Monday, May 31, 2010

Шэрлок Холмсийн музей

Соронзон андын хүсэлтийн дагуу өнгөрсөн амралтын өдрөө Лондонгийн хамгийн алдартай хаягуудын нэг 221b Baker Street - ийг зоривой. Эх зохиолд алдарт мөрдөгчийг чухам яг энэ хаягт 1881-1904 онд аж төрөн суув гэж гардаг бөгөөд 1990 онд музей болгожээ. Угтаа энэ барилга 1860-1934 онуудад хөлсний байр байсан гэдэг. Тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, сонин хэвлэл гээд сонирхолтой зүйлсээс гадна зохиолд гардаг хүмүүсээр сэдэвлэсэн баримал гээд үзэж харах юм ихтэй ялангуяа xуучны эдлэл сонирхдог хүнд бол их сонин байх шинжтэй юм билээ. Энд авсан хэдэн зургаа оруулав. Соронзон андад зориулж мөрдөгчийн нэрийн хуудас аваад хадгалчихсан шүү холбоо бариад аваарай.










Wednesday, May 19, 2010

Эдний сонгууль нэг иймэрхүү

Энэ сарын зургаанд Их Британий парламэнтийн сонгууль болж xамгийн олон санал авсан ч Консэрватив нам дангаараа засгийн газар байгуулах суудлын тоо дутан, Либэрал ардчилсан намтай эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрэв. Сонгуулийн товоос хойш хоёр ч долоо хоног өнгөрөөгүй байхад шинэ парламэнт анхны хуралдаанаа хийж байх юм. Сонгуулийн дүн гарсан даруйд өдөр шөнөгүй хуралдан эвсэлээ байгуулах, засгийн газартаа хэнийг томилох тохиролцоондоо хүрчихдэг юм байна. Эрх барьж байсан хөдөлмөрийн намын дарга Гордон Браун ямар нэг эвсэлд орох боломжгүйгээ мэдсэн даруйдаа намын дарга болоод ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөв. Бараг хүлээлгэж өгсөн өдөр нь шинэ ерөнхий сайд Даунинг гудамжинд байрлах ерөнхий сайдын өргөөнд нүүж ирж байх юм. Сонгуулийн тов ердөө зургаан долоо хонгойин өмнө тодорсоныг энд дурдах хэрэгтэй юм байна шүү. Хоёр сар хүрэхгүй хугацаанд сонгуулийн сурталчилгаа, сонгууль явагдаж эрх барих намууд тохиролцоонд хүрч, шинэ засгийн газраа байгуулж, шинэ парламэнт цуглаж анхны хурлаа хийж байх сүрхий байгаа биз. Манайх ийм бол бас сайхнаа?

