Monday, February 25, 2013

Мо Яны хоёр ном

 

2012 оны уран зохиолын салбарт хятадын зохиолч Мо Ян Нобэлийн шагнал авсаныг та бүхэн мэдэж байгаа. Миний мэдэхийн энэ хүн хятадын хоёр дахь Нобэлийн шагналтан, түрүүнд нь Гао Шинжян гэгч зохиолч шагналын эзнээр тодорч байсан бөгөөд түүний ном зохиол хятадад хаалттай, зохиогч өөрөө Францад амьдардаг юм билээ. Түүний бичсэн "Оne man's Bible" номны тухай энд бичсэн байгаа. 
Өнгөрсөн жилийн Нобэлийн шагналтан зарлагдангуут Мо Яны бичсэн хоёр номыг худалдаж авч уншсан. Энэ зохиолч түрүчийн шагналтангаа бодвол зам засагтаа үнэлэгдсэн, коммунист намын гишүүн бөгөөд бичсэн номнууд нь хятадад хэвлэгддэг юм байна. Тэр утгаараа болов уу бусад Нобэлийн шагналтангуудаас хүний эрхийн тухай дуугараагүй хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм билээ. 
Red sorghum (Улаан сорго), Big breasts and wide hips (Том хөх, өргөн ташаа) гээд хоёр номыг нь шил дараалуулаад уншсан буруудсан байна лээ. Хоёр ном хоёулаа Хойд Гаомийн тосгонд амьдардаг хүмүүсийн тухай; эхнийх нь дэлхийн хоёрдугаар дайны үеийг ганц хүүтэй айлаар, нөгөө нь ганц бие найман охин нэг хүүтэй эмэгтэйн амьдралыг арай урт хугацаанд дүрсэлсэн байгаа юм. Дүрслэл хэв маяг нь маш төстэй хоёр зохиол, миний санаанд хүрсэнгүй ээ. 
Аллага, цус нөж, хүчирхийлэл, өлсөглөн, аргаа барсан хүний зовлон; ногоон цус, нохойны мах, гол уруу шээсэн хүний дүрслэл олон... Габриэл Гарсиа Маркизтай дүйцүүлээд байсан миний санаанд бол үнэлэмж асар өөр байлаа. Харин зодоон дундаа нисдэг хятадын кино бас аймшгийн кино (би аль алинд нь дургүй) үзэх дуртай хүмүүст таалагдаж мэднэ, юутай ч энэ бол миний хувийн үнэлгээ шүү. 
Нэг их наалдацтай биш ч хятад хүн гэдэг амьд гарахын төлөө л тэмцэж амьдардаг байж, тийм орчинд нөгөө хүнлэг сайхан чанар гэдэг чинь тийм чухалд орох арга ч байсангүй бололтой гэж ойлгов. Нэг нь арай чадалтай болонгуутаа хөршөө чаддаг, дараа нь нөгөөх нь ямар ч аргаар хамаагүй өшөөгөө авдаг. Хүнээс авлагатай бол хэзээ ч мартдаггүй тийм л дүрслэл гараад байлаа.
Харин тэр өмнөх зохиолчийн ном болохоор хамаагүй хүнлэг, хүний сэтгэлийн нарийн ширийнийг арай мэдрэмжтэй гаргасан санагдсан. 
Номны тойм гэсэн жаахан тиймхэн болчихлоо, таалагдаагүй болохоор дургүйд хүчгүй гэдэг шиг юм болов уу.
Манай хар хүний тайлбараар бол ноднин эсэргүүд нь шагнал өгч хятадуудын дургүй хүргэснээ цайруулсан шагнал гэсэн. Ортой байж байж мэднэ, тэгээд бодохоор ийм шагнал энэ тэрийн учир утга аль хэдийн алга болжээ дээ. Тэгээд ч утга зохиолын шагнал хэцүү, нэгд олон хэл дээр бичсэн өөр өөр стил жанрийн зохиолыг харьцуулах чинь субектив асуудал болж таарнаа даа. Би энэ хоёр номыг таалагдсангүй ээ гэхэд таалагдах хүн бас гарах л байлгүй. Амазон дээр бичсэн тоймууд нь дандаа магтсан юм билээ. 

