Sunday, April 25, 2010

Equal opportunity


Юуны өмнө "Ажил ч жигдэрч байна даа" бичлэгээрээ хүмүүст буруу ойлголт өгсөндөө уучлал хүсэж тайлбар өгөх хэрэгтэй болох нь. Эндээс яваад гэр бүлийн хүнийхээ ажиллаж байгаа хот уруу нүүх тухайгаа бичсэн ухаантай. Тэгэхдээ зун амралтаараа харих тухайгаа бичсэн нь нутагтаа нүүх гэж байгаа мэт ойлголт төрүүлчихжээ. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг тийм өдөр хэзээ нэгэн цагт ирэх биз хэмээн билэгшээе. Зун харьж амарчихаад шинэ газар суурьших юм. Буруу ойлголт өгсөн бол уучлаарай.
Харин өнөөдөр ажил эрж байгаагийн хувьд ажлын зарын тухай хэдэн үг бичих гэсэн санаатай. Энд бас америкт ажлын зар үзэж байхад манайх хэн нэгнийг арьс өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага болоод хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхалгүй зөвхөн тухайн ажилд тохирох чадварыг харгалзаж авдаг "equal opportunity" тай байгууллага гэсэн жижиг тэмдэглэгээ бий. Их британид ажилд орох хүсэлтээ гаргахаас гадна дээрх асуудлуулыг хөндсөн асуултнуудад сайн дураараа хариулах боломжтой. Ингэснээр тухайн байгууллага хэн нэгнийг ажилд авахдаа ямар нэг байдлаар "equal opportunity" (тэгш эрх) зөрчөөгүй гэдгээ тайлагнах боломжтой болно. Хэрэв хэн нэгэн ямар нэг байдлаар гадуурхаж ажилд аваагүй гэж үзэж байвал гомдол гаргах эрхтэй.
Манай үндсэн хуульд ч гэсэн бас хэн нэгнийг арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага болоод шашин шүтлэгээр ялгаварлахгүй бүгд тэгш эрхтэй гэсэн заалт бий. Энэ заалт харин амьдралд хэр хэрэгждэг вэ? Сонингийн ажлын зар гарчиглавал ажил олгогчид нас, хүйс тэр байтугай өндрийн хэмжээ, царай зүс гээд бас бус юм заасан олонтаа харагдах юм. Жишээ нь ямар нэг байгууллагын даргын нарийн бичиг залуу, царайлаг, 170 см ээс дээш өндөртэй, галбир сайтай бас царайлаг байх хэрэгтэй гэх. Миний бодлоор ийм зар өгч ийм зарчмаар хүн ажилд авч байгаа байгууллага, хувь хүн Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж санагдаад байгаа юм. Яагаад чадвартай эрэгтэй, эсвэл нас тогтсон юм уу намхан хүн нарийн бичгийн ажил хийж чадахгүй гэж? Энд нөгөө талаар эмэгтэй хүнийг зүгээр нэг өрөөний чимэглэл мэт үзэж байгаа муухай үзэл цухалзаад байх шиг.
Өөр нэг жишээ, дээхнэ дээ манайх их хуралд суух эмэгтэйчүүдийн квот тогтоох гээд бас чадаагүй нь бас л бодох асуудлын нэг. Манай хүн амын лав талаас илүү нь эмэгтэй тэгсэн хэрнээ парламэнтэд арав хүрэхгүй эмэгтэй гишүүн бий. Улс орон гэж ярихаа больё гэхэд айл гэрийг ганцаараа авч яваа эмэгтэйчүүд олон хэрнээ тэр эмэгтэйчүүдийн төлөөлөл төр засагт байхгүй байгаа нь гажуудал гэмээр. Хуучинсаг, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдагаараа нэртэй Афганистаны парламэнтийн гишүүдийн 30% нь эмэгтэйчүүд байгаа нь ичмээр биш гэж үү? Ээж, эмэгтэй хүнийг магтсан шүлэг дуу тоолж барахгүй олон мөртлөө тэднийг яагаад улс орноо удирдах ажлаас гадуурхаад байдаг нь ойлгомжгүй. Шинэ засаглал тогтсоноос хойших 20 жилд ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэг ч эмэгтэй хүн бодитой өрсөлдөгч байж чадсангүй. Үүнийг тийм чадалтай мундаг эмэгтэй байхгүйдээ биш сэтгэлгээний гажуудал гэмээр санагдаад байдаг юм.
Их британий парламэнтийн гишүүдийн 20% нь эмэгтэй. Өнгөрсөн нэг сард эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа хэмээн шүүмжлэгдээд цаашдаа эмэгтэйчүүдийн квот тогтоох тухай яригдаж буй. Руандагийн парламэнтийн гишүүдийн 56% хувь эмэгтэй гэсэн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр ордог бол Шведэд энэ тоо 45%, Данид 38% байдаг байна. Ардчилсан зарчим гэдэг засаглал хүн амын төлөөлөл байх ёстой гэдэг утгаараа хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь чухал. Ингээд бодохоор манай орон засаглалын түвшиндээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг орон болчихоод байгаа юм биш үү? Хүн амын талыг эзлэх эмэгтэйчүүдийн асуудал ийм байхад цааш гарал үүсэл бэлгийн чиг хандлагын тухай ярихын ч арга байхгүй. Хэзээ манайх жинхэнэ утгаараа хүмүүний тэгш эрхийг хүндэтгэсэн улс болж чадах болоо?

