Миний хамгийн удаан бас хамгийн их догдолж, шаналж уншсан ном. Хугацааны хувьд бараг хоёр жил уншсан байхаа. Зав зай багатай дээрээ уншихад жаахан түвэгтэй орчуулга таарчихсан байсан. Нөгөө талаар сэтгэл эмтэрмээр хэсэгт хүрэхээр цаашаа унших тэнхэлгүй болчих шиг санагдаад хэдэн сарын завсарлага авч байсан юм байна. Уншиж дуусаад Достоевский үнэхээр агуу зохиолч байжээ гэж дүгнэв. Энэ ном хайр сэтгэл, детектив, ах дүү гурвын харьцаа, эцэг хүүхдүүдийн харьцаа, хүн чанарын тухай, шашны гүн ухаан гээд олон параллел үйл явдалыг нарийн холбож нэг зохиолд багтаасан нь гайхалтай.
Хамгийн сул хэсэг хайр сэтгэлийн дүрслэл байсан санагдсан юм байна. Би сайн ухаж ойлгоогүй байж магад ч зохиолд гарч буй эмэгтэйчүүд бүгд сэтгэлийн хөдлөлөөр хайр сэтгэлийн асуудлаа шийдээд байх шиг, нэг тийм хялбарчилсан юм уу гэж бодогдов. Гэхдээ хайртай хүнээ бүхнээс дээгүүр тавьж хүсэн хүлээсэн Груша хүүхний нүдэн дээр хайртай хархүү нь хэн ч биш хувирч байгаа хэсэг үнэхээр гайхалтай. Бодвол Груша тэр болтол өөрийгөө таниагүй, юу хүсч байгаагаа мэдээгүй явсаных юм болов уу.
Уншихад хамгийн түвэгтэй хэсэг (энэ хэсэгт орчуулагч хуучин англи хэл хэрэглэсэн байв) шашны гүн ухаантай холбоотой яриа, домог байсан. Гэхдээ алив сүсэг бишрэл мухар, догматик хэлбэрт орохоор анхны зорилгоосоо хэрхэн өөр болдогийг хэрэв Ийсүс дахиж төрөөд өнөөгийн сүм хийд түүний сэтгэлд яагаад ч хүрэхгүй харин ч сэтгэл нь гонсойх байсан гэсэн санаа өнөөгийн бидэнд ч хамаатай юм уу гэж бодов. Бодоод байхад шашин гэдэг уг үндсэндээ бол хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй хандах, нүгэл үйлдэхгүй байх гээд хүмүүсийн харилцааны ёс зүйг тодорхойлсон санаа агуулдаг боловч, яг амьдрал дээр (хүн гэдэг төгс төгөлдөр биш учраас) үндсэн үзэл санаанаасаа хазайж, мухар сүсэг болж хувирах нь элбэг гэдэг санааг Достоевский гуай номондоо дэвшүүлжээ гэж ойлгоод байгаа.
Хүний үзэл санаа төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил харилцааны чухлыг бас энэ номноос харж болно. Карамазовын хөвүүд хайр энэрэл гэдгийг мэдэлгүй өссөн нь эргээд тэднийг нэг бол танхай балмад ч юм уу (Митя) эсвэл бэртэгчин, хүйтэн хөндий (Иван) хүмүүс болж өсөх нөхцөл болжээ. Харин Алёшагийн хувьд эхээсээ удамшсан тогтуун зан чанар сүмд олж авсан боловрол нь ах нараасаа өөр хүмүүжил үзэл бодолтой хүн болгосон харагддаг.
Энэ номыг Достоевский дуусагж амжаагүй юм гэдэг. Дуусгаагүй ном ингэж хүчтэй сэтгэгдэл төрүүлж байхад дууссан хойноо ямар байх байсан бол гэсэн бодол дагуулж төгсөв.