Wednesday, September 4, 2013
Гэртээ харьсан тэмдэглэл
Харьж ирсэнээсээ хойш юм бичихдээ хойрго болчихжээ. Уг нь бичих сонин ихтэй ирсэн хэдий ч нэг хэсэгтээ хямардаг юм уу, нэг тийм асуудал байх юмаа. Тэгэж байтал нөгөө бодсон, төлөвлөснөө мартана биз дээ энэ чинь. Монголоос ирээд удаагүй байхад хайртай найз маань айлчилж нэг хэсэгтээ сатаараад сайхан байлаа.
Улаанбаатар сайн муу холимог сэтгэгдэл үлдээв. Уулзаагүй удсан садан төрөл, найз нөхөдтэйгээ уулзах сайхнаас сайхан. Бас зүс үзээгүй ч танил санагддаг Алиман хүүхэдтэй уулзаж нэг орой ярьж суух гоё байлаа. Хүүхэд гэлээ гэж гомдохгүй байгаа ккк... Хотын шинэ захирагч их юм хийж байна гэж хүмүүс ам сайтай байлаа, сайхан л хэрэг. Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж байгаа юм байна. Энд тэнд хоол унданд ороход утаан дунд нүд хорсохгүй гоё. Хуулийн биелэлт сайн байна гэж харлаа, гудамжинд тамхи татах хүн ч их цөөрсөн харагдав. Хэрэгжихгүй тэр хууль чинь энэ олон тамхичин яг биелүүлээч гээд байсан харин ч эсрэгээрээ.
Харин замын түгжрэл гэж айхавтар асуудал байнаа. Дээхэн 10 минут явдаг байсан газарт хэдийд хүрэхээ тааж хэлэх хэцүү болжээ. Замын даац энэ тэр гэсэн асуудал бий гэхдээ миний бодлоор жолооч нар өөрсдөө түгжрээний нэг том шалтгаан юм шиг санагдаад байсан. Уулзвар дээр нэг нэгэндээ зай тавиад эвтэй найртай гарчихгүй зэрэг чихээд л түгжчих юмаа. Нарийн зам дээр хоёр машин өөд өөдөөсөө гарч ирчихээд чи ухар гэж хэрэлдээд сүүлдээ бууж ирээд барилцаж авч энэ тэр.. Уг нь нэг ухраад гаргасан бол минут ч хүрэхгүй асуудал байхгүй юу. Нөгөө талаар алхаад очих газар заавал машин хөлөглөдөг ч энд бас нөлөөлж байгаа биз. Ихэнх тохиолдолд алхсан нь хамаагүй хурдан юм билээ, алхдаг хүн олон бол түгжрээ бас ямар нэг хэмжээгээр буурах байлгүй дээ. Явган хүний гарц арай олон болсон юмдаг уу, зам гарахад арай л амархан болсон санагдсан.
Хөдөө явах гэж эрт гараад 22-ын товчооноос шатахуун авах гэтэл сүүний машин түгээгүүр дээр таглаад зогсчихсон жолооч нь байхгүй. Ухарч энэ тэр бөөн юм болж арай гэж хүрэхээр болгоод шатахуун авч зогстол сүүний машины жолооч ирж байна. Үгүй ингээд хүн орох зам таглаад алга болдог яадаг хүүхэд вэ гэсэн өөдөөс хараал ширээл агсан тавьдаг гэнэ. Чимээгүй байж байгаад дуусахаар нь үгүй хүүхээ бид эрт зам дөхөх гээд нойроо хасч гарсан улс, чи ямар нэг шалтгаангүйгээр хүний зам бөглөснийг чинь зүгээр л хэлж байна шүү дээ. Уучлаарай гээд өнгөрвөл болоо биш үү гэтэл тэгэсгээд чимээгүй болов. Хажууд нь машин тавих зай зөндөө байхад түгээгүүрийн яг хажууд тавиад явдаг шалтгааныг нь бодоод бодоод олсонгүй ээ ккк.
