Friday, June 8, 2012

Гарчиг өгөхөд хэцүү бичлэг...


Хүсэхэд хясна гэгчээр хэлмээр бичмээр юм их байх тусам ажил барагдахгүй тэгээд яахав мартамхай хүн чинь эхнээс нь мартаж байнаа. Гялс зах зухаас нь санаж байгаагаа жагсаагаад авбал:
Миний бие нэгэн хятад оюутан хариуцдаг болоод хэдэн сарын нүүр үзэж байнаа. Хорь дөнгөж гарч яваа юм уу даа, хятадын жишгээр айлын ганц охин. Олон жил олон газрын хүмүүстэй ажиллаж явахад хятад хүмүүстэй нэг л гар нийлдэггүй, эв таардаггүй юм. Тэдэн байдаг юм уу, надад байдаг юм уу, ер нь хэн хэндээ ч байж мэднэ. Тийм хүн чинь эхэндээ их дургүй байлаа, дургүй гээд хаяж болохгүй хойно сургалаа, зүтгэлтэй, сэтгэлтэй охин юм, юм амархан сурах юм, тэгэхээр бас урамтай. Энэ ч яахав, хамт ажиллах хойно хууч хөөрнө...

- Танайд сонгууль болдог уу?
- Болноо, орон нутгийн сонгуульд хүмүүс саналаа өгдөг.
- Тэгээд сонгуулийн нэг тойрогт олон хүн дэвших үү?
- Тэгнэ.
- Чи тэгээд ямар шалгуураар хүнээ сонгох вэ?
- Аан,  би багшийнхаа хэлсэн хүнийг л сонгодог ш дээ...

- Гэрээ санаад, аав, ээжээ авчирмаар байна.
- Уг нь та нар энд олуулаа юм чинь нутгаа санах нь гайгүй биш үү?
- Пээ, манай хятадууд чинь нутгаасаа гарахаараа хүн биш болчихдог, би тэдэнтэй нийлдэггүй ш дээ..
- !?
- Нутагтаа бол эцэг эх, хөршийнхөө өмнө нэр нүүрээ бодно. Нутгаасаа гарахаар хэн намайг яав л гэж гэж байгаа юм шиг аймаар...

- Манай найз эндээс хүүхдийн сүү хятад уруу зөөнө гэнээ.
- Айн?
- Хятадад дахиад л хүүхдийн сүүнээс мэламин илэрсэн. Энэ манай хятадууд ёстой хэцүү хүмүүсээ.
- Нээрээ дээр тэр дуулианыг сонсож байсан юм байна. Манай монголчууд хятадаас жимс ногоо авдаг, бас янз бүрийн химийн бодистой гээд хэл гардаг ш дээ.
- Ер нь бол бүх л хүнс но-той. 
- Тэгээд танайд баян бол баталгаатай органик хүнс хэрэглэх боломж бий биз дээ.
- Органик гэж л байдаг итгэхэд хэцүү, юу ч байж мэднэ.
- Тэгээд та нар бүгдээрээ баталгаагүй хүнсний зүйл хэрэглэдэг болж таарах нь уу?
- Тийн ш дээ, тэр хортой хүнсээ идэхгүй гээд яах юм, ямар өлсөж үхэлтэй биш.
- Хоргүй хүнс хэрэглэдэг хүн байхгүй ээ?
- Өөрсдөө идэх ногоогоо тарьдаг хүмүүс л иддэг байх даа.

Санаагаа шулуухан ил хэлчихдэг хятадтай анх удаа таарч байгаа минь энэ...

