Wednesday, February 16, 2011

Чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг...

Та нар ийм зүйр цэцэн үг хаа нэгтэй сонссон уу? Энэ үгийг би их залуудаа тамхи татаж баригдахдаа ааваасаа сонсож билээ, би заримдаа аавыгаа өөрөө зохиосон болов уу гэж харддаг юм. Энд би өөрийнхөө тамхи татсан адал явдлын тухай бас аавынхаа тухай бичих гэсэнгүй, харин монголын үндсэрхэг үзэлтэн гэж өөрсдийгөө нэрлээд гаднах байдлаараа нацистуудыг дуурайж явдаг хүмүүсийн тухай илүү ам гаргамаар санагдаад л...

Өмнө нь энэ тухай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан ч нэг их ойшоож тоолгүй өдий хүрчээ. Харин саявтархан даа, сонин.мн дээр байна уу, Их Британий Guardian сонинд эдгээр залуусын тухай сурвалжлага гарсан тухай мэдээлэнгээ барууныхан ер нь сүртэй тэгэж ярих юм бол хас тэмдэг чинь монголоос үүдэлтэй, тэр сурвалжлагч нь өөрөө хятад гаралтай юм байхчуулээ, хятад юм болохоороо монголын нэр хүндийг унагаахаар ийм юм бичиж байна энэ тэр гээд тэднийг өмөөрсөн утгатай зүйл бичсэн байсан юм. Хэрэгт дуртай хүн яахав уг сурвалжийг олж үзэхээр дурдсан сонины вэбсайтыг онгичвол нэг тийм фото сурвалжлага бараг жилийн өмнө гарах нь гарчээ. Зураг дээр хар цамц өмсөж, хүзүүндээ загалмай зүүсэн богино үстэй залуусын монгол үндэсний хээ угалз биш харин яах аргагүй нацистуудын улаан цагаан дэвсгэр дээр зурсан хар өнгөтэй хас ханцуйндаа зүүсэн зураг янз бүрээрээ гарчээ. Энэ зургийг үзээд дээрх үг өөрийн эрхгүй санаанд орсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон нутгийн хүмүүс нацизм фашизмын хор уршгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн учраас иймэрхүү үйлдэлд эмзэг ханддаг. Нөгөө талаар фашизм гэдэг эдүгээ хүн төрлөхтөнд учирсан хамгийн эмгэнэлтэй түүхийн хэсэг, хүнлэг ёсны тэс эсрэг гажуудал байсан учраас эрүүл ухаантай хэний ч хувьд тэднийг дуурайж буй хүмүүс ойлгомжгүй, гаж харагдах нь зүйн хэрэг юм. Миний бодлоор дээрх залуус яг чухам хэнийг юуг дуурайж байгаагаа сайн ойлгоогүй улс болов уу.

Яг нарийндаа бол фашизм гэдэг монголчууд бидэнд таг хамаагүй зүйл гэж би боддог. Тэд хүмүүсийг яс угсаагаар нь ангилаад шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс бол дээд ангилалын хүмүүс, тэд гарал муутай бусдынхаа (өөр өнгөтэй хүмүүс) хувь заяаг шийдэх эрхтэй гэж үзэж байжээ. Тэр ангилалаар бид хаана нь явсан юм, юм муугаар эргээд фашизм дэлхийг нөмрөхөд бидний хувь заяа яаж эргэх байсныг хэн ч мэдэхгүй. Тийм үзлийг жанжин шугамаа болгож залсан онигор нүдтэй, бор царайтай энэ залуусыг юу хийж байгаагаа мэддэг эсэхэд итгэхэд бэрх.

Монгол үндэсний үзэл фашизм хоёр тэс өөр зүйл гэж би ойлгодог. Ярьсан хэлсэнийг нь уншаад байхад эх орон маань хятадаар дүүрчихлээ, бид чинь цөөхүүлээ шүү гээд санаа зовоод байгаа юм шиг. Ингэхээр би ч бас нээрээ тийм шүү гэж бодоод байх, харин тэс хөндлөн фашистуудыг дуурайхаар нь юу билээ гэж дотор арзасxийм. Яг цаг дээрээ тулахаар зүгээр нэг хэлбэрдэл ч юм шиг. Үнэхээр нутаг орныхоо төлөө санаа зовж, юм хийе гэж бодож байгаа хүмүүс бас ингэж явахгүй байх. Яагаад гэвэл яг ижил асуудлаар санаа зовж явдаг арай эрүүл ухаантай хүмүүсийн дэмжлэгийг хорьчихож байгаа нь үнэндээ зорьсондоо хүрье гэж огт зүтгэхгүй байгаагийн илрэл биш гэж үү.

