Sunday, January 25, 2009

Шинэ газар

Удаан үргэлжилсэн нүүдэл маань гурван долоо хоногийн өмнө өндөрлөж ямар ч гэсэн хэсэг суух газартаа хүрсэн билээ. Зорьсон газартаа хүрэх гэдэг асуудлын зөвхөн нэг хэсэг байж. Амьдарч суух байр, хүүхдийн сургууль, шинэ ажил, элдэв бичиг цаасны асуудал ар араасаа хөвөрсөөр сайн тохижиж арай амжаагүй ч ямар ч гэсэн амьд мэнд яваагаа дуулгах гэж хэдэн үг тэрлэж сууна.

Ямар ч гэсэн чимээ шуугиан багатай нам тайван газар юм. Олон бужигнасан газраас ирсэн бидэнд заримдаа хүнгүй хоосон гудам эвгүй санагдах нь бий. Ирсэнээс хойш бараг өдөр болгон бороо оров. Угаасан хувцас хатахгүй шинжтэй их чийгтэй газар юм. Газар хатна гэж ер байхгүй бололтой. Амьдрах байр хайж явахад хүн яаж амьдардаг юм гэмээр давчуухан байшин сууцнуудыг хараад сэтгэлээр унах шахав. Санасныг бодоход жижиг ч гэлээ бидэн дөрөв багтчихмаар байшин олж оров. Манай гудам дүүрэн байшин байвч хүн орж гарч байгаа нь тун цөөн.

Гэрээс ажил хүртэл 25-30 орчим минут алхаж таарах юм. Эртээд яараад автобусанд суусан олон зогсоол, машины түгжрилтэй нийлээд бараг л алхсантай адил хугацаа орж байна. Хамгийн хурдан унаа дугуй бололтой. Дугуй унаж сурахгүй бол болохгүй газар юм байна. Хүн бүр л унадаг дугуйгаар ажилдаа ирж очиж харагдах юм. Би гэдэг хүн дугуй унаж үзээгүй өдий хүрсэн, амьдралын шаардлагаар сурах зүйл нэгээр нэмэгдэх шив.

Англичууд америкчуудыг бодвол ёсорхуу, дуу чимээ багатай хүмүүс бололтой. Ямар ч гэсэн Нью Иоркт байдаг шиг хашхирч ярьдаг хүмүүстэй таараагүй л явна. Шинэ ажилдаа дастал бас хугацаа орох байх. Ажлаа зүгширэхээр орчинтойгоо танилцаж олон сонин зүйл бичнээ. Тэр болтол намайгаа мартчилгүй шиг сууцгааж байгаарай даа.