Нутгаа шүүмжлэх талаар ярьсаных, оффисийн хөрш Польш залуу дандаа манай Польш ийм сайхан, тийм гоё гэж залхтал ярина. Мэдээж муу муухай гэхгүй ямар ч газар сайнтай муутай, хол байгаа хүн гэрээ санаад тэгдэг юм уу гэхээр заримдаа бүүр дэндүүлнэ. Түүний яриагаар бол польш хамгийн сайхан хоолтой, хамгийн сайн архитай, гоё пивотэй, гоё хоттой гээд явж өгнө. Би очиж үзэж байлаа гоё хоол идсэнээ лав санадаггүй, архийг нь мэдэхгүй, пиво нь лав чехийг гүйцэхгүй. Ккк нээх аймаар атаархуу хүн шиг болчихов уу? Европын хөл бөмбөгийн аваргын тэмцээн Польш, Украйнд болж байгаа. Саявтар ВВС-ээр энэ хоёр улсад арьс өнгөний үзэл их, ялангуяа хөм бөмбөг дэмжигчид хар бор тоглогчдыг доромжилдог энэ тэр гэж гарсан юм л даа. Гэтэл манай залуу тэгнээ, ВВС бараг л байхгүй юмыг олоод, ялааг заан болгоод ухааны юм ярьж байна. Би хэллээ, 
- Би тэр нэвтрүүлгийг үзсэн, огт байхгүй ч юм биш, бодитой асуудал байна лээ. Евреиг үзэн ядсан, нео наци маягийн уриа лоозонтой, их эвгүй харагдсан.
- Тийм хүмүүс хаа сайгүй байж л байдаг ш дээ. Польшийн ихэнх хүн ам польш, гадаад хүн үзэж хараагүй болохоороо гайхаж хардаг байх тэрнээс манайхан арьс өнгөний үзэлтэй хүмүүс биш гэнэ...
- Уучлаарай, би чехэд амьдарч байлаа, польшид оюутан байхдаа очиж байлаа, ер нь эвгүй ш дээ. Чех польшийн ялгаа гэвэл намайг таньдаг чехүүд тийм хүмүүсийн өмнөөс ичиж эвгүйцсэнээ хэлж уучлал гуйдаг, харин чи болохоор тийм юм байхгүй гэж гүрийдэгт л байна. Мэдээж чи өөрөө тэдний нэг юм чинь гадуурхах, харааж зүхүүлэхийг үзээгүй л байгаа. Чам шиг боловсролтойд тооцогдох хүмүүс ийм юм ярьж байхад ийм муу муухай үзэл яаж арилах вэ дээ...
Гэсэн нөгөө залуу таг. Дараа нь би хөөрхийг арай ширүүлчихэв үү, нэр дор суудаг байж жижиг сажиг юман дээр ам зөрж байх гэж өөрийгөө жаал зэмлэв. Би заримдаа бодсоноо дэндүү шулуун туучих юмаа...

Арьс өнгөний үзэл гээд халуурвал... Зүүн Европ хэцүү, Америкт азиудыг ад үзээд байхгүй ч харуудыг аймаар ялгана. Нью Иоркод ирсэн анхны жилээ сууж байсан айлын авгай, хар арьстан цагдаад өрөө түрээслүүлэх гээд чадаагүй. Хөршүүд нь хар хүн энд амьдарвал энэ хавийн үл хөдлөх хөрөнгийн үнэ унана гэж ширүүн эсэргүүцсэн гэхэд нь их л гайхаж билээ.
Дээр дээ Их Британид ирсэн тухайгаа анхлан бичиж байхад хэн нэгэн англичууд аймаар муухай ялгаварлан гадуурхах үзэлтэй гэсэн маягийн сэтгэгдэл үлдээсэн байсан санагдана. Миний хувьд янз бүрийн юм үзсэнгүй ээ, бараг л гурван жил гаруй болчихлоо. Хүүгийн хувьд ганц хоёр тохиолдол гарсан гэсэн. Амьдарч, ажиллаж байсан газруудаас хамгийн гайгүй гэж дүгнээд байгаа. Мэдээж хүний арьсны өнгөөр ялгах хэл амаар доромжлох асуудал огт гардаггүй биш гардаг. Харин британичууд үүний эсрэг хамгийн тууштай тэмцдэг системтэй улс гэж ойлгоод байгаа. Энэ талаар их ярьж бичнэ. Аливаа асуудлыг нууж далдлах биш ярьж хэлэлцэж байж шийддэгийн жишээ байх. Хамт ажилладаг шотланд хүүхэн хориод жилийн өмнө англи пакистан эрлийз найз залуутайгаа баар саванд орох аргагүй байсан гэж байсан тэр цаг үеийн байдал өдгөө их өөрчлөгдсөн байгаа юм. 

