Saturday, July 2, 2011

Үр хөндөлтийг яаж бууруулах вэ?

Өнөөдөр сонин сүүлийн хэдэн сар үр хөндөлтийн тухай эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, мэрэгжилтэн, засгийн газрын гишүүд, парламэнтийн гишүүд гээд олон хүн хамарсан санал солилцох яриа хэлэцүүлэг өрнүүлж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн долоо хоногт олны танил хүндэлж явдаг зохиолчдын нэг Л. Түдэв гуай мөн энэ асуудлаар уг сонин ярилцлага өгчээ.
Үр хөндөлт нөхөн үржихүй гэдэг хүн болгон санал нийлдэггүй ярвигтай асуудал. Нэг талаасаа эмэгтэй хүний эрх, нөгөө талаас үр хөврөлийн эрх ашиг, хүний амь насны хэрэг болчихоод байдаг. Дээрх хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн санаа бодлыг сонсоод байвал хориглох, хязгаарлах нь зөв гэсэн үзэл бодол дийлээд байх шиг. Санаа нь хэрвээ үр хөндөлт хориотой байсан бол монголын хүн ам өдийд 4 сая хүрэх байсан, үр хөндөлт чөлөөтэй байгаа учраас хүн ам дорвитой өсөхгүй байна, цаашлаад хорих хэрэгтэй гэсэн үзэл цухалзаад байх шиг. Миний бодлоор энэ арай өрөөсгөл дүгнэлт шиг санагдаад байгаа юм. Нэгдүгээрт, үр хөндөлтийг хүн амын өсөлттэй шууд хамааруултай гэж үзэх буруу, хоёрдугаарт, хэрэгцээ нь байгаа учраас үр хөндөлт хийдэг эмнэлэг олширсон, нэгэнт хэрэгцээ байгаа учраас хориглоод асуудал шийдэгдэхгүй ээ. Хууль бусаар үр хөндөөд эхэлнэ, тэр хэмжээгээрээ бүр олон хүн эрүүл мэндээрээ хохирно. Үгүй дээ боломжтой нэг нь хятад уруу явчихна биз дээ.
Үр хөндөлт гэдэг тийм сайхан хүн дурлаад байх зүйл биш. Энэ талаар гүн ухаантан, шашин, төрийн зүтгэлтнүүд хангалттай маргаад нэг тийш шийдэж чадаагүй байгаа нь нууц биш. Үр хөндөлтийг хуулиар хориглосон улсуудад ялангуяа ядуу дорой африкийн орнуудад гэр орондоо, эмнэлэгийн бус аргаар үр хөндөлт хийж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг нь хориглоод асуудал шийдэгдэхгүй гэдгийг бэлэхнээ харуулаад байгаа юм.
Манайд ерээд он хүртэл үр хөндөлт хориотой байсан хэдий ч энэ бас тийм ховор үзэгдэл байгаагүй шүү дээ. Жирэмслэлт зогсоох найдвартай аргуудын тухай нэг их нууж хаалгүй ярьцгаадаг л байсан, одоо ч үр хөндөлтийг нэг их сүртэй юм биш гэж үздэг нь нууц биш. Харин бид энэ асуудалд арай прагматик хандаж, Хойд Америк, Европтын орнуудын жишээгээр урдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүн өгнө гэж хувьдаа бодоод байгаа юм. Дэлхийн хэмжээгээр нөхөн үржихүйн талаар сургуульд бага ангиас нь эхэлж заасан орнуудад (Скандинав, Умард Европын орнууд) хүсээгүй/төлөвлөөгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тоо цөөн байдаг нь мэдлэг хэр чухлыг харуулж байгаа хэрэг. Хүүхэд тээх насны насны эмэгтэй эмчид үзүүлэхэд жирэмсэнээс сэргийлэх ямар арга хэрэглэдэг вэ гэж заавал асуугаад энэ талаар зөвлөгөө өгдөг бөгөөд жирэмсэнээс сэргийлэх эм, хэрэгсэл үнэгүй олгодог. Ийм үйлчилгээ хүн бүрт хүрч чадвал хориглосон хориглоогүй үр хөндөлтийн хэрэгцээ буурна, тэр хэмжээгээрээ эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайжирна. Тоо чанарын талаар бас бодох л хэрэгтэй. Манайд эмэгтэйчүүдийн жирэмсэлээс сэргийлэх гол арга нь үр хөндөлт болчихоод байгаа нь худлаа биш. Энэ тал дээр эмч, эмнэлгийн ажилтан нар санаа тавьж ажилламаар харагддаг. Үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх тал дээр тааруу, эмчтэй ганцаарчилж уулзах боломж ховор (нэг өрөөнд таних танихгүй олон хүн шавчихсан байдаг). "Жирэмсэн юм уу, яах гэсэн юм, авахуулах юм уу?" гэж хамгийн түрүүнд асуудаг нь гажуудлыг бэлэхнээ гэрчилж байгаа биш гэж үү.
Магад ингэлээ гээд хүн амын өсөлтийн асуудал шийдэгдэхгүй шүү дээ гэж маргах нэгэн гарах байх л даа. Энд гэр бүл хэдэн хүүхэдтэй байх нь эдийн засгийн байдалтай шууд хамааралтай гэчихвэл нэг их алдаа болохгүй биз. Өнгөрсөн нийгмийн үед эдийн засгийн хувьд ирээдүй ямар нэг хэмжээгээр баталгаатай байсан нь хүн амын өсөлтөнд таатай нөлөөлсөн. Сургууль цэцэрлэг, эмнэлгийн туслалцаа, дээд сургуульд хамрагдахад мөнгөний хэрэгцээ байсангүй ээ. Хүүхэд гаргаад эргээд ажилдаа орох баталгаа байсан учраас хүүхэд гаргахад цааргалаад байх зүйл байсангүй. Харин ерээд онд төрөлт буурсан нь ирээдүйн баталгаа байхгүй, мөнгөөр бүх юм хэмжигдэх болсонтой холбоотой. Сүүлийн хэдэн жил харин эдийн засгийн өсөлттэй уялдаад төрөлт нэмэгдэж байгаа шүү дээ. Үүнтэй холбоод нэг жишээ татъя. Их Британий хөдөлмөрийн нам арваад жилийн өмнө хүүхдийн ядуурал бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлж, орлого багатай бол цэцэлэрлэгийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс даах гэх мэт хүүхдийг дэмжих олон арга хэмжээ авсан юм. Хэдий энэ бодлого төрөлт нэмэгдүүлэх зорилт тавиагүй ч өнгөрсөн хүн амын тооллогоор нэг эмэгтэйд ноогдох хүүхдийн тоо эрс өссөн гэдэг. Ингэхээр хүн амын өсөлтийн хөшүүрэг эдийн засгийн баталгаатай байдал гэж харагдаад байгаа биз?
Амьдралын төвшин дээшилж, ирээдүй баталгаатай болохын цагт хүүхдүүдээ тойруулан суулгаад жаргаж суух нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл биш гэж үү? Тэрнээс өдөр хоногоо аргацааж, маргааш юу болохоо мэдэхгүй байхад олон хүүхэд гарга гэж шаардах утгагүй. Төрөх эмнэлэгт ор байхгүй, цэцэрлэг, сургуулийн багтаамж хэтэрчихсэн гэсэн хэрүүл яваад л байдаг, хүн амаа өсгөе гэж байгаа бол хүүхэд амьдрах, сурах таатай орчныг нь бий болгох хэрэгтэй гэж санах юм.