Нөгөө талаар монголд байгаа хятадуудыг айлгаж сүрдүүлэх, зодож нүдэх, эсвэл тэдэнтэй холбоотой гэх охидын үс хуссан төдийгөөр асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Их сайндаа гэмт үйлдэл дээрээ баригдсан нэг нь нарсанд хоригдож хайран залуу насаа үрнэ, энэ хэнд ашигтай билээ. Яг нарийндаа байдал иймд хүрсэн нь авилгал авдаг эвэртэн туурайтны буруу биш гэж үү. Нэг хэсэг хятадыг айлгаад хөөлөө, гэвч ханаж цаддаггүй нэг албан тушаалтан дахиад өөр нэг хэсэг хүмүүсийг яаж ийгээд оруулаад л ирнэ шүү дээ. Харин ингэж жүжиг тавьж байхын оронд хууль тогтоогч эрхэм гишүүдийг ээрч, лоббидож хууль батлуулах шахалт үзүүлэх , дүрэм журам зөрчсөн албан тушаалтныг олж илрүүлж баримттай нь хуулийн байгууллагад тушаах ажилд зүтгэвэл арай үр дүн дээр байх болов уу. Тэгээд ч олны дэмжлэг авна шүү дээ. Муу санаалбал бараг хятадууд ийм байгууллагыг санхүүжүүлдэг болов уу гэж хардмаар.

Туйлшрал хэзээ ч сайн юманд хүргэдэггүй, тэдний үйлдэл өнөөдөр монголд тулгарч байгаа хятадын асуудлыг харин ч бүрхэгдүүлж, тэднийг хохирогч болгон харагдуулж байгаад харамсаад ч барахгүй.


Saturday, February 12, 2011

Harper Lee: To kill a mockingbird

Америкийн зохиолч Харпэр Лийгийн хэвлүүлсэн цорын ганц роман, энэ номыг хүүгийнхээ уншихад дажгүй хэмээн зөвлөсний дагуу өглөө оройд галт тэргэнд уйдаж явахаар гэж барьсанаа тавьж чадахгүй шахам уншиж дуусгав. 1930 аад оны америкийн өмнөд нутгийнхны тухай энэ зохиол зохиогчийн өөрийн бага насны дурсамж дээр тулгуурласан гэдэг. Энэ нутгийн үүх түүх боол эзэмшигч, цаашлаад арьс өнгөөр ялгаварлах үзлээр хамгийн түрүүн тодорхойлогддог. Зохиолын гол шугам бас л хар ба цагаан арьстан хүмүүсийн зөрчил. Энэ зөрчлийг жижигхэн охины нүдээр харж бичсэн болохоор хүний сэтгэлд хүрэхдээ амархан, харин эмзэг ээдрээг торгон мэдрэмжтэй бичсэн гэдэг утгаараа англи америкийн сургуулийн уран зохиолын хичээлд жишээ болгон тун нарийн судалдаг юм байна лээ.
Хүн хүнээ хүндлэх бас сайн хөрш байхын учрыг том үг хэрэглэхгүй сайхан харуулсан ном гэж хүлээж авав. Таалагдсан хэсгүүдээс дурдвал, гол баатар охин багшийнхаа Гитлерийн үзлийн бурууг тайлбарлаж байхад нь "Багш хүмүүсийг гарал үзлээр ялгах туйлын буруу гэх мөртлөө хар хүмүүсд Гитлерээс нэг их ялгаагүй ханддагийг ойлгохгүй юм" гэж боддог хэсэг... нутгийн хүүхнүүд хууль тогтоогч эрчүүд эрх тэггш үзэл номлох хэрнээ хар хүнтэй нэг ширээнд суугаад хооллодоггүй тухай хачирхан ярих яриа... охин ахтайгаа хар тогоочийнхоо мөргөдөг сүмийн цуглаанд явдаг хэсэг... бас шүүх хурал...
Романы нэрийн хувьд (mockingbird шувууны нэрийг монголоор яаж орчуулахаа мэдэхгүй тул англиар орхисон болно), mockingbird шувуу нүгэлгүй, гэнэн ариухны бэлгэдэл утгаар орсон. Бусад шувууны жиргээг дуурайдаг жижиг саарал шувуу байдаг юм гэнэлээ. Энэ шувууг алах нүгэл гэсэн яриа номонд бас гардаг.
Их дэлгэрэнгүй бичвэл өөрсдөө уншихад сонирхолгүй болчих болов уу гээд орхиё. Харин зохиолчийн тухай хэдэн сонирхолтой баримт дурдвал: Харпэр Лий энэ номоороо Пулицэрийн шагнал хүртсэн, номоо хэвлэгдсэн цагаас хойш ямар хэвлэлд ярилцлага бараг өгч байгаагүй, ер нь хүмүүсийн нүдэнд тэр бүр өртөхгүй чимээгүй амьдралаар амьдардаг. Ер нь түүний хувийн амьдралын талаар хүмүүс тун бага мэддэг, Трүмэн Капотийн багын бас хамгийн дотно найз. To kill a mockingbird бичсэнээсээ хойш хоёр ч ном бичсэн боловч өөрийн санаанд хүрээгүй тул хэвлүүлэлгүй хав дарсан гэдэг.