Monday, May 3, 2010

Барак Обама: Ааваасаа өвлөсөн мөрөөдөл

Өвөл дүү маань айлчилж ирэхдээ хүүд Барак Обамагийн "Ааваасаа өвлөсөн мөрөөдөл" номын монгол орчуулгыг уншаарай гэж өгсөн юм. Би л болсон хойно монгол хэлэндээ тааруу хүүгээ унш хэмээн шавдуулаад хэдэн сарын өмнө эхлүүлсэн ном дуусдаггүй ээ. Уншиж байна уу гэж асуухаар уншиж байнаа л гэдэг, дуусах болоогүй юу гэхээр болоогүй ээ л гэдэг. Сая нэг амралтын өдөр өөрөө нөгөө номыг барьж суухдаа яагаад ургшлаагүй учрыг олох шив. Сүүлийн үед монголд номын сонголт өргөн болсон гэсэн мэдээ дуулахдаа сайн хэрэг хэмээн дотроо баярлаж байлаа. Хоёр жилийн өмнө дөө блог бичдэг бидний хэдэн хүмүүс ном орчуулахад хувь нэмрээ оруулах санаатай Непко билүү дээ нэг хэвлэлийн компанид номны хэсгээс орчуулж шалгуулаад тэнцээгүй юм. Бидний хийсэн орчуулганд уран сайхны найруулга дутуу гэсэн шүүмжлэл ирж байсан шиг санаж байна. Тэр үедээ би орчуулганд их өндөр шаардлага тавьдаг нь их сайн хэрэг шүү, тэр хэмжээгээр орчуулгын чанар сайн байна гэж сайшааж бодоод өнгөрсөн юм. Харин энэ номыг уншаад энэ чинь юу вэ гэж халагламаар санагдав.
Уг нь хүний өөрийн намтар уран зохиолын номыг бодвол орчуулахад арай хялбар байх болов уу гэж боддог, гэхдээ энэ нь тухайн хүний бичих арга барилаас бас шалтгаална л даа. Энэ номын хувьд олон утга агуулсан урт өгүүлбэрүүд олонтой юм билээ. Орчуулагчид яг махчилж барьдж орчуулсанаас болоод зарим хэсгийн эхэнд гарсан санаа төгөсгөлдөө үгүйсгэгдэж байх шиг. Жишээ нь:
"Тэрээр тухайн үеийн эрчүүдийн нийтлэг дүр төрхийг шингээсэн, эрх чөлөө болон бие даасан байдлыг эрхэмлэгч, хичээл зүтгэл нь Маккартизм юмуу дэлхийн хоёрдугаар дайных шиг баатарлаг үйлсэд хүргэчих жинхэнэ Америк хүн байжээ. Угийн гэм буруугүй байдлынхаа төлөө ирээдүйд ихийг бүтээх төдийгүй аюултай гэгдэх, эцсийн дүндээ таагүй байдалд сөхрөмтгий үеийнхний төлөөлөл байв" (хуудас 33). Эхэндээ зоримог баатарлаг хүн гээд байх шиг тэгсэн сүүлдээ таагүй байдалд сөхрөмтгий болчихоор утга санаа зөрчилдөөд байнаа даа. Иймэрхүү жишээ хуудас бүхэнд байхаар хэлэнд тааруухан хүү маань хойрго байхаас яахав.
Нөгөө талаар орчуулга хийсэн хүмүүс америкийн амьдрал, түүхийн мэдлэг тааруу бололтой. Жишээ нь Обамагийн эмээ өвөөгийн залуу нас Америкийн түүхэн дэх хамгийн том хямрал болох "Great Depression" үетэй давхцаж буй. Дурдагдсан олон үйл явдал тухайн үеийн онцлогтой холбоотой. Гэтэл орчуулганд энэ тухай тайлбар алга. Тиймээс мэдэхгүй хүн бас л хагас хугас ойлголт олж аваад байгаа юм. Жирийн америкчуудын амьдарлыг тодорхойлсон дэлгүүр сүлжээний нэрийг кирил болгож буулгаж бичсэн боловч тайлбар хадах нь оновчтой байх байсан болов уу. Сүмийн санваартануудыг дүрслэхдээ сүмийн харуул, манаач гэсэн байх. Тэгээд уншаад байхаар тэр харуулууд нь номлогч болчихсон ч юм шиг. Миний тааж байгаагаар эхдээ Guardian гэж байсан болов уу. Тийм бол арай өөр хувилбар сонгох нь оновчтой байх байж. Томилогдоогүй хүн гэж сахил хүртээгүй хүнийг хэлээд байх шиг. За даа иймэрхүү жишээ бараг л хуудас болгонд. Сайн орчуулга гэдэг зохиол бичихтэй адил судалгаа шаарддаг ажил гэж би боддог. Энэ номыг орчуулсан улс саудалгаагаа ор тас орхигдуулаа юу даа гэмээр болжээ.
Зүгээр Обамагийн намтарыг хөөж уншвал болохоор ч гэсэн тухайн хүний сэтгэлийн зөрчил, үзэл бодлын төлөвшлийн нарийн ширийнийг гаргаж чадаагүй болохоор монгол орчуулга уншсан хүн хагас хугасxан ойлголттой л үлдэж байна гэсэн үг. Ингээд бодохоор харамсмаар, уг нь хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан байж таараа. Нэгэнт л хийж байгаа юм бол хагас хугас халтар юм хийгээд худалдаж авсан уншигчаа нэг ёсондоо хохироогоод байх буруу. Бидэнд аливаа юмыг чанараар дүгнэдэг тогтолцоо дутаад байна уу гэсэн санаа төрж өөрөө болхи бичдэг ч гэсэн бас чимээгүй өнгөрч түвдсэнгүй ээ.

