Sunday, September 9, 2007

Arthur W. Upfield: No Footprints In The Bush


Нэг ийм жижигхэн детектив уншлаа. Зохиолч нь Англид төрсөн боловч насанд хүрсэн амьдарлынхаа ихэнхийг Австралид өнгөрөөсөн юм гэдэг. Тэгээд Австралид өрнөх үйл явдалтай цуврал ном олныг бичсэн юм гэнэлээ. Номын гол баатар нь Напалеон Бонапарт нэртэй австралийн аборигин, цагааны эрлийз мөрдөн байцаагч, хянуур няхуун бас асар их тэвчээртэй хүн гэж дүрслэгддэг. Зохиолын үйл явдал 20-р зууны эхний хагаст болж байгаа болохоор гол баатар маань их хавчилга, дарамтыг сөрөн байж мөрдөн байцаагч болсон гэж дурдсан байдаг. Яг үйл явдал нь нэг их таалагдсангүй. Зохиол эхэлэхэд Австралийн төв нутагт замаар явж байсан машиныг нэгэн онгоц ирж бөмбөгдөж дэлбэлчихээд яваад өгнө. Машинд сууж явсан цагдаагийн офицер болон түүний төв уруу байцаахаар авч явсан гэрч аборигин газар дээрээ нас барна. Манай гол баатар бөмбөгдөлтийн гэрч болж таардаг. Хэргийн эзэн бас аборигин, цагааны эрлийз залуу Рэкс МкФэрсон, эцгийнхээ өмч хөрөнгийг (тэр нь нутгийнхаа хамгийн гайгүй хөрөнгөтэй хүн юм шиг байгаа юм) өөрийн болгохын тулд янз бүрийн үл бүтэх оролдлого хийгээд барахгүй болохоор өөрийн үеэл, аавынхаа хайртай зээ Флораг хулгайлна гэж заналхийлдэг. Флора тэр хавьдаа гайгүй царайлаг бүсгүй, бас өөр залууд хайртай гэж байгаа. Бүгдээрээ Флораг хэргийн учир тайлагдтал эндээс өөр аюулгөй газар оч гэж ятгаад дийлэхгүй. Нөгөөх нь би гэрээсээ ийм юмны төлөө явахгүй, өөрийгөө хамгаалж чадна энэ тэр гээд үлдсэнээ, аймаар өчүүхэн юманд хууртаад, толгой уруугаа түнхийтэл цохиулаад хулгайлагдаж орхино доо. Тэгээд л Флораг буцааж авах гэж бөөн юм болоод, өчнөөн хүн үхээд, яахав эцэстээ тэр аваргдаад дуусна л даа. Ер бараг л Холливудын кино шиг. Надад эмэгтэй хүнийг иймэрхүү маягаар дүрслээд байх нь таалагдсангүй. Ямар ч логикгүй бусдын амь насаар дэнчин тавиад л, гэхдээ тэгэж дүрслэхгүй болохоор зохиолын гол судас байхгүй болчих юм уу даа.
Гэхдээ энэ номын тухай бичих шалтгаан нь гэвэл Австралийн уугуул хүмүүсийн тухай, бас байгалийн тухай үнэхээр тод томруун дүрсэлсэнд байгаа юм. Аборигин хүмүүсийн амьдрал, тэдний байгалтай зохицох чадвар, мөр хөөх, утаан дохиолол, шүтлэг бишрэл, хуримын ёс энэ тэр гээд тун сонин, шинэ зүйлүүд олж мэдсэн. Утаан дохиогоор бол утсаар ярьж байгаа юм шиг л мэдээлэл солилцоно, бас тэр мөр хөөх гэж их том урлаг байх юмаа. Иймэрхүү донж эвийг нь тааруулсан шигтгээ энэ номыг их сайн чимсэн юм байна лээ.
Энэ номыг боломжтой бол олоод уншаарай гэж хэлэх байна.

No comments: