Sunday, September 2, 2007

Зуныг үдэхүй..


Зун дууслаа. Америкчууд албан бусаар 9 дүгээр сарын эхний даваа гаригийг (Labor Day) зун дууслаа гэж үздэг. Tэгээд санаа дагаад ч тэр үү, нээрээ бүгчим халуун нь намдаад, оройдоо сэрүүхэн болчихдог юмаа. Наранд биеэ шарах сүүлийн боломж гээд өчигдөр Brooklyn-д байх Brighton Beach уруу гараад шидчихэв. Уг нь Нью Йорк хотод олон beach бий л дээ. Brighton Beach манайхаас нэлээн хол, автобус, метро дамжаад бараг хоёр цаг явна, өөрөөр хэлбэл өдрийн талыг унаанд өнгөрөөнө гэсэн үг, гэхдээ л тийшээ явах өөр нэг шалтгаан бас байдаг юмаа.
Brighton Beach бас "Бага Одесс" гэдэг нэртэй. Миний сонссоноор Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас гадна байдаг хамгийн том орос коммунити гэж байгаа. Метроноос гараад ирмэгц л Оросод ирчихэв үү гэмээр санагддаг юм. Дэлгүүр хоршооны хаяг, зарлалын самбар орос болоод явчихна даа. Brighton Beach avenue-г дагаад Орос, Молдав, Узбек гээд хоолны газар, хүнсний дэлгүүр, номын дэлгүүрүүд, дотор нь орвол танил ном, хөгжмийн CD, хуучин, шинэ цагийн кинонууд гээд байх, надад бол жигтэйхэн танил, дотно санагддаг юмаа.
За тэгээд метронд удаан явах юм чинь гээд унших ном авсан юм байна. Гэхдээ түм түжигнэсэн том хот болохоор метронд удаан явахад заавал сонин хачин зүйл таардаг юмаа. Би бол Улаанбаатараар зүйрлэвэл 7 буудал, Дамбадаржаа хавийн хүн л дээ, эндээ бол нөгөө муу нэртэй Bronx. Нээрээ дээр нэг бичиг баримтны асуудал гараад энд суудаг монголын консул орсон чинь үүдэнд нь суудаг настай эгч намайг хаана амьдардагийг дуулаад "Хүүхээ тэгээд чиний байдаг газар чинь нээрээ энэ зурагтаар гараад байдаг шиг тийм аймаар газар уу?" гэж билээ.
Bronx ийн хувьд ч нэг тийм муу нэртэй л дээ, ер нь оршин суугчдын нэлээн хэсэг нь эндхийн харууд, Пуэртө Рико, Доминикан, Ямайкаас ирсэн улсууд байх. Энэ дүүрэгт доогуур орлоготой хүмүүст зориулсан хотын өмчлөлийн байр их олон бий. Тэгээд яахав ядуу зүдүүчид нь олон болохоор болох болохгүй юм их гарна л даа. Харин яг хойд захдаа ирланд, италичуудын суудаг 2 хэсэг хороолол бий. Харин тэр хэсэгт нь янз бүрийн "өнгөтэй" хүн нэг их харагдаад байхгүй. Манай сургуулийн байр тэр итали хэсэгт нь байдаг юм. Үнэн худлыг мэдэхгүй, сургуулиас италийн мафийн бүлэглэлд мөнгө өгч энэ хавийг элдэв гэмт хэргээс сэргийлж байдаг гэсэн яриа яваад байх, ямар ч байсан энэ хавь ийм тийм хэл үггүй тайван л даа. Өө тийм би анх энд ирээд нэг настайвтар итали (italo-american гэвэл зөв байхаа) эмэгтэйн нэг өрөөнд жил хэртэй амьдарсан юм. Тэгтэл таньдаг ангол залуу Нью Йорк үзэх гэсэн юм, байрны эзэн чинь илүү өрөөгөө ганц шөнө хөлслүүлэх болов уу гэхээр нь, би дамжуулж тэр ирэхээр болсон юм. Тэгээд ирэх хүн ч ирэв, тэгтэл байрны эзэн авгай надад "чи ягаад энэ хүнийг надад хар гэж хэлээгүй юм бэ?" гэдэг байгаа. Би танд Ангол гэж хэлсэн биз дээ л гэлээ, тэгтэл тэгсэн, тэглээ гээд би яаж хар гэж мэдэх юм бэ гэж миний нүдийг орой дээр гаргах шахав. Ер нь америкчуудын газар зүй, америкаас гадуурх хорвоо ертөнцийн талаар мэдлэг тун тааруухан л даа. Гэхдээ зайлуул манай байрны эзэн тэр зaлуугийн аюулгүй байдалд санаа зовоод л тэгэж хэлсэн юм байна лээ л дээ. Тэгээд нөгөөхийг чинь дагуулж айл амьтны хүмүүстэй танилцуулсан гэж байгаа, тэгэхгүй бол танихгүй мэдэхгүй хар бор хүнийг барьж аваад зодсон хэрэг бас гардаг гэсэн. Ингээд бодохоор энэ америкийн эрх чөлөөний орон гэдэг худлаа юм шигээ. Нью Йорк л гэхэд маш олон газраас ирсэн түм буман хүнтэй, гэвч тэд ирсэн нутгаараа хэсэг бүлэг болж амьдарахаас нэг их холилдоод байхгүй. Тийм болохоор л орос, хятад, солонгос, энэтхэг, япон, грек, итали, польш, еврей гэхчилэн янз бүрийн хорооллууд байх, тэндээ өөр өөрсдийн уламжлалт хоолны газрууд, хүнсний дэлгүүрүүд, сүм хийд гээд хотын тэр хэсгийг бас ч гэж өвөрмөц сонин болгож байгаа юм л даа, гэхдээ нэг тийм "ghetto" маягаар өдий цаг үед тусгаарлагдаж амьдрах бас хаашаа ч юм дээ. За тэр ч яахав, бүр хадуурч хоцорлоо.
Миний зорьсон газар бол Улаанбаатараар Яармаг, Нисэх хавьцаа юм уу даа. Аа тийм бас энэ хотын нийтийн тээврийн талаар бас жаахан тайлбар хийх хэрэгтэй болох нь. Ерөнхийдөө америкийн тоотой хэдэн том хотоос бусад газар бол нийтийн тээвэр гэх ойлголт бараг л байхгүй гэхэд болно. Зарим газар бол машин зам дагаад явган хүний ч зам байхгүй. Нью Йорк бол харин нийтийн тээвэр хөгжсөн, машингүй амьдрах боломжтой газарт орно. Гэхдээ л Европтой харьцуулашгүй. За тэгээд хагас бүтэн сайнд замын засвар энэ тэр гээд маршрут, хуваарь нь өөрчлөгдөнө, удаан хүлээлгэнэ, нэг тиймэрхүү. Харин хагас сайнд тун азтай байлаа. Автобус, метро алийг нь ч их хүлээсэнүй, замд $1 ийн М&М зардаг хүүхдүүдээс өөр сонин болгочих юм тааралгүй яваад зорьсон газраа хүрлээ.
Метроны буудлын хажууд молдав рестораныхан гадаа нарийн боов зарж байна. Тэндээс аарцтай тэргүүн, хажуугийн дэлгүүрээс савласан ус, талхан торхтой, цөцгийтэй мөхөөлдөс (нөгөө 60 мөнгөний мөхөөлдөс гэж байсан даа) аваад далайн эрэг рүү очлоо. Зуны ид үейиг бодвол хүн багатай аятайхан байсан юм байна шүү. Учиргүй бүгчим халуун ч алга, хүн сийрэг газар очоод дэвсгэрээ дэвсээд жаахан дугхийж орхив.
Би зун болохоор л яаж ийгээд борлох гэж зүтгэдэг зантай. Уг нь арьс хөгшрүүлнэ, хорт хавдарын эрсдэл нэмнэ гэж мэдсэн ч, жаахан ч гэсэн борлохгүй бол зун болоогүй юм шиг санагддаг. Харин хамт ажилладаг хоёр япон хүүхэн зун урт ханцуйтай цамц, өмднөөс яж ч халуун болсон салахгүй бас дээр нь далабагар малагай өмсч нүүрээ нарнаас халхална. Борлохоос үхтэлээ айдаг, сонин шүү.
Хоёулаа явсан болохоор нэг нэгээрээ ус уруу очсон юм байна (нэг нь юмаа харж үлдээд..). Би сэлж чаддаг ч далайн усанд зүрхэлж орж чаддаггүй, зүгээр л эргээр нь ус туулав. Эрэг дээр зогсоод далайн ус түрж, татахыг мэдэрч зогсох сонин байлаа. Ус татрахад хөл доорх элс нураад, хүчтэйхэн түрлэгтэй өдөр бол савж унах шахдаг юм. Тэгээд дээр хүүхэд байхад ээж маань далайн түрлэг дэлхий, сар хоёрын таталцалаас болдог юм гэж тайлабарлаж өгсөнийг санав (ээж маань физик, одон орны багш байсан юм л даа).
Brighton Beach хоёр гурван км үргэлжилдэг, уг нь газар орчинд нь ялгарах зүйл байхгүй ч баруун хэсгийг нь Coney Island гэж нэрлэдэг юм. Эргээс 300 аад метр хэртэй явган хүний модон замтай тэрийгээ Broadwalk гэж нэрлэдэг юм байна лээ. Зам нь гайгүй өргөн, бас захаараа зөндөө олон вандан сандалтай. Орос эмээ өвөө тэр сандлууд дээр сууцгаагаад нарлангаа хууч хөөөрцгөөгөөд л. Broadwalkаа дагаад бас овоo хэдэн ресторантай: Волна, Татьяна, Зимний сад, Москва гээд. Зуны цагт гадаа суугаад далайн эрэг харж суухад их сайхан байдаг юмаа, яг л оросын нэг амралтын газар очсон юм шиг санагдана гээч.
Цаг хагас хэртэй эрэг дээр саатаад Brighton Bazar орж, өтгөн зөөхий, утсан гахайн өөх, хар талх, заганы консерв гээд л танил дотно хүнс цуглуулав. Нээрээ ийшээ орохоор хүүхэд насаа дурсдаг юмаа. Багадаа идэх дуртай байсан баавгайтай чихэр энэ тэр, зефир, пастэл, молоко, кисел хүртэл байна гээч. Дэлгүүрийн худалдагч нарын зарим нь анлглиар ярьж чадахгүй, миний хувьд орос хэлний давтлага болно. Зугаатай шүү.
Ингээд л зун баяртай болох шив дээ. Хойтон зун хаана байж таарах бол?

4 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Чиний бичлэгийг уншаад одоогоос 13 жилийн өмнө анх удаа далай харсан минь санаанд очихлоо. Далайн түрлэг гэдэг чинь их түрэмгий юм шиг наашилсан хэрнээ татахаараа нэг л их гуниг тээгээд, цээжний гүнээс нэг аваад алгуурхан цаашлаад байгаа юм шиг санагдаж билээ.

бж said...

Bi ch bas sayahnii neg udur Coney Island orson. Amraltiin uliral duusch baigaa bolohoor tiim ch ih huntei baigaagui.
Bid 3 Cyclon deer togloh gej zoltoi l huzuu tolgoigoo salgachihaagui. Buugaad 3 bienee shoolj uhtelee ineesen...
Bronxiig aimaar gazar gej boddog sh dee. Bolgoomjtoi baihad iluudehgui biz. Eldviin yum ih duulddag...

БЭ said...

yun goy yin, amid dalai uzej uzhiisen. oros delguuruud neerenhaa saigui baih yumaa, goy te, bid hed bas endees baahan oros baraagaa buunddug shd, mash saihan bichleg baina, hungun gunigt ch avtah shig

peakfinder said...

Manaihaar orj minii murui hazgai bichsen temdegleliig unshsand bayarlaj baigaa shuu.
Bi ongorson hagas buten saind dahiad yavsan. Ooriinhoo maamuud Cheburashkatai DVD avsan. Goyo baina lee.