PS: Түдэв гуайн яриагаар эхэлсэн хойно "...Буруу нь юу байх вэ. Уг нь байх л ёстой юм. Гадаадад дунд сургуулийн ахлах ангийнханд евгеникийн хичээлийг заадаг. Хүнд байгалиас олгосон ганц үйлдвэрлэлийг яаж боловсон болгох тухай хичээл л дээ. Энэ олон улсын хэллэгийг би угсаа зүй гэж орчуулсан, бас л онохгүй байгаа юм. Насанд хүрсэн хүмүүсийн бэлгийн харьцааны соёлыг заадаг хичээл оруулахыг Боловсролын сайдад ч хэлж байлаа. Гэтэл хөтөлбөрт нь байхгүй. Оросууд нэг хэсэг эсэргүүцэж байгаад заадаг болсон л доо. Хүн хуц, ухна шиг байж болохгүй шүү дээ, ухаантай юм бол. Монголчууд евгеникийн соёл байхгүй. Гэтэл хүүхэд олохгүй байх маш олон хэрэгсэл гарчихсан. Өөрийгөө хүндэтгэдэг хүүхэн бүр тэрийг мэдэж, ашиглах хэрэгтэй шүү дээ." гэснийг уншаад гайхав. Евгеник нь "хүн амын удмын санг селекцийн аргаар сайжруулах" онол юм шүү дээ. Сонгодог жишээ нь фашизм... Америкчууд өнгөт арьстан, ядуу зүдүүчүүдийг хүчээр үргүй болгох ажиллагаа явуулж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш харин ийм үзэлд шүммжлэлтэй хандах болсон. Монголд ийм соёл байхгүй нь харин ч бахархууштай хэрэг. Өнөө үед ийм онол номлодог улс байдгийг дуулаагүй юм байна. Ярилцлага авсан сэтгүүлч тодруулж асуугаагүй нь харамсалтай.
Цаашлаад эрэгтэй эмэгтэй хоёул байж хүүхэд олдог атал эрчүүдийн хариуцлагын талаар нэг ч үг унагаагүй нь бас сонин. Уг нь Түдэв гуай шиг олны хүндэтгэл хүлээсэн хүн бас л хариуцлагатай ярилцлага өгөх хэрэгтэй шүү дээ.

