийн нэгэнд хэдэн бууз хийж идээд, хүүхдүүддээ гарын бэлэг өгөөд, хол суугаа бид бол цомхон л ёслох. Шиний нэгэнд хүмүүс шуугиад байхаар нь Баасанжав гуайн оролцсон 100 эрхэм нэвтрүүлгийг үзээд хавьд л тэгэж сэтгэл хөдлөөгүй, сэтгэлийн мухар дах олныг хөдөлгөж, баахан мэлмэрүүлэв. Зүгээр тэр хүний сайхан муухайд биш, ярианы үнэ цэнэ гэдэг бас чухал юмаа. Тэр хүний яриа бүрлээч болсон аав, эмээ, өвөөг бодогдуулж сайхан мөртлөө хэцүү олон дурсамж авчрав.
Жиргээ, нүүр номоор бид энэ хүнээс сурах юм их гээд л шуурч байна. Миний бодлоор тэр хүний ухаан туулсан амьдрал, үзсэн зовлонгийн хэмжүүр биз. Соёлын хувьсгалыг даваад гарсан хүний үзсэнийг мань мэт зах сэжүүрт нь хүрэх ч аргагүй айхавтар амьдрал бий дээ.
За тэгээд манайхаар орж гарч, эрээчсэнийг минь уншиж, санаа бодлоо хуваалцдаг хүн бүхэнд ирж буй бичин жилдээ эрүүл энх байхыг хүсье дээ. Бие эрүүл бол бусад нь тэгээд болно шүү дээ хө.

Saturday, January 30, 2016

Trust me I'm a doctor (BBC)

