Thursday, November 22, 2012

Эрүүл мэндийн үйлчилгээ


Их Британид ирээд хамгийн их гайхсан зүйлийн нэг бол эдний эрүүл мэднийн үйлчилгээ үнэ төлбөргүй байсан явдал юм. Тэр дундаа ийм үйлчилгээний үнэ өртөг дээгүүрт орох АНУ-аас ирсэн болохоор ч тийм байж магад.

Анх Америкт очоод сурсан сургууль семестрийн $625 эрүүл мэндийн даатгалд авдаг байсан. Өвдөж хавдвал сургуулийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлээд, эм тангаа тэндээсээ үнэгүй авдаг байлаа. Нарийн мэргэжлийн эмч энэ тэрд үзүүлэх хэрэг гарч байгаагүй тул эмнэлэгт хэвтэх энэ тэрийг нь сайн мэдэхгүй юм. Тэр сургуулиа төгсөөд Нью Иоркод нэг жил мэргэжлээрээ ажиллахдаа тэндхийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлд хамаарагддаг байв. Сарын $20 үйлдвэрчний эвлэлийн татварт төлөөд гэр бүл юутай хээтэйгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байлаа. Ийм даатгал эмийн сангаас бусад бүх зардалыг (нүд шүд хүртэл) даадаг байв. Аймаар хямдхан юун сайхан гэсэн бас их учиртай эд байсан юм. Ийм даатгалтай өвчтөн хүлээж авдаг эмч харин цөөхөн байдаг байсан юм билээ, яагаад гэхээр энэ даатгал бусдыг бодвол эмч нарын хөлсийг багаар үнэлдэг юм шиг байгаа юм. Тэгээд эмчид очих гэж аймаар хол явна, сар гаруй хүлээнэ гэх мэт чирэгдэл ихтэй. Нэг юм болохоо болиод цаг авна, тэгээд оочироо хүлээсээр байтал нөгөө өвчин чинь тэгэсгээд гайгүй болчихно, цаг авсан юм чинь очиж үзүүлнэ, эмч миний цагийг дэмий үрлээ гэж уцаарлана гэх мэт. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд заавал өөрийн харьяалалын эмчээсээ бичиг авах шаардлагатай.
Дараа нь дахиад оюутан болоход сургуулийнхаа шугамаар даатгалтай болсон. Ганц бие оюутан бол үнэгүй, харин гэр бүлтэй оюутнууд сарын $300 гаруйг төлнө. Энэ даатгалаар дуртай эмчдээ үзүүлж болно. Харин эмчид үзүүлэх болгондоо эхлээд $10 төлдөг байснаа жил жилд өссөөр төгсөх жил $35 болсон байсан. За тэгээд хоёр хүүхэд нэг сард хоёулаа өвдвөл хэцүүдэж байгаа юм чинь. Эхлээд эмчид нэг үзүүлнэ, эм бичиж өгөөд дараа тэдийд ир гэнэ. Эмээ авахдаа $15-25 төлнө. Дахиад үзүүлэхдээ дахиад мөнгө, харин мөнгө авсаныхаа хэрээр сайн үзэж сайн эмчилдэг байсан юмаа.

Нью Иорк муж улс орлого багатай хүмүүсийн хүүхдүүдийг хямд үнээр даатгаж байсан. Энэ даатгалд хамрагдахад АНУ-д оршин суух виз, зөвшөөрөл, бичиг баримт бүрэн байх ёстой. Харин тэтгэврийн насныхан болоод орлого багатай иргэд улсын Medicare, Medicaid хөтөлбөрт хамрагдаж үнэгүй эсвэл хөнгөвчилсэн үнээр эүрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Обамагийн шинэ хуулиар одоо бүр дээр болсон байлгүй. Гэхдээ нэг муухай юм нь хүн хувиараа даатгуулж байгаа бол pre-existing condition гэж айхавтар эд бий. Ямар нэг суурь өвчин бий эсэх гэсэн асуулт л даа. Цусны даралт их, чихрийн шижин өвчтэй гэнгүүт даатгалын төлбөр суга өснө. Тэр мэдээж ойлгомжтой, эрүүл мэндийн даатгал чинь хэн нэгний хоолоо олж идэх бизнес юм чинь. Хорт хавдартай бол даатгалын үнэ тэнгэрт хадаад явчихна. Хавдар тусаад хамгаа гүвсэн хүн Америкт олон, тэд нэг их ядуу ч биш бас баян биш дундаж орлоготойхүмүүс байх нь элбэг.

