Saturday, May 31, 2008

Agricultural fair in Normandy, France




Миний харсан хамгийн тарган үхэр. Францын Норманди мужийн хөдөө аж ахуйн яармагаар явж байгаад авсан зурагнууд.

Thursday, May 29, 2008

Оньсого #38

Энэ удаад нэг ийм оньсого таалгая.

Тэмээ шиг хүзүүтэй
Гахай шиг гэдэстэй
Нохой шиг сүүлтэй
Ноён шиг жинстэй, тэр юу вэ?

Ганга эгчийн өгсөн номноос авав. Та бүхэн тааж болгооно уу. Хариуг бүтэн сайнд.

Хүүхдийн яриа

Гадаадад өсч буй монгол хүүхдүүдийн хэлний асуудал олон эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод байгаа билээ. Миний хувьд энэ асуудалтай орооцолдоод овоо хэдэн жилийг барсан ч тоймтой үр дүнд хүрч чадаагүй л явна. Хүү маань энд анх сургуульд орсон болохоор ч тэр үү, ярих уншихдаа англи хэл түлхүү хэрэглэх гээд байдаг юм. Дараа ар гэрийн шаардлагаар монголд гурван жил болоод ярианы чадвар сайжирсан ч үгийн баялаг муутай хэвээрээ. Монгол хэл дээр ном уншдаггүйтэй нь холбоотой юм болов уу гэж бодоод байгаа. Нөгөө талаар би гэдэг хүн ажлын хойноос хөөцөлдөөд уйгагүй зааж сургаагүй буруутай хүн.
Бодоод байхад яриандаа сайн ч англи хэлийг сайн эзэмшсэн гэж хэлэхэд бас хэцүүхэн санагдана. Энд бас л нөгөө цөөхөн тооны үг хэрэглэж ярьдаг гэсэн шүүмж байнга дагаастай. Энэ нь сургууль гэр хоёрын хооронд л явж, гэрийнхнээсээ өөр хүмүүстэй нэг их харилцаад байдаггүйтэй холбоотой байж мэдэх. Эцэг эх нь ажил ихтэй үедээ гэртээ орой ирж гэрийн даалгавар, хоол унд гэсэн аж ахуйн хязгаарлагдмал сэдвээр цөөхөн үг оролцуулж яриад л унтах цаг болчихоор аргагүй юм болов уу даа. Уг нь хүүхдүүдийнхээ хэлсэн ярьсан хөгтэйг бичих гэсэн бөөн шүүмжлэл болоод явчихаваа.

Охин маань дуу дуулах их дуртай. Хэл яриа нь зүгшрээгүй болохоор зарим дууных нь үг ойлгогдогхүй ч, аяыг нь зүглүүлээд аялчихна. Саяхан ингэж дуулав:
Ээдий бийдээ бишээ
Ээжээ ааваа угааяа
Булцгар гараа үрээд хөөрхөн харагдсан гэж. Ээж аав нь угаачихмаар халтар харагдсан бололтой.

Охин амьтны зурагтай номноос пингвиний зураг харж удаан сууснаа:
- Ээжээ пингвинд шомбоо байхгүй, одоо яах уу? гэсэн.

Хүү маань багадаа машины марк сайн мэддэг байлаа. Нэг өдөр цэцэрлэг уруугаа явж байгаад олимпийн таван цагирагтай хашаа харчихаад:
- Ээж энэ ауди байна гэж билээ.

Нэгдүгээр ангид байхад нь хичээл дээр Мартин Лютэр Кингийн тухай үзэж, алдартай "I have a dream" илтгэлийн тухай ярьжээ. Хүү гэртээ ирээд:
- Ээжээ "I don't have a dream" гэхээр нь гайхасхийж:
- Яагаад гэсэн чинь
- Би таг унтдаг юм чинь гэсэн. Dream гэсэн үг зүүд, мөрөөдөл гэсэн хоёр утгаар хэрэглэдгийг мэдэлгүй будилсан нь тэр байж.

Дөрөвдүгээр ангид орсон хойноо:
- Ээжээ би монголоо санаад аа гэснээ
- Монголд бүмбүүшиг гэдэг юм байдаг тээ? (Түмбүүшиг гэдэг үгийг яагаад ч юм санаж). Жаахан байснаа
- Нэг мундаг дуучин "Хүүрий хүүрий" гэж радиогоор дуулдаг (Гүүргий гүүргий) гэв.