Өө тийм гол юмаа мартах нь. Энэ жил гадаадад байгаа монголчууд сонгуульд санал өгөх эрхтэй болж байгаа нь сайшаалтай. Манайхны хувьд Лондон бүгдээрээ орох хүндрэлтэй болоод цаг зав болохгүй тул хүүгээ төлөөлөгч болгон явуулахаар бүртгүүлсэн. 18 хүрээд анхны сонгуулиа өгөх боломж олдсонд их баярлаж байгаа. Дээр нэг мэдээний сайт дээр 2500 хан хүн бүртгүүлсэн гэсэн их бага тоо санагдлаа. За мань мэтийн хол амьдардаг улс нэг өөр, Лондон, Вашингтон, Сан Францискод амьдардаг хүмүүсийн тоо л гэхэд дээрхээс хэд дахин давах юм шигээ. Эртээд гэртээ ингээд ярьсан хар хүн наад зах нь чи өөрөө явахгүй л байгаа биз дээ гээд ам тагласан. Миний бодлоор мэдээлэл жаахан хоцорсон болов уу гэж бодоод байна. Гэxдээ яахав дараа дараадаа улам сайжирч олон хүнд хүрэх байлгүй дээ. 

Мэдээ харахаар энэ сонгууль их л дуулиантай байгаа бололтой. Энхбаяр гуайн дуулиан түүнээс илүү чухал асуудлыг дарагдуулах вий гэсэн болгоомжлол төрүүлээд байгаа юм. Гэхдээ олон түмэн нүдтэй гэдэг дээ, яаж ийгэээд тэнцүүлээд сонгох байлгүй дээ.
Эртээд АН-ын нэр дэвшигчдийн танилцуулга (CV) тэдний вэб хуудаснаас хараад, ийм чухал албан тушаалд нэр дэвшиж байж одоо болтол намтараа зөв будлиангүй бичиж чадахгүй байна гэж шүүмжилмээр санагдав. Энэ зөвхөн АН-д хамаатай шүүмж биш, бүгдээрэээ л олон сургуульд явсан боловсролтой хүн гэдгээ харуулах гээд замбараагүй бичих юм. Ер нь бол боловcрол гэдэгт бакалавр, магистр, болоод докторын зэрэг авсан сургуулиа л бичнэ шүү дээ. Зүгээр нэг хэлний ч юм уу, мэрэгжил дээшлүүлэх дамжаа бол өөр ангилалд орох ёстой юм. Жишээ нь сумоч Батбаяр Улаанбаатарын биеийн тамирийн дээд сургууль гээд нэг он тавьж, сургуулиа эхэлсэн он юм уу дууссан он юм уу бүү мэд. Сургууль төгссөн эсэх нь тодорхойгүй. Цаашлаад эрдмийн зэрэг цол гэдэг дээр нэг хүн аспирант гэж бичсэн байх юм. Аспирант бол эрдмийн зэрэг цол биш, докторын сургалтын оюутан шүү дээ. Миний ойлгосноор энэ хүн аспирантурт яваад дуусгаагүй юм шиг. Тийм бол тийм сургуульд явсан гэж бичих зүйд нийцэхгүй ээ. Иймэрхүү асуудлыг цэгцэлж, тодорхой форматанд оруулах хэрэгтэй санагдлаа. Юмыг жижиг гэлгүй нухацтай үзэж, жин тан хийдэг болмоороо. Мэдлэг боловсролтой монгол хүн дутаагүй, өөрсдөө дийлэхгүй бол чаддаг хүнээр хийлгэмээр. 

Бүр хадуурвал боловсролтой хүн гэдэг олон сургууль төгссөн хүн биш. Олон сургуульд сурах нь тухайн хүнд боловсрох боломж олгож байгаа болохоос сургууль дүүргэсэн төдийд боловcролтой болчихгүй. Боловcролд биеэ зөв авч явах, зөв ярих, зөв бичих болоод аливаад ном журмаар нь ханддаг, элдвийг эрэгцүүлж бодитой дүгнэлт гаргах чадвар орно гэж би хувьдаа боддог. Намайг арван жилд байхад аав ээж маань зун хөдөө авч явсан юм. Буусан айлын эзэн насаараа тэмээ малласан эр мориноос унаад хавиргаа хугалчихсан гээд гэртээ хэвтэж байлаа. Бид тэднийд арваад хоносон, тэр арав хоногт олон сонин сайхан тэр хүнээс дуулж, монгол бичгийн цагаан толгой нүдэлсэн юм. Айлын эзэн дээд сургууль бүү хэл дунд сургууль ч дүүргээгүй байсан болов уу, гэхдээ монгол ёс заншил, түүх болоод нутаг орноо хачин сайн мэддэг ярьж суухад урамтай нэгэн байж билээ. Миний бодлоор тэр хүн мундаг боловcролтой хүн байсан. Би тийм хүнтэй ярицах завшаан таарсанд одоо ч баярлаж явдаг.