Такси хийдэг залуучууд замаа бас хотоо мэддэггүй бололтой. Зуун айлаас такси бариад циркийн хажууханд очъё гэтэл явж байснаа Энх тайвны өргөн чөлөөгөөр эргэж болохгүй байна одоо яахав гэх. Уг нь машин барьж яваа хүн чинь тэрийгээ мэддэг баймаар. Арга тасраад үгүй хүүхээ эгчийгээ хүүхдийн зуугийн тэнд буулгачих даа гэсэн жаахан байж байснаа эгчээ хүүхдийн зуу гэж хаана байдаг юм бэ? гэсэн. За би ч хуучирч залуучууд хотын хуучин нэрнүүдийг мэддэггүй болсоны шинж юм бизээ.
Замбараагүй байшин барихыг үзүүлж өгч байна гэмээр газар олон болжээ. Гурван жилийн өмнө л пээ яасан их чихэлдэж байнаа гэж харж явсан сая очсон бүр их чихэлдсэн байвал яахав? Хотын зарим хэсгээр ганцаараа явбал төөрөх юм байна. Зайсан хавийг бол бүр танихын аргагүй. Бүтээн байгуулж байгаа нь сайхан хэрэг ч нэг жаахан төлөвлөлт хийгээд жаахан замбараатайсан бол гэж бодогдож л байлаа. Юун дархан цаазтай Богд уул л болсон байна лээ дээ. Байтлаа нөгөө муу Зайсан толгойныхоо бэлийг ухаад байшин бариад эхэлчихсэн байна лээ ш дээ.
Хүмүүс барилга барьж байгаа хүмүүсийг шуналтай бас хууль ёс сахидаггүй гэж ам амандаа ярих мөртлөө нөгөө л зөвшөөрөлгүй, ямар нэг буруу аргаар олж авсан газар дээр барьсан байрыг нь худалдаад л авчих юм. Тэд хууль зөрчиж барьсан нь үнэн гэхдээ би байшинд орсон хүн ямар ч буруугүй гэх хаашаа ч байдаг юм. Тийм байшинд нь хүн ордоггүй байвал бас нөгөөдүүл нь жаахан юм бодох байлгүй дээ.
Ерөнхийдөө үйлчилгээ их тааруухан болжээ. Угаасаа ч манайхан үйлчилгээ сайтай улс биш гэхдээ гурван жилийн дотор мэдэгдэхүйц доошилсон нь урам хугалсан. Нэг их ёсорхуу биш ч гэлээ зарим газар нэг хөөрхөн шуурхай үйлчилдэг байсан шиг санаад байдаг юм. Харин энэ жил олон газар ороод жаахан сэтгэл дундуур л байлаа. Ажил дээрээ гар утас хэрэглэх ердийн асуудал юм шиг байна. Физик эмчилгээн дээр массаж хийж байсан хүн утсаа дуугарахаар эмчлүүлэгчээ орхиод авна, гоо сайханд маск тавиулаад зүүрмэглэж байтал утас тасxийхэд гоо сайханч нь авч л байх гэх мэт.. Тэгээд л нэг их амин хувийн юмаа ярина биз дээ. Хальт сонсохоор тийм яаруу сандруу асуудал биш л байх юм билээ.
Хужирт явах гээд эрүүл мэндийн даатгал төлөх гэж дүүргийн нийгмийн даатгалын газар оров.