Монголд очоод өөрөөсөө дүү үеэлтэйгээ тоглож байгаад
- Миний дүү яг иймэрдүү чулуу олоод ир гэсэн. Манай гэрийнхэн одоо ч шоглож иймэрдүү гэж ярихаар тун дургүй, иймэрхүү гэж хэлээч гэж засдаг юм.

Хүү эмээтэйгээ утсаар ярьж байна. Эмээ нь математик дээр юу үзэж байна гэсэн чинь:
- Юу гэдгийг нь монголоор мэдэхгүй юм үзэж байгаа гэж ярихыг сонсоод дууссаны хойно нь:
- Миний хүү юу үзэж байгаа гэнээ?
- Aa, нөгөө distribution гэв. Уг нь би юу үзэж байгааг нь монголоор орчуулж өгөх гэсэн бас өөрөө монголоор хэлж чаддагүй ээ.

Monday, May 26, 2008

Нутагшсан тоть

Хааяа хүнсээ цуглуулахаар Манхаттанаас зөвхөн Hudson голоор тусгаарлагдах Нью Жэрси мужийн Edgewater гэсэн дүүрэгт очдог юм. Энд японы том хүнсний супэрмаркэт, бас органик хүнс гайгүй үнээр зардаг Trader Joe's гэсэн дэлгүүр бараг зэрэгцээд байдаг тул нэг дороос хэрэгцээтэй хүнсээ худалдаад авчих боломж, үйлчилгээ сайтай болохоор манайхаас хол ч очихдоо дуртай. Япон супэрмаркэт дотроо олон хоолны газруудтай тийм болохоор бас япон хоолонд дуртай хүнд сайхан газар л даа.
Зорьсон газраа хүрэх зам дагуу тарьсан модон дунд тод ногоон өнгийн шувуу элбэг таардаг нь бидний сониуч занг их хөдөлгөнө. Тагтаанаас арай жижиг боловч урт сүүлтэй, бас тэрхэндээ дуу ихтэй. Өнгөрсөн хагас сайнд явахдаа хэрэг болгон бууж, зураг авлаа. Машин дотроос төдий сайн харагддаггүй байсан, ойртоод харахад махир хошуутай тоть шиг шувуу байх нь тэр. Энэ нутагт халуун бүсийн тоть байх учиргүй санагдаад интэрнэтээс сонирхвол хэн нэг нь хаанаас ч юм зөөж яваад эндхийн онгоцны буудлаас алдагдсан тотийн нэг зүйл энэ нутагт суурьшиж олноор үржсэн нь энэ гэнэ.

Sunday, May 25, 2008

Орхоны хөндий


Бороотой өдөр таарсан ч овоон дээрээс сайхан харагдаж байна лээ.

Оньсого #37 хариу

Энэ оньсогоны хариу гэрийн хана байлаа. Чука, Саарал, Sol@ce, Идеа, Жаагий нар зөв таалаа. Алтайн уулс гэр барих гэж дөхүүлжээ. Оньсого таалцсан та бүхэндээ баярлалаа.

Thursday, May 22, 2008

Оньсого #37

Яах ийх зуургүй л оньсого таалгах өдөр ирчихсэн байх юмаа. Энэ удаад бас л Заяа найзын явуулсан оньсого таалгая, та бүхэн тааж болгоогоорой.

Сээр шиг нугална
Сэмж шиг дэлгэнэ, тэр юу вэ?

Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд нийтлэе.

Wednesday, May 21, 2008

Хөшүүн дээд уруул

Би эндхийн олон нийтийн телевизийн сувгаар гардаг англи ситком үзэх дуртай. Тэд амьдралд таарах жижиг сажиг зүйлс, хүмүүсийн араншинг нарийн мэдрэмжтэй шоглож харуулаад байг санагддаг юм. Нөгөө талаас ярианы хэллэг нь арай өөр болохоор хэлний мэдлэгээ баяжуулах боломж олгоно. Английн дунд давхаргын Хайяасинт (Hyacinth) гэдэг эмэгтэйн тухай "Keeping up appearances" гэдэг цуврал их хөгжилтэй. Хөршүүддээ гарал үүслээрээ дээгүүр гэж харуулах гэж чармайж, элдэв арга зохиож, ойр дотныхноо тун их зовооно. Энэ цувралыг үзэж байхдаа "Stiff upper lip" гэдэг хэллэгтэй таарсан юм. Америкчууд англи хүмүүсийг "With stiff upper lip" гэж дүрслэх нь олон. Үгчилбэл хөшүүн дээд уруул гэж орчуулагдах боловч утга нь сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүмүүсийг хэлдэг юм байна. Энэ хэллэгийг анх шотландчууд англи хүмүүсийг тодорхойлон гаргажээ. Англичууд албархуу, ёсорхуу, илэн далангүй биш хүмүүс гэсэн стереотип тодорхойлолт бий, түүнийг дүрсэлсэн бололтой.

