Thursday, September 5, 2013

Тэмдэглэлээ цааш нь үргэлжлүүлбэл...

Хөдөө явах сайхан байлаа. Бидний аялал хойшоо Сэлэнгийн Ерөө сумаар эхэлсэн юм. Хотоос гараад ганц хоёр цаг явлуу даа, цай ууж хөлийн чилээ гаргах санаатай зогсоод нэг их удаагүй байтал хажуугийн уулнаас хуванцар сав барьсан хэдэн эмэгтэй бууж ирээд түүсэн гүзээлзгэнээрээ дайлав. Минийхээс амс минийхээс амс, яасан жаахныг авдаг юм, олигтойхон атгаад аваач гэх, өөрсдөө өчнөөн цаг ядарч түүсэн жимсээрээ ингээд хүн дайлчихдаг улс байдаг юм байна. 
Миний авга аав ээж 1923 онд Чита мужаас Ерөө суманд ирж суурьшсан улс л даа. Тэдний өссөн нутаг Баянгол рашааны тэрүүхэнд хэд хонох сайхан байлаа. Өвөөгийнх зусдаг байсан аманд төмрийн уурхай нээчихсэн юм байна. Өдөрт хоёр удаа уулыг тэслэх чимээ цочоох нь төвөгтэй, өвөг дээдсийн өссөн, үр хүүхдээ өлгийдөж авсан газар ингээд танигдахгүй болох нь гэж сэтгэл эмзэглэж л явлаа. Энэ хавийн буриадуудаас нөгөө айхавтар хэлмэгдүүлэлтийн үед насанд хүрсэн хоёрхон эр хүн амьд үлдсэний нэг нь миний өвөө. Тэр үе Улаанбаатарт сургуульд сууж байсан юм гэнэлээ. 
Ёстой баян хангай гэж ийм байдаг байх гэмээр сайхан нутаг. Өвс өндөр ургасан, олон янзын цэцэг алаглаад, урд өмнө үзэж хараагүй олон төрлийн эрвээхий, газраар ширэглэсэн их гүзээлзгэнэ. Баянголын сэрүүн рашаанаар цангаа тайлж, нутгийн хүнсээр үнэхээр тансаг аялсан. Энэ суманд ногоо тарьдаггүй айл үгүй бололтой юмаа. Шинэхэн салатны байцаа, өргөст хэмх, улаан лооль бас бус нарийн ногоо элбэг, за тэгээд гүзээлзгэнэ "түүж" (хурдан түүж чадахгүй болохоороо хүний түүсэн жимс худалдаж бас авсан) чанамал хийсэн шиг тэнд байсан зөгийчнээс бал худалдаж аваад үнэн тансаг аялал болсон. Эргээд бодохоор энэ л хамгийн тансаг хоолтой газар байж гэж санагдаад байгаа юм даа. 





















Зөгийчний багаж энэ тэр нь хачин цэвэрхэн бас цомхон гоё




Ийм балнаас худалдаж аваад л идээд л байлаа шүү дээ.


Wednesday, September 4, 2013

Гэртээ харьсан тэмдэглэл


Харьж ирсэнээсээ хойш юм бичихдээ хойрго болчихжээ. Уг нь бичих сонин ихтэй ирсэн хэдий ч нэг хэсэгтээ хямардаг юм уу, нэг тийм асуудал байх юмаа. Тэгэж байтал нөгөө бодсон, төлөвлөснөө мартана биз дээ энэ чинь. Монголоос ирээд удаагүй байхад хайртай найз маань айлчилж нэг хэсэгтээ сатаараад сайхан байлаа.

Улаанбаатар сайн муу холимог сэтгэгдэл үлдээв. Уулзаагүй удсан садан төрөл, найз нөхөдтэйгээ уулзах сайхнаас сайхан. Бас зүс үзээгүй ч танил санагддаг Алиман хүүхэдтэй уулзаж нэг орой ярьж суух гоё байлаа. Хүүхэд гэлээ гэж гомдохгүй байгаа ккк... Хотын шинэ захирагч их юм хийж байна гэж хүмүүс ам сайтай байлаа, сайхан л хэрэг. Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж байгаа юм байна. Энд тэнд хоол унданд ороход утаан дунд нүд хорсохгүй гоё. Хуулийн биелэлт сайн байна гэж харлаа, гудамжинд тамхи татах хүн ч их цөөрсөн харагдав. Хэрэгжихгүй тэр хууль чинь энэ олон тамхичин яг биелүүлээч гээд байсан харин ч эсрэгээрээ.