Их Британид хууль ёсоор оршин суугаа хүн эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авах эрхтэй. Хууль бус хэдий ч эмнэлэгийн түргэн тусламжийн тасагт яваад очиход харьяалал хамарахгүй тусламж үзүүлнэ. Эмчийн жороор авах эмийн үнэ англид 7-8 паунд, харин шотландад үнэгүй. Хүүхдүүд шүдний эмчид 18 хүртлээ үнэгүй үзүүлэх эрхтэй; англид бол Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ (NHS) -д хамаарах шүдний эмнэлэг, харин шотландад бол аль ч шүдний эмнэлэг хүүхдэд үнэгүй үйлчилдэг. 

Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өөрийн оршин суух хаягт хамаарах өрхийн эмнэлэгт бүртгүүлсэн байх шаардлагатай. Тэд бүртгэхдээ виз, оршин суух зөвшөөрөлтэй хамаатай бичиг баримтыг шалгадаг. Бүртгүүлээд авбал дахиж бичиг баримт болох шаардлагагүй, NHS -ээс бүргэлийн дугаар бүхий захиа ирүүлдэг. Нүүхдээ өрхийн эмчээ хаягийн дагуу солих шаардлагатай болдог. Нарийн мэгэжлийн эмчид үзүүлэх бол өрхийн эмчээрээ дамжуулан цаг авна. Хурц яаралтай арга хэмжээ авах шаардлагагүй тохиолдолд 3 долоо хоног хүртэлх хугацаагаар хүлээх хэрэг гарч болно. 

Эрүүл мэндийн үйлчилгээг архаг хууч өвчтэй болоод хорт хавдар зэрэг хүнд өвчтэй хүмүүс мөн бусдын адилаар үнэгүй авах эрхтэй. Чинээлэг давхаргынхан хувийн эрүүл мэднийн даатгал төлөөд хувийн эмнэлэгт үзүүлэх нь бий. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхдээ удаан хүлээхгүй гэсэн сайн тал бий ч үнэ хөлс нь өндөр юм.
Шотландад оршин суугчид жилд нэг удаа хараагаа үнэгүй шалгуулах эрхтэй. Жараас дээш насныхан болоод 18 хүртэлх насны хүүхдүүд мөн minor ailment scheme-д хамрагдаж, ойр зуур ханиад хүрэх, хоолой өвдөх, экзэм, харшил зэрэг хүнд биш өвчний үед эмийн санчид үзүүлээд тохирсон эм бэлдмэл үнэгүй авдаг. 

Үнэгүй гэдэгтээ тэр үү манайтай таарсан өрхийн эмч нар тийм сайн биш санагддаг. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой байж мэднэ. Ялангуяа Кэмбрижэд байсан эмч, наад захын жишээ нь; хүүг салхин цэцэг тусахад оношилж чадаагүй... Сүүлийн хэдэн жилийн туршлагаас ажаад байхад яг чухам өөрийн оношоо өөрөө тогтоож байгаад эмчээсээ яг юу хэрэгтэй байгаагаа хүсвэл арай дээр юм шиг. Харин эмнэлгийн түргэн тусламжийн тасгууд нь тун чадвартай юм. Хүүхдүүд нэг нэг удаа сандаргаж очиж байсан тус бүрт нь түргэн шуурхай сайн үйлчилсэн. Нарийн мэргэжлийн эмч нарын хувьд сайн муу аль аль нь таарсан.

