Зунжингаа дэмий тэнээд блог бичихгүй амарчихсан чинь буцаад бичих гэсэн бодол гар хоёр эвлэхгүй төсөөрчихжээ. Уг нь мартахаасаа өмнө бичиж үлдээмээр юм зөндөө л байх яг суугаад бичих гэхээр хаашаа ч юм үргээд алга болчих юмаа. Ерөнхийдөө компютерийг тойрсон маягаар амьдарч байх шив.
Өнөөдөр зун аялаж явахдаа хоног төөрүүлсэн Лион хотын хэдэн зураг оруулъя гэж бодлоо. Энэ Францын гурав дахь том хот, яг хотдоо хагас сая орчим оршин суугчидтай харин ойр дагуул хот дүүргийг оруулбал сая хагас болчихдог юм байна. Гарал үүсэл нь Ромын хаанчлалын үетэй давхцах урт түүхтэй энэ хот 16-р зуунд Европт ном хэвлэдэг гол төв байжээ.
Дүрст бичлэгийг анх энэ хотын оршин суугч ах дүү Лүмиер зохион бүтээсэн гэдэг, тэр утгаараа киноны өлгий нутаг байх нь. Цагтаа Лионд нэхсэн торго тун чиг гайхамшигтайд тооцогддог байсан гэнэлээ.
Өнөө үед Лион хоол ундаараа алдартай, Францын гастрономийн нийслэл гэх нь бий. Тансаг зэрэглэлийн ресторан олон ч энэ хотын bouchon (бушон) хэмээх хоолны газар олонд хамгийн их хүрдэг болов уу. Ийм газрууд нэг их үнэтэй биш манайхны хэлдэгээр толгой цувдайгаар сайхан хоол хийцгээнэ: төрөл бүрийн цэлцэгнүүр, зайдас, үхэр гахайн ялз чанасан толгойн мах гээд... Торго нэхэх үйлдвэрийн ажилчид ийм хоол иддэг байсан гэлцдэг.
Бидний орсон хоолны газар 15 еврогийн зууш, хоол, дэссэрт орсон оройн хоолны меню санал болгосон. Мэдээж нутгийн дарсаар даруулаад сайхан байлаа. Муу хүн идсэнээ гэдэг ч Францаар явчихаад хоол унд ярихгүй байх хэцүү.
Дараа тухтай хэд хонох юм байна гэж сэтгэлдээ тэмдэглээд цааш хөдөлсөн дөө.
1 comment:
Lyond deer heden jiliin omno 10 sard biluu ochij uzsen ih huiten odor baisan. Ter uulan deerh tom sumd orj uzsen morgoliin duu n ih goy sonsogdgson harin hamt yavsan evropuud Disneyn sum geed jaahan dooglongui baisan barilgiig n. Busad hotoosoo arai tseverhen sanagdsan.
Barimalch
Post a Comment