Monday, November 29, 2010

Аяны богц 12 - Үүрийн гол гаталсан нь

Аливаа үйл дуусдаг жамаар бидний аялал оргил цэгтээ хүрч буцах цаг болоход, Үүрийн голын үер машинаар гарч болтол татсангүй, харин ч нэмээд бороо орж эхлэв. Нутгийнхан за одоо л гол гатлахгүй бол гол маргаашнаас нэмж үерлэнэ гэсэнд бид тэрхэндээ чамгүй сандарч трактор олж татуулаад гарах юм болов. Сумын төв голын нөгөө талд болохоор бидний төлөөлөл нутгийнхны хэлж заншсанаар лодикаар гол гаталж трактор олохоор гарлаа. Үерийн ус улаанаар эргэсэн ширүүн урсгалд хавтгай ёроолтой завь, богино сэлүүртэй жолоочтойгоо тун ч өчүүхэн харагдаж байх. Голын наана цаана цугласан олон "Ай даа, сэлүүрдээрэй" хэмээн дэм өгч хашгиралдсаар завь орсон гол уруу орсон цэгээсээ нэлээн уруудаж байж нөгөө талд хүрэв. Тэрхэн үед надад за даа энэ бүтэхгүй ээ гэсэн бодол төрж, за байз онгоцноосоо хоцорчихвол яадаг билээ гэсэн бачимдал цээжинд хурчихлаа. Бидний явуулсан элч цаашаа сумын төв хүрээд нэг трактор олсон боловч тракторын жолоочийн аав ийм их усанд хүн үйж алах нь уу, болохгүй хэмээн түлхүүрийг нь хураасан мэдээ буцаж ирэх үед цаг хэдийн орой болсон байсан тул за ямар ч гэсэн өглөө ярилцъя гээд отог уруугаа буцацгаав.

Маргааш нь бороо шивэрсээр, тэнгэрийн байдал өөрчлөгдөх янзгүй, юмыг яаж мэдэх вэ гээд ачаагаа ачаад голын эрэг дээр эрвэл дахиад нэг трактор олсон хоёр трактор татаж гаргана гэсэн мэдээ сайхан сонсогдож билээ. Тэр үед үерт боогдсон нь зөвхөн бид биш байсныг голын эргээр ярайтал зогссон арваад машин харуулна. Эхлээд машинд яваа зорчигчдыг завиар гаргав. Дараа нь машинуудаа нэг нэгээр нь хоёр трактор чирж голоо гатлав. Гарам дөнгөж ороход их гүнзгий байсан тул тэрхэн зуур машин хөвөхөд зүрх алдмаар байж билээ. Өглөө эхэлсэн гол гатлалт орой нар жаргах хэрд дуусахад нутгийнхан за өнөө шөнөдөө Аригийн голоо гарахгүй бол боогдоно шүү гэсэн тул шөнөжингөө шаварт шарваж, суусан нэгнээ татсаар үүр цайлгав. Анх ирэхэд машины дугуйны талд хүрэхгүй байсан Аригийн голын гарам машины хамар даван алдаад бас л аймаар байсан шүү.













5 comments:

Arsun said...

Пөөх, Одоо бодоход ёстой сайхан дурсамж байгаа биз дээ.

ZAYA said...

Сонин шүү ингэж явахад их ядарч байгаа юм шиг тухайн үед санагдах боловч дараа нь сайхан амарсан байдаг юм шүү хэ хэ.
Олон, олон сайхан аялал хийгээрэй.

Anonymous said...

Учка: Юм асуух гээл. Уучлаарай. Би блог спот дээр блогтой болох гээд. Надад зөвлөгөө өгч болохгүй биз....

peakfinder said...

Arsun, ZAYA>> Тухайн үедээ дүү маань сайхан адал явдалтай явж байна гэхэд нь уур хүрмээр байсан харин эргээд бодоход бас сонин сайхан дурсамж болоод үлджээ.
Учка>> Өөрөө эмайл хаягтай бол блогспотод бүртгүүлээд л шууд бичнэ шүү дээ. Өөрөө эмайл хаягтай бол блогспотод бүртгүүлээд л шууд бичнэ шүү дээ. Энэ хаягаар http://www.sanakae.com/search/label/blog орвол олон сайхан зөвлөгөө байгаа. За тэгээд амжилт хүсье.

Anonymous said...

jinhene adal yavdaltai yavjee. Destiny