Хөдөө явах сайхан байлаа. Бидний аялал хойшоо Сэлэнгийн Ерөө сумаар эхэлсэн юм. Хотоос гараад ганц хоёр цаг явлуу даа, цай ууж хөлийн чилээ гаргах санаатай зогсоод нэг их удаагүй байтал хажуугийн уулнаас хуванцар сав барьсан хэдэн эмэгтэй бууж ирээд түүсэн гүзээлзгэнээрээ дайлав. Минийхээс амс минийхээс амс, яасан жаахныг авдаг юм, олигтойхон атгаад аваач гэх, өөрсдөө өчнөөн цаг ядарч түүсэн жимсээрээ ингээд хүн дайлчихдаг улс байдаг юм байна.
Миний авга аав ээж 1923 онд Чита мужаас Ерөө суманд ирж суурьшсан улс л даа. Тэдний өссөн нутаг Баянгол рашааны тэрүүхэнд хэд хонох сайхан байлаа. Өвөөгийнх зусдаг байсан аманд төмрийн уурхай нээчихсэн юм байна. Өдөрт хоёр удаа уулыг тэслэх чимээ цочоох нь төвөгтэй, өвөг дээдсийн өссөн, үр хүүхдээ өлгийдөж авсан газар ингээд танигдахгүй болох нь гэж сэтгэл эмзэглэж л явлаа. Энэ хавийн буриадуудаас нөгөө айхавтар хэлмэгдүүлэлтийн үед насанд хүрсэн хоёрхон эр хүн амьд үлдсэний нэг нь миний өвөө. Тэр үе Улаанбаатарт сургуульд сууж байсан юм гэнэлээ.
Ёстой баян хангай гэж ийм байдаг байх гэмээр сайхан нутаг. Өвс өндөр ургасан, олон янзын цэцэг алаглаад, урд өмнө үзэж хараагүй олон төрлийн эрвээхий, газраар ширэглэсэн их гүзээлзгэнэ. Баянголын сэрүүн рашаанаар цангаа тайлж, нутгийн хүнсээр үнэхээр тансаг аялсан. Энэ суманд ногоо тарьдаггүй айл үгүй бололтой юмаа. Шинэхэн салатны байцаа, өргөст хэмх, улаан лооль бас бус нарийн ногоо элбэг, за тэгээд гүзээлзгэнэ "түүж" (хурдан түүж чадахгүй болохоороо хүний түүсэн жимс худалдаж бас авсан) чанамал хийсэн шиг тэнд байсан зөгийчнээс бал худалдаж аваад үнэн тансаг аялал болсон. Эргээд бодохоор энэ л хамгийн тансаг хоолтой газар байж гэж санагдаад байгаа юм даа.
2 comments:
Ерөөгийн тэр уурхай аймаар тэ, Мөнгө олох гээд л бүр уул хадыг нүхлээд төмөр замаа тавьсан байна лээ.
Та сайхан амарчээ.
Сайхан нутаг шүү нээрээ, зөгийн бал хамгийн супер нь дээ.
Post a Comment