Thursday, February 21, 2013

Цагаан будаа ба чихрийн шижин бас бус асуултын хариу


Цагаан будаа ба чихрийн шижин өвчний тухиа судалгаа Харвардын судлаачид Хятад, Япон, Хойд Америк, Австралийн 350 мянган хүн оролцож, олон жил явсан судалгаа шүү дээ. Цагаан будааны хэрэглээ/хэмжээ чихрийн шинжингийн өвчлөлтийн хамаарал цагаан будаа их хэрэглэдэг Хятад, Япон хүмүүст илэрсэн, будаа бага идээг газрынханд ийм хамаарал илрээгүй юм байна лээ. За эпидимиологийн судалгаа бол хамаарал (шууд бас урвуу) тогтоосон болохоос будаа их идэвэл чихрийн шижин өвчнөөр өвчилнө гэсэн үг биш. Нөгөө л таргалалт, архи тамхины хэрэглээтэй адил будаа их иддэг бол ийм өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ л гэсэн үг.
Энэтхэгчүүдийн хувьд тэдний хүнс эрүүл мэндтэй холбоотой судалгаа их олон байдаг. Гол төлөв цагаан хоолтон, туранхай хүмүүс учир зүрх судасны өвчин бага гэж бодвол бас ташаа. Харин ч чихрийн шижин болоод зүрх судасны өвчлөл өндөр байдаг. Статистик үзэхээс залхуурав, зүгээр энэ талаар хайлт хийвэл зөндөө юм гарч ирнэ. Энэ нь уургийн дутагдалтай холбоотой байж магад гэж үздэг. Британид суурьшсан энэтхэг, пакистан гаралтай хүмүүсийг зүрх судасны өвчин, чихрийн шинжингээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт хамааруулдаг нь бас санамсаргүй хэрэг биш байх.
Япон солонгосчууд урт насалдаг гэсэн сэтгэгдэл яваад байна. Тэд чинь дан будаа идээд байдаггүй биз дээ. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоо их идэж байгаа. Нөгөө л тэнцвэрийн асуудал. Харин мах голдуу хэрэглэдэг бид тэдэн шиг их будаа идээд эхэлбэл гарах үр дүн нь бас арай өөр байх биз. Нийтийн эрүүл мэндийн судалгаа гэдэг хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой олон фактор авч үзэх шаардлагатай, гарсан үр дүнгээ тун нямбай орчуулж тайлбарлах хэрэгтэй эд л дээ. Тиймээс яг уг судалгааны эхийг нь заавал олж үзэж байж дүгнэлт хийх хэрэгтэй юм.
Өөр өөр улс орныг харьцуулсан судалгаа ярвигтай. Харин Америкийн ази болод европ гаралтай хүмүүсийг харьцуулсан судалгаанд хэдий биеийн жин бага ч ази гаралтай хүмүүс чихрийн шинжингээр өвчлөх тохиолдол илүү байдаг. Өвчлөл/эрсдэлийг жагсаавал хамгийн өнөдр нь энэтхэгчүүд дараагаар нь филиппинчүүд, бусад азиуд хятадууд гэж орсон байна лээ.  