NHS бол Британичуудын үндэсний бахархал, тэр ч утгаараа өнгөрсөн зун олимпийн нээлтэнд тод томруун туссан (энд байдаггүй хүмүүс сайн ойлгоогүй юм шиг байгаа юм). Эдийн засгийн хямрал нүүрлээд санхүүгийн бэрxшээл байгаа, улс төрчид бол зоригтой гар дүрж өөрчлөлт хийж чадахгүй байгаа салбар. Улсын гэдэг утгаараа үрэлгэн. Энэ шинэчлэлийн тухай яриа гармагц хүмүүс биднийг америкчууд шиг хөөрхийлөлттэй байдалд оруулах нь гэж эсэргүүцэж эхэлдэг. Харин америкчууд Обамагийн шинэчлэлийг биднийг британичууд шиг хөөрхий болгох нь гэж зарладаг нь инээдтэй. 

Дээр судлаач Ганхуяг гэдэг хүн орон орны эрүүл мэндийн салбарыг харьцуулж бичихдээ жаахан өрөөсгөл дүгнэсэн санагдсан. Америкийн системийг сайн харин их британичууд бол урт дарааллаас болоод бараг үхэцгээдэг гэж туйлширсан байсан. Харин тооцоогоор бо АНУ-д жилд 45000 хүн эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй нас нөгчдөг бол Их Британид тийм тохиолдол байхгүй (систем нь өөр учраас). Мэс засал болоод эмчилгээ авахад үүсдэг дараалал бол аминд насанд аюулгүй өвчнүүдэд хамаарна. Харин хурц болоод хорт хавдар амь насанд халтай өвчний үед дараалал харгалзахгүй, шаардлагатай эмчилгээ даруй хийнэ шүү дээ.

Миний ажигласнаар америкийн системийн сайн тал нь урдчилан сэргийлэх үзлэгт их ач холбоглдол өгдөг. Ямар нэг даатгалтай хүн бүр жилд нэг удаа нарийвчилсан үзлэгт орно (цусны бүх төрлийн шинжилгээ, эмэгтэйчүүд бол савны амсрын хавдрын үзлэг гэх мэт). Их Британид болохоор архаг хууч өвчтэй гэж бүртгэгдээгүй хүн өөрөө тийм шинжилгээ өгмөөр байна гэж хүсэх хэрэгтэй болно.

Харьцуулбал аль аль нь сайнтай муутай, харин зарчмын хувьд хүний халаасан дахь хэдээс хамааралгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүргэх Их Британи арай дээр гэж боддог юм. 





Wednesday, November 14, 2012

Ийв цайз


Өнгөрсөн зун Марсэй (Marseille) хотын дундуур машинаар дайрч өнгөрсөн юм. Францын хоёр дахь том хот, хамгийн том далайн боомт. Францын төрийн дуулал La Marseillaise нэртэй, энэ нутгийн алдартай саван (savond de Marseille) бас энэ хотоор овоглоно. Далайн том боомт болохоор африкаас ирэх цагаачдыг угтаж авдаг, тэр хэрээрээ олон цагаачтай газар. Францчууд "Хойд Африкийн хамгийн том хот аль вэ? -Марсэй" гэж хошигнодог.
Бидний хувьд энд бууж мордох зав байсангүй ээ, дайраад л гарсан. Цагаан чулуун барилгууд нь холоос цайраад дараа хэрэг болгон зорьж ирж үзмээр санагдсан. Хот уруу орохоор хурдны замаар давхиж явтал, за тэр Ийв цайзыг харж байна уу гэх нь тэр. Би бидэнд харагдана гэж санаагүй юм, хүүе хаая гэж аппаратаа гаргаад хальт ийм бүрзийсэн зураг дарсан юм.


Манайд Монтэ Кристо гүн зохиолыг уншаагүй хүн цөөхөн байх (ямар ч гэсэн бидний үеийнхэн дотор, одоогийн залуусыг бол хэлж мэдэхгүй юм байна). Намайг ихээ жаахан байхад нагац ах маань уг зохиолыг өнгөтөөр ярьж өгсөн юм (тэр үед ах маань 16,17 той байсан болов уу). Яриаг нь би амьсгаагаа даран сонсоно, нэг л тийм гайхамшигтай гоё түүх. Дараа нь том болсон хойноо уншихад ахын ярьсанд хүрээгүй юмдаг ккк. Тэр зохиолд гардаг Ийв цайз чинь энэ зураг дээр бүрсийгээд байж байгаа нь энэ дээ.

Tuesday, November 13, 2012

Дарга нартай мэндлэх урлаг

Манай хүрээлэнгийн гурван том профессор жил жилээр ээлжилж захирлын алба хашдаг юм. Гурвуулаа салбартаа нэр хүндтэй зангиа зүүдэг завгүй хүмүүс. Тэдний ажлын цагийн хуваарийг нарийн бичгийн дарга нар нь зохицуулна. Уулзах гэвэл хэзээ ч захирлууд уруу шууд эмайл бичиж бай гэсэн дүрэмтэй. Захирлууд өөрсдөө бол тэгье тэгье гэх боловч үнэндээ цаанаа өөр хуваарьтайгаа мартчихсан байх нь энүүхэнд. Нэгдүгээр захирлыг их аймаар гэж дуулсанаас ярьж харьцаж байгаагүй. Намайг танихгүй ч таарахаараа мэндэлдэг юм. Хоёр дахь нь намайг ажилд авахад их үүрэг гүйцэтгэсэн бас миний төслийг манай даргатай хамтарч удирддаг хүн бий. Би хагас жил тутам тэр хүнд ажлаа тайлагнахын далимаар тэр хүн надад заавар зөвлөгөө өгнө. Хааяа коридорт таарвал сүйд майд болно. Тоглойгоо гилжийсxийж бөхийж ирээд (би намхан тэр өндөр л дөө) "Хай, хау аа юу?" гээд л яг дөрөв тавтай хүүхэдтэй ярьж байгаа юм шиг болно. Би инээд алдчихгүйн тулд их тэвчээр гаргана даа. Эхлээд намайг ингэж даажигнадаг юм болов уу гэж гайхаж байсан хүмүүсийн яриагаар хүүхэн хүн болгонтой тэгэж ярьдаг юм гэсэн. Гурав дахь дарга болохоор манай даргын докторын ажлын удирдагч байсан гэсэн. Шууд бус шугамаар бас холбогдоно, гэхдээ би өөртэй нь тулж ярьж байсангүй. Манай даргатай ойр ажилладаг юм болохоор намайг мэддэг гэсэн хэрнээ хааяа таараад мэндлэхээр хариу хэлдэггүй байв. Анх ажилд орсоны дараа би бас ямар нэг байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлчихсэн юм болов уу гэж ирээд л жаахан зовов. Тэгсэн хууччуул наадах маш их ичимхий хүн учраас хэнтэй ч мэндэлдэггүй юм гэж авсан. Олон жил ийм ажил хийж явахдаа ийм сонин даргатай таарч байсангүй ээ. За за ичээд байдаг юм бол гээд би дараа таарахдаа дуугарахаа больчихсон юм. Тэгсэн өчигдөр нөгөө дарга чинь зөрөхдөө хай гэж авдаг байгаа. Би болохоор дуугарахгүй тохируулган дээрээ тавьчихсан явсан хүн чинь барьц алдаад хай гэж хэлэх гэсэн аль хэдийн холдчихсон. Дуугардаг эсвэл дуугардаггүй гээд нэг л янзаараа байхгүй хүнийг тэрхэн хооронд түнтэгнүүлээд гэж уур ч хүрэх шиг. Дараа таарахдаа хариу ирсэн ирээгүй л хай гэхээс.

Friday, November 9, 2012

Заргалдсан нь


Манайх Глазгоуд нүүж ирээд сургууль сайтай гайгүй дүүрэгт галт тэрэгний буудалтай ойр байр бас гайгүй үнээр олж орсон юм. Гайгүй дүүргийн гайгүй үнэтэй байр гэхээр ойлгомжтой, хананы цаас нь хууларчихсан, халтар дороож, хонхойж ёнхойсон шал, цав гарчихсан угаалтуур, хуучин тавилга гээд. Нэг авах юм нь сайхан том зайтай ч дан цонхтой учир тэр хэрээрээ хүйтэн байр байлаа. Гэхдээ яахав, чадлынхаа хэрээр цэвэрлэж арчлаад сэтгэл нэг их хангалуун биш ч амьдарч болоод л байсан юм. Нэг жил өнгөрлөө, гэрээгээ дахиад нэг жил сунгах уу гэж байна, бид хоёр ч дахиж байр хайх, нүүхээсээ төвөгшөөгөөд сунгая сунгая гээд гар хөлийн үсгээ зурчихлаа. Тэгсэн таван сар орчмын дараа байр хөлслүүлсэн агентаас "энэ байрны эзэн байр хөлслүүхээ болихоор шийдсэн тул 2 сарын дотор байраа суллаж өгнө үү" гэсэн захиа ирдэг юм байнаа. Сүүлийн үед юм хум эвдрээд нэг л онцгүй, би дотроо дэмий хугацаагаа сунгалаа гэж бодож байсан тул уухайн тас зар үзсэн манай эсрэг талын байранд хэмжээгээрээ ижил, арай дээр засвар болоод тавилгатай, дороожгүй, модон шалтай, тэр бүү хэл сарын төлбөр нь  арай хямд байр яг танайд зориулав гэсэн юм шиг байж байна. Баярлаад тэр дор нь орлоо гээд долоо хоногийн дотор нүүх болов. 
Ингээд тэдэнд нүүлээ гээд хуучин байр хариуцсан хүмүүс уруу бичсэн, та нар эрт нүүсэн учир барьцаанд тавьсан 850 паундыг чинь буцааж өгөхгүй гэж авдаг юм байгаа. Өөрсдөө гэрээгээ цуцалчихаад, бас тэдний дотор нүү гэснээ одоо болохоор эрт гарлаа гэж аймаар уур хүрнэ биз дээ. Баахан захиа нааш цааш нь бичлээ, эдний иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг газар очлоо (дашрамд хэлэхэд тэр газар ямар ч тус болсонгүй). Биднийг газаад хүмүүс аягүй бол бичиг баримтгүй ч байж мэднэ гэж элэг барьсан уу сүүлдээ нөгөө газар чинь бүр таг чиг.
Болохоо болиод өөрөө эдний байр хөлслөх хөлслүүлэх хууль тогтоомжийг нь олж судлав. Ерөнхийдөө ихэнх заалт нь байр эзэмшигчийг хамгаалах талдаа байдаг юм байна. Гэхдээ хөлслүүлж байгаа газар барьцааны мөнгийг тусгай дансанд хийх ёстой, тэр данснаас авахдаа байр хөлслөгч хөлслүүлэгч аль аль нь гарын үсэг зурах дүрэмтэй юм байна. Тэр нөхдүүд бидний барьцааны мөнгийг тэгэж дүрэм журмаар нь байршуулаагүй нь тодорхой болов. Хоёдугаарт, байр хөлслүүлж байгаа хүмүүс барьцааны мөнгийг ямар нэг юмны төлбөрт авч үлдэж байгаа бол яг чухам юунд хэдийг ямар учраас авч байгаагаа бичгээр мэдэгдэх ёстой гэнэ. Бидэнд ямар ч тийм тооллого хийсэн, юуг юунд суутгасан бичиг ирээгүй юм. 
Их Британид 5000 паундаас бага мөнгөний маргааныг жижиг маргааны шүүхээр шийддэг гэдгийг ч олж мэдэв. Өөрсдөө гомдол өргөдлөө тодорхой бичээд, баримтаа хавсраад 65 паунд төлөөд болоо. Хуульч энэ тэр хөлслөх шаардлагагүй. Асуудлыг 2 сарын дотор шийддэг юм байна. Бичиг баримтаа бүрдүүлээд өглөө, 10 сард өгсөн өргөдөл 12 сард багтааж шийдэгдэнэ гэнэ. Тун удахгүй нөгөө талд шүүхэд дуудсан бичиг баримт явууллаа, 12 сард шийдвэрээ сонс гэсэн захиа ирлээ. Тэр захиа ирсэнээс 2 хоногийн дараа нөгөө үл хөдлөх хөрөнгийн агентлагаас 7 сарын өмнө явуулсан чек очоогүй юм уу гэж утасдаж байна ха ха. Улаанцайм хүний мөнгө дээрэмдсэнээ булзааруулах гэж байгаа бололтой. Утсаар мөнгийг чинь өгье, та нар өргөдлөө буцаагаад авчих гэнээ. Бид ч барьцааны мөнгөн дээрээ нэмээд шүүхийн хураамж, мөн танай уруу явуулсан захиануудын шуудангийн төлбөрөө нэмээд 1000 паунд дансанд хийчихээ тэгсэний дараа л гомдлоо эргүүлж авъя гэлээ дээ. Шотландууд болсон хойно наймаалцаж байна тэгээд 950 дээр тохиров. 
Би өмнө нь ингэж шүүх цагдаа болж үзээгүй юм. Ямар ч гэсэн ингээд асуудал манай талд шийдэгдэв. Ер нь тэгээд элдэв бичиг цаас захиа занааг архивлаад хадгалж байх хэрэгтэй юм байна. Ямар нэг асуудал гарахад тэр чинь аминд ордог юм байна. Ер нь янз бүрийн гэрээ энэ тэр хийхдээ дүрэм журмыг нь үзэж харж, үгүй дээ л хүн амьтнаас яадаг ийдгийг нь асууж мэдэж авах хэрэгтэй юм байна шүү та минь ээ. 850 паунд чинь манайдаа нэг хүн монгол явах зардал, бид дөрвүүлээ гээд бодохоор их л мөнгө байгаа биз дээ. Үгүй бага байсан ч гэсэн зүгээр өгөөд тараагаад явах гэж юу байхав... 