Харин замын түгжрэл гэж айхавтар асуудал байнаа. Дээхэн 10 минут явдаг байсан газарт хэдийд хүрэхээ тааж хэлэх хэцүү болжээ. Замын даац энэ тэр гэсэн асуудал бий гэхдээ миний бодлоор жолооч нар өөрсдөө түгжрээний нэг том шалтгаан юм шиг санагдаад байсан. Уулзвар дээр нэг нэгэндээ зай тавиад эвтэй найртай гарчихгүй зэрэг чихээд л түгжчих юмаа. Нарийн зам дээр хоёр машин өөд өөдөөсөө гарч ирчихээд чи ухар гэж хэрэлдээд сүүлдээ бууж ирээд барилцаж авч энэ тэр.. Уг нь нэг ухраад гаргасан бол минут ч хүрэхгүй асуудал байхгүй юу. Нөгөө талаар алхаад очих газар заавал машин хөлөглөдөг ч энд бас нөлөөлж байгаа биз. Ихэнх тохиолдолд алхсан нь хамаагүй хурдан юм билээ, алхдаг хүн олон бол түгжрээ бас ямар нэг хэмжээгээр буурах байлгүй дээ. Явган хүний гарц арай олон болсон юмдаг уу, зам гарахад арай л амархан болсон санагдсан.

Хөдөө явах гэж эрт гараад 22-ын товчооноос шатахуун авах гэтэл сүүний машин түгээгүүр дээр таглаад зогсчихсон жолооч нь байхгүй. Ухарч энэ тэр бөөн юм болж арай гэж хүрэхээр болгоод шатахуун авч зогстол сүүний машины жолооч ирж байна. Үгүй ингээд хүн орох зам таглаад алга болдог яадаг хүүхэд вэ гэсэн өөдөөс хараал ширээл  агсан тавьдаг гэнэ. Чимээгүй байж байгаад дуусахаар нь үгүй хүүхээ бид эрт зам дөхөх гээд нойроо хасч гарсан улс, чи ямар нэг шалтгаангүйгээр хүний зам бөглөснийг чинь зүгээр л хэлж байна шүү дээ. Уучлаарай гээд өнгөрвөл болоо биш үү гэтэл тэгэсгээд чимээгүй болов. Хажууд нь машин тавих зай зөндөө байхад түгээгүүрийн яг хажууд тавиад явдаг шалтгааныг нь бодоод бодоод олсонгүй ээ ккк.

Такси хийдэг залуучууд замаа бас хотоо мэддэггүй бололтой. Зуун айлаас такси бариад циркийн хажууханд очъё гэтэл явж байснаа Энх тайвны өргөн чөлөөгөөр эргэж болохгүй байна одоо яахав гэх. Уг нь машин барьж яваа хүн чинь тэрийгээ мэддэг баймаар. Арга тасраад үгүй хүүхээ эгчийгээ хүүхдийн зуугийн тэнд буулгачих даа гэсэн жаахан байж байснаа эгчээ хүүхдийн зуу гэж хаана байдаг юм бэ? гэсэн. За би ч хуучирч залуучууд хотын хуучин нэрнүүдийг мэддэггүй болсоны шинж юм бизээ.

Замбараагүй байшин барихыг үзүүлж өгч байна гэмээр газар олон болжээ. Гурван жилийн өмнө л пээ яасан их чихэлдэж байнаа гэж харж явсан сая очсон бүр их чихэлдсэн байвал яахав? Хотын зарим хэсгээр ганцаараа явбал төөрөх юм байна. Зайсан хавийг бол бүр танихын аргагүй. Бүтээн байгуулж байгаа нь сайхан хэрэг ч нэг жаахан төлөвлөлт хийгээд жаахан замбараатайсан бол гэж бодогдож л байлаа. Юун дархан цаазтай Богд уул л болсон байна лээ дээ. Байтлаа нөгөө муу Зайсан толгойныхоо бэлийг ухаад байшин бариад эхэлчихсэн байна лээ ш дээ.

