Saturday, April 10, 2010

Ажил ч жигдэрч байна даа...

Хэнээс сонссоноо мартаж орхиж. Нэг малчин залуу сумын төв орж ирээд танилдаа тууврын малаа ч тушаачихлаа, хураасан ноосоо зарчихлаа, авгайгаасаа ч салчихлаа ажил ч жигдэрч байна даа гэсэн утгатай онигоо ойрд санаанд буух болов. Хоёр газар амьдрахын зовлонг тэссэнгүй ээ хө ямар ч гэсэн хар хүнийхээ байгаа газар халуун бүлээрээ амьдаръя гэж шийдээд ажлаа өгөхөөр болчихлоо. Зөвхөн энэ ч биш нөгөө тэнүүлчин нүүдэлчин араншин маань хатгаад суулгах юм биш. Хэдэн сарын турш дуншсан шийдвэр маань зөв болов уу гэж найднам.
Ямартаа ч Кембриж гэдэг газар жил илүү амьдраад суурьшия гэж чин сэтгэлээсээ оролдсон ч алсын бараа харагдахгүй таг хавтгай газар хэдэн сар болоод л дотор давчдаад сууж болоогүй юмаа. Засаж зүлгэсэн цэцэрлэг, орчин тойрон цэмцгэр нь эхлээд таалагдаж байснаа сүүлдээ хоолойд торсон нэгэн аятай амьсгаа бачууруулахад өдөр бүр оройд нь гарахгүй ч барааг нь хараад тайвширдаг уулсыг санаж бэтгэрсэнээ өнгөрсөн зун Шотланд орох замдаа ухаарч билээ. Би гэдэг уулын орой алсын бараа харахгүй бол хэцүүдэх хүн юм гэдгээ ингэж ойлгосон юм.
Халагдах хүсэлтээ гаргачихлаа, зун харих билетээ авчихлаа (одоо тэгээд харих хоногоо тоолоод л сууж байна даа) одоо очих газраа ажил байр хайх гээд яах вэ хэрэг явдал эхнээсээ цэгцэрч л байна даа. Харих харихдаа МИАТ-ийн билет авчихсан шүү гээд нэг их сэтгэл өег суугаа. Ай даа үүлгүй цэнхэр тэнгэр, анхилам үнэртэй салхи, өршөөлгүй төөнөх нар, тэртээд хөхрөх уулсын бараа, тааваараа бэлчээрлэх мал сүрэг, инээж угтах гэрийнхэнээ ямар их санаваа. Харина гээд бодсон өөрийн эрхгүй инээд хүрээд сууж болох юм биш.
Нутгаасаа ирээд шинэ газар шинэ орчинд очно. Амьдрал шинээр эхэлж байх шиг нэг тийм гоёхон мэдрэмж төрөв.

5 comments:

Chandmani said...

Нутагтаа ирсэн сайхан байна аа... :)

Anonymous said...

Yur n delhiin zarim ediin zasgiin hevlluudeer medeelsneer Mongold oiriin 5 jild amidraliin tuvshin barag 10 dahin deeshilne gesen sudalgaa bii. Ter setguultei oiroltsoo shiidver baina. :D

Barimalch

Arsun said...

Уул харагдахгүй бол нэг л тохигүй оргиод байдаг, хэхэ.

Tsatsral said...

Zuv shiidver gargajee.

biochemiker said...

Чухам энэ асуудал бас манай гэр бүлд тулгарчихаад байна... Танаас хичээнгүйлэн хүсье, УБ-т очоод боловсрол шинжлэх ухааны байгууллагуудын өнөөгийн байдлын тухай ажиглалт бичнэ үү! Гадаадад байдаг судлаачдад тун сонирхолтой байх болов уу!