Wednesday, February 20, 2013

Хурал

Өнгөрсөн долоо хоногт The Prize Rank Fund гэдэг сангаас зохион байгуулсан Хүнс, мэтилийн донор, олон нийтийн эрүүл мэнд гэсэн сэдэвтэй хуралд гурван өдөр суув. Миний ажлын чиглэлтэй тийм их ойр биш ч явсан нохой яс зуудгийн үлгэрээр маш олон сонирхолтой зүйл мэдэж авсандаа олзуурхав. Мэтилийн бүлэг нь олон төрлийн уураг, нуклэйн хүчилтэй урвалд орж тэдний бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг. Ийм мэтилийн бүлгийн эх үүсвэрт фолийн хүчил, холин, метионин амин хүчил багтдаг. Бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас мэтилийн бүлгийн дутагдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэ хуралд дурдагдсан хоол хүнс нийтийн эрүүл мэднтэй холбоотой асуудлыг дурдвал:
1. Жирэмсэн болоод жирэмслэх насны эмэгтэйчүүдийн фолийн хүчлийн дутагдал  мэдрэлийн хоолой/гуурсны (?) гажигтай хүүхэд төрөх магадлал шууд хамааралтай. Энэ хамаарал дээр үндэслээд Хойд Америк (АНУ, Канад) үр тарианы бүтээгдэхүүнийг (талx, breakfast cereal) нэгдсэн  журмаар фолийн хүчлээр баяжуулдаг. Үүний үр дүнд дээр дурдсан гажглийн тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан байна. Гэвч хоол хүнсэнд нэгдсэн журмаар витамин бэлдмэл нэмэх  тийм ч их сайн арга биш гэж ярьцгаав. Нэгд, хоол хүнсэнд нэмж байгаа фолийн хүчил байгалд орших байдлаар нь биш арай тогтвортой бүтэцтэй болгосон хэлбэр бөгөөд тэр нь хүний биед шингэх, бас авчрах үр дагвараараа ялгаатай гэнэ. Ер нь фолийн хүчлээр баялаг хоол хүнс өөрөө сонгох нь зөв гэсэн зөвлөгөө явж байна. Фолийн хүчил ногоон навчит ногоо (бууцай, броколи, аспарагус) болоод жүрж, жүржийн төрлийн жимс, гүзээлзгэнэ, вандуй, лэнтил, авокадо, төрөл бүрийн самранд бий. 
Фолийн хүчлээр баяжуулсан хүнсний хэрэглээтэй давхцаад шулуун гэдэсний хавдарын тохиолдол нэмэгдсэн байдаг. Хурал дээр ярьж үзүүлсэн судалгааны үр дүнгээс харвал нэгэнт хавдартай болсон тохиолдолд фолийн хүчил өвчлөлийг хурдасгах хандлагатай байдаг юм гэнэ. Сайн тааруулж хэрэглэх ёстой зүйлсийн нэг байна ялангуяа нас өндөр болсон хүмүүст. Мөн фолийн хүчлийг эмэгтэй хүн жирэмсэн болохоосоо өмнө хэрэглэх ёстой гэдгийг тэр болгон мэддэггүй нэгд, хоёрт жирэмслэлт болгон төлөвлөсөн байдаггүй учраас мэдрэлийн хоолой, нуруу нугасны гажиг бүрмөсөн алга болохгүй байгаа гэнэ.
2. Цагаан хоолтнуудын эрүүл мэндийн асуудал хэд хэдэн удаа дурдагдсан. Мах, сүү цагаан идээнд бас өөр эх үүсвэрээс нөхөгдөхгүй витамин, минэрал байна. Хэрв мах идэхээс татгалзаж байгаа бол юу дутагдах вэ гэдгээ олж мэдэж нөхөх нь чухал юм байна. Хамгийн тохирмжтой хооллолт бүх төрлийн хүнснээс хэмжээг нь тохируулж хэрэглэх л юм гэж ойлгов. Махны хэрэглээний хэмжээ нөгөө талаар таргалалт, зүрх судасны өвчин хорт хавдартай хамааралтай тал бий. Уг нь таг хасалгүй зүгээр идэх хэмжээгээ багасгах нь зөв юм гэж дүгнэв. Яригдсан жишээнүүдээс дурдвал; зөвхөн жимс иддэг айлын (frutarian) хүүхэд өсөлт нь зогссон байдалтай эмчид ирсэн; уураг, өөх тосгүй хүнс хэрэглэдгээсээ болоод эрхтэн системийн хямралд орсон байсан... зөвхөн ургамлын гаралтай хүнс (vegan) хэрэглэдэг хүмүүс уургийн дутагдалд орох эрсдэл ихтэй гм. Манайд цагаан хоол идэх хөдөлгөөн тодорхой хэмжээгээр өрнөж байгаатай холбоотойгоор тийм хүмүүст зориулсан хоол тэжээлийн тухай мэдээлэл хэр байдаг юм бол? Миний багад цагаан хоол чинь цагаан будаа л байлаа шүү дээ. Одоо арай өөр болсон гэж найдья. 
3. Дээрx асуулттай холбоотойгоор хэвлэл мэдээлэл эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нарийн нягтлахгүй нэг мэдээ төдий бодож тараадаг нь хор уршиг болох тал бий. Монгол хэл дээр олон блог, цахим хуудас, сонингууд турах, хоолны дэглэмийн тухай зөвлөгөө гаргасан байдаг. Миний бодлоор нарийн ширийн тунгаалгүй хаа нэгтэй өөртөө таалагдсан материал орчуулаад тавьчихдаг нь бас буруу юмаа. Сэтгүүлч хүүхэн макрохүнсний тухай ном бичсэн ч гэх жишээ бас байна. Хэрвээ тиймэ мэдээлэл сонирхож байгаа бол эх сурвалжийг нь харж байгаачээ гэсэн хүсэлтийг олон хүн тавьж байлаа. 
4. Хамгийн сонирхолтой хэсэг нь Д витамины дутагдлын талаар Кэмбрижийн их сургуулийн професор Анн Прэнтис гэдэг хүнтэй хууч хөөрсөн явдал байв. Монгол орон жилийн ихэнх өдөр нар үздэг мөртлөө Д витамины дутагдал дандаа бүрхэг байдаг хойд Европын орнуудаас их байдаг нь өндөрлөг нутагтай холбоотой. Газрын өндөрлөг байдал уг витамин бий болгох UVB цацрагийг шүүгээд нэвтрүүлдэггүй, нэвтэрч ирсэн UVA цацраг витамин нийлэгжүүлэх бүү хэл харин задалдаг гэж ярина лээ. Манайд бол Д витамин нэгдсэн журмаар уухаас өөр аргагүй юм байх. Мэдэж байхад илүүдэхгүй, ялангуяа нялх балчир хүүхэдтэй хүмүүс анхаарамаар юм байна. Д витамины дутагдал чинь нөгөө рахит гэгч өвчний гол шалтгаан шүү дээ.
5. Ирж явахдаа өч төчнөөн юм бичнэ гээд л толгойд эргэлдээд байсан яг бичих гээд суусан таг. Мартаж санах чинь нас яваад хүний тархи агшихтай/хатангирших холбоотой гэв үү. В12 витамин бас ямар нэг хэмжээгээр энэ процэсийг саармагжуулдаг гэсэн илтгэл сонирхол татсан. В12 чинь мах, сүү, загас, өндгөнд их хэмжээгээр агуулагддаг. Хүн хөгшрөөд хоолны шингэц муудсан цагт уг витаминыг шингээх чадвар бас буурдаг, тэр хэрээрээ дутагдалд ордог гэнэ шүү.   