Tuesday, May 20, 2008

Хуучин танил

Гурван жил уулзаагүй хуучин танилтайгаа өнөөдөр таарч баахан хуучлав. Надтай насаар ойролцоо ч ирландын нэгэн их сургуульд астрофизикийн профессор тэрээр сонин намтар түүхтэй, ховорхон таарах хошин шогийн нарийн мэдрэмжтэй, жижиг сажиг юмыг ч алдалгүй анзаарч, амьдралыг аль болох сайхан талаас нь харах гэж хичээдэг бөөн энерги болсон залуу л даа. Ажлаасаа жилийн чөлөө (sabbatical) авч хагас жил хэртэй манай лабораторид биологийн салбарт хүч үзэхээр ирэхэд нь таарч танилцсан юм. Сониуч түүнд ярихгүй сэдэв гэж байдаггүй, хаанаас ирсэн хэнтэй ч хэдэн цагаар сонирхолтой яриа өрнүүлж чаддагсан.
Пуэртo Рико д байх том дурангаар тэнгэр дурандаад замаараа Нью Иоркоор дайрч та хэдийн мэнд мэдэх гээд ирлээ гэх. Гурван жилийн дотор бүл нэмж аав болж. Долгиотой шар үстэй эгдүүтэй муухай амьтны зураг үзүүлж байна. "Хүмүүс охин чинь чамтай адилхан гэхдээ чамаас хавьгүй хөөрхөн гэдэг" хэмээн хошигнов. Гэхдээ гэдэг муухай үг шүү гэнэ. Тэдний охин манай багаас хоёр гурван сар дүү аж. Мэдээж ярианы голлох сэдэв жижиг охидууд. Тэд хэр өсч, элдэв ааш сурч байгаа гээд юуг эс ярихав. Хаа газрын хүүхдүүд хоорондоо ямар адилхан байдгийг гайхах шив.
Түүний эхнэр нь яруу найрагч, бичдэг шүлэг шигээ ялдамхан эмэгтэй бий. Саяхан анхны цомгоо хэвлүүлсэн гэнэ, интэрнэтээс хайж ганц хоёр шүлгийг нь уншлаа. Ямар ч гэсэн сайхан сэтгэгдэл үлдээсэн танилуудаа сайн сайхан явааг дуулаад сэтгэл сэргэж, ажилдаа урамтай орлоо.
Явахын тэнд танил маань "Би оюутнууддаа бичсэн диссэртацийг чинь хамгаалчихсаны дараа хэн ч уншихгүй, тэгэхээр урлагийн бүтээл хийж байгаа юм шиг битгий их цаг үрээрэй. Хамгийн гол нь хамгаалаад авбал казинод орох эрхээ авлаа гэсэн үг гэж хэлдэг. Тэр үгээ ч гэсэн чамд хэлмээр байна." гэсэн юм. Сүрхий зүйрлэсэн санагдав. Нээрээ л цол хамгаалаад ямар газар очихыг ямар нэг хэмжээгээр аз мэднэ. Аз таарвал цаашдаа бүх юм сайхан дардан замаар яваад хүссэндээ хүрчихнэ. Харин тийм аз тохиохгүй бол суурин дээрээ дэвхэрсээр он жилийг элээх болдог. Нээрээ казинод тоглох эрхээ авчихвал ч...

Saturday, May 17, 2008

Зүрхээ ханцуйдаа хадаад л...

Wearing his heart on his sleeve гэсэн хэллэгийг үгчилж орчуулбал зүрхээ ханцуйдаа хадаад гэх юм уу даа. Утгачилбал хэн нэгэн өөрийнхөө хайр сэтгэлийг ил тодоор илэрхийлэх гэхэд болох юм болов уу. Жишээ нь, нэг залуу нэг бүсгүйд сэтгэлтэй байж гэж бодъё. Мань хүн бүсгүйн байгаа газраар эргэлдэж, ямар нэг байдлаар үргэлж тус болохыг оролдож байвал энэ хэллэг тохирох болов уу. Тэр бүсгүй залууг үл анзаарах ч юм уу, зүгээр л найз гэсэн байдлаар хандахад залуугийн ойр дотныхон "Хөөрхий энэ бүсгүй сохор хүн шиг ханцуй дээр нь ил байх сэтгэлийг олж харахгүй юм даа" гэсэн маягаар хэрэглээд байх шиг. Тэрнээс дурласан хүндээ сэтгэлээ илчлэх гэсэн утга бас биш юм байнаа.