Хүмүүс барилга барьж байгаа хүмүүсийг шуналтай бас хууль ёс сахидаггүй гэж ам амандаа ярих мөртлөө нөгөө л зөвшөөрөлгүй, ямар нэг буруу аргаар олж авсан газар дээр барьсан байрыг нь худалдаад л авчих юм. Тэд хууль зөрчиж барьсан нь үнэн гэхдээ би байшинд орсон хүн ямар ч буруугүй гэх хаашаа ч байдаг юм. Тийм байшинд нь хүн ордоггүй байвал бас нөгөөдүүл нь жаахан юм бодох байлгүй дээ.

Ерөнхийдөө үйлчилгээ их тааруухан болжээ. Угаасаа ч манайхан үйлчилгээ сайтай улс биш гэхдээ гурван жилийн дотор мэдэгдэхүйц доошилсон нь урам хугалсан. Нэг их ёсорхуу биш ч гэлээ зарим газар нэг хөөрхөн шуурхай үйлчилдэг байсан шиг санаад байдаг юм. Харин энэ жил олон газар ороод жаахан сэтгэл дундуур л байлаа. Ажил дээрээ гар утас хэрэглэх ердийн асуудал юм шиг байна. Физик эмчилгээн дээр массаж хийж байсан хүн утсаа дуугарахаар эмчлүүлэгчээ орхиод авна, гоо сайханд маск тавиулаад зүүрмэглэж байтал утас тасxийхэд гоо сайханч нь авч л байх гэх мэт.. Тэгээд л нэг их амин хувийн юмаа ярина биз дээ. Хальт сонсохоор тийм яаруу сандруу асуудал биш л байх юм билээ.

Хужирт явах гээд эрүүл мэндийн даатгал төлөх гэж дүүргийн нийгмийн даатгалын газар оров.
Эрүүл мэндийн даатгал гэдэг газар нь оочирлож байгаад орсон хажуугийн банкинд 840 төгрөг төлөөд ир гэж байх юм. Найман зуун дөч шүү гээд их нухацтай хэлсэнийг нь цээжилж аваад банкинд очвол бөөн оочир. Цаг илүү зогсож байгаад 840 төгрөг тушаая гэсэн банкны охин эгчээ тийм юм байхгүй ш дээ. Эрүүл мэндийн даатгал бол 8400 байдаг гэх. Түрүүний хүүхэн их нухацтай 840 гэсэн болохоор нь зөрүүдэлсээр байгаад л өгчихлөө. Ирсэн өөр хүн сууж байна 8400 ш дээ гээд урдаас бичиг баримтыг маань шидчихлээ. Банкны өөр салбар луу гүйж мөнгөө өгөөд ирвэл шинээр дэвтэр нээж өгөөд зураг чинь том байна, манайд хайч байхгүй өөрөө хайчилж ир гэx. Хажуугийн зурагчин дээр нь орж хайчлаад ирвэл зургийг маань тавьж тамга дарчихаад манайд цавуу байхгүй өөрөө цавуу олж наагаарай гэж авсан ккк. Уурлах ч хэцүү, инээх ч хэцүү гэдэг л болох шив.

Дараа үргэлжүүлнээ...

Monday, August 12, 2013

Амралт дуусав..


Дөрвөн долоо хоног чинь дөрвөн өдөр шиг л хурдан өнгөрдөг юм байна. Ирэх очихдоо Истанбулд хоносон амралт бүр богинохон болчих шиг гээд нэг чамлаад байгаа золиг доо. Гэхдээ харих сайхан байлаа. Ер нь гурван жил чинь их урт хугацаа байнаа, үгүй саяхан л хүүдээ дээр үед цэрэгт гурван жил явдаг байлаа, дунд нь чөлөө мөлөө байхгүй ээжтэйгээ уулзахгүй шүү дээ гээд тайлбарлаад байсан хүн чинь өөрөө 3 жил ээжийнхээ барааг хараагүй явсан байна ш дээ.

