Wednesday, July 4, 2012

Шинжлэх ухаанч үзлийн тухай хэдэн үг


Санаа орж ирэнгүүт нь бушуухан буулгаж авахгүй бол завтай болохоороо гээд хойш тавичихаар тэгээд лөөлөө болох юм. Сааралын шинжлэх ухаанч боловсролын талаар дээр үлдээсэн сэтгэгдэл бас л миний сэтгэлийг эмзэглүүлж явдаг асуудлын нэг билээ. Залуу үеэ та нар сурахгүй байна гэж зэмлэх бас өрөөсгөл юм. Зүгээр наад захын жишээ татвал надтай мэрэгжил ойр монголдоо тэргүүлэх хоёр "эрдэмтэний" ярилцлага нэлээн дээр сонин.мн хуудас дээр гарсаныг уншаад нэг их гутарч билээ. Тэргүүлж явах ёстой эрдэмтэд ийм аймаар ташаарсан бодолтой байхаар яаж шинжлэх ухаанч болоод хүмүүнлэг нийгэм байгуулах билээ дээ. Олон мянган жилийн турш эрдэмтэн гэдэг нэр хүмүүнлэг ёсны бэлэг тэмдэг байсаар ирсэн. Аливаа муу муухайн эсрэг бичиж ярьж сөрж зогссон хүмүүсийн тоо Сократаас эхлээд зөндөө бий. Харин манай хоёр эрдэмтэний ярилцлагаас нэг тийм шинжлэх ухаанч биш "үнэр" гараад байх юмаа. 
Нэгдүгээр ярилцлага нь Хүн судлалын үндэсний төвийн захирал Батсуурь гэдэг хүнийх. Генетикийн ухааныг шашин шүтлэгтэй холбоод авч өгсөн байнаа. Цаашлаад монголчууд дээрээс заяасан тусгай хүмүүс, тийм ч учраас Гитлер дэлхийн хоёрдугаар дайнд ялсан бол бид тусгай "статустай" байх байлаа. Тэр нь нэг их дээр биш бас доогуур биш гэнэ. Ийм яриа анх сонсож байгаа биш л дээ, магад Гитлер Чингисийн цэрэг дайны чадавхийг үнэлсэн нь монголчуудад "хайртай" гэсэн ташаа бодол төрүүлсэн юм байлгүй. Эрдэмтэн хүний хувьд ийм юм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж үзээд байна. 
Хоёрдугаар ярилцлага нь биологийн ухааны доктор профессор Самбуу гэдэг хүний ярилцлага байна (хаана ажилладагийг нь тавиагүй байх юм). Монгол хүмүүсийн ген бас нөгөө л Чингис хаан тийм байсан учраас бид тийм бас тусгай улсууд гээд баахан жишээ. Цаашлаад монгол хүүхнүүд гадаад хүнтэй сууж болохгүй харин эрчүүд гаднаас бэр буулгаж болно гэсэн байх юмаа. Цус холилдох муу гэснээ бас цус ойртож болохгүй гээд эсрэг тэсрэг юм яриад байх. Энэ болохоор логикийн хувьд ч гэсэн тааруу дүгнэлт. Еврэй хүн еврэй ээжтэй байж албан ёсоор еврэй хүний тоонд ордог. Яагаад гэвэл хүүхэд төрөхөд эх нь хэн бэ гэдэг 100% тодорхой учраас. Харин эцгээр бол ДНХ шинжилгээ энэ тэргүй бол батлах тийм амар биш биз дээ, айн? Цаашлаад  нөгөө л хэдэн хүүхнүүдийг муулах гэсэн санаа яваад байна уу? Ер нь гадаад эхнэртэй эрчүүд хийморилог, хүүхнүүд бол муу муухай болчихдог нь бас л муухай...