Tuesday, November 6, 2012

Хов жив шахуу юм даа


Ажил, гэр, галт тэрэг, амьдралын хэмнэл нэг тийм. Өнөөдөр хамгийн сүүлд ямар хүнтэй (ажлын болоод гэр бүлийн шугамаар биш) танилцлаа гээд бодсон хэн ч орж ирдэггүй ээ. Уг хүн нь хажиг зожиг талдаа, дээр нь ийм амьдралын хэмнэл бүр даяанч аятай болгох нь ээ. Нэг хэсэг галт тэргэнд элдэв сонин ном уншаад өөрийгөө зугаацуулаад л байна гэсэн сүүлийн үед ажил шууд зугаа цэнгэлийн цагийг хураагаад авчих шив. За яахав, тэгэж байгаад сайхан цаг ирэх л байлгүй гэж.

Сүүлийн үед эдний хэвлэлээр Жимми Савил гэгчийн дуулиан залхтал явж байнаа. Өнгөрсөн жил байна уу тэрний өмнөх жил үү нэг ийм хүн таалал төгслөө гээд бөөн шуугиан болсон юм. Их алдартай DJ, далаад онд хүмүүсийн үзэх дуртай телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан хүн юм гэнэ. Дараа нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах буяны байгууллагад хандив өргөдөг, ажил зохион байгуулдаг, хүүхдийн эмнэлэгт сайн дураараа ажилладаг гээд бараг л тэрнээс сайн хүн байхгүй бараг л ардын баатар байсан юм биз. Уг хүн нь сонин дүр төрхтэй эднийхээр бол eccentric хүн байж. За тэгээд мэдэхгүй танихгүй хүн ч гэж алга, хун тайж Чарлзтай ходийрхож, төрийн дээд шагнал хатан хаанаас хүртэж тэр байтугай knight хүртэл болж л дээ.

Тэгсэн саявтар тэр хүн насанд хүрээгүй хүүхэд хүчийрхэлдэг аймаар мангас байсан нь илчлэгдэвээ. Эхлээд нэг хоёр хүн гомдол тавьж, үхсэн хүн өөрийгөө хамгаалж чадах биш амьд байхад нь яагаад чимээгүй байсан юм гэсэн байдлаар хандана биз. Тэгсэн одоо хохирогчийн тоо 300 гараад ирсэн, тэр олон хүн бүгдээрээ үгсэн хуйвалдана гэж юу байхав итгэхээс өөр арга байхгүй болно биз дээ. Түүнд зориулсан хөшөө дурсгалыг буулгав, нөгөө олон шагнал хэргэмээ буцааж авч байна. Хохирогчид чимээгүй байсан биш, харин тэдний гомдлыг хэн ч сонсолгүй өдий хүрсэн нь гайхалтай. Тийм сайн хүн юу гэж тэгэхэв, ер нь бусдаас онцгой зан авиртай хүн, буруу ойлгосон биз гээд дараад өнгөрсөн байгаа юм.

