Түрүүний бичлэгт " Хүүхдийн таргалалт нээрээ их асуудал, би бас энэ тал дээр их санаа зовдог юм. Охин маань жоохон жин нэмээд байдгаараа л хорьж цагдаж байна. Яавал дээр вэ? Хорих тусам идээд байх шиг " сэтгэгдэл үлдээжээ.
Хүүхэд өсөж байгаа тул жингийн асуудал том хүнийхээс өөр. Том хүний жин илүү эсэхийг BMI (body mass index)-ээр тодортхойлж болно, харин хүүхдэд яг тийм гэсэн заалт хэмжүүр тогтоох аргагүй. Нөгөө талаар өсөж байгаа бие физиологийн хувьд өөр, тийм болохоор том хүн шиг тосгүй эсвэл нүүрс ус хорьсон хоолны дэглэм бариулах эргээд муу нөлөө үзүүлэх тал бий. Цаашлаад хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг бас бодож үзэх хэрэгтэй байх. Чи тарган байна гэх юм уу, хоолны дэглэм барих хэрэгтэй гэсэн яриаг тун гүнзгий хүлээж авдаг, өөртөө итгэлгүй болох мөн хоолоо хорих, идсэн хоолоо буцааж бөөлжих муу зуршилтэй болох эрсдэл бий.
Миний бодлоор хамгийн түрүүнд хүүхдээ идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хамгийн чухал. Америкийн хүүхдийн эмч нар хүүхэд бүр өдөрт дор хаяж 1 цаг идэвхтэй хөдлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гадаа тоглох, биеийн тамирын дугуйланд явах, явган алхах, дугуй унах, усанд сэлэх гээд олон арга зам бий. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж хүүхдүүдтэйгээ хамт алхдаг, тоглодог бол бүр илүү үр дүнтэй. Өдрийн нэг цаг тийм ч хэцүү урт хугацаа биш шүү дээ. Манайхаар жишээ авбал; эндхийн сургуулиуд үдийн хоолны дараах их завсарлагаар цаг агаарын ямар ч нөхцөлд хүүхдүүдийг хагас цаг хэртэй гадаа тоглуулдаг. Манай охин сургуулиа тараад өдөр өнжихөд хоёр цаг хэртээ биднийг ажил тартал байна. Өдөр өнжихийнхөн цаг агаар сайхан бол хүүхдүүдийг гадаа, бороо шороотой үед сургуулийн биеийн тамирийн зааланд тоглуулдаг. Гэхдээ зарим өдөр охин маань зураг зураад гараагүй байх тохиолдол бий. Охины сургууль манай гэрээс 15 минут хэртээ алхах зайтай, охин өглөө оройд нийлээд хагас цаг хэртээ алхана. Долоо хоногт хоёр удаа биеийн тамирын хичээл ордогийг бас дурдах хэрэгтэй байх. Хагас бүтэн сайнд бид ядаж нэг өдөр нь хотоос чадвал хотоос гадагш гарч ууланд алхах, үгүй бол энд ойр байх цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг. Далимд нь бас тоглоомын талбайд тоглоно. Ингээд бодохоор нэг цагийн норм нэг их зовоод байлгүй биелэж байгаа биз.
Дараагийн асуудал зурагт үзэх, компьютэрийн ард суух цагийг багасгах. Ер нь нэг суурин дээр нэг л цаг суух хязгаарлалт тавих нь зөв байх. Манайх ажлын өдрүүдэд оройн хоолны дараа зурагтаа асаадаг, тэр үед гол төлөв 8 өнгөрчихсөн байна, охин 9 цагт орондоо ордог, харин хагас бүтэн сайнд өдрийн хоолноос өмнө зурагт асаадаггүй. Оронд орох гэснээс хүүхдээ хангалттай унтаж чадаж байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй байх. Нойронд муу байх нь бас таргалалттай холбоотой. Тогтмол нэг цагт унтаж босч хэвших нь зөв. Хүүхэд чинь гар утастай бол шөнө өрөөнөөс нь өөр газар байлгах, өрөөнд нь зурагт, компьютэр тавихгүй байсан нь зүгээр. Сургуулийн насныхан дор хаяж 9-10 цаг унтах ёстой гэдэг юм билээ.
Мэдээж хооллох дэглэм чухал. Хүүхдүүдийн хувьд жин хасна гээд өлсгөж болохгүй, харин тогтсон зөв хэвшилтэй болох хэрэгтэй байх. Өглөө, өдөр, оройн хоол, бага үд, үдээс хойш жижиг snack өдөрт 5 удаа идэхээр зохицуул гэсэн зөвлөмж бий. Өглөө, өдөр, орой гол хоолнууд шим тэжээл сайтай хүүхэд дуртай бол хоолны хооронд өлсөж чихэр сахар идэх гээд байхгүй. Амттанг зөвхөн өдөр оройн хоолны дараа өгвөл зүгээр. Тэр үед хүүхэд цадчихсан байх учир нэг их идээд байхгүй. Snack чихэр, жигнэмэг, шарсан төмс, зайрмаг, бялууны оронд тараг, жимс, шарсан талх (бага зэрэг цөцгийн тос, жимсний чанамалтай, эсвэл түрхдэг шоколадтай), лууван, улаан лооль, өргөст хэмх байвал зүгээр гэж боддог, охиноо тиймэрхүү дэглэмээр л хооллодог. Хүүхдийн таргалалтын хамгийн том шалтгаан эднийхний хэлдэгээр junk food; энд түргэн хоолны газрын хоол, элдэв амттан гээд илчлэг өндөртэй, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний зүйл орно. Ийм хүнсний зүйл голдуу чихэр, өөх тос, давс ихтэй байдаг.
За чихэрлэг ундаа бол хамгийн хэрэггүй эд. Мэдээж хүүхдүүд дуртай, хааяа нэг баяр ёслолоор авдаг байвал зүгээр. Нэг аяга ундаа чинь дор хаяж 50-60 гр чихэр агуулсан байдаг (та цайндаа 5-6 халбага чихэр хийж ууна гээд төсөөл дөө?). Жимсний шүүс бол эрүүл хүнс гэсэн ойлголт бий, витамин C, бас бус бодис агуулдаг нь үнэн боловч бас л маш их чихэртэй. Тийм болохоор өглөөний цайнаас бусад үед хүүхдэд өгөх хэрэггүй. Манайхан хар ус гээд усанд тааруу, уг нь бол цангаа хамгийн сайн тайлдаг гэм хоргүй ундаа чинь ус шүү дээ. Сүү гэж бас их сайхан тэжээллэг ундаа байна. Бид чинь багадаа ууж өссөн хүйтэн хар цай эсвэл хүйтэн хярам чинь эрүүл ахуйн үүднээсээ тун сайн ундаанууд юм шүү дээ.
За чихэр жигнэмэгийг тас хорих бас хэцүү. Ер нь эрүүл хоол хүнсний тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж, яагаад ундаа ууж чихэр идэх муу талаар тайлбарлаж өгвөл зүгээр. Хүүхдүүд бага гэлтгүй их сайн сонсдог юм байна лээ. Өөрсдөө ухаарах нь их чухал шүү.
1 comment:
Баярлалаа, тусад нь бичлэг хийж өгсөнд. Охин маань уг нь junk food, snack бараг л иддэггүй, хөдөлгөөн ч гэсэн гайгүй, өдөрт 1 цаг бол баталгаатай идэвхтэй гүйж харайж тоглодог. Хагас бүтэн сайнд дугуй унана, гадуур алхана. Харин телевиз үзэх цаг нь их, унтах цаг нь арай л оройтоод байгаа юм. Энэ тал дээр анхаарнаав Баярлалаа!
Post a Comment