Эрлийз болохоор яс чанар муудна гэх шиг, тэгэж ямар ч шинжлэх ухааны үндэсгүй, муухай юм ярьж болохгүй ээ, тэр тусмаа нэр хүндтэй эрдэмтэн хүн гээд бүр байж болохгүй асуудал. Арьс өнгөний үзэл цухалзуулсан хэргээр ДНХ молекулийн бүтцийг нээсэн хүний нэг болох Жэймс Уотсон ажлаасаа хусуулж л байсан. Манайд ч гэсэн иймэрхүү сонин юм хэвлэл мэдээллээр ярьж төөрөгдүүлж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох цаг болжээ. 
Цэвэр цус гэж ингэхэд юу юм бэ? Тайлбарлахад их хугацаа орох тул ганц хоёр жишээ л татъя. Ашкэназийн еврэйчүүд олон зууны турш "цэвэр цустай" үлдэхийн тулд зөвхөн дотроо гэрлэцгээдэг байсан. Өнөө анагаах ухаанд мэдэгдэж байгаа удамшлын өвчний нэлээд хэсэг нь зөвхөн энэ бүлэгт тохиодог. Цэвэр цус дээрээ цус ойртсоны жишээ нь Их Британий пакистан гаралтай хүмүүс олноор суудаг Брадфорд хот. Энд төрөлхийн хэлгүй дүлий, хараагүй хүүхдийн тоо жирийн хүн амын дунджаас олон дахин өндөр байдаг. Энэ хоёр жишээ бол цус ойртолтын туйл болсон жишээ, манайд иймэрхүү асуудлаар нэг их дуулиан болгоод байхаас яг судалгаанд тулгуурласан тоо баримт байхгүй ээ. Дээрх жишээнд дурдсан хэмжээн хүрээгүй ч энэ талаар бодож явахад илүүдэхгүй бизээ. Тэрнээс шинжлэх ухааныг нэг их дуулиан болгоод ч юм уу эсвэл хэн нэгний үзэл бодлын багаж болгоод байх нь зүйд нийцэхгүй ээ. 
Өөр бусад нийтлэл үзэж байхад манайд бид тусгай гентэй, бусдаас илүү хүмүүс гэсэн үзэл бодол их дэлгэрч байгаа юм байна, тэрийг нь нэр хүндтэй эрдэмтэн гэх хүмүүс бас дэвэргэж байгаа зэрэг нь тоогүй санагдсан шүү.
Хүн гээч тэртээ холын Африкт үүсээд нүүж сууж явсаар дэлхийд тархсан амьтан. Дээрх хүмүүсийн яриад байгаа ген буюу ДНХ молекулын бүтцээр нь авч үзвэл нэг их том ялгаа байдаггүй юм. Тэр ч байтугай биднээс тэс өөр зүйл болох шимпанзийн ДНХ бүтэц хүнийхтэй 90% гаруй хувь таардаг гэж байгаа. Энэ бол яаж ч хөдөлгөшгүй баримт. Яахав тэгээд яагаад Европийнхон шаргал үстэй, азийнхан навтгар хамартай, африкийнхан хар байдаг юм гэсэн асуулт гарнаа даа. Тэр бол тухайн бүлэг хүмүүсийн дасан зохицох чадвар, эволюцийн үр дүн юм. Нар ховор үздэг хойд зүгийнхэн Д витаминий дутагдалд орох эрсдэл ихтэй учир цайвар арьстай тэр хэрээрээ нарны туяа шингээх чадвар өндөртэй бол, урагшаа хар бор улс чинь нарлаг