Хурал болсон газрын ганц хоёр зураг...





Sunday, February 10, 2013

Та бүхэн бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Monday, February 4, 2013

You are what you eat



Яаж хооллох юу идэх тухай бичиж ярьдаг хүн олон, мэдээллийн олон суваг бий. Гэхдээ сайн ажиглавал энэ мэдээллүүд нэг бол хэт техник хэллэг хэрэглэсэн байдаг юм уу, эсвэл бичигч нь шинжлэх ухаан биш зүгээр өөрийн итгэл үнэмшил дээр тулгуурлаж бичсэнээс болоод өрөөсгөл дутуу зарим тохиолдолд бүр буруу байх нь бий. Оршин суудаг бүс нутаг, зан заншил, шашин шүтлэг бүгд хүний идэж уудагт нөлөөтэй учраас тэгэх нь ч бас аргагүй юм бизээ. Энэ тухай өөрийнхөө хялбаршуулсан ойлголтоо эвлүүлж бичих гэж оролдъё.

Хүнсний зүйл хэр хурдан задрахаасаа хамаарч тодорхой "glycemic index"- тэй. Ийм индэкс өндөртэй хүнсний зүйл (цагаан будаа, цагаан гурил, corn flakes, глюкоз) маш хурдан задарч цусан дахь чихрийн хэмжээнд нөлөөлдөг бол бага индэкстэй (бүх төрлийн шош, самар, жимс ногоо, фруктоз, малтоз, цайруллагүй үр, арвай овъёос) нь удаан задардаг тэр хэмжээгээрээ цусны дах чихрийн хэмжээг тогтмол барьдаг. Хар талх, төмс, банан зэргийн хүнс дунд индэкстэйд ордог юм байна. Ерөнхийдөө бага буюу дунд индэкстэй хүнс хэрэглэх нь хүний бодисын солилцоонд таатай гэдэг. 