Sunday, April 25, 2010

Equal opportunity


Юуны өмнө "Ажил ч жигдэрч байна даа" бичлэгээрээ хүмүүст буруу ойлголт өгсөндөө уучлал хүсэж тайлбар өгөх хэрэгтэй болох нь. Эндээс яваад гэр бүлийн хүнийхээ ажиллаж байгаа хот уруу нүүх тухайгаа бичсэн ухаантай. Тэгэхдээ зун амралтаараа харих тухайгаа бичсэн нь нутагтаа нүүх гэж байгаа мэт ойлголт төрүүлчихжээ. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг тийм өдөр хэзээ нэгэн цагт ирэх биз хэмээн билэгшээе. Зун харьж амарчихаад шинэ газар суурьших юм. Буруу ойлголт өгсөн бол уучлаарай.
Харин өнөөдөр ажил эрж байгаагийн хувьд ажлын зарын тухай хэдэн үг бичих гэсэн санаатай. Энд бас америкт ажлын зар үзэж байхад манайх хэн нэгнийг арьс өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага болоод хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхалгүй зөвхөн тухайн ажилд тохирох чадварыг харгалзаж авдаг "equal opportunity" тай байгууллага гэсэн жижиг тэмдэглэгээ бий. Их британид ажилд орох хүсэлтээ гаргахаас гадна дээрх асуудлуулыг хөндсөн асуултнуудад сайн дураараа хариулах боломжтой. Ингэснээр тухайн байгууллага хэн нэгнийг ажилд авахдаа ямар нэг байдлаар "equal opportunity" (тэгш эрх) зөрчөөгүй гэдгээ тайлагнах боломжтой болно. Хэрэв хэн нэгэн ямар нэг байдлаар гадуурхаж ажилд аваагүй гэж үзэж байвал гомдол гаргах эрхтэй.
Манай үндсэн хуульд ч гэсэн бас хэн нэгнийг арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага болоод шашин шүтлэгээр ялгаварлахгүй бүгд тэгш эрхтэй гэсэн заалт бий. Энэ заалт харин амьдралд хэр хэрэгждэг вэ? Сонингийн ажлын зар гарчиглавал ажил олгогчид нас, хүйс тэр байтугай өндрийн хэмжээ, царай зүс гээд бас бус юм заасан олонтаа харагдах юм. Жишээ нь ямар нэг байгууллагын даргын нарийн бичиг залуу, царайлаг, 170 см ээс дээш өндөртэй, галбир сайтай бас царайлаг байх хэрэгтэй гэх. Миний бодлоор ийм зар өгч ийм зарчмаар хүн ажилд авч байгаа байгууллага, хувь хүн Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж санагдаад байгаа юм. Яагаад чадвартай эрэгтэй, эсвэл нас тогтсон юм уу намхан хүн нарийн бичгийн ажил хийж чадахгүй гэж? Энд нөгөө талаар эмэгтэй хүнийг зүгээр нэг өрөөний чимэглэл мэт үзэж байгаа муухай үзэл цухалзаад байх шиг.
Өөр нэг жишээ, дээхнэ дээ манайх их хуралд суух эмэгтэйчүүдийн квот тогтоох гээд бас чадаагүй нь бас л бодох асуудлын нэг. Манай хүн амын лав талаас илүү нь эмэгтэй тэгсэн хэрнээ парламэнтэд арав хүрэхгүй эмэгтэй гишүүн бий. Улс орон гэж ярихаа больё гэхэд айл гэрийг ганцаараа авч яваа эмэгтэйчүүд олон хэрнээ тэр эмэгтэйчүүдийн төлөөлөл төр засагт байхгүй байгаа нь гажуудал гэмээр. Хуучинсаг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдагаараа нэртэй Афганистаны парламэнтийн гишүүдийн 30% нь эмэгтэйчүүд байгаа нь ичмээр биш гэж үү? Ээж, эмэгтэй хүнийг магтсан шүлэг дуу тоолж барахгүй олон мөртлөө тэднийг яагаад улс орноо удирдах ажлаас гадуурхаад байдаг нь ойлгомжгүй. Шинэ засаглал тогтсоноос хойших 20 жилд ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэг ч эмэгтэй хүн бодитой өрсөлдөгч байж чадсангүй. Үүнийг тийм чадалтай мундаг эмэгтэй байхгүйдээ биш сэтгэлгээний гажуудал гэмээр санагдаад байдаг юм.
Их британий парламэнтийн гишүүдийн 20% нь эмэгтэй. Өнгөрсөн нэг сард эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа хэмээн шүүмжлэгдээд цаашдаа эмэгтэйчүүдийн квот тогтоох тухай яригдаж буй. Руандагийн парламэнтийн гишүүдийн 56% хувь эмэгтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог бол Шведэд энэ тоо 45%, Данид 38% байдаг байна. Ардчилсан зарчим гэдэг засаглал хүн амын төлөөлөл байх ёстой гэдэг утгаараа хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь чухал. Ингээд бодохоор манай орон засаглалын түвшиндээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг орон болчихоод байгаа юм биш үү? Хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн асуудал ийм байхад цааш гарал үүсэл бэлгийн чиг хандлагын тухай ярихын ч арга байхгүй. Хэзээ манайх жинхэнэ утгаараа хүмүүний тэгш эрхийг хүндэтгэсэн улс болж чадах болоо?

