Өнөө өглөө блогныхоо статистик үзэж байтал 2 жилийн өмнө "Earth day" өдөрт зориулсан бичлэгийг өнөөдөр олон хүн нээж үзсэн байх юм. Би энэ өдөр байгал орчноо хамгаалах тухай бичлэг жил бүр оруулж байя гэж зорилго тавиад өнгөрсөн 2 жил дараалан бичлэг оруулсан боловч энэ жил зав муутай тул эртнээс бодож бэлдэх зав гарсангүй харин ч бараг хоосон хоцрох шахсандаа уучлал эрж байна.
Огт дуугүй сууснаас гээд энэ удаад тамхины ишний хор хөнөөлийн тухай хэдэн үг тэрлэе гэж саналаа. Бид хот хөдөө хаана ч татаад хаясан тамхины иш хараад нэг их юм бодохоо болиод уджээ. Дэлхий даяар жилд 5.6 триллион тамхины иш хаягддаг гэсэн судалгаа саявтар гарсан байх юм. Түүнээс багагүй хэсэг нь зориулалтын хогны саванд биш хотын гудамж талбай, хөдөө зүгээр л газар хаягддаг бөгөөд бороо салхинд туугдан гол, тэнгис далайн усанд орох нь олонтаа. Хогны саванд биш зүгээр газар хаясан тамхины иш зөвхөн гооүзэмжийн асуудал биш харин байгал орчинд том хор хөнөөл дагуулдаг тухай судалгаа Tobacco control сэтгүүлд саявтар хэвлэгджээ. Нэг литр усанд орсон хэг ширхэг тамхины иш тэр усанд байгаа амьд организмын 50% ийг хөнөөх чадалтай хор ялгаруулдаг бөгөөд тэр дундаас загас хамгийн олноор хорддог гэсэн байх юм. Дэлхийн дулаарал, нүүрстөрөгчийн давхар ислийн нөлөө олон зүйлийн амьд организмыг мөхөөж, цаг уурын өөрчлөлт, хүн амын өсөлт хүнсний хямрал дуудаж буй. Хүнсэнд өргөн хэрэглэдэг загасны нөөц дууслаа гэсэн мэдээ байнга л гарч байх юм. Тиймээс зөвхөн өөрийгөө хордуулаад зогсохгүй хүрээлэн байгаа орчноо хордуулж байгаагаа ухамсарлаад татаж дууссан тамхиныхаа ишийг хогны саванд хийж заншицгаая. Далайд дусал нэмэр гэдэг нэг хүн ч гэсэн ингээд заншчихвал тиймээ?
No comments:
Post a Comment