Thursday, July 7, 2011

Эдээрээ оролдвол....

Цөмийн хаягдал монголд агуулж болзошгүй тухай мэдээлэл сэтгэл өвтгөнө. Миний ойлгосноор нэг талаас АНУ, Японы засгийн газар, хэвлэл мэдээлэл ийм яриа болсон гэх, харин манай Монголын засгийн газар ийм юм огт болоогүй ш дээ, тэд нар биднийг гүтгэж байна гэсэн шүү юм яриад сууж байх юм. www.golomt.org сайтанд ийм яриа хэлэлцээ болсон гэдгийг баримттай мэдээлсэн байхад үгүй гээд тас гүрийгээд байгаа манай засгийн газар яасан ч арчаагүй юм бэ гэмээр. Японы хэвлэл л бидний төлөө дуугарч засгийн газраа шүүмжилж байх шив. Мэдээж ямар ч хор уршиггүй байсан бол хаа холоос монгол уруу тээвэрлэж булахын хэрэг юу байх билээ. Өнгөрсөн долоо хоногт Нью Мэксик муж улсад гарсан хээрийн түймэр цөмийн хаягдал булсан цэг уруу нэлээн ойртож тэндхийн засаг захиргааг нэлээн сандаргасан нь булаад мартчихаж болохгүй эд гэдгийг харуулаад байнаа даа.
Миний хамгийн гутарч байгаа зүйл энэ талаар их хурлын нэг ч гишүүн асуулга тавьсангүй ээ. Сэжигтэй аргагүй чимээгүй байгааг бодохоор аль хэдийн тохироод урдчилгаа мөнгө аваад идээд уучихсан байж чадах л хүмүүс гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. Манайд цөмийн хаягдал булах эрх зүйн боломж байхгүй (номоороо бол), харин хуулиа эргэж харна гээд байгаа нь боломжтой болгож үүд хаалгаа нээх гээд байх шиг. Уг нь энд л эх орон, ард түмэн гэж цээжээ дэлдэгч гишүүд ач тач үзэлцэж уг үндсийг нь ухаж малтмаар гэж санагдаад болдоггүй ээ.
Дүлий дүмбэ оргиод оргиод байгаа засгийн газрыг хаячихаад АНУ, Японы элчин сайдын яaмдын өмнө эсэргүүцэл илэрхийлбэл ядаж л тавгүйцэх байлгүй дээ. Баян чадалтай улсын иргэд л эрүүл орчинд амьдрах эрхтэй болчихсон юм шиг. Монголчууд бид хаягдал бий болгосон цөмийн энэргиэс ямар ч ашиг олоогүй, бидэнд юу ч наалдаагүй байхад хог шаарыг нь агуулж ирээдүйгээ бүрхэг болгох ёстой билээ? Ингээд бодохоор бидний эрх америк, япон болоод хогоо монголд агуулахыг санаархаж буй хэн бүхний дор орчихоод байгаа биз. Мөнгө төлөх юм гэх, эрүүл мэнд, хүн амын амьдралын баталгаанаас илүү үнэтэй мөнгө гэж байдаг юм уу. Хүүхэд байхад авга эгч маань эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг гэдэгсэн, зүв зүгээр байгаа хангай дэлхийг онгичиж, хор булаад юу хийнэ. Ингэж байж ирээдүйд цөмийн энерги ашиглах боломжтой болно гэх, дагуулах эрсдэл нь дэндүү их. Түүний оронд нөхөн сэргээгдэх энергийн үүсвэрт хөрөнгө оруулж, тийм үйлдвэрлэл, технологи боловсруулахад анхаармаар. Цөмийн түлш хийдэг болбол хаягдалыг нь бид өөрсдөө агуулах асуудал босч ирнэ. тэртээ тэргүй ухаад эхэлчихсэн баялаг байна, зөв зарцуулаад, хүндээ хөрөнгө оруулбал сайхан амьдрах боломж нь бий болчихно. Тийм болохоор байгаагаа болгоод цөмийн асуудлыг аюулгүй болгох чадвар, технологи бий болтол хойшлуулбал яасан юм. Газар дэлхий дээр зөвхөн бид амьдраад дуусахгүй, бүгдийг ухаж идчихээд үр хүүхэддээ бид чинь юугаа өвлүүлэх болж байнаа?
Цаашдаа бусдын сарвайсан болгоныг алга тосож авахаа больё, тэр тусалмж нь эргээд тэдний ашиг сонирхолдоо хүрэх нуман тулгуур болчихоод байна шүү дээ. Манжийн хаад цол хэргэмээр монгол ноёдыг урхиддаг байсан нь АНУ Элбэгдорж ерөнхийлөгчид ямар ч билээ шилдэг лидэр шагнал олгосноор давтагдаад байна уу даа. Шагналыг нь авчихсан хүн өөрийнхөө (монгол хүн гэдэг утгаар оруулав) төлөө чангахан дуугарах эрхгүй болчихоод байгаа юм биш үү. Харийн төр бидний эрх ашгийг хэзээ ч чухал гэж үзэхгүй. Өөрийн нутаг орондоо хэрэгтэй зүйл хийснээр ажил нь дүгнэгдэж, дахин сонгогдох боломж нэмэгдэнэ. Америкчууд хөөрхий монголчуудыг аварсан баатар билээ гэж нэгнийг магтахгүй, харин хортой хогноос салгаж өгсөн гээд нэгнээ магтаж урамшуулна шүү дээ. Харин манайд бол гадны эрх ашгийн төлөө хөлөө хугалчихийн дайтай л юм болох. Ай тэгээд чадалтай хэмээн аархах улсыг аргалаад гарчихдаг гүйлгээ ухаан, холын хараатай хүн манай төр засгийн толгойд ер нь алгаа. Бүгдээрээ л өнөөдөр би баяжвал бусад нь хамаагүй гэсэн уралдаан тэмцээний тамирчид юм уу хайшаа юм.
Ер нь ингээд гадагшаа явж гарын үсэг зураад байгаа гэрээнүүдий жагсаалт, чухам яг юу тусгасныг мэдээлдэг, тэр мэдээллийг сонирхсон иргэн бүр үзэх боломжтой байх хэрэгтэй юм шигээ. Тэгвэл ийм яриа хэлэцээ болсон эсэх, хэн гээч гарын үсэг зурсан нь тодорхой болно шүү дээ.
Ингэхэд Улаанбаатарын том сурталчилгааны самбар түрээслэх үнэ хөлс ямар байдаг юм бол? Чадал хүрвэл хотын төвийн хэдэн самбарт энэ цөмийн хаягдалын тухай баримтыг нь томоор бичээд тавьчих юмсан. Дарга нар хажуугаар нь өдөр бүр гарна, айхгүй ч аягүй гэгчээр бага ч гэсэн дарамт болох болов уу?
Байгаа газраараа жишээ авбал ямар нэг ийм том асуудал болоход парламэнтийн хурлаар шуурхай асуулга тавьдаг. Ерөнхий сайд болоод сөрөг хүчний удирдлага болсон бүхнийг нягтлан асууж мэтгэлцдэг юм. Дор сонин байх болов уу гээд нэлээн дээхнэ болсон төсөв хэлэцэх мэтгэлцээний видеог уг ингэж л асуудлыг олон талаас харах хэрэгтэй юм гэдгийг үзүүлэх гэж оруулав. Төр барьж байгаа тал нь гаргасан боловсруулсан төслөө танилцуулна, сөрөг хүч нь бид засгийн эрхэнд байсан бол ингэж асуудлыг шийдэх байсан гээд өөрсдийн хувилбарыг мэдүүлнэ. Энэ нь сонгогчид өөрсдийн тойргийн гишүүд яаж ажиллаж байгааг дүгнэх боломж олгоно. Дашрамд дурдахад хурлын танхимд компьютэр, гар утас барьж орохыг зөвшөөрдөггүй юм гэнэлээ, харин саяхнаас таблэт компьютэр оруулах зөвшөөрлийн талаар ярьж байгаа юм билээ.
Энэ голын ширээ насанд хүрсэн хоёр хүний гар, хоёр сэлэмний урттай, дээхнэ үед маргаан халж сэлэм сугалах тохиолдол гарч байж, тэр цагт хэн хэн нь өртөхгүй арга хэмжээ авсан нь тэр гэнэ.

