Sunday, May 29, 2011

Шотландын тусгаар тогтнол?


Энэ сарын эхээр шотландын парламэнтийн сонгууль болж Шотландын Үндэсний Нам түүхэн ялалт байгуулан дангаараа засгийн газар байгуулах эрхтэй болсон юм. Энэ нам түрүүний сонгуулиар үнэмлэхүй олонх болж чадаагүй, Шотландын Хөдөлмөрийн намтай эвслийн засгийн газар байгуулж ажилласан билээ. Үүх түүх сөхвөл шотланд 1997 оны олон нийтийн санал асуулгаар өөрийн гэсэн парламэнттай болох асуудлыг дэмжиж, 1998 онд анхны сонгууль болж өнгөрчээ. Энэ парламэнт болоод засгийн газар тус улсын дотоод асуудлыг шийдэх харьцангуй хязгаарлагдмал эхртэй бөгөөд шотландын нийт төсвийн зөвхөн 20% ийг захиран зарцуулах эрхтэй. Бусад шийдвэрийг Их Британи, Умард Ирландын Вант улсын нэгдсэн парламэнт болоод засгийн газар гаргадаг.
Энэ сонгуульд ялсан Шотландын Үндэсний Нам тусгаар тогтнолын талаар олон нийтийн санал явуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь биелэлээ олох нөхцөл бүрдээд байгаа юм. Парламэнтийн гишүүд санал асуулгын талаар шийдвэр гаргах бөгөөд нэгэнт уг нам үнэмлэхүй олонх болж чадсан учраас зөвхөн хэзээ санал асуулга явуулах вэ гэдгийг шийдэх болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Гэхдээ тусгаар тогтнолоо зарлахад тохиох нэлээд хэдэн саад бэрхшээл бий. Нэгд, Их Британи шотландыг зүгээр тавиад явуулах сонирхол байхгүй. Яагаад гэхээр тус улсын эдийн засаг Хойд тэнгисээс (шотландад хамаарах бүс) олборлох газрын тосноос тодорхой хэмжээгээр хамааралтай. Чухам энэ газрын тосны асуудал шотландын тусгаар тогтнолын асуудал бий болоход тодорхой хувь нэмэр оруулсан бөлгөө. Нутгийн засаг захиргаа, олон нийт англичууд газрын тосыг нь хурааж авчихаад ашгаасаа шотландад тун бага хувь хүртээдэг гэсэн гомдол яваад байдаг юм. Нөгөө талаар шотланд Их Британий аялал жуулчлалын том бааз газар. Европт үлдсэн хамгийн том онгон зэрлэг газар, уул ус тэгширсэн сайхан нутаг, газар зүйн сонин тогтол, зэрлэг шувуу, амьтад жуулчдын анхаарал татдаг.
Хоёрт, нийт хүн амын олонх нь тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн урдчилсан тооцоо бий. Гэхдээ энэ санал асуулга тусгаар улс болоход хүргэхгүй ч нэгдсэн засгийн газар тус бүсэд хуваарилах мөнгө, цаашлаад бүс нутагт арай илүү эрх мэдэл олгоход түлхэц болно гэж үзэж байгаа юм байна.
Гуравдугаарт, Европын холбооны орнууд шотландын тусгаар тогтнолыг дэмжих магадлал бага. Хэрэв шотландчууд тусгаар улс болчихвол Испанийн каталанчууд, баскийн салан тусгаарлагчид гээд бие даах хүсэтэй бүс нутгийнханд муу үлгэр жишээ болох учраас дэмжлэг ирэхгүй болов уу.
Миний ярилцсан шотландчууд энэ талаар ярихдаа тун хойрго харин англичууд шууд эсэргүүцдэг. Хэдий шотландчууд өөрийн түүх соёлоороо бахархдаг хэдий ч ихэнх нь өөрсдийгөө Их Британий иргэд хэмээн үздэгийнх байх.

3 comments:

Anonymous said...

Herev anglichuud eserguutsdeg bol tusgaarlah n shotlanduudad heregtei l yum baina daa. Hoid evropt Norweguud gazriin tos dalaigaasaa olborlood het bayjaad evropiin holboonoos tasartsan mundag tusgaar uls baina. Herev shotlanduud tusgaarlaj chadval Nowegiin zamaar orchij magadgui ee. Gehdee heden zuunii kolonchiloloos 10-20 jild salchih amargui baih l daa. Mongolchuud odoo boltol oros ah gej oorsdiigoo kolonchilogchidoo duuddagiig bodood uzvel.

Barimalch

A.Амарсайхан said...

Сонин сэтгэхүй шүү. Гэхдээ салж бутарч байснаас нэг хааны ивгээл дороо хүчтэй ч юм уу даа

peakfinder said...

Barimalch >>Зөв бурууг нь сайн мэдэж амжаагүй л байна. Ямар ч гэсэн энэ дуулианыг далимдуулаад орон нутгийн төсөв өсөх магадлалтай гэж оппортунист хүн чинь тооцоолоод сууж байна даа.
A.Амарсайхан >> Бас нэг үндэстэн гэсэндээ туурга тусгаарлая гэж боддог байх. Ер нь шотландчууд англичуудад таагүй ханддаг гэсэн. Би өөрөө олж хараагүй л байна, хөдөөгүүр англи байх бүр хэцүү гэсэн шүү.