газар Д витаминий илүүдлээс сэргийлж бор арьстай болсон байх жишээтэй. Мөн иддэг хоол хүнсэндээ дасан зохицсон хойд туйлд ойр амьдрадаг хүмүүс, эсвэл өндөрлөг газар хүчилтөрөгч сийрэг орчинд дассан Төвдүүд гээд наад захын жишээ. Тэрнээс хэн нэгэн нь ямар нэг илүү заяатай учраас бусдаас дээгүүр гэсэн үзэл төөрөгдөл юм шүү дээ. Ийм үзэл ямархуу эмгэнэлд хүргэж болохыг дэлхийн хоёрдугаар дайны жишээ бэлэхнээ харуулна. 
Харин улс үндэстнийг бусдаас ялгах онцлог бол амьдрах ахуй орчин, хэл соёл гэж би хувьдаа үздэг. Монголчууд бид энэ тал дээр азтай улс, бидний нүүдэлчин ахуй бидэнд аливаа юманд хурдан зохицох чадвар, гүйлгээ ухаан заяасан. Тэрнээс бидний ген бусдынхаас илүү дутуугийнх биш билээ. 
Арван наймдугаар зууны үед Европт тахир дутуу, ухамсар дорой хүмүүсийн үр хүүхэдтэй байж болох эсэх тухай асуудал хөндсөн евгеникийн хөдөлгөөн анх бий болсон. Энэ хөдөлгөөн сүүлд нацизмийн хүмүүсийг хувааж ангилах зарчмын үндэс суурь болсон бөгөөд олон гутамшигтай үр дагавар дагуулсан. Нөгөө арьс өнгөөр ялгаварлах, угсаа гарлаар нь ялгаж хядах чинь ийм л үзэл бодолд тулгуурласан байдаг. Тэгэхээр аливаа үндэстэн ястаны ДНХ молекулын бүтцийн онцлог орчиндоо дасан зохицсон шинж чанараас гадна хүн төрөлхтөний түүхийг судлах нэг гол хэрэгсэл болдог. Энэ утгаараа хэн хаанаас гаралтай түүхийн урт хугацаанд хаагуур нүүдэллэж байж вэ гэдгийг тогтоох нэг хэрэгсэл болохоос тэр нь сайн энэ нь муу гэсэн үг биш. Шинжлэх ухааныг галзуу солиотой үзлээр бузарлахаа болимоор юмаа.  Хүмүүсийг мунхруулж харанхуй байлгаx хэнд ашигтай вэ? 
Энэ талаар чухам ийм асуудал сонирхдог монголын судлаач эрдэмтэн Хэрлэн ойлгомжтой сайхан тайлбарласан ярилцлага энд өгсөн байна. Зав гаргаад уншиж үзээрэй.
За би энд юу гэх гээд л мунгинаад байна вэ гэвэл, хэл соёл, үндэсний тусгаар тогнол зэрэг асуудлыг генетиктэй битгий холиод бай л гэх гэсэн юм. Ингэж холиод уй гашууд хүргэсэн бэлээхэн түүх байна, түүний оронд соёлын өв, хэл, монгол ахуйгаа яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг асуудалд анхаарал хандуулмаар байна шүү дээ.
Нэлээд хэдэн жилийн өмнө нэг танилынхаа хэлсэн үгийг энд зээлдвэл "Хүмүүс хэдий арьсны өнгөөр гаднаасаа ялгаравч бүгд л зүсэхэд улаан цус урсгадаг биз дээ" гэсэн. Аа тийм энэ Европ зүгийн язгууртанууд л өөрсдийгөө хөх цустай гээд андуураад байдаг болохоос үнэн л үг.