Sunday, April 11, 2010

Таних ёстой хүний нэг


Өглөө аавын маань хамаатан өнгөрчихлөө гэсэн мэдээ авлаа. Тэр хүнтэй би биеэрээ уулзаж явсангүй ч энд дурдахын учир бидний заавал таньдаг мэддэг байх ёстой хүн гэж бодож явдаг учраас тэр. Өнгө мөнгө илүү үнэлэгдэх болсон энэ цагт өвгөн эрдэмтэний тухай хүндэтгэлийн хэдэн үг тавихгүй бол сэтгэл амрахгүй шинжтэй. Түүнийг Дэмбэрэлийн Дашзэвэг гэдэг байсан юм. Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан гээд төр засгаас хайрласан гол гуншин бий хэдий ч жирийн нэгнээс энэ хүнийг таних уу гэвэл мэддэг хүн цөөхөн гарах болов уу. Энд тэр жирийн хүмүүсийг буруутгах гэсэнгүй зүгээр л бидний оюуны бүтээл, хөдөлмөрийг хэр үнэлдэгийн хэмжүүр харагдав уу гэсэн эмзэг бодол төрсөнөөс тэр.

Шинжлэх ухааны ямар ч салбарт ажилладаг хүний эрхэм мөрөөдлийн нэг Nature, Science сэтгүүлд ажлаа хэвлүүлэх байдаг гээд хэлчихвэл нэг их дэгсдэхгүй л байх. Манай салбарын хувьд ийм сэтгүүлд нэг нийтлэл хэвлүүлчихэд л хүссэн хаалга онгойж мөрөөдөлдөө хүрэх зам дөт болдог гэвэл нэг их дэгс сонсогдохгүй бизээ. Тэгвэл энэ буурал энэ хоёр сэтгүүлд нэг биш хэд хэдэн ажлаа хэвлүүлж, палеонтологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан хүн юм шүү.

1975 онд монголоос олдсон эртний хөхтөн амьтны үлдэгдэлийн тухай ганц зохиогчтой нийтлэл Nature сэтгүүлд гарчээ. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо, англи хэл сурах бололцоо гээд олон саад бэрхшээл байсныг даваад ийм ажил хэвлүүлсэн гэхээр гайхалтай, бас бахадмаар... Бидний мэдэж, таньж, хүндэлж явах хүний нэг ингээд үгүй болов. Монгол хүний ёсоор зул өргөж, сайн төрлийг олох болтугай хэмээн залбирав.