Дээхнэ нэг ийм яриа болсон юм:
Би: энэ зун гэртээ харина сайхнаа...
Охин: ммм? Гэр чинь энэ биш юм уу?
Би: үгүй ш дээ, миний гэр монголд..
Охин: тэгээд миний гэр хаана байгаа юм?
Би: чиний гэр энд
Охин: Яагаад?
Би: Ээж чинь хаана байна гэр чинь тэнд

Хэдэн жилийн өмнө бас хүүтэйгэээ ингэж ярьсан. Гэр орон гэдэг миний хувьд байшин гэр аль нь ч биш ээж минь л юм даа.

Wednesday, July 3, 2013

Бидний араншин


Явах өдөр дөхөөд л би гэдэг хүн санаагаараа харьчихаад сууж байнаа. Явахаас өмнө амжуулах ажил их байдаг, замдаа Истанбулд ганц хоног саатна гэсэн бас тэнд үймээд байх шиг нэг тийм түгшүүртэй санагдаад ч байх шиг. Хамт ажилладаг америк хүүхэн тэнд амьдардаг найз уруугаа утас цохиж намайгаа тайвшруулав.
- Манай найз одоо бүх юм тайван болсон, санаа зоволтгүй гэж байна. Нөгөөх чинь чамайг хаа хүрч яваа юм гэхээр нь монгол гэлээ. Тэгсэн пөөх харин монгол чинь хэцүү газар ш дээ. Халаасны хулгай нь бүр гаарчихсан гэж байна. Би чамайг харьж яваа юмаа гэсэн... гэж хуучлав. Надад гомдолтой санагдсан ч халаасны хулгайчдыг яаж өмөөрөхөө мэдэхгүй зогстол нөгөөх чинь мэдсэн юм шиг
- Халаасны хулгайч хаа сайгүй л байдаг ш дээ тээ? гэнэ. Би:
- Үгүй ээ манайд арай их байдаг юмаа л гэсгээд салав.
Ямар ч газар хулгайч худалч улсууд бий. Гэтэл монгол нутаг яахаараа ийм алдартай болчихдог билээ гэсэн бодол төрлөө.

Би анх халаасны хулгайчтай арваад насандаа таарч байлаа. Тэр зун хүн ихтэй автобусанд нэг хүний гар хажуугаар чихээд, тэр гарыг дагуулаад харвал өмнөө зогссон хүний халаасыг өөрийн юм шиг онгичсон хулгайч байлаа. Би юм хэлэх гэсэн дуу гардаггүй ээ, бас хэнд юу гэж хэлэхээ мэддэггүй. Цочирдоод нөгөө хулгайчаас нүд салгаж чадсангүй, тас ширтээд байхаар халаас ухагч эрх биш болиод над уруу гараа зангидаж зангаад автобуснаас буугаад явчихсан юм. Орой гэртээ ирээд болсон явдалаа яривал өвөө маань пээ хүү минь тэд нар чинь яасан сайн хардаг нүдтэй юм гээд нүдийг чинь зүсчихдэг юм. Харсан ч хараагүй мэт явж бай гэж сургаж билээ.
Баруун Европын орнуудаар дэлгүүрт хулгай хийдэг монголчуудын тухай их дуулддаг. Голланд хүнтэй суугаад очсон монгол хүүнийг дэлгүүрт орохоор худалдагч нь дагаад алхаад байдаг гэсэн яриа байдаг даа. Цаашлаад өнгөрсөн жил Францын нэг жижиг хотод гоо сайхны бараа хулгайлдаг нэг бүлэг хүмүүсийг барьсан тухай мэдээ харсан. Хоёр гурван жилийн турш гэв үү хулгай хийж байсан бараг хагас сая еврогийн хохирол учруулсан гэсэн байхаа. Хулгайлсан бараагаа монгол уруу контэйнэрээр явуулдаг байсан гээд зураг хөрөг нь гарчихсан байсан.