Хамгин аймшигтай нь тахир дутуу, ядуу зүдүү асрамжийн газраар буян хийсэн халхавчтай, харж хамгаалах хүнгүй хүүхдүүдийг хохироож явааг нь мэдсээр байж мэдээгүй дүр үзүүлдэг хүмүүс олон байж. Одоо тэгээд Scotland Yard энэ асуудлын учрыг олохоор ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэгтэнийг хаацайлсан, тэдний хамсаатан болж байсан хүмүүсийг шалгаж эхлээд байгаа юм. Ийм хэрэг яагаад өдий болтол илрээгүй, ийм аймаар хэрэгтэн чинь чухам бурхан шиг шүтэгдэж явсан байнаа гэж гайхах хүн олон. Би ч гэсэн тэгэж гайхаж байснаа, ийм юм чинь их амархан байдгийг саявтар ойлгож авсан гэх үү дээ.

Яасан гэхээр манай ажил ноднин нэг професортой болсон юм. Зүрх судасны өвчний судалгаанд ихэд нэрд гарч байгаа хүн гээд баахан реклам яваад л байсан. Судалгаа нь миний ажлаас арай өөр учраас би тэр хүнийг хааяа хүрээлэнгийн нийтийн сэминар хурлаар л харж байсан байх. Тэгсэн сарын өмнө байна уу даа манай хүрээлэнгийн захирал бүх ажиллагсаддаа тэр професор хувийн шалтгаанаар ажлаа өглөө гэсэн эмайл ирсэн нь намайг их гайхашралд оруулав. Тэгсэн манай оффисийн хэдэн оюутан шивэр авир болоод л явчихаваа. Би ч хар өглөө ирээд хамаг юмаа гүйхээрээ амжуулаад эрт гардаг болохоор хүмүүстэй цай ууж хууч хөөрөх зав байдаггүй тэр хэрээрээ юу болж болсоныг жилийн дараа мэддэг хүн. Хэрэгт дурлаад оюутнуудаасаа асуулаа л даа, тэгсэн яг юу болсоныг хэн ч мэдэхгүй гэхдээ лабораторийнхоо эмэгтэй оюутанг бэлгийн дарамтанд оруулсан байж магад гэнэ. Аль хавар тэгээд шийтгэл гэж ажлаас нь түр чөлөөлсөн гэж байгаа, тэр хооорнд мань хүн өөр нэг их сургуульд ажилд орох болоод өргөдлөө өгсөн байгаа юм. Хэнийг хамгаалаад байгаа юм тэдний лабораторийн оюутнууд, ажиллагсдад хэн ч тайлбар өгөөгүй зүгээр л танай дарга ажлаасаа чөлөөлөгдсөн гээд болоо. Одоо нөгөөдүүл ажил хайж бөөн юм.

Хүрээлэнгийн байр суурь нь хэнийг хамгаалаад байгаа нь тодорхойгүй. Тэр профессорын карьерийг хайрлаад ч байгаа юм шиг, эсвэл гомдол гаргасан оюутныг хамгаалаад ч байгаа юм уу. Хамгийн гол нь тэр хүн шинэ газар очоод хэн нэгнийг дарамтлахгүй гэсэн баталгаа байхгүй, ингээд толгойг нь илээд явуулж байгаад манай оюутнууд их эгдүүцэж байгаа юм билээ. Иймэрхүү хэрэг иймэрхүү маягаар л намжиж, бүр даамжирсан хойно нь хүн бүр үгүй энэ яагаад ийм болчихов гэж гайхдаг юм шиг байгаа юм. Аливаа юмыг нягтлан шалгаж байх, үнэнийг мэдээлж байх чинь бас их хэрэгтэй эд байгаа биз.. Дор хаяж л гэмт хэргээс ямар нэгэн байдлаар урдчилан сэргийлнэ, бусад хүмүүст сургамж болно гэх мэт. Нөгөө талаар хэн нэгнийг хэт дөвийлгөн магтах, шүтэхийн аюул хаана ч бас ямар ч салбарт байх юм даа.