Баруун Европ болоод Хойд Америкийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжинд ерөнхийдөө хоол хүнсийг таван үндсэн бүлэгт хуваадаг:
1. Жимс ногоо
- Энэ бүлэгт хамаарах хүнс таны өдөрт идэж ууж байгаа хоолны дор хаяж гуравны нэгийг эзлэх ёстой гэжээ. Хялбаршуулбал хүн өдөрт 5 порц жимс ногоо хэрэглэх ёстой болох нь. Нэг порцыг мандарин, киви гэх жижгэвтэр жимс 2, алим, лийр банан мэтийн дунд зэргийн хэмжээтэй жимс 1, нэг аяга жимсний цэвэр шүүс, эсвэл  хоолны халбаганд овоолж дүүргэсэн чанасан ногоо эсвэл хатаасан жимс, дунд зэргийн хэмжээний нэг улаан лооль гэх мэт баримжаалж болно. Энэ бүлгийн хүнс витамин ба минерал, эслэг хамгийн ихээр агуулдаг.
2. Цардууллаг хүнс 
- Энд талх, будаа, гоймон болоод бусад гурилан бүтээгдэхүүн (амттан биш), төмс орно (төмсийг жимс ногоонд хамааруулаагүй болохыг анзаарна уу). Энэ бүлгийн хүнс таны нүүрс ус, энергийн гол эх үүсвэр юм. Цардуул бол нийлмэл нүүрс ус бөгөөд хүний биед ороод глюкоз болон задардаг. Энэ бүлгийн хүнс таны өдөрт хэрэглэх хүнсний мөн гуравны нэг орчим байх нь зохимжтой гэнэ. Энэ бүлгээс хүнсээ сонгохдоо дээр дурдсан glycemic index -ийг санаж байхад зүгээр.
3. Маx, загас, өндөг, шош
- Энэ бүлэгт уураг ихтэй хүнс багтаж байгаа юм. Хүний өдөрт зарцуулах энергийн 10-15% энэ бүлгийн хүнснээс гаралтай байх нь зохимжтой гэдэг. Өсөж байгаа хүүхдүүдэд арай ахиу байж болно яагаад гэвэл уураг бие өсөж төлжих, булчин суухад гарцаагүй хэрэгтэй учраас. 
4. Сүү сүүн бүтээгдэхүүн
- Хүний биед хэрэгтэй кальцийн эх үүсвэр, бодисын солилцоо, ясны бэхжилтэнд чухал үүрэгтэй. Сүүн бүтээгдэхүүн тослог ихтэй байх нь элбэг учраас бага хэмжээгээр хэрэглэ гэдэг юм байна.
5. Өөх тос, чихэр ихтэй хүнс
- Энд элдэв амттан ундаа шарсан төмс, давсалсан хүнсний зүйл багтана. Энэ бүлгийн хүнсийг зөвхөн хорхой дарах төдий маш бага хэрэглэх хэрэгтэй гэжээ.

Энэ бол хүнсний бүтээгдэхүүний найрлага, болоод хүний өдөрт хэрэгцээтэй энергийн хэмжээнд тулгуурласан зөвлөмж байгаа. Мэдээж энэ бол хүн бүхэнд таарах жор биш. Манай монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралд баталгаатай жимс хүнсний ногоо хэрэглэх боломж таарууг бас бодолцох хэрэгтэй байх. Нөгөө талаар хүнсний цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг газрын хүмүүс бас тэрэндээ дасан зохицсон байдгийн хэд хэдэн жишээ бий. Жишээ нь хойд туйлын хавьцаа амьдардаг хүмүүс өөх тос, уураг ихтэй хүнс хэрэглэдэг (халимны мах, цаа буганы сүү гэх мэт). Тийм хүмүүс ү жишээ нь өмнөд азийнхны иддэг үр тариа голлосон хүнс хэрэглээд ирэхээр янз бүрийн бодисын солилцооны хамааралтай өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгддэг гэдэг. Тиймээс хүний дасан зохицсон орчныг бодолцох хэрэгтэй юм.  Бидний хувьд бас л мах сүү голлосон хүнс хэрэглэдэг. Гэхдээ энэ хүнс хөдөө нүүдэлчинн амьдралд зохицсон гэдгийг бодолцох хэрэгтэй байх. Төвлөрсөн хотод амьдарч машин унаж ширээний ард суудаг бол бас өөр гэдгийг санах хэрэгтэй. Чухам тийм учраас монгол эрчүүд маань дөнгөж гуч гарангуутаа том том гэдэстэй болчихдог нь бас л тэр хүнс орчин зохицохгүй байгааг хэлээд байх шиг. Хүний бүсэлхийн хэмжээ ирээдүйд чихрийн шижинтэй болоx эрсдэлийн хамгийн сайн хэмжүүр гээд сүүлийн хоёр жил яриад байгаа. Гэхдээ дэлгүүрт ороод хүнсээ цуглуулахдаа чухам хүний биед юу нь илүү хэрэгтэй вэ гэдгийг мэддэг бол бас ухамсартай сонголт хийхэд дөхүү юм уу гэж бодов. 

