Sunday, July 1, 2012

Хүсэлтийн хариу


MRowan- ы Макбэтийн талаар жаахан тодорхой бичээч гэсэн хүсэлтийн хариу болгон хэдэн үг холбоё. Би чинь утга зохиол эсвэл театрийн нарийн мэдлэгтэй шүүмжлэгч биш учир хүмүүсийн санаанд хүрэхгүй байж мэдэх тул урдчилаад уучлал хүсье.
За юу үзсэн жүжгээс юу таалагдсанаа жагсаавал:
1. Зохиолч. Шекспирийн талаар нэг их олон үг нурших хэрэггүй бизээ. Дөрвөн зууны тэртээ бичсэн зохиолууд нь өнөөгийн хмүүсийн амьдрал сэтгэхүйд ойр тусдаг гэдэг утгаараа агуу. Өнөө үед ч гэсэн Ромео Жулиет, Отэлло маягийн драм хаа сайгүй хүний амьдралд тохиосоор, олон хүний шийдэл мөн Шекспирийн жүжигтэй ойр байдаг түүний хүний сэтгэл зүйг сайн мэддэг байсны гэрч болов уу...
2. Макбэт. Энэ зохиол өөрөө бас мундаг. Нөгөө хүний эрх мэдэл, эд баялагийн төлөө шунал хязгааргүйн жишээ. Өнөөдөр жүжгийн баатруудын нэрийг манай улс төрчдийн нэрээр солиход хутга бариад дайрдагаас бусдаар бол нэг их зөрөөтэй биш. Эд нар relevant гэж ярьдаг даа. Хуучирдаггүй, үнэ цэнээ алддаггүй зохиол. Хоёрт энэ жүжгийн үйл явдал шотландад өрнөдөг тэр утгаараа надад бас шинэ өнцгөөс харах боломж олдсон гэх үү дээ. Эндхийн үүх түүx бага зэрэг гадарладаг болоод ирэхээр улам сонирхолтой болчихож байгаа юм. Монгол хэл дээр орчуулсан зохиолыг багадаа уншсан байх нэг их сайн ухаж ойлгоогүй санагддаг. Харин энэ удаад Макбэтийг жинхэнэ ёсоор бодитой үнэлэх завшаан таарав.
3. Жүжигчин. Энэ талаар өмнөх бичлэгт дурдсан. Яах аргагүй сайн жүжигчин, өөрөө шотланд хүн болохоороо илүү мэдрэмжтэй байсан байж мэднэ. Надад шотланд аялага, ер нь нутаг нутгийн өвөрмөц аялага таалагддаг. Бүгдээрээ нэг л янзаар ямар нэг ялгарах зүйлгүй ярьдаг байсан бол уйтгартай яа. Хадуурвал надад манай баруун монголын аялага бас их таалагддаг. Шотланд аялага баруун монгол аялагатай холбоотой юм шиг санагддаг яагаадыг мэдэхгүй.
4. Театрт юм үзэх гоё. Надад ингэж явах боломж тэр болгон олддоггүй тийм болохоор ямар нэг баяр тэмдэглэж байгаа шахуу юм болно шүү дээ. Ядаж энэ өдөр хичээж гоё хувцасаа өмсөөд, нүүрээ угаагаад гардаг болохоор тэр байж мэднэ.
За одоо санаaнд хүрээгүй юм юу вэ гэвэл:
- Би түрүүний бичлэгт тавилт сэтгэлд хүрсэнгүй гэж дурдсан. Жүжгийн сонгодог хэлбэрээс өөр маягаар ганц хүний шоу болгож тавьсан нь жүжигчин хэдий сайн байлаа ч бас зохиолд гарах нарийн ширийнийг бас бага сага алдагдуулах талтай байх. Миний хувьд Макбэтийг анх удаа үзэж байгаа болохоор зарим шийдлийг ойлгоогүй байж болно. Харин хүмүүс их сайн хүлээж авч байсан, эдний дунд сургуульд Макбэтийг бараг нэг улирал нухдагийнх биз. Нэгэнт зохиолыг нэвт шувт мэдэж байвал өөр тавилт илүү гоё санагдаж болох байх. Харин сайн мэдэхгүй над шиг хүнд зарим хэсэг хүрээгүй гэх үү. Хүү маань гурван шулмын хэсэг сайн гарсангүй гэж байна лээ. Мань хүн Макбэтийг эндхийн жишгээр нухсан л даа.

Энд хамаагүй нэг зураг: нэг их том тайлбар хэрэггүй байх Гангаа эгчээс ирсэн гайхуулмаар бэлэг...

No comments: