Wednesday, April 10, 2013

Нүүрний номноос хуулбарласан бичлэг...


Ulmaa Khishigee

Урам бас хүсэл алга

Ажил хийх ямар ч сонирхол алга. Үнэний цэгц харц, дуу хоолой болоорой гэж байсан хүмүүс өөрсдөө түүнээс урвах юм. Дэлхийн дахинд яг одоо болж буй үйл явдлыг сонирхолтой тайлбарын хамт хүргэх гэж хирэндээ л хичээж яваа би. Ертөнцийн нөгөө хязгаарт болж байгаа үйл явдлыг өөрийн улсынхтайгаа харьцуулж, учир шалтгааныг нь өгүүлж, алдаа гаргасан хэнд ч гэсэн ёс зүй, хариуцлагын тогтолцоо яаж үйлчилдэгийг олонтой өгүүлэхийг хичээдэг. 

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр "Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум" /ICIJ/ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэсэн билээ. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг уг консорциум нь үндэстэн дамнасан сүлжээ бөгөөд тэд саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улс төрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг гаргасан юм. 

Улмаар Английн өдөр тутмын "The Guardian" сонины цахим хуудаст УИХ-ын дэд дарга С. Баярцогтын гадаад дахь нууц данс болон түүний гадаад дахь “Legend Plus Capital Limited” компанийг мөн дурьдсан. Тухайн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ талаар шуугисан. Түүний Швейцарийн банкан дахь нууц дансанд нэг үе сая гаруй ам.доллар байсан хэмээн тэрбээр өөрөө хэлсэн. 

С. Баярцогт “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн дээрх консерциумд хэлсэн байсан. 

Харин дараа тэр хэвлэлийн хурал зарласан. С. Баярцогт "Би энэ дансаа 2008 оны тавдугаар сард нээсэн гэсэн. Түүний хэлснээр "Legend Plus Capital Limited" компани улс төртэй ямар ч холбоогүй миний хувийн бизнес. Би энэ компаниа найзуудтайгаа байгуулж байсан. Гэхдээ энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь үнэн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл С. Баярцогтын хамт нууц данстай гэдэг нь илэрсэн гадны албан тушаалтнууд хэдийн хуулийн хариуцлага хүлээгээд хэдийн эхэлчихсэн. Тухайлбал Францын төрийн өндөр албан тушаалтан одоогийн эрх барьж буй Францын "Социалист" намын лидерүүдийн нэг Жером Каюзак offshore буюу татваргүй бүсэд компани байгуулан түүний эхнэрийн нэр дээр 600,000 евро байсан нь илэрч Ерөнхий сайд Франсуа Олландын Засгийн газрыг бүхлээр нь чичиргээнд оруулсан.

Эдүгээ 60 настай Францын Төсвийн сайдын албыг хашдаг Жером Каюзак өнгөрсөн Баасан гарагт өөрийн сайн дураараа огцорч, танхимаас гарч буйгаа зарласан бөгөөд түүнд Францын цагдаагийн газраас түүнийг "татвараас зайлсхийсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бөглсөн, нууцаар гадаадад их хэмжээний хөрөнгө оруулсан, орлогоо нуун дарагдуулсан" зэрэг олон шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон.

Энэ тухай мэдээллийг миний бие өнгөрсөн Даваа гарагийн Дэлхийн тойм мэдээллийн хөтөлбөртөө онцлон оруулж, үүрэг, хариуцлагын тогтолцоо Франц болон болон Монголд хэрхэн хэрэгждэгийг өгүүлсэн юм. Тодруулбал 600 мянган еврогийн нууц данстай нь илэрсэн Францын Төсвийн сайд албан тушаалаасаа огцорч, гэр бүлийн хамт байцаагдан, өргөст торны цаана суучихлаа. Харин манай УИХ-ын Дэд дарга 1 сая долларын нууц данстай нь илэрсэн боловч өөрийгөө бараг буруугүй, Ёс зүйн хороо шийдэх биз гээд гадагшаа нисээд явчихсан тухай харьцуулан өгүүлсэн.

Гэтэл өчигдөр ТВ-ийн захирал, сэтгүүлч эгч орж ирээд "Улмаа чи С. Баярцогтын тухай мэдээ хийсэн үү? Тийм бол яг юу гэж ярьсан юм бэ? Ойрын үед тэр талаар мэдээ хийхгүй шүү" гээд гараад явчих юм. Өөрөө энэ салбарт 20 жил болсон. Телевизийн нүүр царай болсон хүн. Яагаад? Яагаад? Яагаад...Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. Зүгээр л ажлаа хийж яваа залуу. Харсаар байж ийм шударга бус зүйлтэй миний үеийн залуус хэзээ ч эвлэрч чадахгүй. Худал, хуурмаг зүйлийн өмнө нүдээ аниад, чихээ дараад, амаа татаад суу гэж байгаа бол ёстой "ҮГҮЙ" гээд хэлчихье. Миний бие "Ийгл Ньюс" телевизийн Гадаад мэдээг хүмүүст хүргэхийн тулд өнөөг хүртэл хичээсээр ирсэн. Хэрвээ энэ мэтчлэн дарамт, шахалт үзүүлсээр байх юм бол ажил хийх ямар ч урам бас хүсэл алга...

4 comments:

Bremen said...

Dear Peakfinder;) bichlegtei holboogui gants seegii bichchii.
Bi tand ih bayarlaad l yavdag yum shuu.Gantsaardsan shanalsan uyed ta olon olon udaa setgeliin dem ugchee. Neg l medehed bi taniig ih saihan tsegtstei , uhaantai, haluun dotno huneer mederdeg bolson bnaa.Bi tegeed tand gants zurag zoriulj zuraad belegleh yumsan gej boddog yum.Ta mongold ireh boluul heleerei esvel nadruu shuudangiin hayagaa yavuularai. minii mail zolboo_087@yahoo.com
Cheers;)

Anonymous said...

Бүх сайтууд худалдагдсан байна лээ.Одоо ямарч сайт Баярцогтын талаар мэдээгээ хаасан байгаа.Ийм л оронд амьдарч байна бид.Залуу хүн байж яасан ч ичих булчирхайгүй хүн юм.Тэр нийтлэлч танхай эмээ Баярцогтыг Элбэгдорж шалбаагнаас гаргаж авч байгаа үнэн зураг гаргасан байна лээ.Төрийн томчууд дотор аймар биш хүн байна уу.

ZAYA said...

Үлгэр жишээчээр хариуцлага хүлээнэ гээд сүржигнээд байсан чинь бүүр таг болчихлоо. "Далдын хүчин" юм байлгүй дээ.

Unknown said...

монголд хэвлэл мэдээлэл худлаа шд. дотор нь хэсэг хугацаанд байж үзсэний хувьд гадарланаа... бохирын дээд бохир. тэгээд наанаа нээх худлаа жүжиглэцгээхийг нь хараад шал дургүй хүрэх юм. улс төрчидөөс шууд болон шууд бусаар бүгд хараат байгаа.