Оньсого #36 хариу

Энэ таахад нэлээн хэцүү оньсого байсан бололтой. Ердөө гурван хүн оролцсоноос ганц Идеа бүсгүй зөв таажээ. Зөв хариу нь нум сум. Оньсого таалцсан бүх хүмүүст баярлалаа.

Thursday, May 15, 2008

Оньсого #36

Энэ удаад Заяа найзын явуулсан оньсогыг таалгая.

Заан модны заадас
Загал бугын эвэр
Өө модны өөдөс
Өлөн бугын шандас, тэр юу вэ?

Хариуг бүтэн сайнд, та бүхэн тааж болгооно уу.

Wednesday, May 14, 2008

Зээ би нэг сайн эр болж...

Эмэгтэй байж багадаа сайн эр болох гэж их хичээдэг байжээ. Эрэгтэй хүн болох гэсэндээ биш сайн эр хүн ингэж чадна тэгэж чадна гэсэн тоглоом тоглож байснаас тэр. Сайн эр бол долоон даваа давна ч гэдэг юм уу, сайн эр болж гучин хоёр цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолъё гээд л чардайтлаа зүтгэдэг байлаа. Нагацын тал говиос гаралтай халх тэд гучин хоёр цагаан лонх гэж тоолдог бол, буриад авгынхан маань гучин хоёр шавар лонх гэж тоолно. Гижигтэй болохоор долоон даваа давж явсангүй. Гучин хоёр лонхыг ч нэг амьсгаагаар тоолж бараагүй юм байна. "Урагшаа" хэмээх нэртэй буриад ардын дууны СД сонсож суутал тэд бас шавар лонх тоолж байхыг үзээд бага насаа дурсав. Бодоод байтал би гэдэг хүн хүүхдүүдтэйгээ ингэж ер тоглоогүй юм байна. Санаж байгаад тоглох юм шүү. Харин одооны хүүхдүүдэд сайн эр гэж дуудуулах тийм том шагнал байж чадах болов уу?
Миний багад гоё сайхан тоглоом элбэг байгаагүй ч энүүхэн тэрүүхнээр болгоод их хөгжилтэй тоглодог байжээ. Нагац ах, эмээ хоёр маань чулуу таалцана, дунд хуруу олох, шагай няслах, шүүрэх гээд олон тоглоом зааж, намайгаа зугаацуулдаг байсан санагдана. Хагас бүтэн сайнд нагацууд маань том жижиг арваад хүн нийлж аваад шагай тоглодог байлаа. Хачин хатуу дүрэмтэй, тэрүүхэндээ шартай үзэлцэцгээнэ. Шагайгаа цэвэрлэнэ бас будаж гоёно. Ялангуяа уралддаг морьдоо бүр ч ихээр гоёно шүү дээ. Намайг нааш ирэхэд эмээ маань ууттай шагай өгсөн юм, тэднийгээ олж хүүхүүдтэйгээ бас тоглох юм байна шүү. Манай эмээ нээрээ шагай тоглоод биднийг дандаа хождог дархан аварга байлаа.

Sunday, May 11, 2008

Оньсого #35 хариу


Оньсогоны хариу мөөг. Энэ миний мэддэггүй боловч олны мэддэг оньсого байсан бололтой, оролцсон улсын ихэнх нь зөв таалаа. Зөв таасан хүмүүсийн нэрс: Саарал, Sol@ce, Anonymous, Bibby, Жаагий, Ганаа, Амарсайхан, Дэстини. Оньсого таалцсан та бүгдэд маш их баярлалаа.