Түрүүн би түргэн хоолны тухай бичсэн энд бас дахиад баримт дурдах хэрэгтэй байхаа. За түргэн хоолны газар орсон хүн  ямар нэг бүүргэр, шарсан төмс, хийжүүлсэн ундаа авдаг. Хоолныхоо бүтцийг аваад үзвэл жимс ногооны төрлөөс байхгүй, цагаан талх шарсан төмс цардууллаг бүлгийнх, тэгээд ундаа өөх тос чихэртэй бүлгийнx. Дээр нь төмс чинь тосонд шарсан, бүүргэрт хийсэн соус давс ихтэй. Илчлэгийн хувьд британичуудын гэртээ хийсэн хооноос 1.5 дахин их илчлэгтэй байдаг гэжээ. Түргэн хоолны газар огт орохгүй байж болохгүй гээгүй юм шүү, харин байнга ийм газар хооллох эрүүл мэндэд муу гэж хэлэх гээд байгаа ухаантай юм.

Хүний биед хамгийн зохистой хоол ундыг Газар дундын тэнгисийн орчмын хүмүүс иддэг гэлцдэг. Тэд харьцангуй урт насалдаг, мөн зүрх судасны өвчний тохиолдол цөөн байдаг байна. Хоолондоо шинэхэн жимс, ногоо, далайн гаралтай хүнс, чидун жимсний тос хэрэглэдэгийнх гэдгийг олон судалгаа харуулсан байдаг. Ерөнхийдөө зөв хооллолт хүмүүсийг зөвхөн бодисын солилцоо, зүрх судасны өвчнөөс ч биш цаашлаад олон төрлий хорт хавдараас хамгааладаг нь тогтоогдоод байгаа, тиймээс зөв зохистой хооллох маш чухал гэдгийг давхар давхар харуулаад байгаа биз. Гэхдээ энд бас зарим сонирхолтой ажиглалтууд байдгийн нэг нь Франц парадокс юм. 

Францчуудын хувьд хоол хүнс бол тэдний соёлын өв, уламжлалын маш том хэсэг. Тэр утгаараа хоол унд нь амттай байдаг. Тэд хоолоо цөцгийн тосонд хуурч, цөцгийгөөр амтлах нь элбэг, дээр нь тослог ихтэй бяслаг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ гэж болохоор. Тэгсэн хэрнээ Францчууд саяхан болтол (түргэн хооны газар олон нээгдэхээс өмнө) насанд хүрэгчдийн таргалалтаар Их Британи, Америкчуудаас хамаагүй цөөн, тэр хэмжээгээрээ зүрх судасны өвчний тохиолдол бас цөөхөн байсан гэдэг. Энэ ажиглалт хоолонд орсон хүнсий найрлагаас гадна тэнцвэр балансын чухлыг бас харуулаад байх шиг санагддаг юм. Францчуудын өдөр оройн хоол ерөнхийдөө 3-4 хэсэгтэй. Ногооны шөл эсвэл зууш (энэ нь чанаагүй ногоо; улаан лооль, луувангийн салат гэх мэт), гол хоол (мах, загас чансан ногоотой), ногоон навчин салат, бяслаг, амттан дээр нь дарс. Ажаад байвал хоолны бүтэцний тэнцвэртэй байдлыг их л сайн зохицуулсан мэт хаарагддаг. Нөгөө талаас олон хэсгэтэй хоол гэхээр олон төрлийн юмнаас баг багаар иддэг болж таарна тэр хэрээрээ зөвхөн нэг төрлийн шарсан хуурсан юм идээд өнгөрөхгүй сайн талтай. Цаашилбал улаан дарс бага хэмжээгээр уухад зүрх судасны өвчнөөс урдчилан сэргийлдэг тал бий (хоолон дээр бага зэрэг уухад). Сүүлийн үед мөн л таргалалт зүрх судасны өвчин нэмэгдлээ гэж энд яриад байгаа, эдний мэрэгжилтэнүүд түргэн хоолны газар. хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн, чипс гэх мэт амны зугаа болох хүнс их хэрэглэдэг болсонтой холбож тайлбарлаад байгаа юм.

Бид уг нь бусдын алдааг дуурайхгүй зөв бодлого болоод олон нийтийг боловсруулах замаар арай өөр замаар нэг их хохиролгүй шиг гараад явчих боломж бий гэж хараад байдаг юм. Гадаадын юм болгон зөв сайхан биш юмаа, МкДоналдс нээгдэхээр хөгжөөд байгаа гэсэн үг бишээ гэж ухаармаар. Цаашлаад өөрийн орчин нөхцөлд таарсан тэжээллэг эрүүл хүнсний судалгааны ажил бас хэрэгтэй байнаа. 