Saturday, April 10, 2010

Ажил ч жигдэрч байна даа...

Хэнээс сонссоноо мартаж орхиж. Нэг малчин залуу сумын төв орж ирээд танилдаа тууврын малаа ч тушаачихлаа, хураасан ноосоо зарчихлаа, авгайгаасаа ч салчихлаа ажил ч жигдэрч байна даа гэсэн утгатай онигоо ойрд санаанд буух болов. Хоёр газар амьдрахын зовлонг тэссэнгүй ээ хө ямар ч гэсэн хар хүнийхээ байгаа газар халуун бүлээрээ амьдаръя гэж шийдээд ажлаа өгөхөөр болчихлоо. Зөвхөн энэ ч биш нөгөө тэнүүлчин нүүдэлчин араншин маань хатгаад суулгах юм биш. Хэдэн сарын турш дуншсан шийдвэр маань зөв болов уу гэж найднам.
Ямартаа ч Кембриж гэдэг газар жил илүү амьдраад суурьшия гэж чин сэтгэлээсээ оролдсон ч алсын бараа харагдахгүй таг хавтгай газар хэдэн сар болоод л дотор давчдаад сууж болоогүй юмаа. Засаж зүлгэсэн цэцэрлэг, орчин тойрон цэмцгэр нь эхлээд таалагдаж байснаа сүүлдээ хоолойд торсон нэгэн аятай амьсгаа бачууруулахад өдөр бүр оройд нь гарахгүй ч барааг нь хараад тайвширдаг уулсыг санаж бэтгэрсэнээ өнгөрсөн зун Шотланд орох замдаа ухаарч билээ. Би гэдэг уулын орой алсын бараа харахгүй бол хэцүүдэх хүн юм гэдгээ ингэж ойлгосон юм.
Халагдах хүсэлтээ гаргачихлаа, зун харих билетээ авчихлаа (одоо тэгээд харих хоногоо тоолоод л сууж байна даа) одоо очих газраа ажил байр хайх гээд яах вэ хэрэг явдал эхнээсээ цэгцэрч л байна даа. Харих харихдаа МИАТ-ийн билет авчихсан шүү гээд нэг их сэтгэл өег суугаа. Ай даа үүлгүй цэнхэр тэнгэр, анхилам үнэртэй салхи, өршөөлгүй төөнөх нар, тэртээд хөхрөх уулсын бараа, тааваараа бэлчээрлэх мал сүрэг, инээж угтах гэрийнхэнээ ямар их санаваа. Харина гээд бодсон өөрийн эрхгүй инээд хүрээд сууж болох юм биш.
Нутгаасаа ирээд шинэ газар шинэ орчинд очно. Амьдрал шинээр эхэлж байх шиг нэг тийм гоёхон мэдрэмж төрөв.

Sunday, March 21, 2010

Илүү амлахын учир...

Амьд домгийн тухай бичлэгт үлдээсэн сэтгэгдэл болоод манай монголын хэвлэлд нийтлэгдэж байгаа мэдээ уншаад энэ тухай илүү ам гаргамаар санагдаад ерөөсөө болдоггүй ээ. Асашорюүг амьд домог гэж нэрлэсэн учраа тайлбарлах нь юуны түрүүн зөв болов уу. Магадгүй англиас амьд домог хэмээн үгчилж орчуулсан нь хүмүүсийн санаанд таараагүй байж мэдэх. Энд би олны танил, хүн бүхэн мэддэг хүн гэдэг талаас нь бодож нэрлэсэн юм. Хамт ажилладаг олон орны хүмүүс нутгийнхаа бас урлаг спортод нэрд гарсан хүмүүсийг нэрлэсэн харагдсан. Харин хүндэлж, шүтэж явдаг хүн гэдэг утгаар нь дурдаагүй юм шүү. Асашорюүгийн хувьд яах аргагүй хамгийн олон хүнд танигдсан монгол хүн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз дээ. Би хувьдаа түүнтэй нүүр тулж уулзаж явсангүй тийм болохоор чухам ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй. Харин хоёр сар бүр болдог сумогийн тэмцээнд хэр оролцов гэж чих тавин, боломж олдвол бас үзчихдэг хүмүүсийн нэг. Түүнийг зодог тайллаа гэхэд нь арай болоогүй байлаа даа гэж харамссан. Учир нь дэвжээн дээрх энерги, урамтай уран барилдаан хэн хүний сонирхолыг эрхгүй татдаг болохоор тэр. Энэ үйл явдал япон монголын хэвлэлийг шуугиулж зарим нь өмөөрч, зарим нь муулж шар сониноо борлуулах шив дээ.