Friday, May 9, 2008

Getting the big picture


Цагаа үрэн компьютэрийн өмнө суувч гараас юу ч гарахгүй юмаа. Угаасаа жижиг сажиг юмаар оролдох дуртай хүний асуудал юм уу, хэн мэдэх вэ. Энд "getting the big picture" гэсэн хэлллэг бий. Алив асуудлыг холоос харж, уялдаа холбоог тайлах гэсэн утгатай юм уу даа. Миний хувьд хамаг юмаа нүүрэндээ тулгачихаад нөгөө "big picture" гэгчээ олж хараагүй л явна. Энд тэнд ажлаа тайлагнахаар "So, what is the big picture?" гэсэн асуулт их гарна. Яг тэрхэн үед олон бодол толгойд зэрэг эргэлдээд хүн авчихмаар хариу өгч чаддаггүй юм. Санаа оноогоо бичсэн томоос том цаас дэлгэчихээд уулан дээрээс харвал харагдах юм болов уу?
Ингэхэд гэрээс гарч, нар харалгүй хэд ч хоносон юм. Ажлын ширээгээр дүүрэн, ширээ тойроод шалаар нэг цаас тарчихсан. Яг хэрэг болох нэг нь олдохгүй яасан ч хэцүү юм бэ дээ? Дөрвөн хананд хашигдаад арга тасрахаараа өөр мэргэжил сонгодог ч байж уу гэсэн юм бодогдоод л. Өглөө есөөс тав хүртэл ажлаа хийчихээд, санаж бодох юмгүй явдаг бол ч гээд зарим хүмүүст атаархасхийгээд л.
Хясаж байгаа юм шиг өдөр хоногийн хурдан өнгөрөхийг яана. Бодоод байсан сайн ажилтан, сайн ээж, сайн эхнэрийн аль нь ч биш, толинд харахаас аймаар хүн болчихсон байдаг. Үс гэзэг, нүүр амаа хамгийн сүүлд хэзээ янзалсанаа ч санахгүй, орон гаран байдалтай хүн байна даа. Эртээд хогоо асгаж байгаа нь энэ гээд охиныхоо ууттай гуталнуудыг хогонд хийчихсэн байна лээ. Toaster ээ цэвэрлэж байна гээд бариулыг нь хогны саванд унагаачихаад бас л анзаараагүй. Түүнээс хойш хашраад хогоо хаяхаасаа өмнө дахин дахин шалгадаг болсон. Юмаа угаасан чинь бас нэг оймсоо угаалгын машинд үлдээчихсэн бололтой. Тэр дороо очсон өөр хүн тэр машинд юм угаагаад эхэлчихсэн шалгах арга байсангүй. Ерөөсөө гэрийн ажилд оролцохоо түр больё гэж шийдээд байгаа. Бүтэлгүй гэж, бушуухан ажлаа дуусгаад том хүн болох юмсан.
Хамт ажилладаг найз бүсгүй гэрлэх гээд парти зохион байгуул гэсэн тушаал ирээд байх юм. Яг одоо чадахгүй гэчихвэл муу найз болчих гээд яадаг ч юм билээ. Монголд бол юу байхав, тийм ч түвэгтэй биш. Энд болохоор ирэх хүмүүсийн жагсаалт гаргана, бүгдэд нь эмайл бичнэ, бүх хүнд тохирсон өдөр цаг тогтооно. Цагаа товлочихоод хэн ямар хоол хийж авчирахыг зохицуулна, бэлэг сэлтээ тохирно, ширээгээ засна, найрын эздийг сэжиг авахуулахгүй ирүүлэх арга сүвэгчилнэ гээд тоочоод байвал лав долоо хоногийн ажил л даа. Манай тэнхимд байгаад явчихсан нарийн бичиг хүүхнийг энэ өдрүүдэд тун их үгүйлж байнаа. Тэр парти зохион байгуулах хоббитой болохоор сайн дураараа бүгдийг зохицуулчихдагсан. Тэгээд зогсохгүй зохион байгуулсан парти болгон сэдэвтэй түүндээ зориулсан дэкор бас хийчихнэ. Найзын хувьд сайхан баярлуулах хүсэл байвч цаг хугацааны хувьд үнэхээр хэцүү үеэр таарчих юмаа.
Найз гэснээс санаж бодох юмгүй найз бүсгүйчүүдтэйгээ хууч хөөрч, аяга ёроолдоогүй хэчнээн ч удчихсан юм бүү мэд. Хамгийн сүүлд Дэстини бүсгүйг өвөл айлчлахад гэх гэсэн чинь бас л цаг давчуу гээд тухтай хэдэн үг сольж амжаагүй явуулчихсан байна лээ.
За даа нэг иймэрхүү барзгар өдрүүд л намайг тойрон үргэлжилж байна даа. Нэг өдөр энэ бүхэн дуусаад цээж дүүрэн амьсгаа авч, юу дуртайгаа хийх юмсан.