BBC ийм нэртэй цуврал сонирхолтой цуврал нэвтрүүлэг хийж, эрүүл мэнд, биеийн тамир дасгал хөдөлгөөн, хоол хүнс, эмийн хэрэглээ, согтууруулах ундааны нөлөө гэх зэрэг асуудлаар анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, нээлт дээр тулгуурласан тайлбар, зөвлөгөө өгчээ. Уг нэвтрүүлгийн албан ёсны хуудас энд. Клипийг нь Их Британиас өөр улсад байгаа хүмүүс үзэж болохгүй бол Chrome браузерийн Hola better internet гэсэн апп ашиглаж болох юм байна.
Хамгийн сонин санагдсан зарим мэдээлэл, зөвлөгөөнөөс сийрүүлбэл:
1. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биеийн өөхөн эдийн хувь өөр учраас бодисын солилцоо, энергийн зарцуулалт бас өөр. Нэвтрүүлгийн явцад дасгал хоолны өмнө хийх, хоол идсэний дараа хийхэд энергийн зарцуулалтын ялгаа хэр байхыг үзэхээр нэлээд хэдэн хүн оролцсон туршилт хийв. Эндээс эрэгтэйчүүд хоолны өмнө харин эмэгтэйчүүд хоол идсэний дараа биеийн тамир дасгал хийхэд энергийн зарцуулалт өндөр байна гэж дүгнэсэн байна. Энэ урд өмнө хэвлэгдэж байгаагүй шинэ ажиглалт болсоныг нэвтрүүлэгт дурдав.
2. Ижилхэн хоолны дэглэм барьж байгаа мөртлөө зарим нь тураад зарим нь турах бүү хэл бүр жин нэмэх тохиолдол бий. Энэ хувь хүний онцлогт таарсан эмчилгээ (personalized medicine) шаардлагатайг ямар нэг хэмжээгээр харуулж байгаа хэрэг. Хүний хоол боловсруулах эрхтэн, системд 3 триллион давсан тоотой бичил биетэн амьдардаг (бидний биеийн эсийн тоо ойролцоо). Чухам эдгээр бичил биетний тоо төрлөөс тухайн хүний бодисын солилцоо ихээхэн хамааралтай болохыг сүүлийн хоёр гурван жил их ярьдаг болсон. Израйлийн Уайзман Хүрээлэнгийн судлаачид гэдсэн дэх бичил биетний тоо төрөл тухайн хүн ямар нэг хоол идэхэд инсулиний хэмжээ хэт их өсөх үгүйд нөлөөлдөгийг тогтоосон бөгөөд үүндээ тулгуурлан хувь хүнд тохирсон хоолны дэглэмийн зөвлөгөө өгдөг гэнэ. Тэгэхээр хэн нэгний турсан дэглэм танд тохирохгүй байж болно, хүн бүрт таарах жор гэж үгүй.
3. Жимд машин дээр дасгал хийснээс гадаа гүйх нь илүү сайн. Жигд хурдтай машин хүний үе мөчинд таагүй бол гадаа гүйж, явж байгаа хүмүүсийн хурд тогтмол биш байдаг нь энергийн зарцуулалтыг нэмэхээс гадна сэтгэл санаанд гадаа дасгал хийх нь илүү тааламжтай гэнэ (харин монголд өвөл гадаа гүйх тийм сайн нөлөөтэй байж чадахгүй болов уу?).
4. Шинэ жил гарангуут бид энэ жил идэвхтэй байна, турна гэх мэт амлалт авдаг ч тууштай хэрэгүүлж чаддаг хүн цөөн. Энэ нэвтрүүлэгт сайн дурын хэдэн хүнийг 3 бүлэгт хуваагаад, эхний бүлгийнхэнд биеийн тамир, дасгал сайн гэх мэт ердийн олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөмж өгч, хоёр дах бүлгийнхнийг нэг баг учраас нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж, харин гурав дах бүйлгийнхнийг хэн нь илүү идэвхтэй байж чадах вэ гэж уралдуулсан байна. Хоорондоо уралдсан гурвадугаар бүлгийнхэн хамгийн их жин хасчээ. Дараа нь нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн багийнхан хоёрт, ердөө зөвлөмжөөс өөр дэмжлэг, сэдлэг үгүй байсан багийнхан сүүлийн байранд оржээ.
5. Богино долгионы зууханд хоол болгох, халаах муу гэсэн мэдээ, зөвлөгөө цахим хуудаснуудад их харагддаг. Үнэхээр муу юу гэдэг асуулатнд хариулахын тулд олон төрлийн хоолыг богино долгионы зуух, зүгээр гал дээр халааж болгосны дараа шинжилж үзсэнийг энд бас харуулсан. Богино долгионы зуух усны молекулыг түргэн хөдөлгөөнд оруулж, чичиргээ үүсгэж халаадаг. Туршилтын дүгнэлт богино долгионы зуух, ердийн зуухан дээр халаасан хоолонд том ялгаа байхгүй. Зарим уураг болоод амин дэм дээрх хоёр аргаар халаахад хоёуланд нь задардаг нь тухайн уураг амин дэмийн шинж чанар юм гэсэн байна.
6. Антиоксидант ихтэй гээд жимс, ногооны шүүс, зутангийн хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Чухам хүний биед ямар нөлөөтэйг тогтоосон судалгаа цөөн, олонх ашигтай тал гээд байгаа нь уг бүтээгдэхүүн зарж байгаа компанийнхны сурталчилгаа төдий. Энд дахиад олон сайн дурынхан оролцсон туршилт хийсэн байна. Эрүүл мэндэд ашигтай гэх шүүс, зутан уусан хүмүүсийн бие дэх антиоксидантийн хэмжээ тэр дороо эрс өсдөг ч, ганц хоёр цагийн дараа ердийн хэмжээнээс бага болж буурдаг. Энэ бууралт 24 цагийн дараа буцаж ердийн хэмжээндээ хүрдэг гэнэ. Учир нь алив химийн элемент, нэгдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хүний бие ямар нэг илүүдэл бий элемент нэгдлийг биеэс зайлуулах, нийлэгжүүлэхээ зогсоох механизмтай. Биенд сайн гэх хүнсний бүтээгдэхүүнийг их хэрэглэх тэр бүр ашигтай байдаггүйн тайлбар ийм.
Гэх мэт зөндөө олон туршилт байна, нэг дор бүгдийг оруулж амжихгүй нь . Заримыг заваараа дараа оруулахыг бодноо. Та нар намайг хүлээлгүй өөрсдөө бас эхийг нь үзнэ бизээ.

Monday, January 18, 2016

Бордо нутгаар аялав

Та нар минь шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ? Шинэ жилдээ тавьсан зорилгодоо хүрч, эрүүл энхэ байхыг ерөөе.
Манайхан зул сар, шинэ жилийн амралтаар Бордо нутгаар аялав. Дээр үед Амарсайханы үлдээсэн Бордо дарсны тухай инээдтэй сэтгэгдэл бодогдож л явлаа. Бордо нутгийн хамгийн алдартай бүтээгдэхүүн дарс. Жуулчин олон явдаг газар бүр дарсны дэлгүүр олон гэж. За тэгээд усан үзэм тариалж, дарс исгэдэг олон газар дарсаа амсуулж, дарс яаж хийдгээ бас үзүүлдэг юм байна. 
Энэ удаад Бордо хотод авсан хэдэн зураг. Энэ хотын хуучин хэсэг нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй гэнэ. Их ч эртний хот юм. Он гараад удаагүй байхад Нью Иорк Таймс сонин 2016 онд аялахад аятай газрын жагсаалтанд дээрээсээ хоёрт орсон байсан. Жуулчны сонирхол татах талаараа Парисын дараа бичигддэг гэсэн байх.
Надад хамгийн сайхан санагдсан зүйл нь бидний байх хугацаанд дулаахан нартай, ердөө ч бороо ороогүй явдал байлаа гэж. Шотландаас ирсэн хүн л ийм үнэлэлт өгөх байх даа. 
Ямар ч олон янзын дарс амсчихав. Дарсны талаар нэлээн л олон юм сонслоо. 


