10 comments:

Anonymous said...

tiim shu. Manaihnii ene Mongol hun ih tusgai gentei, IQ ondortei, tengerees garaltai yadag iideg... za tegeed tsever tsus erliiz hurliiz g.m.yaria ni ogt taalagddaggui. Erdemten shinjeechid ni ingej yarihaar odoo yahiim bolj bainaa.

nomin said...

Яг бодож явдаг зүйлийг маань маш ойлгомжтой тайлбарлаж өгсөнд баярлалаа хэхэ.

Үнэхээр манай Монголын ШУА-д ийм хүмүүс ажиллаж байгаа, толгойлж байгаа учираас дээшээ гарахгүй байх нь ч аргагүй юм билээ. Чадалтай залуусаа дээш нь гаргалгүй дараад л байна. Өөрсдөө өчнөөн жилийн өмнө буруу зарчимын дагуу олж авсан мэдлэгээ өөрийнхөө буруу ухамсартайгаар холиод залуу үедээ шахаад л байна. Тэгэхээр бүх нийтийн боловсрол ийм түвшинд байх нь үнэхээр аргагүй юм байна гээд аль хэдийн хүлээн зөвшөөрсөн л дөө.


Сэдэвтэй шууд хамааралтай биш ганц 2 зүйл: 1. Би уг нь өөрөө Генетикт их сонирхолтой байсан, маш ойрхон чиглэлээр сургуулиа төгссөн боловч тэс хөндлөн ажил хийдэг. Уг нь гадаад дотоодын шинжлэх ухааны институцуудад ажиллаж үзсэн боловч анхнаасаа аливаад шүүмжлэлтэй хандах сэтгэхүйгээ хөгжүүлж чадаагүй учираас энэ чиглэлээр явахаасаа татгалзсан. Өөөрөө л муудаа энэ талын ямар ч чадваргүй, үүнийгээ хөгжүүлж чадаагүй гэж олон жил бодож явсан боловч үүн дээр манай боловсролын систем их алдагдалтай юм байна гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд удаж байна. 2. Тэс хөндлөн бас нэг зүйл. Манай Биологийн хүрээлэнгийн захирал Жанчив гуай / генетикч Жанчив гуайг бүгд мэдэх байхаа / хүрээлэнд ажилладаг залууст Та нар зээл авах гэж ажиллаж байгаа юм уу гээд цалингийн тодорхойлолт гаргаж өгөхгүй байна гэсэн. Залуу үедээ ингэж л хандаж байгаа хүмүүс тэдний боловсрол, сэтгэлгээнд яаж хандах нь тодорхой юм даа гэж бодож байгаа :(

mongolbusgui said...

Ta yostoi zuv ym bichijee. ter Batsuuri chini tegeed yariad bdg ymaa. Ug n tsever Genetic hun bish MOscow ih surguuliig Anthropology mergejleer tugssun hun ym. Uuriiguu genetic hun gd yariad yawaad bdg ymaa. Bi yag ene sedeveer chini (Ancient HUman DNA buyuu ancient Bone DNA)-eej ajillad doctor hamgaalah gd munginaad yawj baina. End duridsan 2 niitleliig unshaad heleh ug oldoogui dee unendee. Undur Ethic shinjkeh uhaanii es zuig barimtlah yostoi, niigemt tuugeeree ulger duurial uzuuleh yostoi nuhduud n ingd ERGUU (ewgui ug bichsend uuchlaarai, uur onoh ug oldsongui ee) ym yariad yawahaar chini zaluus bid yuunaas zuv ulger duurial awah we??? Iim ug sonsson bolowsrol nimgentei zaluusiin bulegt yamar bodol tolgoid n suuhaw gd surug ur dagawar zunduu.

mongolbusgui said...

Yaasan iisen tsever bohir tsus we, tsaad Batsuuri chini Mongold hun turluhtunii geniin tsum bdg ter nutag n Kharakhorum gd yariad yawdag nuhur bgaa ym daa. tsever bohor tsus, gen, udam sudar yarihaaraa muusain huuhnuud bidniig l muu helehiin. Mongoliin Shinjleh Uhaanii salbart mundag chadaltai erdemted zunduu l bii, daruu tuluv humuus bolohoor ingd medeeleliin heregseleer garaad yawdaggui shdee. Ner buhii heden nuhdiin hiij baigaa ajil.

Darambazar said...
This comment has been removed by the author.
Darambazar said...