Олоон жилийн өмнө монгол уруу 1970-аад оны үед аялсан нэг хүний яриа сонссон юм. Тэрбээр монголчуудад ямар нэг эд зүйл чинь таалагдвал яаж ийж наймаалцаад авах гээд зүтгэчихдэг юм билээ гэж ярьсан бас санаанаас гардаггүй юм.
Ингэхэд бид чинь хүний юм илүү харж явдаг соёлтой улс уу? Энэ юунд байдаг юм бол?
Хулгайг өөгшүүлдэг, жигшдэггүй тийм заншил яваад байдаг байх.
Хамгийн наад захын жишээ бусдын хөрөнгөнд гараа дүрдэг сайн эрсийг шүтдэг асуудал мөн үү. Тэдний тухай домог хэлцэж, одоо бүр хөшөө дурсгал босгодог болсон юмдаг уу. Суурин соёлтой хүмүүст ойлгох хэцүү эд байх л даа. Баячуудаас аваад ядууст тараадаг нэртэй ч чухам хэдийг аваад хэдийг нь тараасан баримт байхгүй байхаа даа. Тэгээд л тэднийгээ магтаад л хийморьтой гэж шүтээд л байдгийг сайн ойлгодоггүй юмаа. Үнэндээ бол хэн нэгэний хөдөлмөр шингэсэн эд хөрөнгийг чи чинээлэг учраас гээд туугаад явчих аймаар ш дээ.
Бас сайн үйл хийсэн бол ганц удаа хулгай хийхэд яахав гэсэн үзэл байх юмаа. Нөгөө Энхбаярыг баривчлах үеэр зарим хүмүүс их өрийг тэглэсэн гавьяатай хүн улсаас жаахан юм аваа л биз гэсэн яриа яваад байсан бас л сонин. Нүүдэлчний сэтгэхүй гэх үү?
За тэгээд өөр хүнийг ухаж байвал надад хамаагүй гэсэн сэтгэлгээ бас муухай. Тэр хулгай хийж байгаа хүнийг харсан ч хараагүй дүр үзүүлдэг нь тэднийг улам өөгшүүлдэг байх даа.
Энд болохоор хааяа цүнх онгорхой явбал хүмүүс цүнх чинь онгорхой байна гээд сануулаад байдаг юм. Бидэнд нэг тийм сэтгэл яагаад дутуу байдаг юм бол?
Номын хулгай хулгай биш гэсэн хачин яриа бас явна. Хэн нэгэн мөнгөөрөө худалдаж авсан юм хямдхан ч бай авахдаа санаа зовдоггүй бас аймаар шүү.
За тэгээд хаа ч явсан монголын тухай шүүмжлэлд таарсан хариу өгч чаддаг ч энэ хулгайн асуудал дээр тайлбар хийх өмөөрөх хэцүү, дэмий л хүний өмнөөс ичих юмдаа хөөрхий... Сайн дураараа хулгайчдыг толгой дээрээ гишгүүлсэн ард түмэн үү бид?




Sunday, June 30, 2013

John Denver: Annie's song

Нэг сонсоод чихэнд хоногшдог дуу байдаг даа. Нэлээн дээр дээ энэ дуу энд тэнд хааяа сонсогдоход нэг их танил санагддаг байлаа. Дараа нь хэрэг болгож хэн ий ямар нэртэй дуу болохыг нь мэдэж авсан юм. Жон Дэнвэрийн анхны эхнэр Аннидаа зориулсан дуу юм гэнэ. Энгий мөртлөө чин сэтгэлийн үгтэй, нэг талаар монгол шүлэгтэй төстэй хэв маягтай юм уу. Хүний үнэн сэтгэлийн үг болохоор тэр үү сэтгэлд их ойр буудаг юм. Дөчөөд жилийн өмнө бичсэн энэ дуу цагийн шалгуурыг даваад өнөө ч хүмүүсийг баясгаж яваа дуртай дууны нэг дээ.