Харин өнгөрсөн долоо хоногт бас гайгүй нэр хүндтэйд тооцож явдаг "Өнөөдөр" сонинд манай УИX-ын гишүүн Д.Батбаяр сумогийн холбоонд Асашорюүгийн хүн зодсон эсэхийг тогтоох гэж асуулга тавина гэсэн гайхмаар ч юм шиг мэдээ нийтэлсэн байх юм. Нэгд, японы үндэсний спортоос зодог тайлсан нэгний тухай монголын их хурлын гишүүн асуулга тавина гэдэг төр засгийг маань дэндүү доош нь хийсэн хэрэг шиг санагдаад чимээгүй байж болсонгүй. Хоёрт, миний орж мэдээ сэлт үздэг аль ч хэвлэлээр энэ тухай суурьтай судалсан мэдээлэл нийтлэл гарсангүй ээ. Гарсан мэдээ бүр нэг талыг хэт барьсан дуулиан шуугиан маягийн юм байсан нь харамсалтай санагдсан юм.

Бидний амьдарч буй нийгмийн тулгуур зарчмын нэг нь аливаа хүн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх явдал юм. Тэр ч зарчмаар Асашорюү болчимгүй зүйл хийснийхээ төлөө зодог тайлах болсон байх гэж би боддог. Тэрхэн зуур тэвчээд өнгөрөх юманд биеэ барилгүй дэмий юм хийлээ гэж өөрөө харамсдаг байж ч болох юм. Нэгэнт олонд танигдсан хүнийхээ хувьд японы хэвлэл мэдээллийнхэнд уучлал гуйсан мэдэгдэл хийсэн байх. Энэ бол байх л ёстой зүйл. Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагад албан ёсоор тавьсан гомдол байхгүй, хууль хэрэгжүүлэх байгууллагаас түүнийг шалгаж ял тулгасан асуудал бас байгаагүй гэж би ойлгоод байгаа. Дараа нь монголд ирээд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа японд байснаас арай өөр өнгө төрхтэй зүйл хэлсэн нь зарим хүмүүсийн сэтгэлд нийцээгүй бололтой. Их хурлын гишүүн Батбаяр японд ингэж ярьчихаад монголд ирж худлаа хэллээ. Асашорюү худлаа ярьсан эсэхийг тогтоох гэж сумогийн холбоонд асуулга тавина гэсэн маягтай юм ярьсан байх юм. Тэгээд худлаа ярьсаныг нь тогтоогоод яах гэсэн юм бол? Манай монголд Асашорюүгийн үнэн ярьсан эсэхийг тогтоохоос илүүтэй шийдмээр чухал асуудал зөндөө олон бий гэж би бодоод байгаа юм. Асашорюү худлаа хэлсэн байлаа ч манай хуулинд худлаа ярьсан хүний тухай заасан зүйл анги байдаг юм болов уу. Би л хувьдаа дуулаагүй юм байна. Миний хувьд албан тушаалаа ашиглаж өөртөө таалагдаагүй хэн нэгнийг хохироох гэсэн санаа цухалзаад байх шиг. Ямар ч гэсэн манай төрд ийм тэнэг юм хийлгэхгүй эрүүл саруул ухаантай нэгэн бий гэж итгэе.

Энд би хүний эрх чөлөөнд халдсан явдлыг өмөөрч байгаа юм биш шүү. Дээр дурдсанаар би Асашорюүг танихгүй, нүүр тулж, үг сольж явсангүй. Харин сумогийн дэвжээнд үзүүлэх уран мэргэн барилдаан авьяасыг нь хүндэлдэг. Энэ бол сонсох дуртай дуучин, тоглосон киног нь үздэг жүжигчинтэй л адил. Жишээ нь би Amy Winehouse ийн дуунуудыг сонсох дуртай. Харин хүнийх нь хувьд бас мэдэхгүй. Хар тамхи хэрэглэдэг, хэрэг түвэгт орооцолддог мэдээ байнга гарч л байдаг, тэглээ гээд би түүний дууг сонсохоо байчихаагүй. Ингээд бодохоор Асашорюү ч тэр, Amy Winehouse ч тэр өөрт оногдсон ажлаа сайн хийдэг хүмүүс юм. Тэдэнд ажлаа хийхэд нь хэрэгтэй авьяас чадварыг бурхан харамгүй заяажээ. Ялгаа нь сумо олон зуун жилийн турш мөрдөгдсөн нарийн ёс жаягтай, биеэ яаж авч явах нь бас ажлынх нь нэг хэсэг гэдэгт оршиж байгаа юм.

Сумогийн холбооноос Асашорюүд сумо бөхчүүдэд байх ёстой hinkaku чанар байхгүй хэмээн тэмцээн болгоны дараа шүүмжилдэг байв. Зөвхөн сумогийн холбоо ч биш, японы хэвлэл, сумогийн хөгжөөн дэмжигчид ч ингэж байсан юм. Hinkaku нь миний ойлгосноор өөрийгөө болоод бусдыг хүндэтгэх, ёс суртахууны өндөр зарчимтай байх гэсэн утгатай үг (илүү оновчтойгоо орчуулж өгч чадах хүн байвал баярлана шүү). Энэ нь японы уламжлал, соёлтой салшгүй холбоотой. Гэхдээ японы өмнөх аваргууд бүгд ёс журмаа яг таг барьдаг байсан уу гэвэл үгүй юмаа. Хамгийн алдартай аварга Чиёофүнжийг аваад үзье л дээ. Тэрбээр архи ууж, улаан дэнлүүний дүүргээр зугаалдагаараа алдартай байсан. Шөнөжин зугаалаад нар мандахын цагт л дэвжээндээ эргэж ирдэг байсан тухай уншиж байсан юм байна. Китаноуми ч бас ялгаагүй. Тэглээ гээд тэдний hinkaku чанарын тухай хэн ч шүүмжилдэггүй байж. Яагаад гэвэл тэр хоёр хоёулаа япон хүмүүс юм. Асашорюүгийн хувьд япон хүн биш, дээр нь магтан дуулдаг аваргуудынх нь дээд амжилтыг эвдээд ирэхээр япончууд яаж дуртай байх билээ. Зүйрлэвэл наадмын дэвжээнд монгол биш бөх түрүүлэхэд дуртай монгол хүн байхгүй шүү дээ. Тэр байтугай бид чинь угсаа нэгтэй хилийн дээсний нөгөө талд амьдарч буй монголчуудаа ч наадамд барилдуулдаггүй биз дээ.

Асашорюү аваргын хувьд сумо бөхийн дэвжээнээс алдар хүнд хүртсэн хүн тэдэндээ хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй. Харь нутагт амь зуух гэж яваа нэгний хувьд алхам бүрээ эргэж харж, бүхнийг тооцохын зовлонг ойлгож л байна. Одоо харин эх орондоо хэрэгтэй юм хийж хэн болохоо харуулах боломж зөндөө байна. Залуу цагтаа японы дэвжээнд аагархаж аваргалж явлаа, зодог тайлаад зон олондоо ихийг бүтээсэн гавьяатай нэгэн гэж дуурсагдах эсэх нь түүнээс өөрөөс нь л шалтгаална. Түүнд тийм чадал бас ухаан бий гэж итгэж, олон түмнээ баярлуулж яваарай л гэж хүсэх байна. Бид ч гэсэн юмыг зөвхөн хар цагаанаар харж талцах хэрэггүй билээ. Ухаан бодол, хүч чадлаа өөр хэрэгтэй юманд зарцуулж эвтэй явах нь зөв биз гэж санах юм.