Sunday, April 11, 2010

Таних ёстой хүний нэг


Өглөө аавын маань хамаатан өнгөрчихлөө гэсэн мэдээ авлаа. Тэр хүнтэй би биеэрээ уулзаж явсангүй ч энд дурдахын учир бидний заавал таньдаг мэддэг байх ёстой хүн гэж бодож явдаг учраас тэр. Өнгө мөнгө илүү үнэлэгдэх болсон энэ цагт өвгөн эрдэмтэний тухай хүндэтгэлийн хэдэн үг тавихгүй бол сэтгэл амрахгүй шинжтэй. Түүнийг Дэмбэрэлийн Дашзэвэг гэдэг байсан юм. Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан гээд төр засгаас хайрласан гол гуншин бий хэдий ч жирийн нэгнээс энэ хүнийг таних уу гэвэл мэддэг хүн цөөхөн гарах болов уу. Энд тэр жирийн хүмүүсийг буруутгах гэсэнгүй зүгээр л бидний оюуны бүтээл, хөдөлмөрийг хэр үнэлдэгийн хэмжүүр харагдав уу гэсэн эмзэг бодол төрсөнөөс тэр.

Шинжлэх ухааны ямар ч салбарт ажилладаг хүний эрхэм мөрөөдлийн нэг Nature, Science сэтгүүлд ажлаа хэвлүүлэх байдаг гээд хэлчихвэл нэг их дэгсдэхгүй л байх. Манай салбарын хувьд ийм сэтгүүлд нэг нийтлэл хэвлүүлчихэд л хүссэн хаалга онгойж мөрөөдөлдөө хүрэх зам дөт болдог гэвэл нэг их дэгс сонсогдохгүй бизээ. Тэгвэл энэ буурал энэ хоёр сэтгүүлд нэг биш хэд хэдэн ажлаа хэвлүүлж, палеонтологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан хүн юм шүү.

1975 онд монголоос олдсон эртний хөхтөн амьтны үлдэгдэлийн тухай ганц зохиогчтой нийтлэл Nature сэтгүүлд гарчээ. Тухайн үеийн нийгмийн тогтолцоо, англи хэл сурах бололцоо гээд олон саад бэрхшээл байсныг даваад ийм ажил хэвлүүлсэн гэхээр гайхалтай, бас бахадмаар... Бидний мэдэж, таньж, хүндэлж явах хүний нэг ингээд үгүй болов. Монгол хүний ёсоор зул өргөж, сайн төрлийг олох болтугай хэмээн залбирав.

Saturday, April 10, 2010

Ажил ч жигдэрч байна даа...

Хэнээс сонссоноо мартаж орхиж. Нэг малчин залуу сумын төв орж ирээд танилдаа тууврын малаа ч тушаачихлаа, хураасан ноосоо зарчихлаа, авгайгаасаа ч салчихлаа ажил ч жигдэрч байна даа гэсэн утгатай онигоо ойрд санаанд буух болов. Хоёр газар амьдрахын зовлонг тэссэнгүй ээ хө ямар ч гэсэн хар хүнийхээ байгаа газар халуун бүлээрээ амьдаръя гэж шийдээд ажлаа өгөхөөр болчихлоо. Зөвхөн энэ ч биш нөгөө тэнүүлчин нүүдэлчин араншин маань хатгаад суулгах юм биш. Хэдэн сарын турш дуншсан шийдвэр маань зөв болов уу гэж найднам.
Ямартаа ч Кембриж гэдэг газар жил илүү амьдраад суурьшия гэж чин сэтгэлээсээ оролдсон ч алсын бараа харагдахгүй таг хавтгай газар хэдэн сар болоод л дотор давчдаад сууж болоогүй юмаа. Засаж зүлгэсэн цэцэрлэг, орчин тойрон цэмцгэр нь эхлээд таалагдаж байснаа сүүлдээ хоолойд торсон нэгэн аятай амьсгаа бачууруулахад өдөр бүр оройд нь гарахгүй ч барааг нь хараад тайвширдаг уулсыг санаж бэтгэрсэнээ өнгөрсөн зун Шотланд орох замдаа ухаарч билээ. Би гэдэг уулын орой алсын бараа харахгүй бол хэцүүдэх хүн юм гэдгээ ингэж ойлгосон юм.
Халагдах хүсэлтээ гаргачихлаа, зун харих билетээ авчихлаа (одоо тэгээд харих хоногоо тоолоод л сууж байна даа) одоо очих газраа ажил байр хайх гээд яах вэ хэрэг явдал эхнээсээ цэгцэрч л байна даа. Харих харихдаа МИАТ-ийн билет авчихсан шүү гээд нэг их сэтгэл өег суугаа. Ай даа үүлгүй цэнхэр тэнгэр, анхилам үнэртэй салхи, өршөөлгүй төөнөх нар, тэртээд хөхрөх уулсын бараа, тааваараа бэлчээрлэх мал сүрэг, инээж угтах гэрийнхэнээ ямар их санаваа. Харина гээд бодсон өөрийн эрхгүй инээд хүрээд сууж болох юм биш.
Нутгаасаа ирээд шинэ газар шинэ орчинд очно. Амьдрал шинээр эхэлж байх шиг нэг тийм гоёхон мэдрэмж төрөв.