8 comments:

Anonymous said...

2 sariin omno bil uu dee New Scientist yum uu Time (2uulang ni zahialdag bolohoor alin deer ni unshsaniig martchihdag yumaa) deer ireedui burheg bh tusam huuhed gargah ni nemegddeg gesen article bsan. engiineer helbel yamar negen urgamal hetsuu nuhtsuld urgadag bol ali boloh hurdan hugatsaand, ali boloh olon ur gargadagtai adil yum uu daa. eregteichuudiin cheat boloh ni hurtel amidral ni todorhoigui bh tusam bushuuhan uzej, amsah yum aa hiie gesen uzeltei zarim ni holbootoi bdag yum uu daa. yurunhiiduu iluu amitnii aranshin (yamarch nuhtsuld ur udamaa uldeeh) ni davamgaildag yum bna gej oilgoson.


abortion bol heterhii controversial sedev l dee. tehdee manai emch nar bolon eej nar zovhon ohid ch gelgui hovguuddee ch gesen ger bul tolovloh talaar sain helj yarij ogch bgaasai gej husdeg.

nmn

mongolbusgui said...

H tiimee, ur hondoltiig horigloh bish huseegui jiremsleltees hamgaalj surgahad anhaarah n chuhal shuu dee. manaid jirsemsen bolvol emegtei hund hariutslaga huleelgeh gd bdg tal bii, Erchuuded bas jirsemsleltees hamgaalah tuhai medleg mash chuhal. Tudev guain ene yariltslagiig unshaad er gaihsan doo. Alivaa ymand ul suuritai handdagguin jishee ym daa l gej bodood ongorson.

ZAYA said...

Энэ ёстой чухал сэдэв шүү.
Яалангуяа, хөвгүүдэд энэ тухай сайн, ойлгуулахгүй бол эрчүүдийн байгалиас заяасан эрэлхэг шинж чанар буураад, нэг л их хүнээр хайр халамж шаардсан хүмүүс нэмэгдээд байх шиг.

Nogoohon said...

Манай хэдэн хамаатны 20 гарантай охид байдаг юм. Тэдний ярианаас сонсож байхад абортыг гэр бүл төлөвлөлт болгочихсон байдаг шиг санагдсан. Жилд биш бүр улиралд 1-2 удаа ордог гэж байсан. Би сонсоод ухаан алдаж унахаа шахсан шүү.

Anonymous said...

Mongold tiimerhuu bolovsroltoi ch yum shig, bolovsrolgui ch yum shig humuus iimerhuu yariltslaga ugdug ni tun haramsaltai.
Sayhan Boldsaihan emchiin De Facto gedeg deer yariltslaga ugsuniig uzsen. Zunduu mongolchuud teriig uzej, sonsoj baigaa. Mongolchuud yaagaad iim buduun bolood baigaa ve gesen asuultad, stressniih gej hariulsan. Hudulguun, zuv hoollolt gesen zuiluudiig helehgui. Bid stressdeed l buduureed baina gej avsan. Terend unenii or bii, gehdee hudulguun, zuv hoolloltiig emch hun surtalchilj baih heregtei yum shig.

peakfinder said...

nmn>> Controversial гээд зугтаах биш, ил тод ярьж шийдэх ёстой л асуудал юм.
Лхагва>>Энэ асуудал ямар нэг хэмжээгээр хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж цаашлаад эдийн засгийн хохирол авчирч л байгаа. Уг нь зөв буруу гэж маргалгүй бодитой хэрэгжих бодлого явуулах нь зөв юм уу гэж санадаг.
ZAYA >>Хэ хэ шийдэвр гаргадаг хүмүүс дандаа эрчүүд болохоороо тийм байдаг юм болов уу? Ер нь бидэнд нарийн бодож боловсруулж шийдэх асуудал зөндөө байх юмаа.
naraa >> Иймдээ тулчихсан байхад хориод шийдчихнэ гэж бодож байгаа хүмүүс амьдралаас хэр тасархай нь харагдаад байгаа биз...Яаж хамгаалахаа мэддэг хүмүүс заавал ингэж асуудлаа шийднэ гэхгүй л болов уу.
Anonymous >> Надад энэ их харамсалтай санагддаг юм. Уг нь олны танил улс байр сууриа бусдыг боловсруулж, мэдээлэл олгох индэр гэдгийг ухамсарлаж байгаасай л гэж боддог. Нөгөө талаар бас хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага их сул байх шиг.

mongolbusgui said...