2 comments:

Гуталчин said...

honduur asuudliin talaar saihan bichjee, mgl-d neeree l biye biyeneesee iluu garah gsn, orsoj bayajih gsn uraldaan yavagdaj bgaam shig l bn. hun bayajij, erh medeltei bolj bolno, gol n hun chanaraa aldahgui bh yostoi bmaar... ene ih zeel tuslamj bidnii ur hoichin nuruun deer ymr achaag uruuleh bol gehees hetsuu sanagdah um. hamag umig n tsolmood uhaad duuschihsan yu ch ugui gazar nutag deer ur huuhed min ireeduid yajshuuhan amidrahig tosoolhoos ch aimshigtai.

Anonymous said...

Odoo tegeed eniigee buur batalgaajuulj avah geed humuusiin tarhiig ugaah uil ajillagaa yavagdaad bh shig bna daa. end tend barag l nuguu haygdalaa ergeed bid chin saihan ashiglana ch geh shig, barag haygdal gej nerlehgui ch geh shig hachin hachin yum l end tendees olj unshih yumdaa. neeree l ooriin chin heldegeer mongoliin zasgiin gazart asuulga taviad yund ch hurehgui harin ANU, Japan 2 luu public media ashiglaad asuulga tavibal iluu tusah bh shuu

nmn