Эцэст нь манайд сүүлийн үед цагаан хоолтон их олон болж байгаа юм байна. Өнөө ийм сонголт хийж байгаа хүмүүс мэдээж бие организмд юу хэрэгтэй , түүнийгээ ямар хүнцний бүтээгдэхүүнээ авахаа мэддэг биз. Миний багад цагаан хоол гэхээр цагаан будаа л өгдөг байлаа шүү дээ. Тийм тохиолдолд уураг, амин дэмийн дутагдалд орохыг анхаарах хэрэгтэй болов уу. Энд ялангуяа өсвөр насныхан болоод залуу эмэгтэйчүүдэд тун хамаатай гэдгийг дурдах хэрэгтэй байхаа. 

Thursday, January 31, 2013

Антибиотик мөөгөнцөрдөхөд хэр хамаатай вэ?


Түрүүний бичлэгт үлдээсэн асуултанд товчхон хариулах гээд үзье.
Нянгийн халдварыг антибиотикоор эмчилнэ. Харин хэрэглэж байгаа антибиотикнуудын үйлчилгээ зөвхөн нэг төрлийн нянгийн эсрэг байдаггүй учраас хүний биед амьдардаг хэрэгтэй нянгуудыг бас үгүй хийж орхидог гэмтэй. Энгийн тоо дурдая л даа; хүний бие 10 трилион эсээс тогтдог, харин хүний биед амьдардаг нян, мөөгөнцөр зэрэг бусад бичил биетэн хүний эсийн тооноос 10 дахин олон. Зарим нь өвчин үүсгэх чадвартай, зарим нь хүний биед ашигтай. Хүн яагаад тэр болгон өвчилдөггүй вэ гэхээр, салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг орчин, хүний дархлааны систем эдгээр нянг үржиж олон болгохоос сэргийлж байдаг болохоор тэр. Нэг нянгаас болж өвчлөхгүй тэр нь үржээд хэдэн сая хүрэхэд л бид өвдөж гэж мэднэ шүү дээ. Тэгвэл хүний биед байх ашигтай олон нянгийн нэг хэсэг нь тэр салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг байхыг нь зохицуулж байдаг байна. Антибиотик хэрэглэхэд энэ нянгууд бас үрэгдэнэ тэр хэмжээгээрээ хүний салслаг бүрхэвчийн хүчиллэг чанар өөрчлөгдөж мөөгөнцөр үржихэд тааламжтай болж ирнэ. Тиймээс антибиотикийн хэрэглээ мөөгөнцөр үржих таатай нөхцөл үүсгэдэг  гэдэг нь үнэн юмаа.

Friday, January 25, 2013

Антибиотикийн зохистой хэрэглээ аминд тулсан асуудал


1928 оны 8 сард Алэксандр Флэминг гэгч шотланд эрдэмтэн ээлжийн амралтнаасаа буцаж ирэхдээ хүн төрлөхтөний түүхэнд нэрээ үлдээх тухай бодоогүй байх. Тэрбээр staphylococcus нянгийн шинж чанарыг судлах ажил хийж байсан бөгөөд амраад явахдаа нянгийн өсгөврөө лабораторийн ширээн дээрээ мартаад явсанаас хамаг хэрэг үүссэн гэдэг. Сар гаруй яваад ирэхэд мөнөөх питрийн тавагнуудад нь хөгц ургасан байсан бөгөөд сайн ажиглавал хөгцний ойр хавьцаах нян устаж харин хол байсан хэсэг нь хэвээрээ байжээ. Тэрбээр хөгц нянгийн эсрэг хор ялгаруулдагийг тогтоож уг хөгцнийхөө нэрээр пэнициллин гэж нэрлэжээ. Цаашлаад энэ хор зөвхөн staphylococcus ч биш хатгаа, мэнингит, дифтэри зэрэг халдварын нянг устгах чадвартай байсныг тогтоосон нь өнөө бидний мэдэх антибиотикийг анагаах ухаанд хэрэглэх замыг нээж, 1940 онд цэвэршүүлсэн пэнициллинээ гаргаж авчээ. 1945 он гэхэд эм үйлдвэрлэх технологийн боломж бүрдсэн байна. Пэнициллиний нээлтээс өмнө уушигны хатгаа, тэр ч бүү хэл жижиг сажиг шархнаас болж амиа алдах эсвэл эрэмдэг зэрэмдэг болох энүүхэнд байсан гэхэд хилсдэхгүй бизээ.