Чухал сэдвээр бичлэг оруулжээ. Судлаач, эрдэмтэн гэж цоллуулсан хэрнээ ийм уянгын халил яриад эхлэхээр л биш болоод явчихаж байгаа юм. Тэгээд тэр "илүү ген"-ээ үргэлж Чингис хаантай байнга холбоод байдаг нь ч юу билээ дээ. Авьяас чадварт генээс илүүтэй орчин нөхцөл, хичээл зүтгэл хэрэгтэй. Нийтлэлч Цэнддоо хошигнож бичсэн байдаг юм, монголчууд тусгай гентэй юм бол хүн биш өөр зүйлийн амьтан байх ёстой гэж. Тэр генетикч хүн биш л дээ. Гэхдээ биологи бага сага гадарладаг хүн юм шиг билээ. Харин дээрх ярилцлага өгсөн генетикч судлаач нар “Монголчуудын ген тусгай ” гэж нүүр дүүрэн ярихаасаа илүүтэй, Монголчуудын генетиктэй холбоотой дорвитой судалгаа хийгээд мэргэжилийн сэтгүүлдээ хэвлүүлчихээсэй билээ, чадал нь хүрвэл.

baidag l negen said...

olon dotor iim soliotuud baij l baidiin odoo iim garuudiin orgil n hun taij davaanyam bna daa estoi saihan garuuddaa yrij baigaa yumandaa ooroo itgehgui baigaal daa zugeer l anhaaral tatah geed baigaa tsarai n ter harin mass bolovsroliin tuvshin dooshloh tusam iim garuud ulam l olon bolno doo

peakfinder said...

Anonymous>> Заримдаа ч арай ч дээ гэж дуу алдмаар байх юм байна шүү дээ...
Dreamer>> Санаа нийлдэг хүмүүс байдагт сэтгэл өег байнаа. Манайд шинжлэх ухааны байгууллагад шинэчлэл их хэрэгтэй байна уу гэж боддог. Бусад салбарыг хэлж мэдэхгүй харин биологийн салбар өнөө үед асар хурдан хөгжиж байна. Гэтэл эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдах ажилтанууд 1960-70 аад онд оросод сурсан нөхдүүд байх. Энд настай улс хуучинсаг гэх гээгүй юм, харин эдэн дунд олон улсын хэмжээний ажил хэвлүүлсэн хүн тум цөөхөн. Би хэдэн жилийн өмнө ажил хайгаад явахад МУИС бакалавраар төгссөн Хүрээлэнд зиндаа дээгүүр нэгний гарын шавь охинд дийлдэж байлаа. Бодит байдал ийм л байгаа юм...
Darambazar Gantulga >> Яг үнэн... Гэхдээ ийм юм хийдэг улс олигтой судалгаа хийхгүй л дээ. Бодитой судалгааны үр дүн номолж байгаа онолоос нь зөрөх учраас...
baidag l negen >> Ха ха нээрээ манай монгол шинжлэх ухааны хууль үйлчилдэггүй тусгай газар юм аа... Шинжлэх ухааныг мухар сүсэг, шашин шүтлэгээс салгамаар байнаа. Цаашлаад төр засгаас ч гэсэн салгамаар байнаа.

peakfinder said...

Gavaa Lkhava>> Намайг анх дээд сургуулид орж байхад хэрэглэж байсан антропологийн хуучин сурах бичгүүд нэг тиймэрхүү өнгө аястай юм мэр сэр бичсэн байдаг бсан. Тэр цагаас хойш иймэрхүү үзлийг няцааж олон шинэ нээлт гарсан. Үнэндээ бол манай хэд нөгөө л хуучин үзлээ сахиад дэвжиж дэвшихгүй үлдэж байгаа юм. Эрдэм шинжилгээний ажлын ёс зүй гэдэг их өндөр байх ёстой юм. Ийм юмыг хуульчилж, зөв бурууг тогтоох механизм манайд даанч алга даа.

Anonymous said...

монголчуудын хөх толбоны талаар нэг бичлэг оруулж болох уу.