Friday, February 4, 2011

Анхны анхны...


Зээ та бүхэн сайхан шинэлж байна уу? Туулай жилийн анхны бичлэгээрээ та бүхэнтэйгээ золгож, шинэ ондоо амжилт бүтээл, олз омог ихтэй байхыг ерөөе. Энд тэнд гоё ерөөл их явах юм, мэддэг хүнд ч үзүүлэхээс ичмээр дамшиг даа гэдэг шиг ичмээр ч үнэн сэтгэлээсээ чадлынхаа хэрээр өргөж буй болхи ерөөлийг минь болгоон хүлээж авна уу?
Цагаан сарын шинийн нэгэнд хар үүрээр гараад харанхуй шөнөөр ирсэн ажилтай байсан тул хань ижил, үр хүүхэдтэйгээ амар тайван сууж баяраа тэмдэглэх боломж олдоогүй нь анхных... Учир нь би гэдэг хүн Глазгоу хотод амьдраад Эдинбүүрг хотод ажилладаг болсонд байгаа юм. Ажилд ороод удаагүй тул галт тэрэг болоод автобусны цагийн хуваарьт хавчигдаж амьсгаа дээр харайлгасаар өдөр хоногийг өнгөрөөж байна даа. За тэгээд анх удаа оршин суугаа хотоосоо өөр хотод ажиллаж, галт тэргэнд олон цагийг өнгөрөөж үзэж байгаа нь тэр.
Өчигдөр анх удаагаа салхинд хийсч үзэв. Нутагт маань шинийн нэгэн хаврын анхны өдөр гээд нэг л уян дулаан болчих шиг санагддагсан. Харин энд усан бороо ширүүн салхитай хачин өдөр байв. Орой ажлаасаа гарч ирэнгүүтээ хүчтэй салхинд цохиулаад гурван метр орчим хийсэв. Дараа нь галт тэрэгний буудал орох шатан дээр бүүр хүчтэй салхи таарч би гэдэг хүн хийссээр замын хашлаганаас зуурч тогтов. Тэр хашлага байгаагүй бол тэр чигээрээ хөдөлгөөн ихтэй зам уруу гүйж орчих байлаа. Хэдэн минут хэртэй хөдөлж болсонгүй, тэгэж нэг юм салхи арай зөөлрөхөд нь ум хумгүй буудал уруу явж оров. Ширүүн салхи өнгөрсөн оны тоос буртагийг сайн гөвсөн буйзаа хэмээн найдаад байна. Өнөөдөр бас л их салхитай байна, хийсчилгүй шиг яваад харих юмсан.
Аа тийм шинэ ажил гэснээс анх удаа эмэгтэй даргатай болж үзэж байна. Бодоод байхнээ намайг хариуцсан дарга, багш нар дандаа эрэгтэй байж.
Өнөө өглөө галт тэргэнд өөдөөс харсан суудлын эмэгтэй аягатай кофегоороо намайг мялааж орхисон. Үүнээс хойш аягатай юм барьсан улсаас хол сууж баймаар юм байна. Галт тэргээр бараг цаг орчим явна, юм унших цагтай боллоо гэж олзуурхаад байгаа.
Туулай жил миний хувьд иймэрхүү маягтай эхлэх шив.