Annie's song


You fill up my senses
Like a night in a forest
Like the mountains in springtime
Like a walk in the rain
Like a storm in the desert
Like a sleepy blue ocean
You fill up my senses
Come fill me again

Come let me love you
Let me give my life to you
Let me drown in your laughter
Let me die in your arms
Let me lay down beside you
Let me always be with you
Come let me love you
Come love me again

You fill up my senses
Like a night in a forest
Like the mountains in springtime
Like a walk in the rain
Like a storm in the desert
Like a sleepy blue ocean
You fill up my senses
Come fill me again

Friday, June 28, 2013

Еэ холилд гэж...


Уг нь өнөөдрийн төлөвлөгөө арваад хоногийн дараа харьж амрах гэж байгаагаа дуулгаад, эргэж иртлээ илүү амлах аргагүй болж байгаагаа дуулгасан зaрын шинжтэй шахуу товчхон бичээд гарах байлаа. Тэгсэн юу вэ, мэдээн дотор аймаар юм тууж явна. Хүмүүсийг юм мэдэхгүй гэнэ цайлганаар нь үнэн далимдуулах юмаа. Уг мэдээг үгчилж ойлговол ухаандаа бохир гарын шар (A) өвчний эсрэг вакцины нэг багц тунг хийхдээ хүний 1000 хөврөлийн эд эс хэрэглэдэг гэсэн байх юмаа. Нийтлэл бичигч нэрээ тавиагүй юм байна, яаж ч бодсон вакцин, биологи, эмийн үйлдвэрлэлийн талаар ямар ойлголтгүй нэгэн бололтой.
Бохир гарын шар ямар нэг ул мөргүй эдгэдэг, ийм халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь энэ өвчний эсрэг дархлаатай болдогоо. Нийтлэл бичигчийн санаа ийм өвчний эсрэг вакцин хийгээд яах юм гэж байгаа бололтой. Яагаад вакцин хэрэгтэй вэ гэхээр халдвар авсан хүн 2-6 сар өвчилдөг, энэ хугацаанд маш олон хүнд халдвар тараах магадлалтай. Өвчний чинж тэмдэг томуутай төстэй, үргэлж ядарсан, халуурсан, нойр хоолонд муудах гээд. Урдчилан сэргийлж болох өвчнөөс болоод удаан хугацаагаар өвчтэй байх нь хүмүүсийн ажил төрөл, хичээл сурлагад нөлөөлдөг юм байгаа биз дээ.
Нөгөө талаар тэр вакцин хийхдээ хүний хөврөлийн эд эс хэрэгэлдэг талаар тайлбар хийх гээд үзье. Вакцин чинь өөрөө сулруулсан вирус юмаа, шарын вирус хүний эсэнд хөгжиж төлждөг юмаа. Тийм болохоор вирусээ хүний эсийн өсгөвөрт үржүүлдэгээ. Тэр эсийн өсгөвөр нь MRC5 гээд хүний хөврөлийн хучвар эсийн өсгөвөр байдаг юм. Энэ чинь нэлээн олон жилийн өмнө нэг хөврөлөөс гаргаж авсан өсгөвөр шүү дээ, тэрнээс вакцины тун хийх болгондоо шинэ өсгөвөр хэрэглээд байдаг юм биш. Тэгээд үржүүлсэн вирусээ ялгаж авна биз дээ. Тэгэхдээ тэр эсийг чинь задлах хэрэгтэй болноо, тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн тэр эстэй холбоотой юм байхгүй ээ.
Би энэ вакцин эсэргүүцдэг улсыг ерөөсөө ойлгодоггүй, хэний заавар явуулга байдаг юм байгаа юм. Тэртээ тэргүй энэ нийгэмд хэлэлцмээр зөндөө олон асуудал байхад вакцин эсэргүүцээд байдаг нь ямар учиртай юм болоо. Наанадаж эдийн засаг санхүүгийн том асуудал, цаанадвал хүний амь настай ч холбоотой эд шүү дээ. Вакцины тухай тун дажгүй нийтлэлийг би өмнө нь хуулж тавьсан байгаа.
Дахиад л хэвлэл мэдээллийн хариуцлагын талаар хэлмээр байнаа. Хэн нэгний ямар ч үндэслэлгүй дуулиан болгох гэсэн юмыг ингээд ямар ч шүүлтүүргүй тавьчихдаг. Цэнзүүрдээд бай гэсэн юм биш энэ чинь хэн нэгний л үзэл бодол байгаа ингээд нийтэлж байгаа бол мэргэжлийн хүний тайлбар дагаж явах ёстой байхгүй юу.