Тэр цагаас хойш технологи ч их сайжирч химийн аргаар олон төрлийн антибиотик хийдэг болж, эдгэдэггүй гэдэг байсан олон өвчинг нэг их сүйд бололгүй эмчилдэг, бид ч энэ тухай сүйдтэй юм бодолгүй антибиотик хэрэглэж заншжээ. Тэр бүү хэл антибиотикийн зохисгүй хэрэглээ өнөө антибиотикт дийлдэхгүй нян бий болгож. Мэрэгжилтэнүүд ийм нянгийн халдвар тархвал олон хүний аминд хүрэх аюултай болохыг сануулж бичих боллоо.

За манай монголчууд бол антибиотикийг тун замбараагүй хэрэглэдэг хүмүүсээ. Одоо өөр болсон эсэхийг мэдэхгүй лав хоёр гурван жилийн өмнө эмийн сангаас дуртай антибиотикоо аваад өөрийгөө эмчлэх боломжтой байлаа. Тунгийн тохиргоо бүү хэл, чухам ямар нянд юу ууж байгаа нь тодорхойгүй. Ийм хэрэглээ эцэстээ антибиотикийн үйлчилгээнд дарагддаггүй шинэ төрлийн нян бий болгож байгаа юм шүү дээ.

Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа ханиад хүрэнгүүтээ антибиотик уудаг явдал. Нэгд ханиад вирусээр үүсдэг учир антибиотикийн хэрэг байхгүй, хоёрт тэр ууж байгаа антибиотик чинь хүний хоол боловсруулах эрхтэн ходоод гэдсэнд байгаа хүнд ашигтай нянг устгаж үгүй хийнэ. Ханиад хүрэхээр хүний дархлалын систем суларсанаас хоолой, амьсгалын дээд замын халдвар нянгаас үүснэ, тэр тохиолдолд антибиотик шаардалагтай бол хэрэглэнэ. Хэрэглэхдээ бас таарч тохирсон болж өгвөл тодорхой нянгийн эсрэг үйлчилгээтэйг нь уух нь зөв. Мэдээж юуг яаж уухыг эмч л тодорхойлно шүү дээ. Тиймээс ихэнх улсад антибиотикийг зөвхөн эмчийн жороор авах боломжтой байдагаа.

Дараагийн том алдаа бол өвчний шинж тэмдэг буурч биеэ жаахан сайжрангуут эмээ хаядаг. Энэ чинь эргээд эмэнд дийлдэхгүй шинэ төрлийн нян бий болгох үүд хаалгыг нээж өгөөд байгаа юм шүү дээ. Дутуу хаяна гэдэг биед байгаа нянг дутуу устгаад орхиж байна. За тэр эмэнд устаж амжаагүйнүүд нь дараагийн ээлжинд эмэндээ дасчихсан дийлдэхээ байна гэсэн үг. Өнөөгийн байдлаар антибиотикт дарагддаггүй сүрьеэ, бэлгийн замын хэд хэдэн халдвар, мөн staphylococcus, streptococcus, E.coli төрлийн нянгийн төрөл эмэнд дарагддаггүй гэж бүртгэгдээд байгаа. Ийм халдвар ямар нэгэн шалтгаанаар их өргөн тархахад хүрвэл гамшгийн хэмжээний хохирол үүснэ, олон хүний амь сүйднэ гэж мэрэгжилтэнүүд сануулаад байгаа. Ер нь болж өгвөл антибиотик хэрэглэхгүй байх байх хэрэглэвэл тунгаа зөв тохируулж, эмчилгээг дуустал хийх хэрэгтэй гэсэн зөвлөмж байна. Та бүхэн бас бодно бизээ.

Чухам та өнөөдөр ийм нян бий болох боломж бүрдүүлэхэд магад өөрөө өвчлөхгүй харин ойр байгаа нялх нойтон хүүхэд, өндөр настан хамгийн түрүүнд өртөх юм шүү. Тиймээс зөвхөн таны хувийн асуудал биш байгаа биз. Манай эрүүл мэндийн сайд иймэрхүү асуудал уруу ер ойртохгүй юмаа. Миний бодлоор энэ тухай ярьж хэлж, сурталчлах, эмч нараа сургах гээд хийх ажил их л харагдах юм. Мань хүн ганц хүний төлөө л яваад байх юм, ерөнхий сайд нь ажлаа хийсэнгүй гэхгүй л юм (хүрд эргүүлэх боломж таарангуут бас улс төржөөд авав ккк).