Wednesday, May 7, 2008

Оньсого #35

Өнөөдөр Ганга эгчээс "Монгол ардын оньсого" нэртэй ном хүлээн авч бөөн баяр. Жижигхэн боловч олон сайхан оньсоготой сайхан ном явуулсан танд баярлалаа. Баяраа хуваалцаад та бүхэнд ганган оньсого нэгийг нэг өдрийн өмнө таалгая.

Хөрст төхөмд нутагтай
Хөеө цагаан өнгөтэй
Хүрд дугираг малгайтай
Хүйснээсээ хигээстэй
Хөөрхөн цагаан хүүхэн, тэр юу вэ?

Та бүхэн тааж болгооно уу? Хариуг уламжлал ёсоор бүтэн сайнд нийтэлнэ.

Гунигтай домог

Францын Норманд нутагт "Хоёр амрагийн уул" нэртэй жижигхэн толгой бий. Далайн төвшнөөс 120 метр өндөр болохоор холоос бараг уул гэж харагдахгүй шахам мөртлөө замгүй газраар авирахад түвэгтэй, сонин домгийн эзэн юм билээ.
Эрт урд цагт ядуу гаралтай хөвүүн нутгийнхаа баян язгууртны охинтой хайр сэтгэлтэй болсон юмсанж. Залуу хос нэг нэгэндээ хэчнээн хайртай ч, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийн ялгаа хамт амьдрах боломжийг нь хаан боогдуулж байжээ. Залуу нэг өдөр аль олигтой хувцасаа өмсөөд хайртай бүсгүйнхээ аавтай уулзан, зориг гарган хайртай бүсгүйгээ эхнэр болгон өгөхийг хүсчээ. Баян эрд хүсэлт мэдээж таалагдсангүй. Гэхдээ зүгээр татгалзалгүй, нутагтаа байх [тухайн үед ямар нэртэй байсныг мэдсэнгүй] уулыг заагаад "Чи миний охиныг өргөөд энэ ууланд өглөө нар мандахад эхлээд нар жаргахаас өмнө авирч чадвал чамд охиноо эхнэр болгон өгье" гэсэн юмсанж. Тэр уул нь өндөр биш, ургаа мод шиг эгц авирахад түвэгтэй нэгэн байж. Хайр сэтгэлийнхээ төлөө ю ч хийхээс буцахгүй залуу болзолыг зөвшөөрч, өглөө нар ургахтай зэрэгцэн хайртай бүсгүйгээ тэврээд ууланд авирчээ. Тэд уулын оройд гарч чадалгүй замдаа хоёулаа өнгөрчихсөн юм гэдэг. Тэд чухам яаж өнгөрсөнийг домогт дурдсангүй. Тэр цагаас хойш нутгийн түмэн энэ уулыг "Хоёр амрагийн уул" хэмээн нэрлэх болжээ.
Гурван жилийн өмнө энэ ууланд гарахдаа сонссон домог энэ. Хүмүүс их гардаг болохоор жим гаргаад аятайхан засчихсан болохоор бидэнд тийм хэцүү байсангүй. Уг уулын оройгоос Сена мөрний хөндий тун сайхан харагддаг юм билээ.


Sunday, May 4, 2008

Манхаттаныг өндөрөөс харвал





Empire State Building дээрээс авсан хэдэн зураг

Saturday, May 3, 2008

Оньсого #34 хариу

Оньсогоны хариу чоно байлаа. Алтайн уулс зөв тааж, Bibby тун дөхүүлжээ. Олон түмний өргөсөн хандивын хүчинд ямар ч гэсэн нэлээд хугацаанд таалгах оньсогоны нөөцтэй болсоноо дуулгахад таатай байна. Сонин гоё оньсого явуулсан Ганга эгчдээ баярлалаа.

Будаа хандивлая

Англи хэлний үгийн сангаа баяжуулахын хажуугаар буян үйлдэх боломжийг энэ вэб сайт олгож байгаа аж. Өгсөн үгийн утгыг зөв таах болгонд 20 ширхэг будаа НҮБ-ын хүнсний програмд хандивлана гэжээ. Завтай үедээ хандив өргөөрэй. Хаяг: http://www.freerice.com

Thursday, May 1, 2008

Оньсого #34

За энэ удаад Ганга эгчийнхээ явуулсан оньсого таалгая.

Хүний юмаар хүнсэлнэ
Хөндийд ирээд хөхрөлдөнө, тэр юу вэ?

Хариугаа уламжлал ёсоор бүтэн сайнд тавина, та бүхэн тааж болгооно уу?