Sunday, December 20, 2015

Хоёр хуруу гозойлгохын учир

Саявтар Жэймс Бондод тоглосон жүжигчинтэй монгол бүсгүйн хоёр хуруугаа гозойлгож байгаад авахуулсан зураг энд тэнд яваад байнаа даа. Ер нь ингэж хуруугаа гозойлгосон зураг хаа сайгүй л дээ. Чухам юу гэж бодож тэгдэг юм мэдэхгүй. Ийм дохио гэхдээ хоёр янз гэдгийг хүмүүс мэддэг болов уу?
Долоовор дунд хуруугаа гозойлгоод гарынхаа алгыг гадагш (өөрөөр хэлбэл хүмүүст бусад хуруу нь хүмүүст харагдаж байвал) ялалт (victoria) гэсэн дохио. Ийм дохиог анх Уинстон Чэрчил хийсэн зураг байдаг гэж энд ярилцах. Үнэн худлыг нь мэдэхгүй. Харин гараа нөгөө тийш харуулаад (гарын ар нь хүмүүст харагдаж байвал) Их Британид бол нөгөө дунд хуруугаа гозойлгосонтой адилхан дохио юм. Энэ дохио их эртнийх, Англичууд Францчуудтай дайтаж байх үедээ чамайг нум сумаар харваж ална гэсэн заналхийлэл байсан юм гэнэ.
Англи жүжигчинтэй хоёр хуруугаа буруу гозойлгож авахуулсан зураг тэгэхээр бас сонин байгаа биз ккк. Жүжигчнийг заналхийлээд ч байгаа юм шиг. Ер нь юмны наад цаад учрыг ойлгохгүй хэлбэрийг хуулах нэг тиймэрхүү.

Saturday, December 19, 2015

Өчигдөр

Манай ойр байдаг сүм хэд хэдэн байртай. Гэрт хамгийн ойр байдаг нь хурал ном хийдэг биш харин олон нийтэд зориулсан үйл ажиллагаанд зориулж ашигладаг жижгэвтэр байшин бий. Нэг том танхим бас гал тогоо залгасан жижгэвтэр танхимтай. Жаахан хүүхэдтэй ээжүүдийг цуглуулж хүүхдүүдийг нь тоглуулна, тэтгэвэрийн хөгшид нийлж цайлна, ёог, бүжгийн дугуйлан хичээллэнэ. Бүгд ганц хоёр паундын төлбөртэй. Том охин тав дах өдрийн орой сургуулийн хүүхдүүдийн гар урлалын дугуйланд явдаг. Дугуйлан ч гэж сайн дурын хэдэн хөгшчүүл энэ хэдэн хүүхдийг зугаацуулна. Янз бүрийн жигнэмэг хийнэ, зураг зурна гэх мэт. Янз бүрийн баяр ёслолд зориулсан парти ч бас хийнэ. Парти болоход хүүхдүүдийн хийсэн юмыг зарж мөнгийг нь буяны байгууллагад хандивлана. Энэ болж байгаа арга хэмжээнд шашин шүтлэг огт хамаагүй энэ тухай ярьдаггүй, хэн ч оролцож болно. Энэ хавийн хүүхдүүд охинтой нэг сургуульд явдаг тул бүгд нэг нэгнээ танина, ангиас нь овоо хэдэн хүүхэд явдаг, их дуртай. Зурагт, компьютэр шагаж байхын оронд надад бол дээр санагддаг. Бид энд хамаатан садан үгүй тул тэнд ирсэн эмээ өвөөтэй бас ярина, ээж ааваасаа өөр хүмүүстэй харьцана гэх мэт сайн тал бас байнаа.
Өчигдөр охины явдаг дугуйлангийнхан зул сарын баярын парти хийж гэр бүлийнхнийг нь бас урьсан юм. Бага охин бид хоёр явав. Том танхимдаа их аятайхан ширээнүүд засч, тайзны чимгэлэл ч бас дажгүй. Ширээнд суусан томчуудад нь дарс, хүүхдүүдэд жимсний шүүс бас бус зуушаар дайлж байна. Хүүхдүүд бэсрэг концерт тоглов. Найруулагч нь буурал толгойтой улаан хормогчтой эмээ, төгөлдөр хуурч өвөөтэй. Дууны үгийг прожэктороор гаргаж байсан тул бүх хүн дуулж болох. Бага охин маань тайз уруу гарч бүжиг дуунд оролцох гэж зүтгээд хүмүүсийг баахан инээлгэв. Тоглолтын дараа хүүхдүүдийг тусгай зассан ширээнд суулгаж дайлаад жижиг бэлэгнүүд тараасан.
Би зургийн аппаратгүй гарсандаа жаахан харамсав. Уг нь хөөрхөн зураг авах боломж олон байлаа.