Хэд хоногийн өмнө дөө бас л мэдээний хуудаснаас сонин сонин гарчиг олж хараад бичиж авч байлаа. Хэл бичгийн боловсролтой хүн мэдээллийн агентлагуудаар байхаа больчихсон юм байх даа гэмээр. Жишээ:

- Зарим газраар ургамал цухуйгаагүй байна (уг нь монгол хүн чинь гандуу байна, ногоо цухуйгаагүй байна гэдэг биз дээ?)
- Худалдан авах ажиллагааны тендэр шалгаруулалтын ажил байдалтай... (юу гэх гэснийг нь ойлгосонгүй)
- Дээгий Уянгатай бүтэн сарны дор саатав (утга санааны хувьд алдаа байхгүй ч их болхи сонсогдов)
Цаашлаад Болд гэдэг дуучны "Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй" гэдэг дуу гэнэ юу гэмээр ч юм...

Энэ зүгээр манай монголоор тогтохгүй юм бизээ. Сүүлийн хэд хоног манай лабораторид нэг нөхөр радио тавиад, түүгээр нь нэг сонин дуу их олон явах юм. Сүүлийн үеийн boy band бололтой:
Тэр дуулж чадахгүй
Тэр бүжиглэж чадахгүй ч
Риханна шиг алхдаг болохоор
Бусад нь хамаагүй ээ..  гэх маягийн, нөгөө рок н ролл гуай амь тавьсан бололтой юмаа хөөрхий. Их олон явдагийг нь бодохоор бусдын таашаалд нийцсэн дуу байлгүй, ийм юм сонсож өсөхөөр хүний үнэлэмж, үзэл санаа, гүн ухаан мухааны тухай ярих хэрэггүй болох юм бизээ...
Харилаа марилаа гээд нээх баясгалантай бичлэг хийх гэсэн нэг ийм хар бараан болчихов уу? Уг нь их л настртай эхэлсэн юмсан.


Monday, June 24, 2013

Royal Highland show

Энэ шоу шотландын хөдөө аж ахуйн салбарын хамгийн алдартай үзэсгэлэн арга хэмжээ юм. Малчид өсгөж байгаа мал хуйныхаа дээжээр уралдаж, цаашлаад энд хийсэн хүнс ба бусад бүтээгдэхүүний өргөн худладаа бас явдаг юм байна. 
Шоуны тийзний үнэ £25, дээр нь машины зогсоол £8, цаашлаад жаал жуул худалдаа наймаа хийнэ гэвэл төсөв £100 элбэг гарна, зохион байгуулагчид нь овоо ашиг олдог биз. Үнэндээ таараад их ч юм үзүүлдэг юм байна. Бид өглөө ороод орой гарах шив. Эдний мал аж ахуй эрхлэгчид маш олон төрлийн үүлдрийн мал шувуу өсгөдөг юм байна, зурагнаас хараaд ойлгомжтой бизээ.
1. Нугас 







2. Тахиа


 Тахианы өндөгний үзэсгэлэн уралдаан











Нугас хариулдаг нохойны үзүүлэх тоглолтын нугаснууд. Бараг нохойноосоо илүү сургуультай.

3.  Махны чиглэлийн үхэр



 Aberdeen Angus


 British blue


 Highland cow

4. Сүүний чиглэлийн үхэр



 Энэ их царайлаг үнээ, бусдаасаа онцгой хөөрөхөн харагдаад байсан.

5. Адуу
Их өндөр том морьд байлаа. Сүүлийг нь тайраад хачин болгочихсон надад эвгүй санагдсан.





6. Хонь
Энэ цагаан толгойтой хонь их хөөрхөн юм билээ. 














Доорх зураг энд хийдэг бяслагны үзэсгэлэн худалдаа. Бусад тасгаар хүн дүүрэн байсан учир зураг авч төвдсөнгүй.