Нэг мэдсэн нэг их урт нуршуу бичлэг болчихож. Ингээд дуусгая даа. 

9 comments:

Тэмээчин бүсгүй said...

Сонгуулийн хувьд би лав 1000 км явж байж ѳгѳх болсон учираас бүртгүүлээгүй. Нѳгѳѳтэйгүүр нѳгѳѳ л хуучин хүмүүс нэр дэвшиж байх юм даа. Ядаж арай ѳѳр хүн гаргаж тэд нарыг баяжаая гээд хошин хэллэг гарчихсан байсан тэр нь ч байдаггүй.

Боловсролын систем манайд бол үнэн аймаар аймаар. Диплом авдаг зардаг ч гэх шиг. Батбаяр танайд хононо доогоор гарч байна лээ. Үнэн бүлтэрмээрэээ нээрээ.

Тэр бүү хэл Жунгаанууд манай Монголын хѳрс шороогоор хор тариад дуусч байгаа юм ярьхым даа бурхан минь.

P.S: Нэг цахим захиа илгээсэн шүү хэ хэ хэ.

Тулгаа said...

Sonirholtoi, goyo niitlel bn!

Barimalch said...

Ovoo realistic post bolj omnoh official postuudiin chine hajuud hamaagui chanartai setgegdlee il gargaj helsen sanagdlaa. ;)

Mongolchuud ugaasaa yumiig shuluun il helj tulj baij boditoi yumand gun zuuraldana tiim ch uchiraas 2 horshteigoo mor zeregtseed orshood baina.

Cаарал said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Polish gesnees nemeed helhed oiriin 20 jild polish ukrain zuun evrop oros yalanguya ruu Mongol hun aylah surhaar yavhiig hatuu tseerleh heregtei yum uchir n tend fashism arisnii uzel gaarsan baigaa. Hedhen jiliin omno bidnii huuchin and gedeg chehed fashistuud Mongoliin tugiig shataasan. Youtubed "euro 2012 poland fascism" geed hailt hiigeed uzeerei bugdii n oilgoh bolno.

Barimalch

Мармелад said...

ochigdor zuragt uzjiisen chn gadaadad bgaa mongolchuud songuuli ogohdoo huwi hund bish nam ewseld ogch bgaam yarisan unen yumuu?

bi neg l sain oilgoogui l deegoe bichleg bn bas ter hoolnii tuhai bichleguud chen ihee taalagdsaan gj

ganga said...

Saihan bichleg baina.
EU-n handiviin mungiin zarimiig huvidaa gulruulsan tom uls turchiig barivchilahad namiinh ni darga uuchlal guij baisan shuu, neeree.

peakfinder said...

Тэмээчин бүсгүй >> Захианы хариу очсон уу?
Тулгаа >> Баярлалаа
Barimalch >> Сайжирлаа гэж магтаад байна уу?
Саарал >> Сэтгэгдлээ буцаагаад авчихжээ? Шинжлэх ухаанч үзэлтэй холбоотой юм бичье гэж ноороглоод байж байна. Ингээд болохгүй юм гээд бичээд байхаар блог маань нэг их сүрхий шүүмжлэлийн талбар болчих гээд хэцүү юмаа. Тэгээд дуугүй явах бүр хэцүү...
Мармелад >> Хүнээ дугуйлаад бас намаа дугуйлна гэж ойлгоод байгаа ш дээ... Энд болохоор зөвхөн намд санал авсан байна лээ.
ganga >>Харин буруу болжээ уучлаарай гэхгүй; үгүй манай зөв гээд дайраад байх утгагүй шүү дээ. Сэтгэгдэл үлдээсэнд талархав. Миний шуудангаар дайсан юм очив уу?

Ganga said...

Shuudangaar yum avsan bayarlalaa. Mongoloos minii zahisan yumiig avchrah hun irehiig hueegeed, irseh hoino ni uilchilj guigeed zavgui baisaar uchigdur neg yum shuudan orj ilgeelj yavuullaa.