Sunday, November 28, 2010

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ

За байз энэ зүйр үгийг би зөв санаад байна уу бас буруу цээжилчихэж үү? Ийм тохиол олон таардаг болохоор энэ тухай бичих гэж удаан бодсон ч завдал болоогүй өдий хүрчихжээ. Энд би зөвхөн өөрийн төрсөн аавынхаа тухай бичих гээгүй юм шүү, харин сайн хүний нөлөө ямар хүчтэй байдаг гэдгийг л дурдах гэсэн санаатай.


Xүний нутагт олон жил амьдрахдаа олон газар ажилд орохоор ярилцлага өгч таарчээ. Ажилд орох өргөдөл дээр монгол улсын иргэн гэсэн бичээс хүмүүсийн сониуч занг хөдөлгөдөг болов уу, ямартаа ч ихэнх тохиолдолд ярилцлаганд уригдаж таардаг юм. Ярилцлага гол төлөв монголоос ирсэн гэнээ, миний анхны монгол танил та боллоо гэж эхэлдэг болохоор цөөхөн хүн амтай нутаг минь намайгаа яаж ийгээд бусдаас ялгаатай харуулж дөнгөөд байдаг гэж итгэж явдаг. Хамгийн сүүлд орсон ярилцлага ажил төрөл гэхээсээ монголын түүхийн тухай яриа болж хувирсан, яагаад гэвэл ярилцагч маань монгол нутгийг сонирхдог нэгэн байж. Гуравхан сая хүнтэй орон гэхэд танай монгол дэлхийн түүхэнд тун том нөлөө үзүүлсэн хүмүүс шүү гэж хэлсэн нь санаанд нэг л өег. Найман зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан өвөг дээдсийн үйлдэл өнөө амьдарч буй бидэндээ нөлөөлж байна гээд бодохоор бас л айхавтар байгаа юм шүү. Ингэхээр би гэдэг хүн монгол хэмээх овгоо олон худалдаж идсэн хүн болж таараад байгаа юм.


Монгол овгоос гадна би гэдэг хүн сайн багшийнхаа нэрийг бас олон худалдаж яваа хүн. Аз таарсан гэх үү, миний докторын ажил удирдсан багш мэрэгжил нэгтэн дундаа хүндтэй нэгэн. Багшийнхаа тухай хальт энд бичсэн байгаа. Би ... багшийн оюутан байлаа гэсэн танилцуулга олон үүд хаалга нээж өгсөн юмдаг. Багшийн маань нэрийг сонссон хүн заавал сонирхож ярилцахыг урьдаг юм. Ингээд бодохоор би худалдаж идэх нэртэй азтай хүн.

3 comments:

ZAYA said...

Хэ хэ, бүр ч олон худалдаж идэх байх оо.
Хүн бүрт тийм аз тохиохгүй шүү, нээрээ.

Arsun said...

Бид агуу түүхтэй улсаа, ирээдүй нь ч агуу байж таараа.

peakfinder said...

ZAYA >>Дуусаагүй ээ, цаашдаа зөндөө их худалдаж иднэ шүү дээ. Дуусдаггүй нь бас сайхан тиймээ?
Arsun >> Тийм гэж итгэж л явна.