Monday, November 22, 2010

James Watson: DNA the secret of life


Жэймс Уотсоны тавьсан илтгэл сонссон тухайгаа энд бичсэн билээ. Саявтар түүний бичсэн "DNA: secret of life" номыг уншиж дуусгав. ДНX молекулын бүтцийг нээсний 50 жилийн ойд зориулж бичсэн энэ ном уг нээлтээс хойш генетик, молекул биологийн шинжлэх ухаанд гарсан нээлт, ололтын тухай, зөвхөн нээлт талаас нь биш нээлт хийсэн хүмүүсийн тухай сонирхолтой өгүүлжээ. Шинжлэх ухааны нарийн ширийнийг энгийн хялбараар тайлбарласан нь уншигч заавал биологийн мэдэлгтэй байх шаардлагагүй, дээр нь Уотсоны өөрийн үзэл бодол, шинжлэх ухааны ирээдүй, шашингүйн үзэл, шинжлэх ухааны ёс зүйн талаар тун сонирхолтой сайхнаар хүүнэсэн байна.
Цаашлаад ер нь генетикийн ухаан үүсэж хөгжсөн түүх, мундагчуудын хувийн зан чанар хөгтэй явдлууд гээд уйдаахгүй. Жишээ нь, хүйтэн дайны үед Линус Полинг (Linus Pauling) холбооны мөрдөх товчоонд байцаагджээ, шалтгаан нь мань хүн атомын бөмбөгт орох цацраг идэвхт изотопын хэмжээг нарийн мэдэж байснаа ил гаргасан бололтой юм. Байцааж буй хүмүүс хэн танд энэ мэдээллийг өгсөн гэж асуухад Полинг: "Надад хэн ч ямар ч мэдээлэл өгөөгүй, тэр хэмжээг би өөрөө бодоод олчихсон юм" гэсэн гэдэг.
Удамшлын зүй тогтолцоог анх вандуй дээр тавьсан туршилтаар нээсэн Мэндэл дээд сургуулийн шалгалтанд хоёр ороод уначихсан, тийм учраас дээд сургуулийн дипломгүй байсныг олон хүн бас мэдэхгүй л болов уу.
Миний хувьд биологийн нээлтийг патэнтлах ёс зүйн тухай бичсэн хэсгүүд урд өмнө сонсож байгаагүй шинэ зүйл байлаа. Жишээ нь, хөхний хорт хавдарын удамшдаг хэлбэр BRCA1, BRCA2 гэсэн 2 гений мутацтай холбоотой. Харамсалтай нь энэ хоёр гений үүргийг тодорхойлсон шинжээчид патэнталсан эдгээр гентэй холбоотой судалгаа шинжилгээ алхам бүртээ хууль зүй, оюуны өмчтэй холбоотой маргааны эх болж байдаг, тэр утгаараа оношлогоо, судалгаанд ахиц гарахгүй байгаа талаар бичсэн хэсэг их сонин байлаа. Цаашлаад аливаа генийг патэнтлах нь ёс зүйд нийцэж байна уу гэсэн асуудал дэвшүүлжээ. Ген гэдэг байгалийн бүтээгдэхүүн, тэгэхээр түүнийг хэн нэгэн өмчлөх утгагүй хэрэг гэсэн үзэлтэй санал нийлэв.
Боломжтой бол энэ номыг уншаарай, тун сонирхолтой сайн бичсэн ном шүү гэж хэлмээр байна.

1 comment:

Anonymous said...

Urd shono bas neg barimtat nevtruulge uzlee. Hiimleer es ba bakteriig buteej baigaa tuhai genetikiig n buren programchilj chadval odoo hussen amitnaa buteej boloh boltson baishd. Neg sahaltai nastai genetikch baisan nevtruulgiin dundaas uzsen uchir neriig n sain togtoogoogui.

Ireeduid Sintitek-biologi soyol irgenshiliig buteene l gej baina.

Barimalch