Tuesday, April 30, 2013
Харин ч сайн хэрэг биш үү.
Нөгөө эмэгтэй хүн орж болдоггүй өргөөнд нь Тайландын ерөнхий сайд бүсгүй ороод бүр гал асаасан гээд шуугиад байхаар хошуу нэмэрлэмээр санагдаад болдоггүй ээ ккк. Хүмүүс их ууртай байх шиг монгол хүүхнүүд болдоггүй гадаад хүүхэн болдог юм уу гэсэн гомдол цувж байх шив. Миний бодлоор харин ч сайн хэрэг болсон юм биш үү. Одоо тэр өргөөндөө монгол эмэгтэй болохгүй гэж дүрэм гаргахгүй л юм бол эмэгтэй хүн оруулахгүй гэж хэлэх нүүргүй болоо биз дээ, айн. Үгүй яахав тэр хүүхнийг зүхээд яахав, харин ч манай төрийн харчуудыг баясгаж байгаад монгол хүүхнүүдэд төрийн өргөөний үүд хаалгыг нээж өгсөн юм биш үү. Харин тэр уур уцаарын бай нь монгол төрийн эрэгтэйчүүд биз дээ. Эсвэл ээ дээ бид чинь буруу юм хийж яаж засъя даа гээд толгойгоо гашилгаж байхад нь Тайланд бүсгүй хямралаас гарах гарц болж харагдсан ч юм билүү хэн мэдэхэв. Ямар ч гэсэн цагаан мөртэй л хүүхэн юм гэсэн ккк.
Monday, April 29, 2013
Тодруулга
Өдөр шөнө өдөр шөнө гээд л блогдох зав болоогүй байтал өмнөх бичлэгт зөндөө олон хүн санаа бодлоо биччихсэн байна. Сэтгэгдэл үлдээсэн та нарт талархаад нэг тодруулга гялс хийчихье.
Хүмүүс манай эрдэмтэн 20 хүн эмчилсэн байтал америкийн нэг хүүхэд эдгэрсэнийг дуулиан болголоо гэж гомдоод байгаа бололтой. Үүнийг сөхвөл хоёр өөр асуудал болохыг тайлбарлах гэж оролдоод үзье. Түрүүн бичсэн Алдар гуай эмийн бэлдмэлээ 60 мянган хүн дээр туршсанаас хориод хүн эдгэжээ. Энэ бэлдмэл бол шинэ эм юмаа. Шинэ эм гаргаж байгаа тохиолдолд олон шаардлага тавьдаг; хамгийн түрүүнд эмчилгээний үр дүн, дараа нь уг эмийн үр дагавар (side effects) шалгах хэрэгтэй болно. Тэгэхээр дахиад олон мянган хүн хамарсан бас placebo controlled туршилт хийх хэрэгтэй болох ба ийм туршилтийн үнэ өртөг их өндөр гардаг юмаа. Хэрвээ та эмийн компанийн эзэн байгаад 60000 аас хориод хүн эдгээдэг эмэнд хөрөнгө оруулах уу гэдэг асуудал гарч ирнээ дээ? Бодоод үз л дээ хэрвээ энэ эмийг монголд хэрэглэлээ гэж бодоход бүртгэгдсэн зуу гаруй хүнээс хэд нь эдгэх вэ?
За тэр барьцаад байгаа америкийн тохиолдол бол шинэ эм бэлдмэл хэрэглээгүй, ээж нь ДОХ-ын халдвартай, жирэмсэн байхдаа эм бэлдмэл хэрэглэж байгаагүй учраас халдвар авсан нярайг төрөөд 30 цаг болж байхад нь ДОX-ын халдвартай хүмүүсийн уудаг гурван төрлийн эмийг өндөр доозоор өгч эхэлсэн нь үр дүнгээ өгч 2 жил хагасын дараа цусны шинжилгээ сөрөг гарсан тохиолдол юм. Тэгэхээр энэ бол мянга мянган хүн дээр хийсэн туршилт биш ердөө тэр нярайд зориулж хийсэн эмчилгээ нь үр дүнгээ өгсөн болно. Энэ тохиолдол болохоор халдварын эхэн үед эрчимтэй эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байж болохыг харуулсан гэдэг утгаараа олныг шуугиулсан байх.
Миний энэ тухай бичсэн шалтгаан болохоор яг нарийн судлагдаагүй эм бэлдмэлийг нэг иймэрхүү маягаар сурталчилж хүмүүсийг төөрөгдүүлэх нь нөгөө бурхан бөөлждөгөөс илүү аюултай байж болох юм шүү гэдгийг онцлох гэсэн юм. Зөвхөн энэ тохиолдол ч биш хэвлэл мэдээллийг болсон болоогүй эм, элдэв эмчилгээний зар маягаар ашиглах явдал дэндүү их олширсон байгааг хараад их эмзэглэх юмаа. Тэр Herbalife-ийн зар бол хаа сайгүй л эмчийн зөвлөгөө маягтай явж байх юмаа. Хэрвээ яг ёс зүйгээ барьж яваа эмч бол ямар нэг бүтээгдэхүүн ингээд сурталчлаад байх ёсгүй л юм. Эртээд Өнөөдөр сонинд хаанахын хүн юм мэдэхгүй нэг эмч давсаг сулралыг мэс заслын аргаар эмчилнэ гээд бас сурталчилгаа маягийн ярилцлага өгсөн байсан. Мэс засал бол давсаг сулралын үед хамгийн сүүлийн арга байх ёстой, тэр бүү хэл эмийн эмчилгээг ч физик эмчилгээ үр дүнгүй үед л хийх ёстой байдаг. Харин тэр хүний хэлсэнээр мэс засал л хамгийн зөв эмчилгээ мэтээр ярьсан байна лээ.
Ингээд бодохоор ийм хүмүүс сонин хэвлэлд мөнгө төлж ийм ярилцлага хэвлүүлдэг юм болов уу гэж өөрийн эрхгүй бодох юм. Хар ухаанаар бодоход анагаахын мэрэгжилтэн хүн нэг ийм нийтлэл бичлээ танай сонинд тавья гэвэл хэд нь хүлээж авах бол? Тэгсэн хэрнээ илт юм зарах гэсэн цаагуураа мөнгө олох хэрэгсэл болсон юм болохоор ингээд хаа сайгүй байгаад байдаг нь их сонин.
Labels:
Илүү ам,
Шинжлэх ухаан
Friday, April 12, 2013
Хүндээ хөнгөнөөс буюу бурхангүй газрын бумба
Өнөөдөр сонинд Б.Алдар гэдэг хүний ярилцлага гарсан нь сонирхол татав. Манайд гадаадад ажиллаж байгаа судлаачдын талаар юу ч гардаггүй гэхэд хилсдэхгүй тул бас тэрхэндээ олзуурхасан юм. Тэгтэл юу вэ, мань хүн чинь ДОХ-ын эмчлэх вакцин гаргаад байхад ядуу буурай орны судлаач гээд их гүрнийхэн тоож үзээгүй ч гэх их сонин сонин юм ярьсан байх юмаа. Юу билээ гээд хэвлүүлсэн ажлын жагсаалтыг нь үзлээ, яах аргагүй олон жил дархлаа судлалаар олон газар ажилласан хүн юм байна, олон ч ажил хэвлүүлсэн хүн юм байна.
ДОX эмчилсэн талаар хэвлүүлсэн хамгийн сүүлийн ажлын товчлолд нь тодорхой эм/бэлдмэлийг Тайландад 60000 ДОX-ын халдвар авсан хүмүүс дээр туршсанаас 23 хүний цусан дахь ДОX-ын вирусийн эсрэг бие үгүй болсон гэжээ. Энд халдвартай хүмүүсийн бага хэсэг нь өөрөө аяндаа эдгэдэг тал бас бий гэдгийг энд дурдах хэрэгтэй байх. Ярилцлагадаа "Бидний бүтээсэн вакцины туршилтад хамрагдаж байсан хориод хүн яах аргагүй эдгэсэн" гэсэн ч 60000 хүнээс гэдгийг нь дурдаагүй байгаа нь жаахан шударга биш санагдлаа. Мэдээж шинжлэх ухааны ололт жижиг ч гэлээ олон хүнд тус нэмэр болохыг үгүйсгэхгүй гэхдээ xэрэглэсэн өвчтөний 0.038% эдгэрдэг эмэнд хөрөнгө оруулах хэн байхав. Миний хувьд ингэж өөрийгөө дөвийлгөж байгаа нь түүний ажилд итгэх итгэлийг унтрааж орхив. Тэртээ тэргүй олон жил ажилласан ажлын үр шим байж байхад ингэж хүндээ хөнгөнөөс өгч нэр хүндээ унагаагаад юу хийнэ.
Labels:
Илүү ам,
Шинжлэх ухаан
Wednesday, April 10, 2013
Нүүрний номноос хуулбарласан бичлэг...
Ulmaa Khishigee
Урам бас хүсэл алга
Ажил хийх ямар ч сонирхол алга. Үнэний цэгц харц, дуу хоолой болоорой гэж байсан хүмүүс өөрсдөө түүнээс урвах юм. Дэлхийн дахинд яг одоо болж буй үйл явдлыг сонирхолтой тайлбарын хамт хүргэх гэж хирэндээ л хичээж яваа би. Ертөнцийн нөгөө хязгаарт болж байгаа үйл явдлыг өөрийн улсынхтайгаа харьцуулж, учир шалтгааныг нь өгүүлж, алдаа гаргасан хэнд ч гэсэн ёс зүй, хариуцлагын тогтолцоо яаж үйлчилдэгийг олонтой өгүүлэхийг хичээдэг.
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр "Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум" /ICIJ/ нууц данс эзэмшигч улстөрчдийг олонд дэлгэсэн билээ. Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсийн данс, гадаад дахь компаниудынх нь талаарх нууц мэдээлэл, материалыг олон нийтэд дэлгэдэг уг консорциум нь үндэстэн дамнасан сүлжээ бөгөөд тэд саяхан Монгол, Орос, Канад, Тайланд, Пакистан, Филиппинийн нөлөө бүхий улс төрчдийн сая сая ам.долларын нууц данс, гадаад дахь компаниудын жагсаалтыг гаргасан юм.
Улмаар Английн өдөр тутмын "The Guardian" сонины цахим хуудаст УИХ-ын дэд дарга С. Баярцогтын гадаад дахь нууц данс болон түүний гадаад дахь “Legend Plus Capital Limited” компанийг мөн дурьдсан. Тухайн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ талаар шуугисан. Түүний Швейцарийн банкан дахь нууц дансанд нэг үе сая гаруй ам.доллар байсан хэмээн тэрбээр өөрөө хэлсэн.
С. Баярцогт “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн дээрх консерциумд хэлсэн байсан.
Харин дараа тэр хэвлэлийн хурал зарласан. С. Баярцогт "Би энэ дансаа 2008 оны тавдугаар сард нээсэн гэсэн. Түүний хэлснээр "Legend Plus Capital Limited" компани улс төртэй ямар ч холбоогүй миний хувийн бизнес. Би энэ компаниа найзуудтайгаа байгуулж байсан. Гэхдээ энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь үнэн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа" гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл С. Баярцогтын хамт нууц данстай гэдэг нь илэрсэн гадны албан тушаалтнууд хэдийн хуулийн хариуцлага хүлээгээд хэдийн эхэлчихсэн. Тухайлбал Францын төрийн өндөр албан тушаалтан одоогийн эрх барьж буй Францын "Социалист" намын лидерүүдийн нэг Жером Каюзак offshore буюу татваргүй бүсэд компани байгуулан түүний эхнэрийн нэр дээр 600,000 евро байсан нь илэрч Ерөнхий сайд Франсуа Олландын Засгийн газрыг бүхлээр нь чичиргээнд оруулсан.
Эдүгээ 60 настай Францын Төсвийн сайдын албыг хашдаг Жером Каюзак өнгөрсөн Баасан гарагт өөрийн сайн дураараа огцорч, танхимаас гарч буйгаа зарласан бөгөөд түүнд Францын цагдаагийн газраас түүнийг "татвараас зайлсхийсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бөглсөн, нууцаар гадаадад их хэмжээний хөрөнгө оруулсан, орлогоо нуун дарагдуулсан" зэрэг олон шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон.
Энэ тухай мэдээллийг миний бие өнгөрсөн Даваа гарагийн Дэлхийн тойм мэдээллийн хөтөлбөртөө онцлон оруулж, үүрэг, хариуцлагын тогтолцоо Франц болон болон Монголд хэрхэн хэрэгждэгийг өгүүлсэн юм. Тодруулбал 600 мянган еврогийн нууц данстай нь илэрсэн Францын Төсвийн сайд албан тушаалаасаа огцорч, гэр бүлийн хамт байцаагдан, өргөст торны цаана суучихлаа. Харин манай УИХ-ын Дэд дарга 1 сая долларын нууц данстай нь илэрсэн боловч өөрийгөө бараг буруугүй, Ёс зүйн хороо шийдэх биз гээд гадагшаа нисээд явчихсан тухай харьцуулан өгүүлсэн.
Гэтэл өчигдөр ТВ-ийн захирал, сэтгүүлч эгч орж ирээд "Улмаа чи С. Баярцогтын тухай мэдээ хийсэн үү? Тийм бол яг юу гэж ярьсан юм бэ? Ойрын үед тэр талаар мэдээ хийхгүй шүү" гээд гараад явчих юм. Өөрөө энэ салбарт 20 жил болсон. Телевизийн нүүр царай болсон хүн. Яагаад? Яагаад? Яагаад...Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. Зүгээр л ажлаа хийж яваа залуу. Харсаар байж ийм шударга бус зүйлтэй миний үеийн залуус хэзээ ч эвлэрч чадахгүй. Худал, хуурмаг зүйлийн өмнө нүдээ аниад, чихээ дараад, амаа татаад суу гэж байгаа бол ёстой "ҮГҮЙ" гээд хэлчихье. Миний бие "Ийгл Ньюс" телевизийн Гадаад мэдээг хүмүүст хүргэхийн тулд өнөөг хүртэл хичээсээр ирсэн. Хэрвээ энэ мэтчлэн дарамт, шахалт үзүүлсээр байх юм бол ажил хийх ямар ч урам бас хүсэл алга...
Tuesday, April 9, 2013
Төмөр хатагтайн таалал төгссөн эргэн тойронд
Маргарет Тэтчэр таалал төгсжээ. Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд асан түүнийг зарим нь чин сэтгэлээсээ хайрладаг байхад зарим нь үздэггүй гэж байгаа. Тэр нь бодлоосоо ухардаггүй санасандаа хүрч байж салдаг зан араншинтай нь холбоотой биз. Манай Глазгоу-д том парти болсон гэж байна лээ. Хэн нэгнийг таашаадаггүй байж болно гэхдээ хүн үхсэнийг баярлан тэмдэглэдэг улс гаж санагдаад байдаг юм. Зурагт сонин хэвлэлээр түүний тухай их ярьж байна, тиймэрхүү гэсэн тойм байснаас би бас сайн мэддэггүй байжээ. Аа тийм нас барсан юм гээд манайхан шиг хоосон магтаад байдаггүй л юм байна. Хийсэн сайн сайхныг нь алдаа дутагдалтай нь зэрэгцүүлээд ярьж байгаа нь их зүгээр санагдав.
Жирийн хүнсний мухлагийн эзний охин түүний хийсэн хүмүүсийн мэддэг алхмуудаас дурдвал:
- Фолкландын дайны ялалт ордог юм байна. Ямар ч гэсэн их гүрэн гэсэн бахархал ард түмэндээ авчирсан гэж үздэг гэнэ.
- Банк санхүүгийн системийн шинэчлэл тэр дундаа зохицуулалтыг чөлөөлсөн нь өдгөө хэн бүхэн үнэтэй брокэрээр дамжихгүй үнэт цаасны наймаанд оролцох боломжтой болсон гэнэ. Гэхдээ түүнийг шүүмжлэгчид болохоор чухам энэ зохицуулалтаас чөлөөлсөн нь өнөөгийн хямралын эх байсан, баян ядуугийн ялгаа улам их болгох нэг нөхцөл гэж үздэг юм байна. Зөв буруу аль нь ч бай Лондон өнөө дэлхийн санхүүгийн төв гэгддэг нь Тэтчэр хатагтайн гавьяа гэнэ дээ.
- Үйлдвэрчний эвлэлийн эрх мэдлийг хязгаарласан. Нүүрсний уурхайн ажил хаялтын үед мань өөрийн төлөвлөгөөнөөс ухраагүй гэж байгаа. Тэр утгаараа английн хойд хэсэгт түүний нэр хүнд тааруу. Улсын мэдлийн 20 уурхайг хааж 20000 хүн ажилгүй болж олон хот тосгон эзгүйрсэн гэж буруутгасан хүмүүс байхад, үйлдвэрчний эвлэлийн эрх мэдлийг хязгаарласан нь Францууд шиг сав л хийвэл ажил хаядаг, ямарваа шинэчлэл хийхэд яршиг түвэг уддаг асуудал байхгүй болсон гэж дэмжигчид нь үздэг. Ер нь тэр явдалаас хойш Их Британийн аж үйлдвэрийн салбар тун цомхон болсон; түүнийг бас сайн гэж үзэх нэг хэсэг нь байхад муу гэж үзэх хүмүүс бас байна.
- Орлого багатай хүмүүс улсын мэдлийн сууцаа хямд үнээр худалдаж авах боломж бий болгосон хүн юм байна. Түүний ачаар хөрөнгө мөнгөөр шалихгүй хүн ч өөрийн гэсэн сууцтай болох боломж нээгджээ. Шүүмжлэгчид нь түүний улмаас орлого багатай хүмүүсийг суулгах байрны хүрэлцээ муудсан гэх.
- Улсын олон том компанийг хувьчилсан. Үүний жишээ нь BT, British airways, төмөр зам. Энэ хувьчлал улсын төсөвт хэмнэл гаргасан ч ажлын орон тоо буурахад хүргэсэн. Чухам энэ хувьчлалаас үүдэлтэй Их Британийн төмөр замын тийз Европт хамгийн үнэтэйд ордог.
За цаашилбал Пиночетийг дэмжиж, Нэлсон Мандэлаг тэррорист хэмээж, Өмнөд Африкийн эсрэг авах эдийн засгийн хоригийг эсэргүүцэж байсан үе түүний карьерийн хамгийн хар бараан хэсэгт орох байх. Өөрөө эмэгтэй хэдий ч улс төрд эмэгтэйчүүдийг огт дэмжиж байгаагүй гэнэ. Арван хэдэн жилд ганцxан эмэгтэй сайд томилсон гэдэг. Хамт ажиллаж байсан хүмүүсийн яриагаар эрчүүдтэй ажиллахыг илүүд үздэг байжээ. Энэ нь түүний бас нэг сул талд дурдагдах болов уу.
Тэрбээр нөхрийнхөө тухай түүний дэмжлэг үгүй байсан бол би ийм амжилттай ажиллаж чадахгүй байсан гэж хэлдэг байжээ. Нэг сурвалжлагчийн "Танай гэр бүлийн хэн чинь өмд өмсдөг вэ?" (танай өрхийн тэргүүн чинь хэн бэ гэсэн утгатай асуулт) гэж илт дайрсан асуултанд нөхөр Дэнис нь "Би өмд өмсдөг, угаадаг бас индүүддэг" гэж хариулсан нь хөөрхөн санагдав.
Төмөр хатагтайн work ethic гэдэг хэн хүнийг гайхуулсан чанар байжээ. Үүнийг түүний шүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрдөг гэнэ. Тэрбээр өдөрт 4 цаг унтдаг, ажил хэчнээн эрт эхэлсэн ч үс зүс, өмссөн зүүсэн нь өөлөх юмгүй байдаг байж. Тэр хэмжээгээрээ өндөр шаардлага тавьдаг түүний шаардлагад хүрэх хүн цөөхөн байсан гэдэг. Тийм өндөр тушаал хашдаг ч гэртээ тогооч авч байгаагүй гэр орныхоо ажлыг бүгдийг өөрөө зохицуулдаг байсан гэдэг бас гайхмаар байгаа юм.
Эцэст нь түүний оршуулгын ёслол Сэйнт Полийн катэдралд болох юм байна. Өөрөө төрийн тэргүүний оршуулганы ёслолоос улсын мөнгийг хэрэггүй юманд үрэх хэрэггүй гэж үзсэн учраас татгалзсан гэрээслэл үлдээсэн гэнэ.
PS: Уг нь нэммээр юм зөндөө л байх шиг байна. Ойрд зав гэдэг тун ховор байгаа тул ингэсгээд цаг хугацаанд тааруулсxийгээд халтар хултар бичив.
Бас тэр дэлгэрэнгүй мэдээлэл хүсээд байгаа хүнд ойрд тийм боломж гарахгүй нь ээ, уучлаарай гэж хэлмээр байна.
Labels:
Тэмдэглэл
Sunday, March 31, 2013
Аз жаргалтай гэрлэлт

Өнөөдөр BBC цахим хуудсан дээр аз жаргалтай гэрлэлтийн шалтгаан юу вэ гэсэн нийтлэлд Чарльз Дарвиний гэрлэлтийн тухай бичсэн нь сонин санагдсан тул хэсгээс нь авч өөрийн бодолтой холилоо. Нийтлэлд олон жил ханилсан жаргалтай хосууд байхын тулд тэдэнд нэгэндээ тэмүүлэх хүсэл тачаал, инээд наргианч чанар, итгэл хүлээх, даах чадвар байх ёстой гэж томьёолжээ. Энэ бас л голыг нь олоод хэлчихэв үү гэж санагдав.
1863 онд залуу Чарльз Дарвин гэрлэлтийн тухай бодлоо гэрлэхийн ашигтай болоод ашиггүй талын жагсаалт маягаар тэмдэглэсэн нь өнөөг хүртэл хадгалагдсан байдаг аж. Ашиггүй талыг жагсаалтанд хүүхэд өсгөх өртөгтэй асуудал, гэрлэсэн хүн агаарын бөмблөгөөр нисэх аргагүй болно гэх мэтийн шалтгаан орж. Ашигтай талд нь болохоор нас өндөр болоход хань ижилтэй, найзтай байх, ямар ч гэсэн нохойноос дээр гэж бичиж үлдээжээ. Түүний энэ тэмдэглэл этгээд хэдий ч мань хүн гэрлээд хэн хүнд тохиодоггүй аз жаргалтай амьдарч, насан өөд болохдоо хэлсэн сүүлийн үгс нь "Миний хайр, миний олдошгүй хайр" байжээ.
Нийтлэлийг зохиогчийн бодлоор Дарвиний гэрлэлт хүсэл тачаалаар дүүрэн байсны гэрч нь тэдний төрүүлж өсгөсөн 10 хүүхэд (тэд 17 жилийн дотор 10 хүүхэд төрүүлжээ). Түүний эхнэртээ бичсэн захидал, эхнэрийнх нь эрдэмтний тухай бичсэн тэмдэглэл нэгнийхээ тухай хошигнолоор арвин байсан нь инээд наргианаар дутаагүйнх биз гэж. Дарвиний эхнэр Эмма сүйт залуудаа "бидний гэрлэлтийн дараа чи миний тухай бүхэл бүтэн онол гаргах бөгөөд намайг уурлаж аашлах үед чи "Энэ юуг баталж байна вэ?" гэж бодлогшрох биз" гэж бичсэн байдаг. Итгэл хүлээх даахын хувьд Эмма бүсгүй өөрөө христос шашинд үнэнч нэгэн байсан ч нөхрийнхөө эволюцийн онолын төлөө тэмцэлд үргэлж дэмжиж хажууд нь байжээ. Тэр үед чинь бурхангүйн үзэлтэй байх чинь хүнийг нийгмээс тусгааралах хангалттай шалтаг болж байсныг дурдах хэрэгтэй биз. Нийгмийн байр сууриа үл хэрэгсэн нөхрийнхээ талд зогсоно гэдэг бас л том зориг байгаа биз.
Labels:
Cool Brits,
Сонин хачин
Saturday, March 30, 2013
Урт өвөл
Ноднин өдийд дулаахан, мод ногоороод гоё хавар болж байсан бол энэ жил өдөр болгон шахуу цас хаялсаар. Цаг агаарын урдчилсан мэдээ 4 сар дуустал дулаарахгүй гэж байх шив. Энд дулаараад ч нэг их халахгүй л дээ, тэгээд тэр үү би үе үе нэг их сайхан халууцах юмсан гэдэг. Өнгөрсөн зун Газар дундын тэнгисийн эрэг дээр амрахдаа халуунд түүртэж тэрхэндээ сандарсан. Хүссэн юм хүзүүгээр орооноо гэж тэр байх.
Зуны дурсамж гэх үү хэдэн зураг оруулав. Өвлийг давах сэтгэл санааны бэлтгэл гэх үү.
Урд өмнө хараагүй тансаг цэцгэс олон байлаа.
17-р зуунд баригдсан талхны пийшинд ийм пицца хийж идсэн. Зуухандаа байсан уу, ердийн үед хийдэг пиццанаас илүү амттай болсон санагдсан. Зуухны гаднаас зураг авахаа мартсан байна. Олуулаа байсан болохоор бэлэн болсон пиццаны зураг авах завдал болоогүй дуусчихсан.
Жимс ногоо, яг сезон таарсан үеийн жимс ногоо амттай бас тансаг үнэртэй.
Labels:
Photo of the day,
travel,
Уйдсан хүний ажил
Subscribe to:
Posts (Atom)



