H tiimee, tanii hariuldag zov shuu.
Dund sur-liin eruul mendiin surgaltiig l saijruulah heregtei, deer n etseg ehchuud ur huuhduudde enne taliin medleg olgohod anhaarch bvl.

miracle said...

Үр хөндөлтөөс гадна эх барих, жирэмсэн эхчүүдээ харж хандах асуудалч гсн хэцүү байгаан байна лээ. Манай дүү жилийн өмнө төрсөн. Анх мэдчээл хөдөөний харъяалалтай хотод оюутан болохоор нь хяналт нтр-дээ Эх нялхас дээр ордийн байх гээл очсон чинь загнаал юу яриад байгаан энд зөвхөн төрнө тэр хороо хорин дээрээ оч нтр гээд тэгээд хороон дээрээ түр амьдарч байгаа гсн тодорхойлолт аваад СБД-ын нэгдсэн дээр очиж баахан эмч нарын гарын үсэг цуглуулах ажил хийсэн. Оюутан хүн хичээлтэй тэхэд өглөө 8н цагт эмч нар нь эмч нарын яриа гэнүү хурал юм шиг байгаан өглөөний тэрэнд орчихно. Тэрнээсээ гарч ирэнгүүтээ хэд хэдээрээ өрөөндөө ороод юм хум яриад суучихна эсвэл өрөөгөө цоожлоол гараад явчихна үүдэнд нь өчнөөн хүн сууж байхад. За тэгээл цайны цаг гээл бас алга болчихно 12-14 цагийн хооронд тэгж байтал 16н цаг гээд ажил нь тарчихна даа ёстой хэцүү юм байна лээ. Тэгээд нэг хувийн эмнэлэгт хяналтанд орж явсан шд хороон дээрээ зүгээр бүртгэлтэй тэгээд төрөх үед нь 1р төрөхөд таньдаг хүнээрээ яриулж байж төрүүлсэн. Эх нялхас аймар гээл янз янзын юм сонсогдоод байсан болохоор нь. Тэгсэн сая 2 сарын өмнө дүүгийн найз жирэмсэн болсон одоо хяналт нтр-дээ орно гээл бас оюутан л даа 4р курс. Тэгсэн саяхан тааралдсан чинь зулбачихсан гсн. Яасан гсн гэнэт орой нь цустай шээгээд гэдсээр нь хатгуулаад байхаар нь түргэн дуудсан гэжийгаан. Тэгсэн түргэн ирж үзчээд 7н хоног хэвтрийн дэглэм барь гээд эм тариа ч хийгээгүй явсан гсн. Тэгсэн 2 цагийн дараа доошоо цус гарахаар нь эх нялхас руу нөхөртэйгээ очсон гсн. Тэгсэн эмч нь илт мөнгө хараад цус алдаад юм ч ярьж чадахгүй чичрээд байхад нь чи хаанахын харъяалалтай вэ гээд хөдөөнийх гсн чинь тэгээд хөдөөдөө байхгүй энд юугаа хийж байгаан гээд оюутан гсн чинь оюутан байж юугаа хийж жирэмсэлсийн нтр гээд цус тогтоох тариа ч хийлгүй 10н цаг хүлээлгэсэн байгаам даа. Тэгээд 10н цаг цус алдаж хэвтээд үүрээр нөгөө эмч нь савыг нь цэвэрлэсэн гэжийгаан тэхдээ бас болоогүй хүний ажилд гай боллоо нтр гэж үглээд яшиг ингээл орхичихоос нтр гэж хэлсэн байгаам даа. Ээж аав нь сонсоод нүд нь орой дээрээ гараад хотод ирээд авч явж гэртээ хэд хоног эмчилж сайн эмч нтр-д үзүүлэхээс гээд аваад явсан. Аав нь бүр зээгээ гарахаар тэтгэвэртээ гарж хүүхдээ харна гээд бэлдчихсэн байсан гэж байгаам чинь. Би бүр сонсоод нээрээ хэлэх үг олдсонгүй. Уул нь эх нялхаст миний таньдаг маш сайн эмч ажилладаг үнэхээр сайн ч эмч өөрөө ч их сайхан сэтгэлтэй. Гэтэл тэр хүмүүсийн нэр хүнд ажил мэргэжлийг гутаасан ийм эмч нар бас байхийм даа. Тэгээд мөнгөгүй танил талгүй бол ер нь жирэмсэн болж болохоо больсийн байна гэж бодсон. Үр хөндөлтөөс илүү санаа зовох ёстой асуудлын нэг гэж боддог доо