За ингээд миний энэ зуны аялалын тэмдэглэл өндөрлөв. Бичиж байхад явсан газраа дурсаад сайхан байлаа, гэхдээ дараа явахдаа анхаарах зүйл олон бийг анзаарлаа. Явсан газар усны нэрээ бичиж авч баймаар юм байна. Аялалын тухай ном бичдэг, кино хийдэг улсыг амархан сайхан ажилтай улс гэж бодсон бас тийм ч амар биш юм бололтой. Хэдийгээр би аяныхаа тухай бичнэ гэдэг бодолтой явсан ч бас дутуу хүтүү юм их хийж, олон зүйлийг орхигдуулсан байна. Нөгөө талаар зөвхөн бичнэ гэж явбал бас өөрөө аялалынхаа сайхныг мэдрэхгүй шинжтэй. Нэг япон жуулчны тухай онгоо байдаг даа:
"Парис явж амраад ирсэн японоос найз нь "за сайхан амраад, их зүйл үзэв үү?" гэж асуухад мань аялагч "мэдэхгүй ээ, авсан зургаа үзэж амжаагүй явна" гэсэн гэдэг." Үзсэн харсан болгоноо зурганд буулгах гэдэг бараг л ажил болчих гээд байх тул хамгийн сонин сайхан хэсэг зураггүй үлддэг юм байна.
Энэ жилийн аялал сайхан байлаа. Ажилсаг хүн сайхан амьдрах боломжтой болжээ. Замд таарсан танилцсан хүмүүсийн ажил амьдрал өөдрөг байсан учир зөндөө өөдрөг зөв энерги биедээ шингээсэн гэж найднам. Хамгийн гол нь алслагдсан нутгийн хүмүүс жинхэнэ ёсоор байгалиа шүтэж амьдарч байгааг харах урамтай байлаа. Хөвгөл нуурын эргээр сайхан цэвэрхэн, дархан цаазат газар нэвтрэхэд хогны уут өгөөд гарахад авчихдаг нь оновчтой арга. Цагаан Үүр сумын төв гэхэд цэмцгэр, машин тэрэг орж болдог болдоггүй гудамтай, бас хөөрөхөн зохион байгуулалттай газар. Сумын засаг дарга нь гудамжны голд ёрдойсон төмөр хараад энэ хүний машины дугуйд халгаатай гээд өөрөө янзалж зогссон нь бахархал төрүүлсэн юм. Хөдөөд байгаа малчдын хашаанууд бас л цэмцгэр, зэрлэг байхгүй сайхан ширэг зүлгээрээ байх нь бас л юм бодогдуулмаар.
Өөлмөөр газар төрсөн нутаг Улаанбаатар л болчих шив. Машин түгжирсэн, утаатай, уцаартай, зам гарахад хэцүү, хог шороотой гээд муулбал жагсаалт урт болно. Гэхдээ л миний гэр билээ. Уг нь манай эвэртэй туурайтай улс энд л амьдардаг биз, орчин тойрноо өөд татъя гэсэн сэтгэл гаргахгүй юмаа. Бас ч дандаа муу биш юмаа. Ямар ч гэсэн орон сууцны байрнуудын өмнө тод өнгөтэй тоглоомын талбай элбэг харагддаг болсон байна. Манай байрныхан байшингийнхаа ар өврөөр зөндөө мод тариад тэр нь овоо сайхан ургасан байна. Байрны хөгшчүүл арчилдаг юм гэсэн, хэдэн жилийн дараа гоёхон төгөл болох биз гэж найднам.
4 comments:
Хамт аялсан мэт болсон шүү.
Сумын засаг дарга нь гудамжны голд ёрдойсон төмөр хараад энэ хүний машины дугуйд халгаатай гээд өөрөө янзалж зогссон нь бахархал төрүүлсэн юм:D
Сайхан хамт аялав.
Харин тийм шүү, хамт яваа хүмүүс ер юм хийлгэхгүй, алив бушуул хурдал, гээд бөөн төвөг болдог ш дээ.
Arsun>> Хамт аялсанд баярлалаа.
BuBu >> Үнэхээр гоё байгаа биз?
ZAYA>> Хэлээд юу гэх вэ. Зохицуулж сурах юм бас ин байнаа.
Post a Comment