Эрүүл мэндийн даатгал гэдэг газар нь оочирлож байгаад орсон хажуугийн банкинд 840 төгрөг төлөөд ир гэж байх юм. Найман зуун дөч шүү гээд их нухацтай хэлсэнийг нь цээжилж аваад банкинд очвол бөөн оочир. Цаг илүү зогсож байгаад 840 төгрөг тушаая гэсэн банкны охин эгчээ тийм юм байхгүй ш дээ. Эрүүл мэндийн даатгал бол 8400 байдаг гэх. Түрүүний хүүхэн их нухацтай 840 гэсэн болохоор нь зөрүүдэлсээр байгаад л өгчихлөө. Ирсэн өөр хүн сууж байна 8400 ш дээ гээд урдаас бичиг баримтыг маань шидчихлээ. Банкны өөр салбар луу гүйж мөнгөө өгөөд ирвэл шинээр дэвтэр нээж өгөөд зураг чинь том байна, манайд хайч байхгүй өөрөө хайчилж ир гэx. Хажуугийн зурагчин дээр нь орж хайчлаад ирвэл зургийг маань тавьж тамга дарчихаад манайд цавуу байхгүй өөрөө цавуу олж наагаарай гэж авсан ккк. Уурлах ч хэцүү, инээх ч хэцүү гэдэг л болох шив.
Дараа үргэлжүүлнээ...
Labels:
Илүү ам,
Сонин хачин,
Тэмдэглэл
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Ялангуяа тэр ИБМА бол яг хэвээрээ бүр дордсон байна лээ. Тар ганц банкных нь оочер, хүний их, амьсгалах агааргүй гээд аймаар юм билээ.
Дургүйхэн хүн рүүгээ ИБМА орч оочерло гэж хэлмээр болсон байна лээ.
Хаха яг яг... Тэгээд оросын сэтгүүлчийг иймэрхүү байдлаар бичихээр биднийг доромжиллоо гээд нүцгэн шалдан зургийг нь ухаж гаргаж ирээд хариу няцаалт хийгээд байлуу манайхан ккк
Яанаа, яг тийм байгаа ш дээ, ялангуяа тэр, цавуу хайч байхгүй чинь бүүр наад захын асуудал...
Бичих бичгийнх нь алдааг засаж ноороглож өгөхгүй бол заримдаа бүр баллана ш дээ. Тэгээд сайн болоод байгаа л гэх юм байна ш дээ, энд байгаа бид бүүр учраа олохоо байсан дөө.
UB chine bas uuriin gesen soyliin tulhuurtei teriig n taaruulahgui bol ingeed hana murguud unana.
Тэмээчин бүсгүй>>Тэнд чинь оочирлож арай барахгүй болохоороо хүний тусламж авсан ккк...
MRowan>>Кккк бид ч дутагдалаа хүлээхдээ их л хойрго хүмүүс дээ...
ZAYA>>Үгүй одоо төсөв мөнгө нь болдоггүй юм байлгүй дээ. Одоо л хайч, цавуу, зүү утас цүнхэлж явдаг найз хүүхнүүдээ ойлгоод байна ш дээ.
Barimalch>>Сайн ойлгосонгүй би нь хана мөргөөд байна уу, тэд нар хана мөргөөд байна уу?
хэхэ надад бол төрийн үйлчилгээ маш сайн болоод байгаа л санагдаад байгаа даа. энэ зун, намаржин л замын цагдаа, цагдаа, УБЕГ, ИБМТ, ЧД-ийн татвар, ЧД-ийн эмнэлэгээр үйлчлүүлж хонож өнжих шахлаа. Надад бол түргэн шуурхай, асуудалгүй, соёлтой, найрсаг болсон л санагдсан. УБЕГ-аар үйлчлүүлэхдээ дандаа тусламж авдаг байсан бол энэ жил бараг 3-4 удаа үйлчлүүлэхдээ өөрөө очерлоод өгөөд авсан. Гол асуудал нь үйлчлүүлж байгаа хүмүүст байна уу гэж хараад байгаа. Аймшигтай бүдүүлэг, үйлчилж байгаа залуучуудыг настай улсууд байж элдэв дээдээр нь хэлэх юм аа. өөрөөр бол төрийн үйлчилгээ асар их таалагдаж байгаа, улаанбаатарт амьдрахдаа бүр дуртай байгаа ккк.
Post a Comment